Каунас

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Каунасын байршил
Каунас хотын захиргааны хуучин байр

Каунас (Литва хэл: Kaunas, латви хэл: Kauņa, пол. Kowno, орос. Каунас) нь Литвын хоёр дахь том хот бөгөөд Зөвлөлт Холбоот Улсад нэгдэхийн өмнө Литвын нийслэл байв. Хүн ам нь 2005 оны байдлаар 361,300 орчим. Литвын нутгийн төв хэсэгт орших бөгөөд Немунас, Нерис голуудын цутгалд байх хотын төв хэсэг нь түүхэн барилгууд элбэгтэйгээрээ алдартай. Варшаваас Рига, Таллиннаар дамжин Хельсинки хүрэх "Via Baltica" хурдны зам тус хотоор дайрч өнгөрнө.

Түүх[засварлах]

Каунасын түүх нь 10-р зуунаас эхтэй. Хамгийн анх түүхийн дурсгалд нэр нь гарч ирсэн үе бол 1361 он юм. 13-р зуунд Тевтоны рыцариудын довтолгооноос хотоо хамгаалах зорилгоор хэрмэн хана барьсан аж. 1362 онд Тевтоны рыцариуд хотыг эзэлж, Каунас цайзыг сүйтгэсэн бөгөөд түүнийг 15-р зууны эхэнд сэргээн барьсан байна. 1408 онд Магдебургийн хуулиар тусгай эрх олгогдсоноос хойш усан боомт бүхий худалдааны төв болон цэцэглэж эхлэв. 1441 онд Ханзагийн лигт элсч, тус лигийн худалдааны төв нээгдсэн байна. 16-р зуун гэхэд Литвын Их Вант Улсын бүрэлдэхүүнд сургууль, эмнэлэг зэргээр хангагдсан амьдрахад тухтай хот болсон байлаа. 1655 онд Оросууд удаа дараа тус хотыг довтолж, 1701 онд Шведийн армид эзлэгдсэн. Мөн 1657, 1708 онд хар үхэл буюу тахал Каунасыг дайрч байснаас гадна 1731, 1732 онд хотын нэг хэсэг нь түймэрт өртөн сүйрч байжээ.

1795 онд Польш-Литвын холбооны нэг хэсэг байсан тус хотыг Хаант Орос улс эзэлж, Вилений губерны харьяанд оруулсан байна. 1812 онд Наполеоны цэргүүд Орост довтлох үеэрээ хотыг 2 ч удаа түйвээсэн билээ. Польш, Литвад Оросыг эсэргүүцсэн 2 удаагийн бослогын (1830-31, 1863-64) үеэр Оросууд Каунаст цэрэг оруулан бослогыг дарж байсан гэдэг. 1843 онд Каунаст төвтэй Ковно (Каунас) губерн байгуулагдсан аж. 1862 онд Орос, Германыг холбосон төмөр зам ашиглалтад ороход Каунас чухал зангилаа болсон юм. Мөн 1898 онд цахилгаан станц баригджээ.

1919 онд большевикууд Вильнюсыг эзлэхэд Литвын засгийн газар Каунаст байрлаж байв. Мөн Польшууд Вильнюсыг эрхшээлдээ оруулахад Каунасыг түр нийслэлээ болгосон бөгөөд энэ нь 1939 онд Литва улс ЗХУ-ын бүрэлдэхүүнд орох хүртэл үргэлжилсэн байна.

Дэлхийн 2 дайны хооронд Каунас хот нь Литвын хамгийн том хот, аж үйлдвэрийн төв нь болжээ. Балтын орнууд ЗХУ-ын бүрэлдэхүүнд ороод удалгүй Нацист Германд эзлэгдэж, хот ихээхэн сүйтгэгдсэн. 1991 онд ЗХУ задрахад Литва улс тусгаар тогтнолоо олон, Каунас нь тус улсын бүрэлдэхүүнд оржээ.

Хүн ам[засварлах]

Он Хүн ам
1796 8,500
1813 3,000
1825 5,000
1840 8,500
1860 23,300
1897 71,000
1923 92,000
1940 154,000
1959 214,000
1966 275,000
1989 418,087
2001 378,943
2004 366,652
2005 361,274

Өдгөө Каунасын оршин суугчдын ихэнх нь литвачууд боловч 19-р зуунд тэд дөнгөж 6.6%-г эзэлдэг байв[1]

Ах дүү хотууд[засварлах]

Эшлэл[засварлах]

  1. 志摩園子『バルト三国の歴史 エストニア・ラトヴィア・リトアニア』中公新書。2004年。p.124。

Гадаад холбоосууд[засварлах]