Орчин үеийн Монголын сэтгүүл зүй (ном)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

“Орчин үеийн Монголын сэтгүүл зүй” (УБ. 1998. 18.5 х.х.). Доктор М.Зулькафилийн орчин үеийн Монголын сэтгүүл зүйн хөгжлийн онол, практик, арга зүйн асуудлыг тал бүрээс нь судалж үнэлэлт, дүгнэлт өгсөн энэхүү нэг сэдэвт зохиол нь удиртгал, дүгнэлтээс гадна үндсэн 6 бүлэгтэй бөгөөд нэгдүгээр бүлэгт ерээд оноос хойш Монголын ОНМХ-ийн системд гарсан өөрчлөлт, онцлог шинжийг, хоёрдугаар бүлэгт, ОНМХ-ийн ардчилсан иргэний нийгэмд гүйцэтгэх үүргийн асуудлыг, гуравдугаар бүлэгт, ОНМХ-ийн зарчмын онол, практикийн асуудлыг тусгасан бол дараагийн хоёр бүлэгт нийтлэл, нэвтрүүлгийн агуулга, хэлбэр, ур чадварт гарсан үндсэн өөрчлөлт, шинэлэг хандлага, шинэ үзэгдлүүдийг авч үзжээ. Бүтээлийн 6 дугаар бүлэг нь чөлөөт хэвлэлийн тухай ойлголт, онолын үзэл баримтлал шалгуур, тулгамдсан асуудлууд, учирч буй бэрхшээлүүдийг хөндсөн байна. Энэ бүтээл тоталитар нийгмийн коммунист сэтгүүл зүйгээс ардчилсан чөлөөт сэтгүүл зүй руу орох шилжилтийн үеийн Монголын сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлага, онол, практикийн асуудлыг тал бүрээс нь судалж, туршлага, онцлог шинжийг нэгтгэн дүгнэхийг оролдсон анхны томоохон хэмжээний судалгааны бүтээл юм. Номын тухай доктор Б.Лигдэн: “Монголын ОНМХ-ийн тогтолцооны өөрчлөгдөн шинэчлэгдэж буй онцлог шинж, түүний үүрэг, зарчим, гарч буй шинэлэг хандлага, бичлэгийн төрлүүд, чөлөөт хэвлэлийн тухай үзэл баримтлал, дүгнэлт зэрэг өөр хоорондоо нөхцөлдөн уялдсан 6 бүлэг бүхий энэ нэг сэдэвт зохиол нь сэтгүүл зүйн онол, практикийн үүднээс, мөн уламжлал, шинэчлэлийн гинжин холбоог түүхийн шинжлэх ухааны орчин үеийн нэгтгэн дүгнэх аргын талаас нь аль алийг нь нэлээд өвөрмөц, системчилсэн, цогц байдалд авч үзсэнээрээ энэ бүтээл онцлог болжээ” (36.6) гэж тэмдэглэсэн бол академич Д.Цэрэнсодном: “Судлаач М.Зулькафилийн ганц сэдэвт зохиол нь орчин үеийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, түүний ололт дутагдал, чиг хандлагыг өргөн дэлгэр хэрэглэгдэхүүнээр нягтлан судалсан онол, практикийн хувьд үр өгөөжтэй шинэ санаа, дүгнэлт бүхий дорвитой сайн ажил болсон гэдгийг тэмдэглэж байна”(36.13) гэж бүтээлийн ач холбогдол, үнэ цэнэ, шинэлэг талыг өндөр үнэлсэн байна. Энэ номыг доктор Л.Норовсүрэн, профессор Ц.Сүхбаатар нар ариутган шүүж, академич Д.Цэрэнсодном, доктор Б.Лигдэн, С.Дамдинсүрэн нар шүүмж бичжээ. Доктор М.Зулькафилийн “Орчин үеийн Монголын сэтгүүл зүй” судалгааны бүтээл нь 1998 оны МУИС-ийн эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн II байрны шагнал хүртсэн байна.