Монгол түүхэн бичиг үсгүүд
Олон зууны туршид Монгол хэлийг бичигт буулгах төрөл бүрийн системүүд зохиогдссор иржээ.
Хамгийн хуучных нь болох Монгол бичиг нь одоо хүртэл хэрэглэдсээр ирж буй, хамгийн их амжилт олсон систем нь юм.
Агуулга |
Их Монгол Улсын өмнө [засварлах]
Киданууд нь их, бага гэсэн хоёр төрлийн бичигтэй байсан. Эдгээр нь одоо ч гэсэн бүрэн тайлагдаагүй.
- Их бичиг (хятад нэр)
- Ляо улс буюу Кидан улсын үндэслэгч Ельюй Абужи (Амбагян) 920 онд энэ үсгийг анх үндэслэжээ. Хятад ханзнаас гаралтай. Ихэнхдээ дүрс хэрэглэж байсан гэгдэх боловч үсэг хэрэглэж байсан ч байж болно.
- Бага бичиг (хятад нэр)
- Ельюй Абужийн дүү Диэла 924-925 оны үед үндэслэсэн. Уйгур хэл бичгээс гаралтай.
Монгол бичиг [засварлах]
Монгол хэлд зориулан бүтээгдсэн хамгийн анхны болоод хамгийн их амжилт олсон бичиг. Чингис хааны бичгийн түшмэл Тата-Тунга үндэслэсэн. Уйгур бичгээс гаралтай.
Монгол бичгийг өөрөөр босоо бичиг, хуучин монгол бичиг, худам монгол бичиг, уйгуржин бичиг гэж олон янзаар нэрлэдэг.
Али гали үсэг [засварлах]
Али Гали үсэг нь 1587 онд Харчины Аюуш гүүш зохион боловсруулсан монгол бичгийн галигийн тогтолцоо юм. Али гэдэг нь эгшиг, гали гэдэг нь гийгүүлэгч гэсэн утгатай самгард үг юм. Энэхүү галиг үсэг нь харь хэлний үгийг үгчлэн буулгах, үсэгчлэн буулгах хоёр үүргийг зэрэг гүйцэтгэж чадна. Өөрөөр хэлбэл харь хэлний үгийг цаад эх хэлээрээ хэрхэн бичдэгийг үсэг үсгээр нь хадаж тэмдэглэх, мөн хэрхэн дууддаг байдлыг нь галиглан бичдэг байсан нь монгол галигийн тогтолцооны нарийн боловсорсныг харуулна.
Тод бичиг [засварлах]
Ойрадын лам Зая Бандид Намхайжамцын 1648 онд зохиосон. Монгол бичгийг жинхэнэ аялгатай нь ойртуулах, мөн төвд ба санскрит хэлүүдийг хялбар бичих зориулалтаар бүтээгдсэн. Тод бичиг хэмээн нэрлэсний учир нь Монгол бичгийг тодорхой нарийн болгосныг өгүүлж буй. 1924 он хүртэл Орос дахь Халимагууд хэрэглэж байсан. Хятадын Шинжаан мужид Ойрадууд одоо болтол хэрэглэдэг.
Вагиндрагийн үсэг [засварлах]
Вагиндрагийн үсэг нь 1905 оны үед Буриадын лам Агваандорж монгол, тод үсэгт тулгуурлан зохиосон буриадын шинэ үсэг юм. Вагиндра үсэг монгол болон тод бичгийн аль алинаас ялгарах нэг гол ялгаа нь үгийн эхэн, дунд, адагт орох үсгийн дүрс хэлбэр хувирах ёс байхгүй. Энэ нь орос (кирилл), славян зэрэг өрнө дахины бичгийн тогтолцооны нөлөө юм. Вагиндрагийн үсгээр 1905-1910 оны хооронд Санкт-Петербург хотноо чулуун бараар нэлээд хэдэн ном хэвлэн гаргажээ.
