Коломбо

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Коломбо хот дахь Хинду шашны сүм

Коломбо (англ. Colombo, там. கொழும்பு) нь Шри Ланкын хуучин нийслэл бөгөөд эдийн засгийн төв, хамгийн том хот. Нэрний гарал нь сингал хэлээр "Манго жимсний мод дэлгэрсэн далайн эрэг" гэсэн утга бүхий "Kola-amba-thota" хэмээх үг нь португал хэлний Кристофер Колумбын нэртэй төстэй байснаас үүджээ.

2001 оны байдлаар хүн ам нь 642,163. (Дагуул хотуудтайгаа нийлээд 2,234,289). Цейлон арлын баруун өмнөд хэсэгт, хойд өргөргийн 6°54' (6.90), дорнод уртрагийн 79°50' (79.8333)-д оршино. Химийн үйлдвэр, Шилний үйлдвэр, Арьсан бүтээгдэхүүн, гэрийн тавилга, эрдэнийн чулуу зэрэг Шри Ланкын томоохон компаниудын ихэнх нь Коломбод төвлөрдөг.

Коломбо нь 2000 жилийн өмнөөс Ром болон араб, хятадтай худалдааны харилцаатай байв. Муслим худалдаачид 8-р зуунд олноор суурьшиж, Сингалын вант улсын гадаад худалдааны ихэнхийг атгаж байлаа. 16-р зуунд португалчууд ирж, халуун ногооны худалдаа эрхлэхийн тулд цайз босгосон боловч 17-р зуунд голландчуудад эзлэгдсэн. 1802 онд Английн колони Цейлоны нийслэл болжээ.

Коломбод Коломбогийн Их Сургууль зэрэг олон их сургууль, институтууд, уран зургийн галерей, олон тооны Христос, Ислам, Будда болон Хинду шашны сүм хийдүүд байдаг. Мөн Азидаа томоохонд орох усан боомттой, Өмнөд Азидаа дэд бүтэц өндөр хөгжсөн хотуудын нэг юм.