Нефертити

Нефертити-гийн алдарт цээж баримал

Нефертити (Neferneferuaten Nefertiti МЭӨ 1370—1330 орчим онуудад амьдарч байсан) - эртний Египтын фараон XVIII Эхнатоны (Аменхотепа IV, орчим. МЭӨ 1351-1334 он) тэргүүн хатан. Гучин гурван зууны туршид түүний нэрийг ор тас мартсан байжээ. 1912 онд германы археологч Людвиг Борхардтын экспедиц Нефертитигийн цээж барималыг олж (одоо Берлиний шинэ музейд хадаглагдаж байгаа) Амарна урлагийн бодит дүр төрх гэж алдаршсан юм. Баримлыг Тутмосын урлангийн балгасаас цээж баримал олдсон тул Тутмосыг бүтээл гэж үздэг байна. Францын суут эрдэмтэн Ф.Шампольон эртний Египетийн бичээсийг өнгөрсөн зууны эхэнд тайлбарласнаар зөвхөн тусгай түүхий баримт бичигт л түүний тухай цухас дурдах болсон байна.

Намтар[засварлах | кодоор засварлах]

(Neferneferuaten Nefertiti)
XX зуун хүний эргэн дурсах чадварыг харуулах мэт Нефертити алдар суугийн оргилд гаргасан юм. Дэлхийн нэгдүгээр дайны өмнөхөн Германы экспедици Египтэд малтлагаа дуусгаж "Эртний эд зүйлсийн алба" гэгчид хийсэн ажлынхан тайланг танилцуулжээ. /"Эртний эд зүйлсийн алба" нь 1858 онд байгуулагдасан бөгөөд архелогийн экспедицийн үйл ажиллагааг хянах өнгөрсөн үеийн түүхийг хадгалах зорилготой байгууллага юм. / Германы музейд зориулсан ялгасан эд зүйлсийн дотор гойд харагдахгүй нэгэн дөрвөлжин чулуу байв. Х Харин Берлинд авчирмагц тэр чулуу Нефертитигийн толгой болон хувирсан билээ. Урлагийн гайхамшигт бүтээлээс салахыг хүсээгүй археологчид толгойны дүрс бүхий гялгар цаасаар ороож гипсээр бүрсэн нь хэнд ч мэдэгдэхгүй гэж тэд зөв тооцоолжээ. Харин мэдэгдсэний дараа ихээхэн шуугиан дэгдээсэн юм. Зөвхөн дайн л түр намжаасан бөгөөд дараа нь Германы египтийг судлаачдын хувьд тус улсад малталт явуулах эрхээ хасуулахад хүргэсэн байна.

Уран сайхны давуу талтай байсан уг баримлын төлөө иймэрхүү төрлийн хохиролыг амсахад болохгүй гэх зүйлгүй билээ. Нефертити хатны од маш түргэн гийж эхэлсэн бөгөөд орчин үеийн киноны одтой зүйрлэхүйц хэмжээнд очсон гэж хэлж болно. Олон зуун жилийн турш түүний гоо үзэсгэлэнг хүлээн зөвшөөрөхийг хүлээсэн мэ Нефертити алдарын дээд оргилд хүрсэн юм. Түүний дур булаам толгой, урт нарийхан хүзүү, тэгш сайхан хамар зэргийн тусламжтай бид өнөөдөр египтийн соёл урлаг, нууцлаг эртний ёс заншил, жрец буюу лам нарын үйл, далдыг харах увидас зэргийг ихэд сонирхох болсон юм. Магадгүй эсрэгээр, бидний техник хөгжсөн үед аугаа эртний египтийн соёлд ойр дөт гэдгээ мэдрээд Нефертитиг эмэгтэй хүнд агуулагдах ёстой жинхэнэ гоо сайхны илрэл гэж тусгаж авсан ч байх талтай.

