Монгол хоол

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хорхог, хорхогны шөл
Хорхог
Тарваганы боодог

Монголчууд эртнээс нааш мал аж ахуйд голлон шүтэж амьдарсаар ирсэн учир идээ ундаандаа ихэвчлэн малын сүү шим, махыг янз бүрийн аргаар боловсруулан хэрэглэдэг бөгөөд Монгол хоол гэж монголчуудын тэрхүү уламжлалт хоолыг хэлнэ. Бас ан амьтан, зэрлэг, таримал ногоо, үр буурцаг, амуу тариа, жимс жимсгэнэ, ааг амттаны зүйлийг хачир болгосоор иржээ.

Монгол хоолны зүйлийг махан хоол, цагаан хоол гэж 2 ангилж болно. Махан хоол гэдэг бол давс, сонгино, сармис, халуун ногоо зэргээр амтлах төдий хачир оруулж, дан махны зүйлээр хийсэн хоол хүнс юм. Дотроо тураг мах, дотор мах, толгой шийрэн хоол гэх мэт ялгаатай. Тураг мах гэдэг нь малын их биеийн, дотор мах гэдэг нь зүрх, уушиг, элэг, бөөр, ходоод, гэдэс зэрэг их биеийн бус махны нэр юм. Тураг махан хоолонд бүхэл махан хоол, хуйхтай өвчүү, өвчүүний үдмэг, хар шөл, махан хуурга, тосонд чанасан мах орно. Дотор махан хоолонд дээр дурдсан дотор махыг тэр чигээр нь давстай усанд чанаж болгосноос гадна үнхэлцэг, сорс, зайдас, шавай, бөсгөмөл цус, ороомог, үдмэг, ходоод, дотор махан хуурга, хиам, хайрмаг, жигнэмэл зууш, бууз, хуушуур орно. Эдгээрийг хийх арга дор бүрдээ өвөрмөц, жишээ нь тураг махаар хорхог шөл хийхдээ торниун хөшиглөж давс, сонгино, сармис, халуун ногоогоор хачирлан усаар нэмүүхэн шүүсэлж, хавхаг сайтай саванд улайтгасан чулуутай хамт хийж сайн таглан жигнэж болгоно. Монголчуудын бас нэг өвөрмөц хоол нь боодог гэдэг хоол бөгөөд түүнийг тарвага, хонь ямаагаар хийдэг ба угшил нь чулуун зэвсгийн үеэс эхтэй байх магадлалтай юм.