Михаил Ботвинник
Михайл Ботвинник | |
---|---|
Бүтэн нэр | Михайл Мойсеевич Ботвинник |
Улс | Зөвлөлт Холбоот Улс |
Төрсөн | 1911 оны 8 сарын 17, Хаант Орос Улсын харьяа Финландын Их Вант Улс, Куоккала (одоогийн ОХУ, Репино) |
Нас барсан | 1995 оны 5 сарын 5, (83 насалсан) ОХУ, Москва |
Цол | Их мастер |
Дэлхийн аварга | 1948–1957 1958–1960 1961–1963 |
Михаил Ботвинник (орос. Михаил Мойсеевич Ботвинник, 1911 оны 8-р сарын 17-нд Куоккала тосгонд төрсөн -1995 оны 5-р сарын 5-нд Москвад нас барсан) -Дэлхийн шатрын 6 дахь аварга шатарчин. Зөвлөлтийн анхны Дэлхийн аварга (1948—1957, 1958—1960, 1961—1963) шатарчин. Техникийн ухааны доктор. Үүнээс гадна шатар тоглодог автомат буюу бидний одоогийнхоор бол шатрын программ зохиоход амьдралынхаа нилээдгүй хугацааг зориулсан. Шатрын программ зохиоход өөрийгөө хангалттай хэмжээнд дайчлахын тулд шатарчны замналаа дуусгаж зодог тайлсан билээ.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Михаил Ботвинникийн эцэг - шүдний техникч Моисей Гиршович (Лейбович) Ботвинник (1878-1931), эх-шүдний эмч Шифра Самойловна Рабинович (1879-1952) нар байжээ. 1923 оны 9-р сард тэрээр 12 настайдаа анх шатартай танилцаад Ленинградын 157-р дунд сургуулийнхаа шатрын тэмцээнд анх удаа оролцож байжээ. Үнээс хойш тэрээр номоор шатар сурч, судалж эхэлжээ. "Шатрын хуудас" сэтгүүлийн 1924 оны 19 дэх дугаарт Михаил Ботвинникийг ангилалаас гадуурх тэмцээний ялагчаар анх удаа дурьдагдаж байжээ. Жилийн хугацаанд Михаил хүү Ленинградын шатарчдын дунд алдартай болжээ. Тэрээр шалгуурын шатыг хурдан давсан бөгөөд 1925 онд тэрээр нэгдүгээр зэрэглэлийн гурван тэмцээнд түрүүлсэн байна. Ленинградын тэмцээнд үзүүлсэн амжилтынхаа ачаар тэрээр 1927 оны намар Москвад болсон ЗХУ-ын аварга шалгаруулах 5-р тэмцээнд оролцох эрхээ авч, 5-6-р байруудыг Владимир Макогоновтой хуваан эзэлжээ. Дараагийн хоёр, гурван жилийн хугацаанд Ботвинник Ленинградын Политехникийн дээд сургуульд орохтой холбоотой шатрын спортод бага цаг зарцуулсан байна. Энэ үед тэрээр төмөрийн үйлдвэрийн ажилчдын болон боловсролын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, хэд хэдэн багийн тэмцээнд оролцсон байна. 1929 оны 9-р сард тэрээр ЗХУ-ын 6 дахь аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Ботвинник 1930 онд Ленинградын 8 дахь аварга шалгаруулах тэмцээнд итгэл төгс ялалт байгуулсан юм. 1931 онд ЗХУ-ын аварга шалгаруулах 7-р тэмцээнд түрүүлж аварга болсон. 1933 оны 8-р сард ЗХУ-ын 8 дахь аварга шалгаруулах тэмцээнд мөн түрүүлсэн байна.
Дэлхийн аварга болсон нь
[засварлах | кодоор засварлах]Ботвинник түүний өмнөх дэлхийн аварга болох Александр Алехинтай дэлхийн аварга цолын төлөө халз тоглохоор тогтсон байсан боловч дайнаас болж олон жил энэхүү халз тулаан хойшлогдсон байна. Арай гэж дайн дууссан боловч дэлхийн аварга Алехин зуурдаар нас барсан тул тэр хоёрын хооронд халз тулаан явагдах боломжгүй болжээ. Тэгээд дэлхийн шатрын холбооноос тэр үеийн шилдэг 5 шатарчдын хооронд 5 тойргийн тэмцээн хийж хэн түрүүлсэн нь дэлхийн шатрын 6 дахь аварга болно хэмээн шийдвэр гаргаж олон нийт ч зөвшөөрч тийнхүү тэмцээн зохиогджээ. 1948 оны 3-р сард тэмцээний дүн нь товчхондоо бол Ботвинник авах ёстой 20 онооноос 14 оноо аван түрүүлж, хоёрт орсон шатарчнаасаа 3 оноогоор хол тасарсан байна. Ийнхүү Зөвлөлтийн шатарчин Ботвинник анх удаа Дэлхийн шатрын 6 дахь аварга болсон түүхтэй юм. тэрээр 1957 онд Василий Смыловт Дэлхийн аваргын титмээ алдаад 1958 онд буцааж авсан байна.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Шатрын дэлхийн аварга
- ЗХУ-ын шатарчин
- ЗХУ-ын шатрын аварга
- Лениний одон шагналтан
- Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон шагналтан (ЗХУ)
- Октябрийн хувьсгалын одон шагналтан
- Хүндэт Тэмдэг одон шагналтан
- Шатрын ном зохиогч
- Шатрын зохиогч
- Компьютерын шатрын программист
- Зөвлөлтийн иргэн
- Оросууд
- 1911 онд төрсөн
- 1995 онд өнгөрсөн