Тэгвэл алдарт Нефертити үнэн хэрэгтээ хэн байсан юм бэ? Тухайн үеийнхээ нийгмийн байр байдлыг аваад үзвэл- олон эхнэрүүдийн нэг. Египтийн эмэгтэйчүүд гоо сайхны жорыг мэддэг байсан бөгөөд нууцаар эхээс охинд шилжиж байсан юм. Мөн бүсгүйчүүд хэрхэн хайрлах тухай ч энэ бүхнийг сургаж эхлэнэ. Нэг үгээр хэлбэл, Египтэд сайхан бүсгүйчүүд их олон байсан бололтой, тиймээс эртний язгууртнууд Нил голын эрэг хавиар эхнэрээ эрэх хэрэгтэй гэдгээ сайн мэддэг байжээ. Нэгэн удаа Вавилоны хаан Египтийн фараоны охинтой сүй тавих санал ирүүлсэн гэдэг. Гэтэл татгалзлсан хариу хүлээн авчээ. Бухимдсан хаан захидал бичиж : "Чи яагаад ингэж байгаа юм бэ ? Египтэд хангалттай сайхан бүсгүйчүүд бий. Надад тохирох бүсгүйг өөрийн дураар сонгож өгөөч. Энд хэн ч түүний гарал үүсэл нь хааных биш гэдгийг мэдэхгүй."

Олон тооны сайхан бүсгүйчүүд дотрооос Нефертити гэнэт цоройн гарч ирсэн явдал нь бараг үлгэр мэт билээ. Мэдээж хэрэг тэрээр язгууртан гарал үүсэлтэй, өөрийн нөхрийнх нь өрлөг эхийн ойрын хамаатай байжээ. Харин өрлөг эх байна гэдэг нь египтийн овгуудын бичээст нилээд өндөр байрыг эзлэх юм. Эхнатоны өрлөг ээжийн нөхөр нь тус улсын нэгдүгээр зэргийн язгууртан гэгддэг ба морьт цэргийн тэргүүн билээ. Харин фараоныг нас барсны дараа хэсэгхэн хугацаанд Египтийг захирах эрхийг хүртэл гартаа оруулж байжээ. Хааны эмэгтэйчүүд зөвхөн өөрсдийн төрөл садан, тэр бүү хэл төрсөн охидоо татвар эм болгодог уламжлал тогтсон байлаа. Энэ нь "цусыг арин " үлдээх гэсэн зорилготой юм.

Харин Нефертити хэдэн зуун жилийн турш тогтсон уламжлалыг эвдэн фараоны эхнэр болсон бөгөөд түүнийг хатны ширээнд залрах үе нь ч ёс горимыг эвдсэн үйл явдлаар дүүрэн байжээ. Үүнд л бүх асуултын хариулт байгаа болов уу: жирийн татвар эм яаж байгаад богино хугацаанд хүчирхэг фараоныг эзэмдэж чадсан юм бол.

Нефертитигийн нөхөр хааны удмынхан дотроос ихээхэн ялгаатай хүн байсан гэдэг. IY Аменхотепийн хаанчлалын Египтийн түүхэнд "шашны өөрчлөлт" гэдэг нэрэн дээр тод ул мөр үлдээсэн байна. Энэ гайхамшигт хүн өөрийн төрт улсынхаа хамгийн хүчирхэг хүчин болох лам нарын давхаргатай тэмцэхээс айгаагүй юм. Эдгээр лам нар өөрсдийн далд хүч чадал, заримдаа ид шидийн тусламжтай дээдэс болон Египтийн ард түмэнг гартаа оруулсан байжээ.Хэмжээ хязгааргүй олон бурханы зан үйлийг гүйцэлдүүлэх замаар тэд улсын зонхилох байр суурийг эзэлж байсан юм. IY Аменхотеп өөрийн эрх мэдлээ зүгээр нэг өгөх биш байлаа. Тэрээр лам нарын давхаргад дайн зарласан юм.

