Норовлин сум

Норовлин сум
ᠨᠣᠷᠪᠤᠯᠢᠩᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Хэнтий
Газар нутаг
  Нийт5,334 км2 (2,059 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 2,887
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Норовлин (монгол бичгээр норбулинг) — Хэнтий аймгийн сум. Монгол улсын харьяат иргэн, Норовлин сумын суурин хүн ам - 2,254[1]. Энэ тооллогоор бол аймгийнхаа 17 сумнаас 7-р олон хүн амтай сум гэж үзэгдэнэ.

Нэрийн гарал үүсэл[засварлах | кодоор засварлах]

Төвөд хэлний ནོར་བུ་གླིང (Wylie: Nor Bu gLing) буюу "Чандмань орон" гэсэн утгатай.

Засаг захиргааны хуваарь[засварлах | кодоор засварлах]

Сумын нутаг захиргааны 4 багт хуваагддаг. Сумын төвөөс баруун хойно 40 км зайд Бүрэнхаан тосгон байдаг.

Багуудын хүн ам[2]
Багийн нэр Хүн ам
(2010 он)
1 Баян-Өлзийт 578
2 Ангирт 308
3 Онон 478
4 Төвийн 890

Газарзүй, уур амьсгал[засварлах | кодоор засварлах]

Норовлин сумын төв нь аймгийн төвөөс 202 км, Улаанбаатар хотоос Өндөрхааны замаар 533 км, шууд 495 км,аймгийнхаа нутгийн зүүн хойт өнцөгт Улз голын хөвөөнд Өргөн ар, Дэл гэдэг уулын ард, Уран дөш уулын баруун талд Ар жаргалант гэдэг жижиг голын хөвөөнд оршдог.

Норовлин сум ойт хээр ,хээрийн бүсэд байрладаг бөгөөд 533.3 мянган гектор нутагтай, нутгийн умард цэг Онон голоос өмнөд цэг Шилийн холбоо хүртэл 120км, өрнөд цэг Цогт-Өндөрөөс (Дэлгэр булгийн давааны) дорнод цэг бага Онцгой уулын орой хүртэл 70 орчим км, хойноос өмнө зүгт сунасан өргөн уудам нутагтай. Нутгийн ихэнх хэсгийг ойт хээр, бусдыг нь тал хээр, ухаа гүвээ толгод эзэлдэг. Хамгийн өндөр цэгүүд сумын төвөөс баруун өмнө 35 км орчимд буй Хаядэлгэр хаан уул 1594.3м, хойно орших Бүрэн хаан уул 1554.0м, зүүн урд байрлах Түмэн хаан уул 1357.0м, Норовлин, Баян-Уул сумын заагт орших Дун хаан уул 1534.7м болон хойт хэсэгтээ Хэнтийн нурууны салбар уулс болох Эрээн давааны нуруу зэрэг ой модот уулстай. Сумын хамгийн нам дор газар нь сумын төвөөс зүүн тийш 30 км-т Улз голын дагуу 950 м орчим өргөгджээ. Сумын нутаг нь далайн түвшнээс дээш дунджаар 1200 м өргөгдсөн, жилдээ 220-230 мм орчим тунадас унаж, хөрсний 60 орчим хувь нь борооны, 40 орчим хувь цасны чийгээр тэжээгддэг учир ган зуд тохиох нь харьцангуй цөөн. Хүйтний дээд хэмжээ нь 39 хэм гаруй, дулааны дээд хэмжээний 37 хэмээс төдийлөн хэтэрдэггүй .Салхины чиглэл голдуу баруун хойноосоо, өвлийн улиралд баруун өмнөдөөс голлодог. Хамгийн их салхи хавсаргатай үе 3, 4, 5-р сард үе үе 14-20м/сек хүрч ширүүсдэг боловч ихэнхдээ тогтуун нарлаг байдаг.

Уулын чулуулаг, намгархаг, хээрийн шороон хөрсний давхаргатай, уул даваа олонтой. Шивэрийн даваа, Улаанхамар, Их даваа, Сонор, Цагаан даваа, Ар, Өвөр Орной, Хуцын хоолой, Уртын хөндий, Хулстай, Хонгор, Ангиртын тал гэх мэт олон тал хөндийтэй.

Онон, Улз, Орной, Хөндий, Дарцагт, Урт, Бэрх, Баянгол, Могой, Мэхээрч, Хуцын гол, Алтан эмээл, Цагаан чулууут, Шивэр, Хөндлөн, Баянбулаг, Замт зэрэг гол мөрөн горхинуудтай боловч ихэнх нь ширгэж байна. Мөн Улзын Цагаан нуур, Түмэнхааны Цагаан нуур, Хулстай, Ангирт, Бул нуур, Далтын Цагаан нуур, Улзын Хулстай, Харчулуут, Хар нуур, Цэгээний нуур гэх мэтийн олон нууруудтай боловч зарим нь ширгэж байгаа нь байгаль экологийн тэнцвэр алдагдаж байгааг харуулж байна.

Тогоот, Замт, Улаалзаргана зэрэг рашаан булаг шандтай. Ашигт малтмалын орд газартай. Одоогоор Салхит, Тохой булгийн уурхайнууд ажиллаж байна.

Шилмүүст навчит ойтой, үүнд: шинэс, нарс, хус, улиас, бургас зэрэг модтой, бэлчээрийн төрөл бүрийн ургамалтай.

