Процедур хандалтат програмчлал

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Процедур хандалтат програмчлал (Procedure oriented programming - POP) гэдэг нь, аливаа програмыг өөр хоорондоо холбоотой хэд хэдэн бие даасан жижиг хэсгүүд болох дэд програмуудаас тогтсон, нарийн эмх журамтай цогц мэтээр авч үздэг технологи болно. Дэд програм гэдэг нь тодорхой нэрээр нэрлэгдсэн хэсэг бүлэг үйлдэл юм. Ингэснээр аливаа том бодлого түүний зөвхөн тодорхой жижиг хэсгийг бодох үүрэгтэй олон дэд бодлогод хуваагддаг. Ө.х. ямар ч бодлогыг олон дэд бодлогод хувааж, тэдгээрийг алхам алхамаар шийдэх замаар зорилгодоо хүрэх зарчмыг хэрэгжүүлдэг ажээ.

Нэгэнт програм нь ингэж олон дэд програмд хуваагддаг бол тухайн програмыг ажиллуулж эхлэнэ гэдэг маань эдгээр дэд програмуудын аль нэг нь бусдаасаа түрүүлж биелж эхлэнэ гэсэн үг. Ө.х. аль нэг дэд програм бусдаасаа давуу эрхтэй байх ёстой. Энэхүү давуу эрхтэй дэд програм хамгийн түрүүнд ажиллаж эхлээд, дараа нь бусад дэд програмуудаа дуудан ажиллуулах ёстой. Түүнийг үндсэн програм (main program) хэмээн нэрийддэг. Тиймээс:

Процедур хандалтат програм = Үндсэн програм + Дэд програмууд

гэж томъёолж болно.

Дэд програм нь бүтцийн хувьд процедур (procedure) эсвэл функц (function) гэсэн хэлбэртэй байна. Функц, процедур болгон өөрийн гэсэн оролт, гаралт буюу эхлэл, төгсгөлтэй байна. Тэдгээр нь хоорондоо оролт болон гаралтанд илгээгдсэн өгөгдлүүдээр холбогдоно. Түүнээс гадна функц хэлбэрийн дэд програм нь утгатай (хариутай) байна. Харин процедур төрлийн дэд програмд ийм утга гэж байхгүй.

Дэд програмыг гарал үүслийн хувьд стандарт ба хэрэглэгчийн гэж ангилдаг. Програмчлалын хэлэнд урьдаас тодорхойлогдож, түүний хөрвүүлэгчийн бүрдэлд орсон байдаг дэд програмыг стандарт дэд програм гэнэ. Байнга хийгдэж байдаг үйлдлүүдийг ингэж стандарт дэд програм болгодог. Ө.х. хэрэглэгч нь стандарт дэд програмыг бэлнээр нь шууд ашиглана. Олон тооны стандарт дэд програмууд нийлээд тухайн хэлний стандарт сан (standard library) гээчийг бүрдүүлнэ.