Хувийн зарлиг буулгаж өмнөх бурхан Амоныг хүчингүй болгоод оронд нь шинэ бурхан болох Атоныг томилсон байна. Тэгээд ч зогссонгүй Египтийн нийслэлийг Фивээс шинэ байр руу нүүлгэн шилжүүлсэн юм. Тэрээр шинэ сүм хийд байгуулсан бөгөөд Атона Рагийн дүрс бүхий том болгосон бөгөөд энэ нь "Атонд таашаагдсан" гэж ойлгогдоно. Шинэ фараон бүхэл бүтэн орны ухамсрыг тэр чигээр нь өөрчилж, шашны үйлийг явуулагч нартай явуулсан аюултай тэмцэлдээ ялалт байгуулахад хичнээн их хүчин чармайлт хэрэгтэй байсанг төсөөлөхөд ч бэрх юм. Мэдээж хэрэг ямар ч дайн дажинд найдвартай холбоотон хамгаас илүү чухал байдаг. Магадгүй тэрээр ухаантай, хүчтэй хамсаатнаа эхнэр болох Нефертитигийн зүгээс олж авсан биз.

Хатан нь эр нөхөртөө тусалсан гэх түүхийн баримт олдоогүй ч гэсэн хүний сэтгэл зүйд тулгуурлах гэж бид оролдоод үзье. Нефертититэй гэрлэснээр хаан өөрийн эмсийн хүрээлэнг мартаж залуу сайхан эхнэрээ нэг алхам ч холдуулахгүй байжээ. Ордны хатуу дэг жаягыг эвдэн эмэгтэй хүн дипломат хүлээн авалт дээр байлцдаг болсон байна. Эхнатон олон хүний дэргэд эхнэртэйгээ зөвлөхөөс огтхон ч ичдэггүй байжээ. Тэр ч бүү хэл хотын хамгаалалтын бүсийг шалгахаар явахдаа тэрээр заавал эхнэрээ дагуулан явдаг байсан бөгөөд харуул болгон зөвхөн түүний өмнө төдийгүй хатны өмнө илтгэл тавьдаг болжээ. Нефертитид сөгдөн мөргөх явдал хирээ хэтэрсэн бололтой. Түүний дүрс бүхий том, сүрлэг хөшөө египетийн хот бүхэнд сүндэрлэн босчээ.

Зөвхөн эр хүний хайрыг татах чадвар болон үзэсгэлэн гоо нь их хаанд нөлөөлж Нефертитид хэмжээлшгүй эрх мэдэл өгч байснаар тайлбарлаж болохгүй байх. Мэдээж хэрэг ид шидийн арга энд холбоотой гэж таамаглаж болно.Гэхдээ бид бодитой тайлбар олохыг хичээгээд үзье - түүний ухаалаг зан, эр нөхөртөө үнэнч байдал египетийн хатны амжилтын үндэс болсон байх. Гэхдээ бид нэмж хэлэх ёстой нэг зүйл бий - хүчирхэг Нефертити насаар дэндүү жохон охин байсан юм. Яагаад эмэгтэй хүн улс орныг удирдаж хүндтэй сайдуудыг орлоод байгааг ойлгохгүй хүмүүсийн хор найруулах, атаархал, дэгээдэж унагах гэсэн оролдлого байсан л биз. Гэхдээ тэр үед их эзэн хааны эхнэртэй маргалдахыг хүсдэггүй байсан учир Нефертитигээс гуйлгатай хүмүүс өглөг барьж ихээхэн ирсэн байх.Энд ч сайхан бүсгүй ухаалаг зан гаргасан гэлтэй.Хайрт нөхөр нь үнэхээр тус болж фараоны итгэлийг хүлээж чадах хүмүүсийн төлөө тэрээр гуйж байсан юм.

