Лувсаншаравын Намхайцэрэн

Лувсаншаравын Намхайцэрэн
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
МэргэжилЗураач
ХүүхэдНамхайцэрэнгийн Ганбат (1945-2001), Намхайцэрэнгийн Санчир (1947-2022)

Лувсаншаравын Намхайцэрэн БНМАУ-ын Ардын Зураач, Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт Монголын хөгжмийн театрыг үндэслэгч, театрын анхны дарга, зураач юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Л.Намхайцэрэн нь 1913 онд Нийслэл Хүрээнд төржээ. Тэрбээр 1921-1926 онд хотын анхны бага, дунд сургуульд суралцаж, 1926-1930 онд Герман улсад дунд сургуульд суралцан төгсжээ.

Л.Намхайцэрэн 1930 онд эх орондоо эргэн ирээд дөнгөж байгуулагдсан Монгол, Зөвлөлтийн хувь нийлүүлсэн тээх нэвтрүүлэх “Монголтранс” газрын Зам барилгын хэлтэст дагалдангаар орж 1938 он хүртэл ажиллахдаа аравны дарга, техник, ангийн дарга, гүүр барилгын даамал, инженер зэрэг ажлыг хийж явжээ. Эл хугацаанд Хэнтий аймгийн Хурхын голд 24 метр гүүр, Алтанбулаг хотын Ивцэг голд 6 метр гүүр босгож, Хэнтий аймгийн Ламын хүрээний хуучин гүүрийг 40 метр урт болгож, 1935 онд Хэрлэнгийн Мэлзийн ам хавьцаа 171 метр урт гүүр, 1936 онд Онгийн гүүр, 1937 онд Хэрлэнд 137 метр урт гүүр барьж байгуулсан аж. Түүнчлэн Их тэнгэрийн амнаас Зайсангийн ам хүртэл Туул голын эрэг дагасан зам тавих ажлыг гардан хийсэн анхны зам гүүрийн инженер байлаа. Тэрбээр эх орны өнцөг булан бүрт очиж даац, хэмжээ, тулгуур бүрийг нь нарийн тооцоолсон олон арван гүүр бүтээн босгосон нь тухайн үеийн улс орны нийгэм, эдийн засагт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм.

Л.Намхайцэрэн нь зам гүүрийн инженерээр ажиллах завсраа 1935 онд Улсын төв театрт С.Буяннэмэхийн зохиол “Гурван хорын хүлээс” жүжгийн тайз чимэглэлийг зурсан бөгөөд Монголын театрын тайзны урлагийн анхны уран зураач болох уран бүтээлийн гараагаа ийнхүү эхэлсэн байна. Тэрбээр 1947 онд Улсын хөгжимт драмын театрын ерөнхий зураачаар томилогдон 1963 он хүртэл ажиллахдаа Э.Оюуны “Дэнсмаа”, Д.Намдагийн “Шинэ зам”, “Оролмаа”, Ч.Ойдовын “Зам”, “Жаргалыг хүссэн Мөнхөө”, Ч.Чимидийн “Босгон дээр”, “Арын албаныхан” зэрэг 20 орчим үндэсний драмын жүжиг, А.Островскийн “Аянга”, Софоклын “Эдип хаан”, М.Горькийн “Егор Булычевынхан” зэрэг 10 орчим сонгодог драмын жүжгийн тайз чимэглэл, хувцасны зураг загварыг зурсан нь театрын урлагийн шастирт тодоор тэмдэглэгдэн үлдсэн билээ.

Тэрбээр багаасаа хийл хөгжим тоглож сурсаны хүчинд 1940-1945 онд Улсын циркд хөгжимчин, хөгжим ангийн эрхлэгчээр ажиллахын зэрэгцээ тоглолтын зарлал бичиж, тайз чимэглэл, хувцасны зураг зурж, циркийн барилгын дотоод зохион байгуулалт, дотор чимэглэлийг нь хийж гүйцэтгэжээ. Улсын циркийн анхны хийлч, жааз хөгжмийн оркестрийг үндэслэн байгуулагчийн нэг хэмээн монгол циркийн түүхнээ мөнхрөн үлдсэн хүний нэг нь Л.Намхайцэрэн юм.

