Нисэх загвар

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Хүн нисдэггүй онгоц, нисдэг тө­хөө­рөмжүүдийг зохион бүтээж хийж нисгэн уралддаг Агаарын спортын нэг төрөл. Нисэх загварын зарим нь түүний их биед бэхлэгдсэн зөөгч гадаргууд аэродинамикийн хүчнүүд үйлчлэхэд үүсдэг өргөх хүчний үйлчлэлээр, зарим нь зөөгч сэнсний үүсгэсэн өргөх хүчний үйлчлэлээр агаарт ниснэ. Дэлхийн Агаарын Спортын Холбоо FAI (Fédération Aéronautique Internationale)-оос Нисэх загварын спортын төрөл бүрт далавчны нийт талбай, жин, моторын үзүүлэлт болон холбогдох бусад бүх зүйлийг зохих дүрэм, стандартаар зохицуулсан байдаг. Нисэх загварууд нь техникийн дараах ерөнхий шаардлагыг хангасан байна.

Түлшээр цэнэглэсэн загварын жингийн дээд хязгаар                   - 25.0 кг
Зөөгч гадаргуун талбайн хэмжээний дээд хязгаар                     - 500дм2
Нэгж талбайд оногдох ачааллын дээд хязгаар                         - 250 г/дм2
Дотоод шаталтат хөдөлгүүрийн ажлын багтаамжийн дээд хязгаар        - 250см3                                                                                                                                 
Цахилгаан хөдөлгүүрийн хүчдэлийн дээд хязгаар                      - 42 вольт

Нисэх загварын спортын төрлүүд[засварлах]

  • F1 - Чөлөөт нислэг
  • F2 - Жолоодлогот
  • F3 - Радио удирдлагат
  • F4 - Дууриамал
  • F5 - Цахилгаан хөдөлгүүрт радио удирдлагат
  • F6 - Агаарын спортыг сурталчлах
  • S - Пуужин загвар

Чөлөөт нислэгийн төрлийн ангиллууд[засварлах]

  • F1A – Планерийн загвар
  • F1B – Резин хөдөлгүүрт загвар
  • F1C – Хугацаат нислэгийн загвар
  • F1D – Тасалгааны резин хөдөлгүүрт загвар
  • F1E – Соронзон залуурт планерийн загвар
  • F1F – Нисдэг тэрэгний загвар
  • F1G – Резин хөдөлгүүрт загвар
  • F1H – Планерийн загвар
  • F1J – Хугацаат нислэгийн загвар (1 куб см)
  • F1K – СО2 хөдөлгүүрт загвар,
  • F1L, F1M, F1N, F1R – Тасалгааны загварууд
  • F1P – Хугацаат нислэгийн загвар (өсвөр үеийн ангилал, 1 куб см)
  • F1Q – Цахилгаан хөдөлгүүрт хугацаат нислэгийн загвар

F1 гэдэг нь нисэх загвар (онгоц)-ыг агаарт хөөргөснөөс хойш нислэгийг нь ямар нэг зүй­лээр удирдахгүйгээрээ бусад төрлөөсөө ялгаатай төрөл юм.

Жолоодлогот төрлийн ангиллууд[засварлах]

  • F2A - Хурдны загвар
  • F2B - Уран нислэгийн загвар
  • F2C - Уралдааны загвар
  • F2D - Агаарын тулалдааны загвар
  • F2E - Дизель хөдөлгүүрт агаарын тулалдааны загвар
  • F2F - Дизель хөдөлгүүрт уралдааны загвар
  • F2G - Цахилгаан хөдөлгүүрт хурдны загвар

F2 төрөл нь тодорхой урттай (15,92-21 метр) аргамжаа буюу кордыг онгоцны далавчны үзүүрт байх удирдлагатай холбож хөдөлгүүрийн болон аэродинамикийн хүчний үйлчлэлээр тойрч нисгэдэг төрөл юм.

