Константин Хабенский

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Константин Хабенский
Төрсөн 1972 оны 1 сарын 11 (1972-01-11) (42 настай)
Зөвлөлт Холбоот Улс, Ленинград
Ажил Жүжигчин

Константин Юрьевич Хабенский (1972 оны нэгдүгээр сарын 11-нд төрсөн) Оросын жүжигчин бөгөөд 2006 онд Гавъяат жүжигчин, 2012 онд Ардын жүжигчин цол хүртсэн.

Намтар[засварлах]

Константин Хабенский 1972 оны 1 сарын 11-нд Ленинград хотноо төржээ. 1981 онд тэдний гэр бүл Нижневартовск руу нүүж тэндээ 4 жил амьдраад 1985 онд Ленинградад эргэн ирсэн. Наймдугаар ангиа төгсөөд техникумд элссэн ч 3 жил сураад сургуулиа орхижээ. Үүний дараагаар Хабенский жижигхэн театрт арын албанд ажиллаж жүжигчин болох гараагаа эхэлсэн байна.

Тэр 1990 онд Ленинградын театр, хөгжим, кино урлагийн сургуульд жүжигчний мэргэжил эзэмшихээр элсэж, А.П.Чеховын “Шутки” зэрэг хэдэн жүжигт амжилттай дүр бүтээжээ. 1995 онд сургуулиа төгсөөд “Перекресток” театрт 1 жил, мөн орон нутгийн телевизийн хөгжим мэдээллийн хөтөлбөрт ажиллаж үзжээ.

Үүний дараа 1996 онд А.И.Райкины нэрэмжит Москвагийн “Сатирикон” театрт ажиллах үедээ хэд хэдэн туслах дүр бүтээсэн. Харин 1998 онд түүний аз гийж Томаш Тотын Наташа, Дмитрий Месхиевийн Женская собственность, А.Ю.Германы Хрусталёв, машину! гэсэн гурван кинонд тоглов. Эдгээр дүрийнхээ ачаар удалгүй Николай Лебедевийн Поклонник кинонд туслах дүр бүтээх болсон юм. Үүний дараагаар Владимир Фокинагийн Дом для богатых олон ангит киноны гол дүрийг бүтээжээ. Харин Дмитрий Месхиевийн Женская собственность киноныхоо дүрээр Гатчинскийн кино наадамд Шилдэг эрэгтэй жүжигчин шагналд нэр дэвшсэн байна.

Хабенский Убойная сила цувралд бүтээсэн дүрээрээ олонд танигдаж, нэр хүндтэй болсон билээ. Тэрээр энэ кинонд Игорь Плаховын дүрд тоглосон юм. Цувралынхаа үргэлжлэлд тоглохоос тэр татгалзсан ч дараагаар нь мөнгөн шагнал нэмж авахаар болон үргэлжлүүлэн тогложээ. Мөн энэ үеэрээ тэр театрийн тайзнаа тоглосоор байлаа.

Ленсоветийн нэрэмжит театрт Хабенксий 1996 оноос ажиллах болж, тус театрийн тайзнаа тавигдсан Калигула жүжигт тоглосон. Мөн Г.Бюхнерийн Войцеке-д тэнэгхэн Карлд, С.Беккетийн В ожидании Годо-д Эстрагонд, Б.Шоугийн Поживём-увидим-д Валентайнд зэрэг олон жүжигт үүнээс хойш тогложээ.

Одоо тэрээр Чеховын нэрэмжит Москвагийн драмын театрт ажилладаг бөгөөд энд бүтээсэн дүрүүдээс нь дурдвал: Белая гвардия-д Алексей Турбин, Утиная охота-д Зилов, Гамлет-д Клавдий зэрэг болно. Мөн өөрийг нь олонд таниулсан бас нэгэн дүр болох Филипп Янковскийн В движении кинонд Саша Гурьевд тоглосон. Удалгүй мөн найруулагчийн Статский советник кинонд тогложээ.

Хабенскийг алдарт хүргэсэн дүр нь найруулагч Тимур Бекмамбетовын Ночной дозор, Дневной дозор кинонууд юм. Эдгээр киноны Антон Городецкийн дүр нь жүжигчний бүтээсэн шилдэг дүрүүдийн нэг билээ. 2006 онд Еж Ставинскийн романаас сэдэвлэсэн Час Пик кинонд мөн тоглосон бөгөөд сүүлийн жилүүдэд Хабенский голдуу уран сайхны кинонд дүр бүтээж байгаа. Сүүлд тэрээр Адмиралъ киноны Александр Колчак, Иронии судьбы: Продолжение киноны Костя Лукашины дүрд тус тус тоглосон.

2010 онд найруулагч Левана Габриадзегийн Выкрустасы кинонд гол дүр бүтээсэн.

Найруулагч Тимур Бекмамбетовын Холливудад бүтээсэн Wanted кинонд Анжелина Жоли, Жэймс МакЭвой, Морган Фрийман нартай хамтран тогложээ. 2011 онд Шведийн найруулагч Томас Алфрэдсоны Tinker, Tailor, Soldier, Spy кинонд Гэри Олдман, Оскарын шагналт жүжигчин Колин Фөрт нартай хамтран тоглосон билээ.

Хувийн амьдрал[засварлах]

Хабенский 2000 оны 1-р сарын 12-нд Санкт Петербургийн нэгэн радиогийн сэтгүүлч Анастасиятай гэрлэсэн. Лос-Анжелес хотын эмнэлэгт бүтэн жил хэвтэж эмчлүүлсний эцэст буюу 2008 оны 12 сарын 1-нд түүний эхнэр тархины хавдраар нас барсан бөгөөд талийгаачийг 12 сарын 15-нд Москвад хөдөөлүүлсэн. Талийгаач эхнэр нь Линии судьбы (2003), Убойная сила 5 (2003), Sapiens (2004), 9 месяцев (2006) кинонуудад туслах дүрд тоглосон.

Константин, Анастасия нарын хүү Иван 2007 оны 9 сарын 25-нд төрсөн.

Хабенский оюутан цагийн анд Михаил Пореченков, Андрей Зибров нартай дотно нөхөрлөдөг.

Гэр бүл[засварлах]

Аав – Юрий Аронович Хабенский (1946-2004) гидрологийн инженер бөгөөд сүүлд аудитороор ажиллаж байсан. Хүү нь “Ночной дозор” кинонд тоглож эхлэх үеэр хавдраар нас баржээ.

Ээж – Татьяна Геннадьевна Хабенская гидрологийн инженер, математикийн багш мэргэжилтэй.

Эгч – Наталья Юрьевна Хабенская нь Санкт Петербургийн Еврей хөгжмийн чуулгын дуучин. 2000 онд “Маргаритки” дуэт хамтлагт дуулдаг байсан.