Тэрбээр 1942 онд Зураг урлалын газар байгуулагдахад зургийн дугуйланд багшилж, дүрслэх урлагийн анхны үзэсгэлэнгээс эхлэн ойн баярын үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцохын зэрэгцээ хөдөө орон нутагт зураг урлалын салбарууд байгуулагдахад хөдөөгийн урчуудад мэргэжил эзэмшүүлэх түр сургуулийг удирдан зохион байгуулж байжээ. Түүнчлэн 1945-1947 онд Зураг урлалын газрын даргаар ажиллаж байсан төдийгүй энэ үедээ нийслэлийн төв талбайд жанжин Сүхбаатарын хөшөө бүтээн босгох ажлыг богино хугацаанд удирдан зохион байгуулж, амжилттай гүйцэтгэжээ. Тэрбээр “Партизанууд”, “Шивээ Хиагтыг авахад”, “Говийн заг”, “Оюутнууд говьд”, “Тоглолтын өмнө” зэрэг 30 гаруй том хэмжээний бодит зургийн бүтээлүүд туурвисан нь өдгөө Уран зургийн галерейн алтан сан хөмрөг болон Дүрслэх урлагийн музей, Улаанбаатар хотын музей зэрэг газруудад үнэт өв болон хадгалагдаж байна.

1963 онд Улсын Дуурь бүжгийн театр байгуулагдахад анхны даргаар нь томилогдсон тэрбээр 1984 он хүртэл тус театрын зураач, ерөнхий зураачаар ажиллахдаа Б.Дамдинсүрэнгийн “Жаргалын зам”, “Тэмцэл”, С.Гончигсумлаагийн “Ганхуяг”, “Үнэн”, Э.Чойдогийн “Мөнгөн залаа” зэрэг үндэсний дуурь, бүжгэн жүжиг, П.И.Чайковскийн “Евгений Онегин”, “Иоланта”, Ш.Гуногийн “Фауст” зэрэг 20 орчим гадаадын сонгодог дуурь, бүжгэн жүжгийн тайз чимэглэл, хувцасны зураг загварыг бүтээсэн шилдэг уран бүтээлч, Улсын Дуурь бүжгийн театрыг үндэслэгчийн нэг билээ.

Л.Намхайцэрэн нь 1950 онд ЗХУ-д Театр урлагийн дээд курст суралцаж төгсөөд Улсын драмын театрын ерөнхий зураач, Улсын Дуурь Бүжгийн Театрын дарга, ерөнхий зураач, Соёлын яамны орлогч сайд зэрэг удирдах албан тушаалын алба хашиж явсан нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн байв.

Соёл урлагийн салбарт оруулсан түүний хувь нэмэр, гавьяа зүтгэлийг төрөөс өндрөөр үнэлэн 1956 онд Урлагийн гавъяат зүтгэлтэн цол олгож, “Ойн савдаг”, “Буурал бүсгүй” зэрэг жүжгийн тайз чимэглэлийг бүтээсэн тул 1959 онд Төрийн шагнал хүртээж, Монголын дүрслэх урлагт он удаан жил ажиллаж үнэтэй хувь нэмэр оруулсан тул 1973 онд Ардын зураач цолоор шагнажээ.

Л.Намхайцэрэн нь Монголын анхны зам гүүрийн инженер төдийгүй соёл урлагийн салбарт 50 шахам жил хүчин зүтгэсэн алтан үеийн нэрт төлөөлөгч, жааз хөгжмийн оркестрийг үүсгэн байгуулагчийн нэг, дүрслэх урлагийн салбарын томоохон зүтгэлтэн, дуурь бүжгийн театрыг үндэслэгч байв.

Уран бүтээл[засварлах | кодоор засварлах]

Жүжиг болон дуурийн зураач[засварлах | кодоор засварлах]

Драмын 30 шахам жүжгийн зураач, ерөнхий зураачаар ажиллажээ. Дуурийн зураачаар

Балетын зураач[засварлах | кодоор засварлах]

Балетын зураачаар Р.Ярулин "Шурале" 1958, П.И.Чайковский "Франческа да Римини" 1963, Э.Чойдог "Мөнхийн нөхөрлөл" 1968, "Мөнгөн залаа" 1979

Уран зургийн бүтээл[засварлах | кодоор засварлах]

  • "Оюутнууд говьд"
  • "Анхны учраа"
  • "Шивээ Хиагтыг авахад"
  • "Хужир булангийн бослого"
  • "Хонхорын дайн"
  • "Эрдэнэтийн овоо"
  • "Тоглолт эхлэхийн өмнө" зэрэг 50 шахам том бүтээлтэй.

Гавьяа Шагнал[засварлах | кодоор засварлах]