Комацүбара Мичитаро

Комацүбара Мичитаро

Комацүбара Мичитаро (Япон: 小松原 道太郎, 1886 оны 7 сарын 20 – 1940 оны 10 сарын 6) нь Халхын гол дахь Японы Эзэн хааны армийн байлдааны ажиллагааг (Халх голын дайн) удирдагч.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Ёкохамад далайн цэргийн инженерийн гэр бүлийн таван хүүхдийн том нь болж төржээ. Токиод бага дунд сургуулиа дүүргэсэн. 1905 оны 11 сард Эзэн хааны армийн Цэргийн академийг төгссөн (18 дахь төгсөлт). 1906 оны 6 сараас 34-р явган цэргийн хороонд бага дэслэгчээр алба хааж эхэлсэн.

1909-1910 онуудад Орос дахь цэргийн атташегийн туслахын алба хаасан, оросоор чөлөөтэй ярьдаг. Японд эргэж ирээд Японы эзэнт гүрний армийн жанжин штабт цэргийн дээд зөвлөлд ажилласан. 1914 онд Дэлхийн 1-р дайны үед Чиндаогийн бүслэлтэнд Японы туршуулийн хүчийг удирдан оролцсон.

1915 онд эргэн ирж Эзэн хааны армийн Цэргийн дээд академийг төгсөөд (27 дахь төгсөлт) 34-р явган цэргийн хорооны захирагчаар томилогджээ.

1919 онд Армийн жанжин штабын 2-р товчооны Зөвлөлтийг хариуцсан 4-р салбарт (Европ Америк дахь цэргийн тагнуул) ажиллаж байв. 1926-1927 онд Эзэн хааны цэргийн коллежид Улаан армийн талаарх мэргэжилтэн зааварлагчаар ажиллаж байв. 1927-1929 онд Москвад цэргийн атташегаар ажиллаж байсан.

Японд эргэн ирсний дараа 1930 онд явган цэргийн 57-р хороог захирсан. 1932 онд хурандаа Комацүбара Манж-Го дахь Харбины сөрөг тагнуулын удирдлагыг (Японы цэргийн ажиллагаа) толгойлох болсон. 1934 оны найман сард түүнд хошууч генерал цол олгожээ.

1934 онд Японд буцаж Явган цэргийн 8-р бригадыг командалсан. 1936-1937 онд Эзэн хааны гвардийн 1-р бригадыг командалсан. 1937 оны 11 сард дэслэгч генерал хүртэл дэвшсэн. 1937-1938 онд 2-р тусгай гарнизоны захирагчаар ажиллаж байсан.

1938 оны 7 сарын 7-ноос 1939 оны 11 сарын 6 хүртэл Манж-Гогийн Хайлаарын ойролцоо Квантуны армийн 23-р явган цэргийн дивизийн командлагч байсан. Халхын голын цэргийн ажиллагааг бүхэлд нь удирдсан. Гутамшигтай ялагдлын дараа тэрээр 1939 оны 11 сард дивизээс чөлөөлөгдөн Квантуны армийн штабаар дамжин Жанжин штабд ирсэн. 1940 оны 1 сард Халхын голд ялагдсан хариуцлага хүлээн чөлөөнд халагдсан. 1940 оны 10 сарын 6-нд ходоодны хорт хавдараар өнгөрсөн.