Нефертитигийн аз жаргал хэмжээ хязгааргүй мэт сэтгэгдэл төрөхөөр байлаа, гэтэл хувь тавилан гэдэг дэндүү хатуу. Огтхон ч хүлээж байгаагүй талаас гай зовлон ирсэн юм.Эртний египет эмэгтэйчүүд хоёр туйпуун нугларан сууж байгаад төрдөг уламжлалтай юм. Эх баригчид түүнийг ар нуруунаас нь тулж өгнө. Төрөлтийн туйпуу төрөлтийг хөнгөтгөн аз жаргал авчирна гэж үздэг байжээ. Туйпуу болгон дээр Мешенит дарь эхийн толгойг сийлсэн байх агаад тэр нь хүүхэд төрөхөд тус болдог гэж үздэг юм.Ийм туйпуун дээр суух бүрдээ Нефертити Атоноос өв залгамжлах хүүхэд төрүүлж өгөхийг хүсдэг байжээ. Гэтэл ийм хэрэгт нөхрөө хайрлах их хайр, ухаан, бүхнийг чадагч бурхан ч тус болох чадваргүй билээ. Тэрээр зургаан охин төрүүлсэн бөгөөд хүсэн хүлээсэн хүү нь төрсөнгүй. Яг энэ үед л атаархагчид болон үзэн ядагчид толгойгоо өндийлгөсөн юм. Эртний Египтэд хүний нас маш богинохон 28-30насладаг байв. Фараоныг үхэл хэзээ ч хамаагүй дагуулаад явах байлаа, тэгсэн тохиолдолд төр улс нь шууд өв залгамжлах хүнгүй хоцрох байлаа. Хааныг их сайхан татвар эм Киатай танилцуулжээ. Нефертитигийн засаглал дууссан болов уу гэлтэй байлаа. Хичнээн шинэлэг зүйл хүсч илүү таашаал авахыг хүссэн ч хэн ч урьдын хайртаа мартаж чаддаггүй.

Эхнатон нэг эмэгтэйгээс нөгөө рүү үсэрсээр : Киагийн өрөөнөөс хайртынхаа өрөө рүү очиход урьдын адил сайхан хүлээж авна. Гэсэн хэдий ч Нефертити нилээд бардам зантай бүсгүй байсан учир урвасан явдлыг нь тэсч чадаагүй бололтой. Гаднах бүлээн байдал нь фараоныг хуурч мэхэлж чадсангүй, жинхэнэ хайр сэтгэл юунд хүргэж болохыг тэр сайн мэдэж байв. Ингээд л буцаад Киад эргэн очно. Гэсэн хэдий ч ийм байдал удаан үргэлжилсэнгүй. Шинэ татвар эмийн чалчих чимээ фараоныг бодлоос сэрээлээ- тэрээр өрсөлдөгч эмэгтэйчүүдийг хооронд нь харьцуулна. Киа эмсийн хүрээлэндээ эргэж очжээ. Тэрээр эсэргүүцэх гэж оролдон эр нөхрөө эргэж ирэхийг хүсэн уйлж унжсан байна. Зөвхөн тайган сураар хэд ороолгосны дараа тэрээр хааны сайхан зан дуусчээ гэдгийг ухаарсан байх.

Харин тэр хоёр хэзээ ч хуучны харилцаатай байгаагүй. Нефертити ба Эхнатон урьдын гэгээн хайрыг эвлэн нааж болоогүй. Гэсэн ч ухаантай Нефертити жинхэнэ төрийн түшээгийн ухааныг гарган сайхан гарц олж чаджээ. Нефертити Эхнатонд гурав дахь охиноо эхнэр нь болгохоор санал болгожээ. Түүний нэр нь Анхесенамон бөгөөд эх нь өөрийн биеэр хэрхэн хайрлах урлагийг зааж өгсөн байна. Гурван жилийн дараа Анхесенамон бэлэвсэн хоцорчээ. Тэрээр дөнгөж арван нэгэн настай байсан юм. Харин түүнийг аугаа Тутанхамонтой гэрлүүлсэн байна. Улсын нийслэл эргээд л Фив руу буцсан бөгөөд улс орон дахиад л Амон-Рад мөргөх болсон юм. Зөвхөн Нефертити урьдын сэтгэлдээ автан орь ганцаар Ахенатонд үлдсэн байна. Хатныг нас барсны дараа хот бүрмөсөн эзгүйрч хоосорсон бөгөөд түүнийг хүссэнийх нь дагуу Эхнатоны бунханд байрлуулжээ.

