Моголистан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Моголистан
хант улс
1347–1462
Нийслэл Not specified
Хэл аялгуу монгол хэл
Шашин шүтлэг бөө шүтлэг хожим нь лалын суннит урсгал
Political structure хант улс
хан
 - 1347-1363 Туглугтөмөр
 - 1363–1368 Иляс Хожа
 - 1429–1462 Эсэнбука II
Түүх
 - Моголистан Цагаадайн улсаас салав
 - Моголистан Баруун Моголистан, Зүүн Моголистан гэсэн хоёр хэсэг болж бутрав
Today part of Flag of Kyrgyzstan.svg Kyrgyzstan
Flag of the People's Republic of China.svg China
Flag of Uzbekistan.svg Uzbekistan
Flag of Tajikistan.svg Tajikistan
Flag of Kazakhstan.svg Kazakhstan

Моголистан бол 1346 онд Цагадайн улсаас салсан улс юм. Моголистан нь Цагадайн улсын зүүн хэсгийн газар нутаг бөгөөд Моголистаныг нүүдэлчин монголчууд удирдаж байсан тул суурин иргэд давамгайлсан Цагадайн улсын баруун хэсэг болох Мавереннахраас 14-р зууны дундуур тусгаарлажээ. Мөн Жетийн улс, уйгур хэлээр Мамлакат-и Моголистан гэж нэрлэдэг. Моголистан улс нь одоогийн Шиньжаан, өмнөд, зүүн Казахстаныг захирч байгаад казах, ойрдуудын довтолгоонд өртөн эрх мэдлээ алджээ.

Түүх[засварлах]

Моголистаний үндсэн нутаг нь Балхашаас баруун Шиньжааний тал хээрийг хамарч байсан ба энэ нутаг тэдний шууд удирдлаганд байв. Харин хойд, өмнөд Шиньжаан Моголистаний үндсэн нутагт хамаардаггүй, могол удирдагчдын шууд удирдлаганд байдаггүй байв. Моголистаний ноёлох анги болох нүүдэлчин монголчууд тал хээр нутагт голлон төвлөрч байсан ба могол ноёд бусад монгол ноёдын адил өргөөгөө байнга шилжүүлэн нүүлгэдэг байжээ. Өмнөд Шиньжаан цөлөрхөг газар байсан тул могол ноёдийн өргөө тэнд байрладаггүй байв. Харин Ойрад хойд Шиньжаанийг эзэлж Моголистаныг тасралтгүй довтлох болсон тул моголчууд нийслэлээ урагш шилжүүлж өмнөд Шиньжаанийг шууд удирдах болжээ. Мөн тэд Узбекистаны Ташкент, Ферганы хөндий, Бадахшан мужийн зарим хэсгийг нэг хэсэг захирч байжээ.

Моголистан гэсэн нэр нь "могол" (монгол), "стан" (газар орон, улс) буюу "монгол улс", "монголчуудын орон" гэсэн утгатай учир нь эндхийн монголчууд Цагадайн баруун хэсгийн монголчуудтай харьцуулахад монгол хэл, нүүдэлчин уламжлал, соёлоо илүү хадгалж үлдсэн байв. Тэд Мавереннахрын монголчуудыг өөр угсаатантай холилдсон гэж үзэж байсан бол Мавереннахрын монголчууд лалын шашинд ороогүй, нүүдэлчин моголистанчуудыг зэрлэг дээрэмчид гэдэг байв.[1] Моголистан, Төмөрийн улсын зарим монголчуудыг 16-р зууны сүүл хүртэл монгол хэлээрээ ярьсан хэвээр байсан байж магадгүй гэж зарим эрдэмтэд таамагладаг.

Моголчууд хожим нь лалын шашинд орсон нь монгол соёлыг нь алдагдуулахад хүргэсэн боловч тэр даруйдаа уусан алга бололгүй Алтан Орд, Цагадайн монголчуудаас харьцангуй хожуу буюу 17-р зууны үед бүрэн түрэгжиж уусчээ.

