Лхүмбийн хэрэг

Лхүмбийн хэрэг гэдэг нь ЗХУ-ын талын Монголыг зөвлөлтжүүлэх зорилгоор үүнийг эсэргүүцэж байсан монголын удирдагч нар болон бусад боловсрол мэдлэг бүхий монголчуудыг зохион байгуулалттайгаар хомроглон устгасан Их Хэлмэгдүүлэлтийг эхлэл болсон улс төрийн хэлмэгдүүлэлтийн хэрэг юм.

Үйл явдлын оршил[засварлах | кодоор засварлах]

Улаанбаатар хот дахь 1 дүгээр тусгай морин дивизид алба хааж байсан Хэнтий аймгийн Онон хошууны Норовлин сумын 4-р багийн харьяат Шодой хочит Эрэнчиний хөвгүүн Дамдин өөрийн нутгийн цэрэг Цэрэнгийн Намжилын хамт 1929 оны 11 дүгээр сарын 13-нд цэргээс оргожээ. Тэд тус бүрийн морь, винтов буу, 45 сумтай, сэлэм, цэргийн иж бүрэн хувцастай байжээ. Тэд шууд Манжуурт очсон байна. Тэр үед цэргээс оргогч нарыг хурдан барьж шийтгэдэг байтал тэд ингээгүй байна.

Хэнтий аймгийн Дадал сумын харъяат, эвлэлийн гишүүн, 19 настай Мархайн Цэвээнийг Лувсандорж гэдэг хүний хамт 1931 оны 11 дүгээр сард Цэргийн яамны гуравдугаар газрын даалгавраар Баргын Хайлаар чиглэлээр тагнуулчаар явуулжээ. М.Цэвээн Хайлаар орчим хүрч 1 сар шахам болоод ирэхдээ Хэнтийд ирж өөрийн төрсөн ах Хэнтийн 7-р дивизийн холбоо сумангийн дарга М.Шагдар, мөн ах Дадал сумын Галттай коммуны дарга М.Очирбат болон бусад хүмүүс, найз нөхөддөө тагнуулын ажлаар яваад ирсэн тухайгаа, Хайлаарт Шодойн Дамдинтай уулзсан,японы тогоо шанага барьж байна гэх мэтээр өөрийн мэдээллээ нийтэд задалсан байдаг.

Энэ үеэс Ш.Дамдины тухай Хэнтий нутгаар ам дамжсан цуурхал яриа дэгдэжээ. Энэ цуурхалд японы том даргын дэргэд байдаг, 50 үсэрдэг буутай, Хэнтийд ирээд буцдаг гэнэ гэх мэт яриа газар аван дэлгэрч байсан нь Хэнтийнхэн японы тагнуулын сүлжээнд хамрагдсан байж болзошгүй гэх нийгмийн сэтгэл зүй бүрэлдэх үндэс суурь нь болсон байна.

М.Цэвээн нь Улаанбаатарт ирээд МАХН-ын ТХ-ны тэргүүлэгч гишүүн, МҮЭ-ийн Төв Зөвлөлийн дарга Ж.Лхүмбийг олж уулзан Манжуурт нууц ажлаар явсан тухайгаа бас ярьжээ. 1932 оны 4 дүгээр сард тухайн үеийн нам засгийн бодлогыг эсэргүүцсэн зэвсэгт бослого дэгдэж, дарагдав. 1932 оны 6 дугаар сарын 29-30-нд МАХН-ын ТХ ба Хянан Байцаах Төв Комиссын хамтарсан онц 3 дугаар Бүгд хурал хуралдав. Энэ хурал дээр анх удаа ЗХУ-ын чиг шугамыг МАХН-ын алдаа дутагдлыг шүүмжилсэн байдаг.Дараа нь энэ бүгд хуралд үг хэлсэн бараг бүх хүн алуулсан.

Үйл явдлын өрнөл[засварлах | кодоор засварлах]

1932 оны 10 сараас эхлэн мөнөөх Шодойн Дамдин Монголд ирээд буцсан тухай мэдээг Хэнтий дэх Дотоодыг хамгаалах анги хүлээн авсан ба энэ талаарх мэдээллүүдийг цуглуулж эхэлжээ.