Радио удирдлагат төрлийн ангиллууд[засварлах]

  • F3A - Уран нислэгийн загвар
  • F3B - Планерийн загвар
  • F3C - Нисдэг тэрэгний загвар
  • F3D - Уралдааны загвар

Дууриамал төрлийн ангиллууд[засварлах]

  • F4A - Чөлөөт нислэгийн дууриамал загвар
  • F4В – Жолоодлогот дууриамал загвар
  • F4С – Радио удирдлагат дууриамал загвар
  • F4D – Тасалгааны резин хөдөлгүүрт дууриамал загвар
  • F4E – Тасалгааны СО2 буюу хийн хөдөлгүүрт чөлөөт нислэгийн дууриамал загвар
  • F4F – Тасалгааны чөлөөт нислэгийн дууриамал загвар
  • F4J - Тийрэлтэт хөдөлгүүртэй радио удирдлагат дууриамал загвар

Цахилгаан хөдөлгүүрт радио удирдлагат төрлийн ангиллууд[засварлах]

  • F5A - Уран нислэгийн загвар
  • F5B - Мотопланерийн загвар
  • F5C - Нисдэг тэрэгний загвар
  • F5D - Уралдааны загвар
  • F5E - Нарны зай хураагууртай загвар
  • F5F - Мотопланерийн загвар (10 элемент батарейтай)
  • F5G - Мотопланерийн загвар (томруулсан хэмжээтэй)

Монгол улсын Нисэх загварын спортын хөгжил[засварлах]

Монгол улсад 1965 оноос Нисэх загварын спорт хөгжиж эхэлсэн түүхтэй. Тухайн үед Монголын пионер сурагчдын ордонд Нисэх загварын дугуйлан хичээллэдэг байжээ. Манай тамирчид 1970-аад оноос эхлэн олон улсын тэмцээнд оролцож, 1977 онд Нисэх загварын зарим төрлөөр улс, хотын чанартай тэмцээн зохион байгуулж эхэлсэн. 1975 онд Залуу Техникчдийн Ордон ашиглалтанд орсон нь Нисэх загварын спортын хөгжилд чухал нөлөө үзүүлсэн юм. ЗТО-д нисэх загварын планер, тулалдааны, радио удирдлагат үндсэн төрлүүдээр сурагчдыг хичээлүүлж сургадаг байсан юм. 1980 онд Нисэх загварын спортын тэмцээний дүрэм, цол зэргийн нэгдсэн ангиллыг баталснаар Монголын спортын төрөлд албан ёсоор орсон. 1997 онд Монголын Нисэх Загварын Спортын Холбоо (MASA(Mongolian Aeromodelling Sport Association))-г байгуулсан. FAI - Дэлхийн агаарын спортын холбоо 1905 оны 10-р сарын 14-ны өдөр үүсгэн байгуулагдсан, аэронавтик хийгээд агаарын спортыг сурталчлан хөгжүүлэх зорилготой, ашгийн төлөө бус олон улсын байгууллага. Дэлхийн 100 гаруй улс энэ байгууллагын гишүүн. Монгол улс 2010 оны 1 сарын 1 өдрөөс эхлэн энэ байгууллагын жинхэнэ (ACTIVE MEMBER) гишүүн болсон. MASA холбоо одоогоор 6 клубтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. MASA холбоо 2013 оны 7-р сарын 15-21 өдрүүдэд Дэлхийн түүхэнд анх удаа Ази Тивийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг Монгол Улсад амжилттай зохион байгуулсан. Ази Тивийн Аварга Шалгаруулах Тэмцээний цар хүрээг өргөжүүлэн Ази, Номхон далайн орнуудын Аварга Шалгаруулах Тэмцээн болгон өөрчилж 2014 оны 7 сарын 20-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг болон 2015 оны 7-р сарын 27-оос 8-р сарын 3-ны өдрүүдэд Нисэх загварын спортын Чөлөөт нислэгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгуулах эрхийг аваад бэлтгэл ажилдаа орсон байна.

Холбоос[засварлах]