Моголистан буюу могол гэсэн нэр нь хэд хэдэн утгатай. Явцуу утгаараа Моголистаны буюу зүүн Цагадайн улсын нүүдэлчин монголчууд болох барлас, арулад, баарин, хэрэйд, дулат зэрэг монголчуудыг могол, моголистанчууд гэж нэрлэдэг. Энд монгол ноёдоос гадна тэдний албат болох цөөнгүй тооны монголчууд байжээ. Мөн монгол болон хүн амын ихэнх хэсэг болох түрэг иргэдийг ерөнхийд нь могол гэж нэрлэдэг. Моголистанд нүүдэлчин иргэд нилээн байсан ч зарим хэсэг нь казахын бүрэлдэхүүнд орж нүүдэлчдийн тоо нь цөөрсөн мөн нүүдэлчин монголчууд лалын шашинд орон уйгуржиж эхэлсэн зэрэг шалтгаанаар яваандаа бүгд суурьшмал иргэд болон хувирчээ.

Лалын шашинд орсон Моголистаны ноёд ойрадын довтолгооноос хамгаалахын тулд 15-р зууны дунд үед Моголистаны харъяанд байсан Долоон усанд нүүж ирсэн нүүдэлчин узбекууд буюу одоогийн казахуудад газар олгожээ. Долоон ус нь одоогийн зүүн өмнөд Казахстан буюу Балхаш нуураас зүүн өмнөд зүгт байдаг нутгийг хамардаг. Казах ноёд Моголистаны ноёдын адил Алтан ургийн гаралтай, лалын шашинтай байсан нь тэднийг холбоо тогтооход нь нөлөөлсөн байна. Харин ойрад ноёд Алтан ургийн бус гаралтай, лалын шашинд ороогүй байсан нь моголчууд, ойрадуудын харилцааг улам бүр холдуулжээ. Могол ноёд өөрсдийгөө Алтан ургийн бус гаралтай ойрад ноёдоос давуу байр суурьтай гэж үзэж байсан байна.

Нүүн ирсэн казахууд 1456 онд Казахын хант улсыг байгуулан аажимаар газар нутгаа тэлсэн нь одоогийн Казахстан улсын үндэс болжээ. Харин Долоон усанд байсан моголчууд казахын Их ордын бүрэлдэхүүнд орон ууссан ба одоогийн Их орд нь үндсэндээ баруун Моголистанчууд буюу Долоон усны моголчуудаас (монголын дулат/долоод, жалайр г.м аймаг болон түрэг овог аймгууд) бүрджээ. Зүүн моголистанчууд дотоодын зөрчлийн улмаас яваандаа хүч нь суларч дотоодын дайн тулаанаас зугтсан хэсэг нь казах, киргизүүдийн зүг очиж байсанаас одоогийн Киргизстаны киргизүүдын дунд могол гаралтай олон монгол овог бий болоход хүргэсэн байна. Моголистаныг Цагадайн удмынхан захирч байсан ч яваандаа монголын дулат буюу долоод аймгийн ноёдын хүч өсөн Моголистаны удирдагчийг өөрсдийн нөлөөнд оруулжээ. Моголистаныг Цагадайн удмын ноёд ёс төдий захирч харин тэднийг дулат ноёд удирдах байдал удаан хугацаанд үргэлжилжээ. Эдгээр моголчууд олон 100 жил уйгурчуудыг захирсан хэвээр байсан бөгөөд тэдний түрэгжин уусах үйл явц казах, киргизүүдын дунд орсон моголчуудаасаа арай удаан буюу 18-р зуун хүртэл үргэлжилсэн бөгөөд тэд уйгур үндэстэнд аажим аажимаар уусчээ. Моголистаны монголчууд монгол хэл, соёлоо удаан хугацаанд хадгалж байсан учир Крым, Коканд, Казанийн хант улс зэрэг улстай харьцуулахад жинхэнэ монголчуудын улс гэж үздэг. Ялангуяа 15-р зууны дунд үед хэд хэдэн хэсэгт хуваагдан бутрах хүртэлх үеийн Моголистан бол жинхэнэ монгол улс юм. Харин түүнээс хойшхи үед аажимаар уйгуржсан учир 17-р зууны сүүл хүртэл оршин тогтносон Яркендийн ханлиг (1514–1677) зэрэг Моголистаны салбар улсуудыг уйгурчуудын улсад хамааруулж болох юм. 1696-1930 онд Шиньжяны Хами тойрогт автономит эрхтэйгээр оршин тогтносон Хамийн хант улс бүрэн түрэгжсэн учир уйгурын улсад хамаарагдана.