1933 оны 1 дүгээр сарын 9-18-нд Улаанбаатар хотноо ДХГ-ын төв, орон нутгийн анги хэлтсийн дарга нар ба Зөвлөлтийн сургагч мэргэжилтний хамтарсан зөвлөлгөөн болов. Зорилго нь ЗХУ-аас Монголд ирсэн (дагаар орсон) буриад нарын дотор Японы гар хөл болсон баримт байж болох талаар хэлэлцжээ. Зөвлөлгөөнөөс “... ирэх хавар цагт эсэргүү нар дахин шинэ бослого гаргахыг оролдоно. Хятад, буриад, орос, түвэд нарын этгээдүүдээс гадна гадаад тагнуул, эсэргүү этгээдтэй холбоо хэлхээтэй байж магадгүй тул тэдгээрийг илрүүлэхийг бүх анги, хэлтэст даалгаж, эсэргүүцэн тагнах ажлыг сайжруул...” гэсэн даалгавар өгөв. 1933 оны 3 дугаар сард МАХН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга Д.Лувсаншарав, МАХН-ын ТХ-ны тэргүүлэгч гишүүн Х.Чойбалсан нарыг ЗХУ-д эмчилгээнд явуулав. Шийдвэрийг нь МАХН-ын ТХ-ны Тэргүүлэгчдийн тогтоол гарган шийдвэрлэв. Тэртээ 1928 оны 11 дүгээр сарын 25-нд Коминтерны Улаанбаатар дахь төлөөлөгч нар хуралдаж Монголын удирдлагад хэнийг тавих тухай ярилцаж байхдаа “... Х.Чойбалсанг ЗХУ-д хагас жилээр эмчилбэл ... бидний нөлөө хүчтэй болно шүү дээ...” гэцгээж байсныхаа дагуу түүнийг яг 6 сар эмчилгээнд илгээсэн. 1933 оны эхээр ДХГ-ын тусгай нууц туршуулаар элссэн Манзушир хутагтын нэрээр хувьсгалын эсэргүү нууц байгууллага байгуулж, ардын засагтай тэмцэе гэсэн бичиг хийлгэж, Хэнтий аймгийн нөлөө бүхий хийдийн хутагт хувилгаадад явуулав. Хэнтийн Бэрээвэн хийдийн хувилгаан Номун хан Найдансүрэн тэр бичгийг нь аваад Хэнтийн Дотоодыг хамгаалах ангид шууд ирж, Манзушир ийм бичиг өгөв гэснээр энэ ажиллагаа нь нурсан байна.

1917 онд эцэг эхээ дагаж Монголд орж ирсэн буриад Дамдин овогтой Данзан 1932 оны 3 сард ДХГ-ын Онон, Дадалыг хариуцсан тусгай төлөөлөгчөөр томилогдон ирсэн бөгөөд Хэнтий Балж сумын харъяат эхнэр Дондогийн Балжмаагаа Улаанбаатар хотод багшийн сургуульд сурч байгаа учир түр орхиод ганц биеэр иржээ. Ирмэгцээ Дадалын дэлгүүрийн худалдагч 17 настай Жалсангийн Сэрэмжид гэгч охиныг эргүүлж эхэлсэн байна. Гэтэл Сэрэмжидийн эцэг, эх нь нутгийн буриад Санжийн Цэрэнгийн хүү Бадамтай сүй тависан байв. Сэрэмжид нь Ж.Бавуудорж, Т.Юмдорж гэх мэт залуустай бас бие, сэтгэлийн холбоотой байсан ба эдэн дотроосДадал сумын харъяат буриад Банзрагчийн Раднаагийн хөвгүүн Цэвэгжавтай илүү дотно байсан.

