Мацүока Ёосүкэ

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Yōsuke Matsuoka.jpg

Мацүока Ёосүкэ (яп. 松岡 洋右, まつおかようすけ, 1880 оны 3 сарын 31946 оны 6 сарын 27) нь Дэлхийн хоёрдугаар дайны эхний жилүүдэд Японы Гадаад хэргийн сайдын албыг хашиж байсан улс төрч юм.

Намтар[засварлах]

Японы Ямагүчи мужид 1880 онд төрсөн тэрээр үеэлийн хамтаар 1893 онд Америк руу явж, Орегоны Портлэндэд суурьшжээ. Америк айлд амьдарч, Портлэндийн Аткинсоны Дүрмийн Сургууль (бага сургууль)-ийг дүүргэсэн тэрээр христийн шашинтны ёсоор[1] өсч хүмүүжсэн бөгөөд Фрэнк Мацүока гэж дуудагддаг байв. Сургуулиа төгсөөд цагийн ажил хийнгээ хууль зүйд суралцжээ.

Орегоны Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийг 1900 онд дүүргээд 1902 онд Япон руугаа буцсан байна. Тэгээд Японы дипломат ажилтны шалгалтыг амжилттай давж, Шанхай дахь Консулын газрын дэд консулаар томилогдон ажиллав. Тун удалгүй зэрэг дэв ахисан тэрээр 1933 онд Япон улс Манжуурт халдсаныг шүүмжилсэн Үндэстнүүдийн Лигийн ассемблейд Японы төлөөлөгчдийг ахлан оролцож байсан бөгөөд чухам тэр Япон улсыг Үндэстнүүдийн Лигээс гарч буйг зарласан билээ. Эргэж ирээд шинээр байгуулагдсан тоглоомын улс болох Манж-Год Өмнөд Манжуурын төмөр замын ерөнхийлөгчөөр томилогдон очив. Тэр үедээ Квантуны армийн нууц цагдаагийн газрын дарга Тоожоо Хидэкитэй ойр дотно явжээ.

Мацүока Гитлертэй уулзаж буй нь (1941 оны 3 сар)
Москвад Зөвлөлт-Японы харилцан үл довтлолцох гэрээнд гарын үсэг зурж байгаа нь. Сталин, Молотов нар түүний ард зогсч байна. 1941 оны 4 сар

1940 онд Мацүока Ерөнхий сайд Коноэ Фүмимарогийн засгийн газарт Гадаад хэргийн сайдаар томилогдов. Америкт боловсрол олсон тэрээр 1940 онд байгуулагдсан Гурван улсын эвслийн (Нацист Герман, Италийн Хаант Улс, Японы Эзэнт Гүрэн) АНУ-тай харьцах харьцааг чадварлагаар зохицуулж байлаа.

Герман улс ЗХУ-д довтолсны дараа Гитлер Японоос ЗХУ-тай дайтахыг шаардаж эхлэв. Хэдий ЗХУ-тай харилцан үл довтлолцох гэрээнд гарын үсэг зурсан гол хүн нь байсан ч Мацүока ЗХУ-тай байлдахыг дэмжиж эхлэв. Тэр Ерөнхий сайд Коноэ болон армийн удирдлагуудыг шахаж эхэлсэн ч Япон улс Номхон далай, өмнө зүг рүү дайныг өргөтгөхийг сонгосон билээ. Үүнд эгдүүцсэн тэрээр АНУ-тай харьцах дипломат харилцаанд бодлогогүй алхмууд хийж эхлэв. АНУ-тай харьцах харилцаах хурцатгах сонирхолгүй байсан Коноэ өөрийн танхимаа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж байж Мацүокаг албан тушаалаас нь зайлуулсан юм. Танхимаа дахин шинээр бүрдүүлэхдээ Коноэ Гадаад хэргийн сайдын албан тушаалд Тоёода Тэйжироог томилжээ.

Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Холбоотны цэргүүдэд олзлогдсон тэрээр Токиод болсон Алс Дорнодын Цэргийн Гэмт Хэрэгтнүүдийн Шүүхийн ажиллагааны явцад өвчний учир нас барсан аж.

Өмнөх
Номүра Кичисабүроо
Японы Гадаад хэргийн сайд
1940–1941
Дараах
Тоёода Тэйжироо

Эшлэл[засварлах]

  1. Current Biography 1941, p563-65

Ном зүй[засварлах]

  • Lu, David, Agony of Choice: Matsuoka Yōsuke and the Rise and Fall of the Japanese Empire (Lexington Books, 2002)

Гадаад холбоос[засварлах]