Нефертитигийн цээж баримал[засварлах | кодоор засварлах]

1912 оны 12-р сарын 6-нд германы археологч Людвиг Борхардт болон түүний туслах Херман Ранке нар Эль-Амарна дахь барималч Тутмосын дарханы урлангаас Нефертитигийн хосгүй цээж баримлыг олжээ. Түүнээс хойш Нефертити нь эртний египтийн соёлын төгс төгөлдөр, гоо сайхны нэгэн бэлэг тэмдэг болсон байна. Анх уг цээж баримлыг Л.Борхардтын багийхан олсон бөгөөд Египет улсын гаалийн албанаас нуухын тулд зориуд гипс турхэн хилээр гаргаж Германд авч ирж байжээ. Борхардт нь өөрийн археологийн тэмдэглэлдээ уг баримлын талаар «Тодорхойлон бичих аргагүй, зөвхөн харах л хэрэгтэй» хэмээн ганцхан өгүүлбэр бичсэн байжээ. 1913 онд Германд авч ирж байсан хатны хосгүй цээж баримал одоогоор Берлины Египетийн музейн цуглуулга дунд хадгалагдаж байна. Хожим 1933 онд Египетийн соёлын яам баримлыг Египетэд буцаахыг шаардсан боловч Германы талаас татгалзсан хариу өгсөн тул германы археологчдод Египетэд цаашид малтмал хийхийг хориглож байжээ. Дэлхийн хоёрдугаар дайн мөн Борхардтын эхнэр еврей гаралтайн улмаас мөрдөгдөж байсан явдал нь түүнд уг цээж баримлыг дэлгэрэнгүй судлахад нь саад болж байв. Египет нь ХБНГУ-аас Нефертитигийн цээж баримлыг буцааж өгөхийг албан ёсоор шаардсаар байна. Нефертитигийн цээж баримлыг хожим нь дахин шавардан засварласан болохыг саяхан олж тогтоожээ. Нефертитигийн баримлын анхны хувилбар нь эх хувьтайгаа ойролцоо байсан уу эсвэл хожим нэмж хийгдсэн засвар нь илуу сайжруулсан уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Үүнийг зөвхөн Нефертитигийн мумиг (цогцосыг) олж судалсан тохиолдолд л нотлох бололцоотой юм.

Нефертитигийн хүүхдүүд[засварлах | кодоор засварлах]

  • Меритатон
  • Макетатон
  • Анхесенпаатон
  • Нефернефруатон-ташерит
  • Нефернефрура
  • Сетепенра

Бунхан[засварлах | кодоор засварлах]

Одоогийн байдлаар олдогдоод байгаа муминууд дотроос Нефертитигийнх илрээгуй юмуу эсвэл олж таниагүй байна. 2010 оны 2-р сард хийсэн генетикийн судалгаанаас өмнө египет судлаач эрдэмтэд KV35 авсан дотроос олдсон 2 эмэгтэйн нэгийг Нефертити байх магадлалтай хэмээн тааварлаж байв. Гэвч судалгааны дунд уг таамаглал нь буруу болох нь тогтоогджээ.

Зургийн цомог[засварлах | кодоор засварлах]

Хэтдээ унших[засварлах | кодоор засварлах]

  • Aldred C. Akhenaten: king of Egypt. — London, 1988.
  • Anthes R. Die Büste der Königin Nofretete. — Berlin, 1968.
  • Arnold D. The royal woman of Amarna. — New York, 1996.
  • Ertman E. The Search for the Significance and Origin of Nefertiti’s Tall Blue Crown.// Sesto Congresso Internazionale di Egittologia. Atti. Vol. I. — Torino, 1992, pp. 189-193.
  • Müller M. Die Kunst Amenophis’III. und Echnatons. — Basel, 1988.
  • Pharaohs of the Sun: Akhenaten, Nefertiti, Tutankhamen. — Boston, 1999.
  • Samson J. Nefertiti and Cleopatra: queen-monarchs of Ancient Egypt. — London, 1985.
  • Tyldesley J. Nefertiti: Egypt’s sun queen. — London, 1998.