Ж.Сэрэмжид буу зэвсэг агссан, эрх мэдэл бүхий, онгироо ойворгон Д.Данзанд сэтгэл, өвөрөө нээсэнд Р.Цэвэгжав дургүйцэн түүнээс хөндийрчээ. Данзан өөрийн дүү Дуламжавыг Сэрэмжидтэй хамт тэр үеийн 6 айл суух нэгэн байшинд байр авч өгөн суурьшуулж, тэр ч бүү хэл Сэрэмжидийгээ Дотоодыг Хамгаалахын нууц ажилчин болгон элсүүлж авчээ. Гол даалгавар нь өрсөлдөгч Р.Цэвэгжавын тухай л мэдээ өгч бай гэсэн байдаг. Яг тэр үед нь Данзаны эхнэр Балжмаа хотоос ирж, гурвалжин, дөрвөлжин хэрүүл үүсэв. Ойворгон Данзан эхнэр Балжмаагаа зодож, нүдэж, айн сүрдүүлсээр төрхөмд нь буцаажээ. Дараа нь 1933 оны 10 сард Д.Данзан, Ж.Сэрэмжидтэй нийлэн суусан байдаг.

Тэр үед Хоршооны Ерөнхий хорооны гишүүн бөгөөд дэлгүүрийн эрхлэгчээр мөнөөх Д.Данзангийн дүү Дуламжав, хоршооны даргаар Лувсан гэж хүн ажиллаж, Ж.Сэрэмжид худалдагч нь байв. Гэтэл тэд 1932 оны 5 сарын 3-нд муудалцаж, хоршооны мах муулдаг амбаарын түлхүүрийг хоорондоо шидэлцэж байгаад алга болгов. Түлхүүргүй болсоноос агуулахыг нээлгүй удсан тул Хэнтийн сургууль, гуанз, бас цэргийн хэрэгцээнд нийлүүлсэн малын толгой шийр, гэдэс дотор өмхийрч мууджээ. 5 тэрэг гэдэс дотор, 5 тэрэг толгой шийр хаягдав. Төлөөлөгч Д.Данзан энэ бол хоршооны дарга асан Р.Цэвэгжавын буруугаас болов гэсэн яриа гаргасанд, Р.Цэвэгжав уурлаж Данзанд, - “Чи дүүгээ хэргээс мултлах гэж намайг ингэх ёсгүй” гэх мэтээр хэрэлдсэн байдаг.

Р.Цэвэгжав өөрөө Данзангийн өмнө Дотоодыг хамгаалах ангийн дарга байсан Нороврэнчинд элсэгдсэн нууц туршуул нь байсан учир Данзангаас огт эмээдэггүй байв. Түүний бүхий л булхай худлыг нүүрэн дээр нь хэлдэг, хүний олиггүй амьтан гэж хүн олонд ярьж байжээ. Д.Данзан нь Онон, Дадал даяар нүд үзүүрлэгдсэн олиггүй ойворгон нэгэн байв. Үүнд хорссон Данзан нууц туршуулуудынхаа бүх мэдээллийг Р.Цэвэгжавын үйл ажиллагаатай холбогдуулан авдаг болсон ба Төвөөс ирсэн төлөөлөгчтэй хуйвалдан Р.Цэвэгжавыг намаас хөөлгөв. Түүгээр ч үл барам түүнийг шүүхэд өгөв. Шүүх хэрэгссэнгүй.

Тэр үеийн Хэнтий хүмүүс Д.Данзанг Дотоодыг Хамгаалахын нэрээр бусдыг их айлган сүрдүүлдэг, өмнөх Норовринчин төлөөлөгч байхдаа ер тэгдэггүй сайн хүн байсан, “Данзангаас бүх хүн айж байх юм, ямар муухай догшин ширүүн хүн бэ“ гэж ярьж байсан нь эдүгээ Тагнуулын Ерөнхий Газрын архивт хадгалагдан үлджээ.

Үйл явдал хүчээ аван өргөжсөн нь[засварлах | кодоор засварлах]

Төлөөлөгч Д.Данзан нь Р.Цэвэгжав, Ж.Дашдорж нар Ш.Дамдинтай холбоотой, японы тагнуул” гэж 1933 оны 5-р сард баривчлав. Мөн Цэрэнгийн Бадамыг холбогдуулсан бөгөөд Бадам нь дээр хэлсэн Ж.Сэрэмжидийн сүй тавьсан залуу, бичиг үсгийн чадвар маш сайтай цаашид өсөн дэвших ирээдүй бүхий хүн байсан бөгөөд Р.Цэвэгжавын дотно найз байв. Нөгөө талаар Хэнтийн Дотоодыг Хамгаалах ангийн дарга Эрэнчин Д.Данзанг Ш.Дамдингийн ирээд буцсаныг мэдсэнгүй, харилцаа холбоог нь олсонгүй гэж байнга донгодон зэмлэж байсан нь Данзанг бусдыг гүтгэн гүжирдэх замыг нь шулуутган өгчээ. Тэр өөртөө дургүй бүхнийг Ш.Дамдинтай холбоотой хэмээн баривчилжээ.

