Монгол Улсын Үндсэн хуулийн цэц

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Монгол улс
State emblem of Mongolia.svg

Энэ өгүүлэл нь дараах
сэдвийн хэсэг болно:

Монгол Улсын
улс төр ба засаглал



Газрын зураг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гэдэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн шүүх юм. Ардчилсан эрх зүйт төртэй улс орнуудад төрийн эрх мэдлийн хуваарилалт, түүний үйл ажиллагааны хууль ёсны байдалд хяналт тавих, иргэдийн үндсэн эрх, эрх чөлөөний баталгааны хэрэгжилтэд Үндсэн хуулийн замаар хяналт тавьдаг тусгай шүүх ажилладаг бөгөөд Монголд энэхүү чиг үүргийг Үндсэн хуулийн цэц гүйцэтгэдэг юм.

"Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн."

Үндсэн хууль, Жарандөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 1992 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Байгуулагдсан цагаасаа хойш нийт 2500 орчим өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэрийн өмнөөс гарах бөгөөд гармагцаа хүчин төгөлдөр болдог. Үндсэн хуулийн цэц өнгөрсөн хугацаанд нийгэмд нөлөө үзүүлэхүйц хэд хэдэн маргаан бүхий хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

Аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн Цэц, түүний гишүүний үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг Монгол Улсын Үндсэн хуулиар чандлан хориглосон юм.

"Үндсэн хуулийн дээр зөвхөн мөнх хөх тэнгэр л байдаг."

Галдангийн Совд, Үндсэн хуулийн цэцийн анхны даргын эрдэм шинжилгээний хурал дээр тавьсан илтгэлийн хэсгээс...

Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан[засварлах]

Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ.

Үндсэн хуулийн цэц дараахь маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна:

1/ хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;

2/ ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;

3/ Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх;

4/ Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх;

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргана. Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно.

Цэц шийдвэрээ Монгол Улсын Үндсэн хуулийн нэрийн өмнөөс гаргадаг. Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болдог.

Цэцийн гишүүн, түүний бүрэн эрхийн баталгаа[засварлах]

Үндсэн хуулийн цэц нь есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилдог. Цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно. Шинээр буюу нөхөн томилогдсон Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрх томилогдсон өдрөөсөө эхлэн Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ.

Үндсэн хуулийн цэцийн даргаар есөн гишүүний аль нэгийг гурван жилийн хугацаагаар олонхийн саналаар сонгоно. Түүнийг нэг удаа улируулан сонгож болно. Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч орж үл болно. Үндсэн хуулийн цэц өөрийн онцлох бэлгэ тэмдэгтэй бөгөөд хуралдааны явцад гишүүд олон улсын жишиг, Монгол төрийн уламжлалыг харгалзан үйлдсэн өмсгөлтэй байна.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг сонгон томилохдоо өндөр шаардлага тавихын зэрэгцээ тэдний хараат бус байдлыг хангах, бүрэн эрхийнхээ хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл, бололцоог бүрдүүлэх талаар төрөөс онцгой анхаарал тавьдаг.

Цэцийн гишүүнийг хувийн хүсэлтээ гаргасан, эсхүл эрүүл мэндийн улмаас ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсноос бусад тохиолдолд хуульд зааснаас өөр үндэслэл, журмаар түүнийг уг албан тушаалаас чөлөөлөх, эгүүлэн татах, өөр ажилд шилжүүлэх хориотой. Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, эсхүл хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу чөлөөлсөн бол түүнийг гишүүнээр томилогдохын өмнөх ажилд нь эгүүлэн ажиллуулах, түүнтэй тэнцэх цалин хангамж бүхий ажлаар хангадаг.

Үндсэн хуулийн биелэлтэд тавих дээд хяналтын тухай[засварлах]

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавьдаг цорын ганц байгууллага юм. Харин Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавьдаг бусад байгууллагууд бий. Өөрөөр хэлбэл Үндсэн хууль бол тухайн улс орны төрийн байгуулалтын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим, бүрэн эрх, хүний эрх, эрх чөлөө, түүний баталгааг хуульчлан бэхжүүлж, бусад хууль тогтоомжийн хууль зүйн эх сурвалж болдог учраас юуны өмнө төрийн эрх барих хууль тогтоох дээд байгууллага болох Улсын Их Хурал, түүний гишүүд болон байнгын хороод бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хуулийн биелэлтэд байнгийн хяналт тавих үүрэгтэй. Түүнчлэн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж, хүний эрхийг хамгаалах талаар ардчилалын баталгаа болсон шүүхийн байгууллагын чиг үүрэг бол Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих явдал юм. Мөн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд прокуророос тавих хяналтын гол хэсгийг Үндсэн хуулийн хяналт эзэлдэг.

Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн хяналт Үндсэн хуульд хяналт тавьдаг бусад байгууллага, албан тушаалтны хяналтаас ямар ялгаатай вэ, тэрхүү хяналтыг заавал "дээд" хяналт гэж онцлохын хэрэг юу вэ гэдэг асуудал гарах нь зүйн хэрэг.