Чингис хаан Ил Тарвагатай, Кашгараас Трансоксани (одоогийн Узбекстан, Туркменистан) хүртэлх одоогийн Төв Азийн станууд болон Ираны хойд хэсгийг Цагаадайд өвлөн үлдээснээр Цагаадайн мэдэлд Их Монгол улсын бүрэлдэхүүнд байж байгаад Мөнх хааны дараагаар Их Монгол улс задарахад Эрчис мөрнөөс Афганы Газни хот Трансоксаноос Таримын хөндий хүртэл газар нутагтай, Цагаадайн удмын Монгол удирдлагатай Цагаадайн улс гэгдэн 1346 онд Газан хааныг өнгөрсний хойно баруун (Трансоксани) зүүн (Могулистан) (хожим барууныг нь Кашгар зүүнийг нь Уйгарстан гэх болсон) хэсэгт хуваагдах хүртэл оршин тогножээ. XIV зуунд Монголын эзэнт гүрэн задрахад Шиньжаан Моголистаны (зарим гадны түүхчид Цагаадайн улсыг 1500 онд мөхсөн гэх нь бий) бүрэлдэхүүнд оржээ. Согдоос дам авсан уйгар бичгийг Монголын эзэнт гүрэн төрийн бичгээ болгожээ. Цагаадайн улсын талаар илүү тодруулахад тус улсын газар нутаг нь өнөөгийн Узбекистан бүхэлдээ, Казахстаны өмнөд хэсэг, Афганистаны хойд ба өмнөд хэсэг, өнөөгийн Тажикстан, Кыргызстан бүхэлдээ багтаж байлаа. Түрэгүүд амьдардаг хэсгийг нь Туркестан гэж нэрлэдэг Баруун хэсгийг караунасчууд голлон хэд хэдэн аймгийн толгойлогчид мэдэн захирч ёс төдий хан тодруулдаг байв. Зүүн хэсгийг нь буюу Моголистаныг 1347-1363 он хүртэл Төглөг Төмөр захиран Монголчуудын дунд эрх мэдлээ нэмэгдүүлэн лалын шашныг жөгжүүлж, 1360-1361 онуудад хоёронтоо баруун хэсгийг нэгтгэх оролдлого хийсэн боловч баруун хэсгийн аймгуудын удирдагчдыг бүрэн захиргаандаа оруулж чадахгүй байсаар 1363 онд өөд болсноор моголчууд Мавераннарыг (Трансоксани) орхин гарч Трансоксанийг Караунасын Амир Хусейн хяналтандаа авчээ. Доголон Төмөр өөрийгөө Чингис хааны хойчис хэмээн зарлаж, Цагадайн улсыг сэргээхээр Амир Хусейнтай тэмцэлдэж эхлэн 1366 онд Хусейн болон Сербедар нарыг бут цохин Самаркандыг авч, 1369 онд Трансоксанид ноёрхолоо тогтоон 1370 онд Эмир гэгдэн Цагаадайг улсыг залгамжлан 30 гаран жил байлдан дагуулал хийж, Афганд Хератын, Персэд Ширазын, Иракт Багдадын, Энэтхэгт Дэлийн, Сирид Дамаскусын захирагчдыг байлдан дарж газар нутгаа тэлжээ. Тэрээр Оттомон Түрэгийг Ангорт цохисны дараа Монголын эзэнт гүрнийг дахин байгуулах зорилгоор Хятадын Мин улсыг дайлахаар явах замдаа 1405 онд өөд болж, түүний байгуулсан эзэнт гүрэн 1447 он хүртэл түүний хүү Хератад нийслэлсэн Шах Рукийн захиргаан дор оршин байв. Цагаадайн улсын зүүн хэсгийг Цагаадайн удмынхан захирсаар зарим үед Төмрийн удмынхантай найрамдаж холбоолох, зарим үед байлдах зэргээр 17-р зуун хүрч Уйгарын Апаг Хожа болон түүний удмын Хожижануудын шашны дэглэмд байр сууриа алдсан юм.

