Монгол Улсын Их Сургууль

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Монгол Улсын Их Сургууль

Монгол Улсын Их Сургууль (товчлол: МУИС) нь 1942 онд байгуулагдсан, Монгол улсын анхны их сургууль юм. Дотроо 12 сургууль, факультеттай ба Завхан, Орхон, Ховд аймгуудад салбартай. Дээд боловсролтой Монголын хүн амын гуравны нэг орчим нь МУИС-т төгссөн гэсэн судалгаа байдаг.

Социализмын үед МУИС нь намын дарга нарын сургалтын төв болдог байсан. Сургалтын зардлыг улсаас төлдөг байсан ба хатуу удирддаг байв. Ардчилал гарснаас хойш аажмаар орчин үеийн их сургууль болж хувирсан ба 1995 оноос Бакалавр, Магистр, Докторын зэрэг олгодог болсон. МУИС нь голцуу Монгол хэл дээр 80 гаруй сургалтын төлөвлөгөөг явуулдаг.

Захирал нь С.Даваа.

Түүх[засварлах]

Байгуулалт[засварлах]

1940 онд Монгол Улсын ерөнхий боловсролын анхны бүрэн дунд сургууль - нийслэлийн 10 жилийн нэгдүгээр дунд сургууль байгуулагджээ. Ийнхүү манай оронд нэг талаас их, дээд сургуульд элсэх бэлтгэл хангахуйц бүрэн дунд сургуультай болсон, нөгөө талаас улс орны улс төр, нийгэм эдийн засаг, соёлын салбарт төрөл бүрийн мэргэжлийн дээд боловсролтой мэргэжилтэн шаардагдаж эхэлснийг харгалзан, үндэсний орчин үеийн их, дээд сургуулийг байгуулах нь нийгмийн зайлшгүй хэрэгцээ боллоо. Энэ үндсэн дээр 1942 онд засгийн газрын тогтоолоор МУИС тулгын чулуугаа тулж, анхны хичээлийн жилээ эхэлжээ.

Хөгжил[засварлах]

1946 онд МУИС-ийн анхны төгсөлт болов. 1970-аад оноос МУИС-ийн хөгжил улам эрчимжжээ. Тус сургууль Монголын олон дээд сургуулийг өөрөөсөө тєрүүлэн, дэлхийн олон орны үндэсний их сургуулийн зиндаанд дөхөж очин, жам ёсны гольдрилоороо хөгжих замд баттай оржээ.

Шинэчлэл[засварлах]

1990-1991 оны хичээлийн жилд тус сургуулиар бэлтгэн гаргаж байгаа бүх мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд суурь боловсролын, мэргэжлийн, мэргэшүүлэх хичээлүүдийн цагийн зохистой харьцааг бий болгох, оюутны бие даан суралцах цагийн хэмжээг нэмэгдvvлэх, сонгон суралцах хэлбэрийг өргөтгөх чиглэлээр эхний өөрчлөлт хийж, бакалаврын суралцах хугацааг 5 жил байсныг 4 жил болгожээ.

1991-1992 оны хичээлийн жилээс бакалавр, магистр, докторын гэсэн шаталсан сургалтанд шилжих болж, эдгээр зэргийн мэргэжлийн тодорхойлолт, сургалтын төлөвлөгөөг шинэчлэн боловсруулсан байна.

1993-1994 оны хичээлийн жилээс сургуулийн хэмжээгээр кредит тогтолцоонд шилжих асуудлыг шийдвэрлэхийн тулд хичээлд кредит оноох, үүнтэй холбогдуулан сургалтын төлөвлөгөөг шинэчлэхэд сургуулийн хэмжээнд баримтлах нэгдсэн зарчмыг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ үндсэн дээр бакалаврын зэргийн сургалтын 43 салбарын 60 гаруй мэргэжлийн сургалтын төлөвлөгөөг шинэчилжээ. Энэхүү шинэчилсэн сургалтын төлөвлөгөөний онцлог нь зах зээлийн нөхцөлд тохируулан сургалтын агуулга, технологийг шинэчлэн боловсронгуй болгох, дээд боловсролын суурь, мэргэжлийн суурь, мэргэжлийн хичээлүүдийн оновчтой харьцааг тогтоох, бүх хичээлд кредит цаг харгалзуулах зэрэгт оршиж байлаа. Эл шинэчилсэн төлөвлөгөөг 1994-1995 оны хичээлийн жилээс эхлэн сургалтанд мөрдсөн байна.

1991 оноос тус сургууль аспирантурын элсэлтийг бие даан явуулж анхлан 8 аспирантыг уралдаант шалгалтаар элсүүлжээ.

1993-1994 оны хичээлийн жилд тус сургуулийг анх удаа 13 хүн төгсч, магистрын зэрэг авсан байна. Ийнхүү эхэлсэн шаталсан сургалтын тогтолцоо улам өргөжин хөгжиж, 1992-1993 оны хичээлийн жилийн байдлаар бакалаврын болон магистр, докторын сургалтанд хамрагдан суралцагчдын тооны харьцаа 67:12 байсан бол 1997-1998 онд 9:1 болж, магистрын докторын сургалтанд хамрагдагсадын тоо үлэмж өссөн учир энэ хичээлийн жилд магистр, докторын сургалтын албыг шинээр байгуулсан юм.

МУИС 1999 оны 5 сард Дээд боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шийдвэрээр анх удаа дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэл хийлгэсэн билээ.

2000 оны 5 сард сургалтын процессийн удирдлага зохион байгуулалт, сургалтын технологийг боловсронгуй болгох, чанарыг сайжруулах зорилгоор бvрэлдэхүүний сургууль, факультет бүрт сургалтын албыг туршилтын журмаар 2 жилийн хугацаагаар байгуулан ажиллуулсан ба 2002 оны 4 сард уг ажлын дүнг захирлын зөвлөлгөөнөөр хэлэлцэн цаашид үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Бүрэлдэхүүн сургуулиуд[засварлах]

Салбар сургуулиуд[засварлах]

  • Ховд аймагт Багшийн сургууль
  • Завхан аймагт Гадаад хэлний сургууль
  • Орхон аймагт Эдийн засгийн сургууль

Гадаад хамтын ажиллагаа[засварлах]

МУИС нь гадаадын 129 их сургуультай хамтын ажиллагаатай. Үүнд, Ази номхон далайн бүс нутагт 65, Хойд Америкт 8, Европт 56.

Мөн үзэх[засварлах]

Гадаад холбоос[засварлах]