Мохаммед Алим Хан

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Сэйид Мир Мохаммед Алим Хан
Prokudin-Gorskii-19.jpg
Алим Хан, Поркудин-Горскийн авсан гэрэл зураг. 1911 он.
Хаанчлал 1911 оны 1 сарын 3 - 1920 оны 8 сарын 30
(&0000000000000009.0000009 жил, &0000000000000240.000000240 хоног)
Төрсөн 1880 оны 1 сарын 3 (1880-01-03)
Нас барсан 1944 оны 4 сарын 28 (64 насалсан)
Өмнөх хаан Абд ал-Ахад Хан
Дараагийн хаан Хаант засаглал Улаан армийн халдлагын улмаас халагдаж, газар нутаг нь Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд орсон

Эмир Сэйид Мир Мохаммед Алим Хан (1880 оны 1 сарын 3–1944 оны 4 сарын 28) нь Төв Ази дахь Бухарын Эмирт Улсыг захирч байсан сүүлчийн династи болох Мангит династигийн сүүлчийн эмир юм. Бухар улс 1873 оноос Хаант Орос Улсын ивээлийн улс болсон хэдий ч Эмир нь өөрийн эмирт улсын дотоод хэргийг мэдэх хэмжээгүй эрхт хаан байв. Алим Хан 1911 оны 1 сарын 3-наас 1920 оны 8 сарын 30 хүртэл засаглажээ. Тэрээр Чингис хааны шууд удмын хүн юм.

Алим Ханыг 13 настайд эцэг Абдулахад Хан нь түүнийг Санкт-Петербург руу 3 жилийн хугацаатай илгээж орчин үеийн цэргийн техник, засаглалын талаар суралцуулжээ. 1896 онд тэрээр Оросын засгийн газраас Бухарын угсаа залгамжлагч хунтайж гэж хүлээн зөвшөөрөгдөн, эх орондоо эргэж ирсэн байна.

Бухарад 2 жил эцгийнхээ засаг захиргааны ажилд тусалж байгаад Насеф бүсийн захирагчаар томилогдож, 12 жил ажиллажээ. Дараа нь умардын муж болох Кармана руу шилжин, 1910 онд аавыгаа нас барсан мэдээг хүлээн авах хүртлээ тэнд засаглан суужээ.

Алим Ханы засаглалын эхний жилүүд ард түмэнд нь итгэл найдвар төрүүлж байв. Тэрээр аливаа бэлэг хүлээн авахгүй, шаардахгүй, албаны ажилтнууд олон нийтээс авлига шаардахгүй, өөрийн дураар албан татвар тохоохгүй гэж тунхаглав. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд Эмир авлига, албан татварыг нэмэгдүүлж, төрийн аппаратын зардлыг ихэсгэсэн байлаа. Түүний засаглалын үед уламжлалыг баримтлагчид болон шинэчлэгчдийн зөрчилдөөн уламжлалыг баримтлагчдын ялалтаар өндөрлөж, шинэчлэгчид Москва, Казань руу дүрвэцгээжээ. Алим Хан анхандаа модернизаци, шинэчлэгчдийг таашааж байсан ч энэ нь түүнийг болон түүний удмыг эрх мэдлээ хадгалж үлдэх боломжгүй болгоно гэж ухаарсан аж. Иймээс өмнөх эмирүүдийн адил Алим Хан нь уламжлалаа дагагч, хуучинсаг үзэлтэй удирдагч байв.

Тажикийн суут зохиолч Айни Садриддин Эмирийн доор өнгөрүүлсэн амьдралынхаа тухай тод томруунаар бичиж үлдээсэн байдаг. Тэрээр Тажик хэлээр ярилаа гэж ташуурдуулан шийтгүүлж байсан бөгөөд хожим энэ тухай өгүүлсэн Бухарын зандалчин ("Jallodon-i Bukhara") хэмээх зохиол бичжээ.

Алим Хан нь нэрэндээ Халиф хэмээх гуншин нэмсэн Мангитын удмын цорын ганц хүн бөгөөд аливаа улсын төрийн эрхийг барьсан Чингис хааны шууд удмын сүүлчийн хүн аж.

1918 оны 3 сард Залуу Бухарачуудын Хөдөлгөөний идэвхтнүүд Большевикуудтай нэгдэж, Бухарачууд хувьсгалд бэлэн болж, хүн ард чөлөөлөлтийг хүлээж эхлэв. Улаан Арми Бухарагийн хаалгаар орж ирэн, эмирийг Залуу Бухарачуудад бууж өгөхийг шаарджээ. Оросын архивын баримтаас үзэхэд эмир Бухара хот, ойр орчмын улсуудад Большевикуудыг дэмжигч иргэд хэдэн зуугаараа байгааг тоолгүй, Большевикийн төлөөлөгчдийг цаазалж хариу барьсан бөгөөд Бухарын ард иргэдийн ихэнх нь Большевикуудын халдлагыг дэмжээгүй тул муу зэвсэглэсэн, зохион байгуулалт муутай Большевик арми Зөвлөлтийн нөлөөгөө тогтоогоод байсан Ташкент руу буцжээ.

Гэхдээ эмирийн ялалт түр зуурынх байлаа. Оросын иргэний дайны гал унтарч, Москва Төв Ази руу дахин анхаарлаа хандуулж эхлэв. 1920 оны 9 сарын 2-нд сайтар зэвсэглэж, зохион байгуулалтад орсон, большевик генерал Михайл Фрунзегийн удирдсан Улаан армийн хүч хотыг довтолж эхлэв. 4 өдөр тулалдсаны эцэст эмирийн ордны нуман хаалга нурж, Калян Минаретийн орой дээр улаан туг манджээ. Эмир Алим Душанбе (одоогийн Тажикистаны хот) руу дутааж, улмаар Афганистаны Кабул руу дүрвэсэн аж. Тэрээр тэндээ 1944 онд нас нөгчжээ. Түүнийг Шуадой Солехин оршуулгын газарт оршуулсан юм.

Гэр бүл[засварлах]

Эмирийн охин Шукриа Раад Алими Радио Афганистанд нэвтрүүлэгчээр ажиллаж байгаад 1979 оны 12 сард Зөвлөлтийн цэрэг тус улсад халдсанаас 3 сарын дараа Афганистаныг орхижээ. Сэтгүүлч мэргэжилтэй нөхөр болон 2 хүүхдийнхээ хамтаар Пакистан руу дүрвэж, улмаар Германаар дамжин АНУ руу гарчээ. 1982 онд тэрээр Америкийн дуу хоолойд орж, тус радиогийн дари хэлний нэвтрүүлгийн найруулагч, продюсер, нэвтрүүлэгчээр ажиллаж байна[1].

Эшлэл[засварлах]