Хэнтийн Онон Дадалд нийтийн баривчилгаа эхлэв. Хамгийн анх Ц.Бадам байцаагдав. Түүнээс Р.Цэвэгжавтай хувьсгалын эсэргүү ажлын талаар захидлаар харилцдаг байсан гэсэн мэдүүлэг гаргуулж авчээ. Дараа нь Жанжин штабын ажилтан Шагдарын Галсанжамбыг ДХГ-ын Тусгай хэлтсийн дарга Ч.Мандал 50 гаруй хоног байцааж тамласны эцэст 1933 оны 7-р сарын 26-нд “Хэнтийн Дотоодыг Хамгаалахын Нороврэнцэнд анх элссэн, дараа нь Р.Цэвэгжавт элсэгдсэн” гэсэн мэдүүлэг гаргуулж авчээ. Тэрээр 1933 оны 7-р сарын 26-ны мэдүүлэгтээ хувьсгалын эсэргүү байгууллагын удирдах тэргүүлэх гишүүд нь Р.Цэвэгжав, Нороврэнчин, Ш.Дамдин, Т.Юмдорж гэх мэтээр арваад хүнийг нэрлэсэн байдаг.

1933 оны 5 дугаар сарын 23-нд МАХН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга бөгөөд МҮЭ-ийн Төв Зөвлөлийн дарга Ж.Лхүмбэ үйлдвэрчний эвлэлийн ажлаар гэнэт ганцхан өдрийн томилгоогоор Өндөрхаанд ирэв. Тэр Хэнтий аймгийн Намын Хорооны дарга Цэрэнгийнд хоноод буцав. Түүнтэй Хэнтийн Дотоодыг Хамгаалах ангийн дарга Эрэнцэн машинд нь сууж хамт Улаанбаатарт иржээ. Тэр бараг хэнтэй ч уулзсангүй, үнэндээ Хэнтийд яагаад гэнэт томилогдсоноо ч мэдээгүй байдаг. Өөрийнх нь машин бэлэн биш, Б.Элдэв-Очирын машиныг гуйж унажээ

Дараа нь Ж.Лхүмбэ Хэнтийд очоод Р.Цэвэгжавтай аймгийн төвийн хойно нэгэн хашааны ард нууцаар уулзаж холбоо бариад шууд хот буцсан юм гэсэн яриаг Хэнтийн Дотоодыг Хамгаалахаас тараав.

Үйл явдал хүчээ авч хэлмэгдүүлэлт эхэлсэн нь[засварлах | кодоор засварлах]

1933 оны 5 дугаар сарын 24-нд Хэнтийн Дотоодыг Хамгаалах ангийн дарга Эрэнчин ДХГ-ын дарга, сургагч, Тусгай хэлтсийн дарга, сургагч нарт Р.Цэвэгжав нарын тухай танилцуулсанд ДХГ-аас сургагч Григорьевыг Хэнтийн Хамгаалах ангид сургагчаар хэлмэрч Давжаевын хамт түр томилж, бас Бадам, Цэвэгжав нарыг баривчлан мөрдөн байцаахыг Эрэнчин, Григорьев нарт даалгаж тусгай төлөөлөгч буюу туслах сургагч Церенов гэгч буриадыг энэ ажилд туслан гүйцэтгүүлэхээр томилов. Тэд 1933 оны 5 дугаар сарын 27-нд Өндөрхаанд ирсэн.

1933 оны 7 дугаар сарын 19-нд ДХГ-ын дарга “яндан” хэмээх Д.Намсрай орлогч дарга “их” хэмээх Ч.Самдан, хэлтсийн дарга “хөх” хэмээх Б.Аюуш нар мөн газрын сургагч Григорьев, Семенов нарын хамт ирээд Ж.Лхүмбийг гэрээс нь баривчилжээ. Ж.Лхүмбэ тэр үед хадам эх Должин, эхнэр Норжмаа охин хүү нарын хамт амьдарч байсан бөгөөд 31 настай байв.