Дөрвөлжин бичиг [засварлах]
Дөрвөлжин бичиг нь Хубилай хааны зарлигаар төвдийн Пагва лам Лодойжалцан 1269 онд зохиосон бичиг юм. Дөрвөлжин бичиг хэлбэр дүрсийн хувьд төвд үсэгт, зурлага бичлэгийн хувьд Монгол бичигт тулгуурлан зохиосон үет үсэг болно.
Дөрвөлжин бичиг нь монголчуудын соёлын хэрэгцээнд, тухайлбал Юань гүрнийг мөхтөл албан бичиг болгож (1368) хэрэглэгдэж байжээ. Зарим судлаачид дөрвөлжин бичгийг солонгосын хангыл үсгийн үндэс болсон гэж үздэг.
Соёмбо үсэг [засварлах]
Соёмбо үсэг нь 1686 онд Гомбодоржийн Занабазарын зохиосон, Монгол, Санскрит, Төвд үг бичихэд зориулагдсан, Энэтхэг, Ланз, Нагар үсгүүдээс гаралтай 90 үсэг бүхий бичгийн хэл юм. Соёмбо үсгийг 200-гаад жил голдуу Халхын хүрээ хийдэд сүмийн барилгын чимэглэлд хэрэглэж байсан.
Соёмбо гэж санскрит хэлээр "өөрөө буй болсон гэгээн үсэг" гэсэн утгатай. Соёмбо бичгийн эхний бирга тэмдэг нь өнөөг хүртэл Монгол улсын туг далбаан дээр тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болон тасралтгүй уламжилсаар өнөөдрийг хүрсэн алтан соёмбо юм.
Хэвтээ дөрвөлжин үсэг [засварлах]
Соёмбо үсгийн хамтаар Занабазар нь хэвтээ дөрвөлжин үсэг гэгчийг зохиожээ. Энэ нь 1801 онд л дахин нээгдсэн бөгөөд одоогоор хэрэглээ нь тодорхойгүй.
Латин үсэг [засварлах]
1941 оны 2 сарын 1-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улс латин үсгийг албан ёсныхоо бичгээ болгосон боловч хоёрхон сарын дараа буюу 3 сарын 25-нд энэ шийдвэрээ буцаажээ. Албан ёсоор бол Монгол хэлний бүх дуу авиаг тэмдэглэж чадахгүй байсан тул больсон гэсэн хэдий ч дараахан нь ЗХУ-ын бүрэлдэхүүн улсуудтай бараг нэгэн зэрэг кирилл үсгийг албан ёсны болгосон тул энэ нь улс төрийн бодлого байсан байж магадгүй.
Кирилл үсэг [засварлах]
Кириллийг 1946 онд Монголын албан ёсны бичиг болгосон. Монголд хэрэглэгдэж буй кирилл цагаан толгой нь Оросынхоос 2 үсгээр илүү (ө, ү).
Кирилл нь Грек үсгээс гаралтай бөгөөд IX зуунд амьдарч байсан Болгарын Кирилл, Мефодий Гэгээнүүд түүнийг стандартчилсан гэдэг.
Бусад [засварлах]
Монгол хэлийг мөн Хятад, Араб бичгээр тэмдэглэж байсан. Арабаар бичигдсэн монгол хэлний толь бичиг байдаг бол Монголын соёлын анхныд тооцогдох бичгийн дурсгал болох "Монголын Нууц Товчоо"-г Монгол хэлийг Хятад ханзаар галиглан бичсэн хувилбар нь өнөөгийн хувилбаруудын эх болж байна.
Гадаад холбоос [засварлах]
| Commons: Mongolian writing - зураг, дуу, бусад юмс |
- The Silver Horde: Mongol Scripts
- The Mongolian language and scripts, Tseveliin Shagdarsuren, Indiana University
- Inkway Mongolian Calligraphy
| Монгол бичиг үсгүүд | |
|---|---|
| Монгол бичиг | Дөрвөлжин бичиг | Соёмбо үсэг | Тод бичиг | Али-Гали үсэг | Латин үсэг (Монголд) | Кирилл | |

