Олон нийтийн телевиз

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Олон нийтийн телевиз (Общественное телевидение. Public television). Үйл ажиллагаа нь арилжааны бус шинжтэй, реклам олгогчид болон “рейтингийн дарангуйлал”-аас ангид, хэрэглэгчдээс цуглуулсан төлбөрийн хураамжаар санхүүждэг, өөрөө өөрийгөө удирддаг телевизийг олон нийтийн телевиз гэнэ. Арилжааны телевизийн цэнгээнт, хөгжөөнт нэвтрүүлэг болон сурталчилгааны хэт их ачаалал олон нийтийн зүгээс шүүмжлэлд өртөж, тэд соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх чиглэлийн нэвтрүүлгийг үгүйлж эхэлсэн нь олон нийтийн телевиз үүсэхэд нөлөөлжээ. Тиймээс 50-иад оны эхэнд АНУ-д хүлээн авагчдыг соён гэгээрүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд тус болох үүднээс телевизийн долгионы зарим үелзлийг олон нийтийн сургалтын телевизд зориулах шийдвэр гаргажээ. Анхны арилжааны бус боловсролын телестанци 1953 онд Хьюстонд байгуулагджээ. Олон нийтийн телевизийн онцлог шинж нь: • Сурталчилгааны орлогыг санхүүгийн гол эх үүсвэр болгохоос татгалзаж, үйл ажиллагаа нь арилжааны бус шинжтэй, реклам олгогчид болон «рейтингийн дарангуйлал»-аас ангид оршдог гэдгийг албан ёсоор зарласан байдаг. • Телевизийн үйл ажиллагааны зарлагыг телевиз хэрэглэгчдээс цуглуулсан төлбөрийн хураамжаар төлдөг. • Төрийн зүгээс нэвтрүүлгийн бодлогод шууд оролцож нөлөөлөхгүй, телестанци өөрөө өөрийгөө удирддаг. • Хүлээн авагчдын мэдээллийн бүх төрлийн хэрэгцээ шаардлагыг хангахын төлөө үйлчилж, чанартай нэвтрүүлэг бэлтгэхийг хөтөлбөрийн бодлогын цөм болгон ажилладаг. • Нэвтрүүлэг бэлтгэгчид нийгмийн хариуцлага хүлээж, олон түмний өмнө тайлангаа тавьдаг, теле компанийн санхүүгийн болон нэвтрүүлэг бэлтгэх үйл ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавьдаг ажиглагчдын зөвлөл ажилладаг зэрэг болно. АНУ болон Европын орнуудын олон нийтийн телевиз дараах үндсэн гурван чиглэлийн нэвтрүүлгийг голлон явуулдаг. Үүнд: • боловсролын үйл явцад шууд хэрэглэх боломжтой, сургалтын эх материалын агуулгыг гүнзгийрүүлэх, хялбарчлахад чиглэгдсэн сургалтын үндсэн нэвтрүүлгүүд; • хувь хүний хөгжил, түүний оюуны болон бүтээлч чадварыг дээшлүүлэх, мэдлэг эзэмших идэвх санаачлагыг дээшлүүлэхэд нөлөөлөх зорилго бүхий нэвтрүүлгүүд; • реклам олгогчдыг дэмжих зорилго агуулдаггүй учраас арилжааны телевизийн хөтөлбөрт орох боломжгүй нэвтрүүлгүүд юм. Нэвтрүүлгийн энэ хэсэгт зөвхөн сургалт, танин мэдэхүйн төдийгүй, янз бүрийн олон нийтийн хэсэг, бүлэг бэлтгэх, дамжуулахыг сонирхдог мэдээллийн, нийтлэлийн нэвтрүүлгүүд, мөн арилжааны телевизийн редакцид «гологдсон» бага рейтингийн нэвтрүүлгүүд ордог. Тиймээс зарим арилжааны телевиз олон нийтийн телевизийг чанаргүй теле бүтээгдэхүүнийг хаядаг «гахайн тэжээлийн сав» гэж хочлоход хүрчээ. Үнэн хэрэг дээрээ зарим «боловсролын» телевиз олон түмэнд нийгмийн тулгамдсан чухал асуудлыг хөндсөн мэргэжлийн өндөр төвшинд бэлтгэсэн асуудал дэвшүүлсэн, шүүмжлэлт болон шинжлэх ухааны хялбаршуулсан нэвтрүүлгийг тогтмол өгдөг байна. РВS Британийн ВВС-тэй нягт харилцаа холбоотой ажиллаж, олон нийтийн энэ томоохон корпорацийн мэргэжлийн өндөр төвшинд бэлтгэсэн соён гэгээрүүлэх, танин мэдэхүйн чиглэлийн олон чанартай нэвтрүүлгээр өөрийнхөө хөтөлбөрийн санг баяжуулдаг. Олон нийтийн телевизийн байгууллагууд өөрийнхөө үйл ажиллагааны үр дүнгийн талаар парламентад болон иргэдэд тайлангаа тавьдаг онцлогтой юм. Тухайлбал, Британийн парламент BBC-ийн үйл ажиллагааны үр дүнгийн талаарх мэдээллийг тогтмол сонсож, авч хэлэлцдэг. Энэ корпораци үйл ажллагааны дэлгэрэнгүй тайланг олон түмэнд мэдээлэх, санал бодлыг сонсох зорилгоор жил бүр хэвлэлд тогтмол нийтэлж, Интернетэд байрлуулдаг. Мөн BBC-ийн бүтцэд корпорацийн үйл ажиллагааны талаарх телевиз үзэгчдийн болон радио сонсогчдын санал бодол, хүсэлт, гомдлыг судалдаг хэлтэс ажилладаг байна. Арилжааны телевизийн нэвтрүүлгийн гол шинж болох шуугиан дэгдээсэн, цэнгээнт, хөгжөөнт нэвтрүүлэг рүү туйшрах хандлагаас зайлсхийхийн тулд нэвтрүүлгийн бодлогод тэнцвэрт байдлыг хадгалах зарчим буюу хүлээн авагчид мэдээллийн, улс төр, нийтлэлийн, сургалтын, соёлын болон хөгжөөнт зэрэг янз бүрийн чиглэлийн чанартай нэвтрүүлэг үзэх боломжоор хангагдсан байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг. Нэвтрүүлгийн олон нийтийн шинж чанарыг хадгалах, янз бүрийн нийгмийн бүлэг болон улс төрийн байгууллагын ашиг, сонирхлыг хамгаалах зорилгоор радио, телевизд ажиглагчдын байгууллага болох нэвтрүүлгийн зөвлөлийг байгуулдаг бөгөөд түүний бүрэлдэхүүнд улс төрийн нам, иргэдийн нийгэмлэг, мужийн парламент, үйлдвэрчний эвлэл, сүм хийдийн төлөөлөгчид, шинжлэх ухаан, урлагийн зүтгэлтнүүдийг оруулдаг. Нэвтрүүлгийн зөвлөл радио, телевизийн удирдлагад хөтөлбөрийн бодлогыг боловсруулах, төсвийн тайланг хэлэлцэх, боловсон хүчний асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой зөвлөгөө өгдөг байна.