Цагаадайн хаант улсын үед Харханлигийн соёл тэргүүлэн исламын соёл хүчирхэгжин Харахожагийн буддистууд лалын шашинд орцгоосон бөгөөд ноёрхогч ангийг Моголчууд, суурин хүмүүс, худалдаачдыг Сартууд, тариачдыг Таранчууд гэдэг байв. Энэ нэршил Турфан Кашгараас гадна Трансоксанид ч гэсэн Төмөрийнхөн эсвэл Цагаадайн удмынханы хэн нь төр барихаас үл шалтгаалан адилхан байв. Одоогийн Узбек болон Уйгарт одоог хүртэл энэ ойлголт хүчтэй байдаг байна.

15-р зууны эхэн үед Вэйс хан (1418—1421, 1425—1428) Ойрадтай 61 удаа тулалдаж 1 ялалт байгуулж 2 удаа олзлогджээ. Тэр эхний удаа олзлогдохдоо их хэмжээний золиос төлж чөлөөлөгджээ. Түүнийг хоёр дахь удаагаа олзлогдоход Ойрадын ноён Эсэн тайш "Энэ удаад би чамайг зүгээр явуулахгүй. Чи надад эгч Махтум-ханимаа золиосонд өгөх ёстой" гэжээ. Ингээд Вэйс хан шаардлагийг нь биелүүлж дахин олзноос ангижирсан байна.[2] 1428 онд моголчуудын дунд зөрчил үүсч Вэйс хан алагджээ.

Моголистан нь XIV-XV зууны үед нүүдлийн соёл иргэншил давамгайлсан газар нутаг байсан бөгөөд XVI зууны үед суурин соёл иргэншилд шилжиж, Исламын шашныг шүтэх болжээ. Моголистаны баруун талаас Казахууд, зүүн талаас Ойрадууд довтлох болсон тул Моголистаны Султан Саид хаан өмнө зүг рүү нүүж, Яркенд хотод нийслэллэж, улсаа Яркендын хант улс хэмээн нэрийдэх болжээ. Хожим нь энэ улс Кашгарын хант улс нэртэй болсон ба мөн Могул, Саид гэсэн нэрээр нэрлэгдэж байв. Уйгур хэлээр "Мамлакат-и-Могулийе" гэж нэрлэдэг. XVII зууны үед Зүүнгарын хаант улсын Галдан Бошигт хаан Яркендын хант улсыг довтлон эзэлснээр Зүүнгарын захиргаанд орсон юм.

Моголистан нь 1346 оноос хойш нэгдмэл байдлаар 100-аад жил оршин тогтнож байгаад Яркендын хант улс зэрэг хэд хэдэн хэсэгт хуваагдан бутарчээ. Моголистан, Яркендын хант улсыг Цагадай хаанаас гаралтай Туглугтөмөрийн угсааныхан захирч байсан учир Цагадайн улсыг 1696 он хүртэл оршин тогтнож байсан гэж үздэг. Гэвч 14-р зуунд Цагадайн улс бүхэлдээ Төмөрийн улсад эзлэгдсэн учир Моголистан, Яркендын хант улс нь Цагадайн улсын үргэлжлэл байсан эсэх нь маргаантай байдаг. Моголистанаас задран гарсан улсуудын нэг болох Цагадайн удмын Хамилийн хант улс 1930 он хүртэл Шиньжааны зүүн хойд нутаг дахь Хамил тойрогт оршин тогтнож байв.

Ишлэл[засварлах]

  1. Д.Майдар, "Чингис хаан ба Монголын их гүрэн" 1969
  2. С.К. Ибрагимов. Материалы по истории казахских ханств XV-XVIII веков

Мөн үзэх[засварлах]


Зураг[засварлах]

Гадаад холбоос[засварлах]