Түүх дурсгалт газар[засварлах | кодоор засварлах]

Тус сумын нутагт байгаа түүх соёлын дурсгалт газруудаас нэрлэвэл:

  • Чингисийн хэрмэн зам
  • Шивэр мандалын хөндлөнгийн бичигт хад
  • Могойн нарту шүтээн буюу одоогийн нэрээр Нарстай. Норовлин сумаас зүүн тийш 15-20 км-т оршдог энэ газарт Чингис хаан Шихихутагийг багад нь олзлон авч ээждээ авчирч өгч өсгөн бойжуулсан тухай Монголын нууц товчоонд өгүүлсэн түүхэн газар юм.
  • Уран дөш уулын орой орчмын дөрвөлжин булш
  • Түрэгийн үеийн чулуун хөшөө Уран дөшийн зүүн дор байдаг.
  • Замт, Өлзийт овооны бургастайн дөрвөлжин булш
  • Сумын төвөөс зүүн тийш Могойн шар хад Галины өндөрлөгт Барон Унгерны үлдэгдэл цэрэгтэй Оросын улаан цэрэг тулалдаж байсан газар байдаг.
  • Дэлийн булаг өндөр дов- Шинэ чулуун зэвсгийн үеийн туурь бууц байдаг.

Сумын нутаг дэвсгэрт тахиж шүтдэг уул овоонууд: Мөст, Өгөөмөр, Ухаа, Бэрхийн гол өндөр, Цагаан овоо, Буян дэлгэр, Бүрэн хаан, Уран дөш, Түмэн хаан, Хаядэлгэр хаан, Ангиртын хар овоот, Норовлин, Уртын баян уул зэрэг юм.

Тус сумын нутагт оршиж ирсэн сүм хийдүүд:

  • Эрдэнэ далай вангийн хүрээ
  • 1805 онд байгуулагдсан Ухаа хошууны хийд
  • 1860 онд Төмөр ламын санаачилгаар байгуулагдсан Мөст буюу Далтын шүтээн хийд сумын төвөөс зүүн хойш 21 км-т
  • 1888 онд байгуулагдсан Ангирт нуурын зүүн энгэрийн Ангиртын хийд
  • 1936 онд шинээр Ц.Содов гэлэнгийн байгуулсан Бүргэдийн шандийн дуган, Ганжуурын хурал Есөн хүний агуй дахь ламбирамба зэрэг байжээ.

Хүн ам[засварлах | кодоор засварлах]

Хүн амын угсаатны бүтцийн хувьд халх, буриад зонхилсон ард түмэнтэй. Засаг захиргааны нэгж 4 багтай 2008 оны эцсийн байдлаар 646 өрх 2340 хүн амтай.

Эдийн засаг, хөдөө аж ахуй[засварлах | кодоор засварлах]

Газар тариалангийн 3000 га талбайтай бөгөөд 2008 онд 1000 га-д тариалж, 1000 тн үр тариа, 8.6 га-д төмс 43.5 тн, 9.1 га-д хүнсний ногоо тариалж 71.2 тн хүнсний ногоо хурааж, байгалийн хадлан 7325 тн бэлтгэсэн.

Бэлгэдэл[засварлах | кодоор засварлах]

Зохиогч О.Түвшиндэмбэрэл, зураач С.Халиун нарын бүтээсэн сумын тугийн загварыг тус сумын ИТХ-ын 2006 оны 7 сарын 21-ний өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан. Бэлгэдлийн тайлбар бичиг:

  1. Тугийн оройн дүрслэл нь эртний Боржигон аймгийн шүтээн Цагаан шонхор шувууг билэгдэн дүрсэлсэн болно.
  2. Туг тойрсон улаан залаа нь Монгол түмний гал шүтээн, мөн нэжгээд тоо нь 12 байгаа нь сар жилийн мөчлөгийг оруулсан юм
  3. Тугийн үндсэн гурвалжин хэлбэр нь Монгол аймгуудын туг сүлдийг өвлөг билэгдсэн
  4. Тугийн суурь хөх өнгө нь хөх тэнгэр, дээд доод цагаан хүрээ нь саадгүй гэгээн оршихын билэгдэл
  5. Тугийн дээд хэсгийн задгай чандмань нь норов эрдэнийн билэгдэл дүрс болно
  6. Туг дээр орших хос бугын эртний дүрслэл нь Монгол түмний дээд эх Гоо маралыг төлөөлүүлсэн. Мөн тус нутагт эртний түүхэн дурсгалт газар, хөшөө хиргисүүр элбэгтэйг илэрхийлсэн болно
  7. Тугийн оройн буюу хажуугийн хос манжлага нь тоо нэжгээд гурав байгаа нь одоо, өнгөрсөн, ирээдүй цагийн бэлгэдэл, манжлагын өнгө шар нь амар амгалан, эрдэм төгс оршихыг бэлгэдсэн
  8. Тугийн ишинд шар өнгийг сонгосон нь мандуулан бадраагч ноён нуруу нь амар амгалан, эрдэм төгс байж, алтан шар өнгөөр төлөөлүүлэн үл гундахыг бэлгэдэв.

Энэхүү тэгш найман бэлгэдлийг шингээж оршоож тус тугийг бүтээсэн болно.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]