Нэгдүгээрт, дээрхи байгууллага, албан тушаалтнууд өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд Үндсэн хуулиас гадна бүх хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэгтэй. Үндсэн хуулийн цэц нь зөвхөн Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэгтэй. Өөрөөр хэлбэл Цэц бусад хуулийн заалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянахаас бус тэдгээрийн биелэлтэд хяналт тавьдаггүй. Энэ утгаараа Үндсэн хуулийн цэцийн хяналтын үйл ажиллагаа нь объектын хувьд нэлээд явцуу байхаар Үндсэн хууль болон Цэцийн тухай хуулиар заагдсан байдаг.

Хоёрдугаарт, Үндсэн хуулийн цэцийн хяналтад харъяалагдах субъектууд Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавьдаг бусад байгууллагын хяналтад тэр бүр харъяалагдаггүй. Үүнд: 1/Монгол Улсын Ерөнхийлөгч 2/Улсын Их Хурлын дарга, гишүүд 3/Монгол Улсын Ерөнхий сайд 4/Засгийн газрын гишүүд 5/Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч 6/Улсын Ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэхэд Цэц хяналт тавих болно.

Гуравдугаарт Цэцийн Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хүлээн авч дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх асуудлууд ч гэсэн Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэгтэй бусад байгууллагын шийдвэрлэх асуудлаас эрс ялгаатай.

Үндсэн хуулийн цэцийн хяналтыг "Дээд хяналт" гэж хуульчлахын гол учир нь: 1-рт Цэцийн хяналтын зүйл нь хууль зүйн хамгийн дээд хүчин чадалтай Үндсэн хууль байдаг. 2-рт Цэцийн хяналтын объект нь төрийн дээд байгууллага, түүний өндөр албан тушаалтнуудын үйл ажиллагаа байдаг. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийг биелүүлэх талаар мэргэжлийн өөр ямар ч байгууллагад харьяалагддаггүй байгууллага, албан тушаалтнуудад хяналт тавьдаг. 3-рт Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэрийг давж заалдах, өөрчлөх, хүчингүй болгох, эрх бүхий байгууллага, албан тушаалтан байдаггүйд оршино.

Үндсэн хуулийн цэцийн Үндсэн хуулийн биелэлтэд тавих дээд хяналтаа хэрэгжүүдэг арга нь: 1-рт Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг хянан үзэж, дүгнэлт гаргах. 2-рт Уг маргааныг магадлан шийдвэрлэх явдал юм. Европын Үндсэн хуулийн шүүхийн загвар ёсоор дээр дурдсан хоёр эрх мэдлийг хэрэгжүүлэгч субьект нь Үндсэн хуулийн шүүх гэсэн нэртэй байдаг бөгөөд Үндсэн хуулийн цэц нь шүүх төдийгүй, зөвхөн Үндсэн хуулиар харъяалуулсан төрийн эрх бүхий байгууллага, тэдгээрийн өндөр албан тушаалтан Үндсэн хуулийн заалтыг хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, тэдгээрийн үйл ажиллагаанд Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн эсэх талаар гарсан маргаанд дүгнэлт гаргах, магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий Үндсэн хуулийн ардчиллын баталгаа болдог юм.

Одоогийн гишүүд[засварлах]

Дарга нар[засварлах]

д.д Нэр Ажилласан хугацаа
1 Галдангийн Совд 1992 - 1998
2 Наваанпэрэнлэйн Жанцан 1998 - 2004
3 Жамсрангийн Бямбадорж 2004 - 2010
4 Жүгнээгийн Амарсанаа 2012 -

Цэцийн бэлгэ тэмдэг[засварлах]

Албан ёсны лого

Үндсэн хуулийн цэцийн бэлгэ тэмдэг бол дугуй хэлбэртэй хөвөөгөөр нь "Монгол Улсын Үндсэн хуулийн цэц" хэмээн кирилл үсгээр эмжин бичсэн, дээд талд нь эр, эм загас, гол хэсэгт нь хар, цагаан тавиуртай дэнс, хөвчлөн татсан нум сумыг хослон байрлуулсан байна. Бэлгэ тэмдгийн дээд талд буй эр, эм хоёр загас нь эл байгууллага бол Үндсэн хуулиа нүд үл чавчин, сонор соргог манах төдийгүй арга билгийг шүтэн барилдуулж үйл ажиллагаагаа явуулна гэсэн санааг илэрхийлнэ. Төв хэсэгт байрлуулсан хар, цагаан тавиуртай тэгш хэмийн дэнс нь Үндсэн хуулийн аливаа маргааныг төрийн алтан буулга мэт цааз эрхэмжийг чанд баримтлан, үүдэн буй асуудлыг оюун ухаандаа ширгээн тунгааж, хуудуугүй нягт магадлан шийдвэрлэх утгыг илтгэнэ. Харин хөвчлөн татсан нум сум нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэр тусгалаа олсон онч мэргэн, хурц цэгц байхыг билэгдэнэ.

Гадаад холбоос[засварлах]