1933 оны 7 дугаар сарын 27-нд ЗХУ-ын ОГПУ (Улс төрийн удирдах газар)-ын Гадаад хэлтсээс эзэн И.Сталинд, “... Хэнтий аймагт гарсан хувьсгалын эсэргүү хуйвалдааны хэргээр шинэ мэдүүлэг авлаа. Яллагдагч Цэвэгжав, Бадам, Мархаев нар Хэнтийн байгууллагад удирдамжийн захидал дамжуулахад МАХН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга Лхүмбийг зуучилсан гэж мэдүүлэв. Захидлыг Мархаев (Мархайн Цэвээн) бичиж Лхүмбээр дамжуулан Хэнтийн байгууллагын нэгэн толгойлогч Цэвэгжавт өгчээ. Мархаев цааш мэдүүлэхдээ, Лхүмбэ бүр 1930 онд Монголын баруунтны үзэл суртлын профессор Жамцранотой хамт япончуудад захидал бичиж байсан гэжээ. Охтины (Монгол дахь ЗХУ-ын Бүрэн эрхт төлөөлөгч) зөвлөснөөр ДХГ-ын зөвлөх нь ДХГ-ын нэрийн өмнөөс Лхүмбийг баривчлахыг тус газрын дарга Д.Намсрайд зааварласан байна. Гэндэн ба Төв Хорооны хоёр нарийн бичгийн дарга болон Цэргийн яамны шийдвэрээр Лхүмбийг баривчилсан болно. Лхүмбийг байцааж эхэллээ....” гэж илтгэсэн байна.

1933 оны 7 сарын 22-нд Ж.Лхүмбээс эхний байцаалт авч ДХГ-ын дарга Д.Намсрай 62 асуулт асууж байцаасан байдаг. Түүнийг ЗХУ-д 5 сар, Монголд 6 сар тамлан байцааж, 1м.

Тэр тамлуулж 1933 оны 12 дугаар сарын 19-нд ЗХУ-аас монголын хил дээр ирэхдээ ДХГ-ын тасгийн дарга Ш.Самданд, “... Би тийшээ (ЗХУ-д) явахдаа ёстой нэг нарийн шалгаж үнэн мөнийг олоод өгөх байх гэж бодсон юмсан. Гэтэл тэгсэнгүй. Амь насны тухай одоо ярих юм байхгүй, өнгөрсөн шүү дээ. Зөвхөн хар амиа бодвол болох л байлаа. Тэгж сайн нөхөд, гэмгүй хүмүүсийн цусаар гараа угаагаад яах вэ? Ганц толгойгоогоороо дүүрье гэж бодлоо. Би бүр шийдчихээд байна. Улсдаа зүтгэж яваад хайран залуу насаа алдах боллоо. Би их азгүй хүн юм” гэсэн байна.

Үйл явдлын төгсгөл, үр дүн[засварлах | кодоор засварлах]

Ж.Лхүмбэ нарыг Японы цэргийн ерөнхий штабын шууд удирдлагын доор ажилладаг, СССР улсаас монголын харилцааг таслан салгахыг оролдож, нам засгийн удирдлагыг алж хороох бэлтгэл ажил хийж явсан 7 хуудас зохиомол хэрэг хүлээлгэн, 1934 оны 6 дугаар сарын 25-нд ДХГ-ын дэргэдэх Тусгай Комиссын 6 дугаар хурлаар 33 хүний хамт буудан алах ялаар яллаж, амийг нь хороосон байна. Лхүмбийн хэрэгт нийт 317 хүнийг холбогдуулан таслан шийтгэснээс 53 хүнийг буудан алах ялаар, 136 хүнийг 3-10 жилээр хорих, 126 хүнийг ЗХУ-д цөлөх ялаар шийтгэсний ихэнх нь буриадууд байсан байна. Ер нь энэ хэрэгт 1278 хүнийг холбогдуулан хэлмэгдүүлсэн байна.

Гэвч энэ нь зөвхөн эхлэл бөгөөд Их Хэлмэгдүүлэлтийн удиртгал хэсэг байжээ.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Урлагийн бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]