Пьер Огюст Ренуар

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Пьер Огюст Ренуар

Пьер Огюст Ренуар (фр. Pierre-Auguste Renoir; 1841 оны 2 сарын 251919 оны 12 сарын 3) нь импрессионист чиглэлийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн Францын зураач юм.

Намтар[засварлах]

Бага нас[засварлах]

The Theater Box, 1874

Тэрээр 1841 оны 2 сарын 25нд Францын шаазан эдлэлээрээ алдартай Лиможе хотод жирийн ажилчны гэр бүлд 7 хүүхдийн зургаа дахь хүүхэд нь болон мэндэлжээ. Түүний эцэг оёдолчин Леонар, Огюстыг 3 настай байхад амьдрадаа дээшлүүлэхээр гэр бүлээ дагуулан Парис хотруу нүүж Луврын музейн ойролцоо амьдрах болсон байна. Леонарын хүүхдүүд өөрсдийн хүчээр амьдралаа аргацаахаас аргагүй байсан тул Огюст 13 настайгаасаа шаазангийн үйлдвэрт ажиллаж шаазангийн чимэглэл зурдаг байв. Гэвч уг чимэглэлийг автомат машинаар зурах болсон тул ажлаасаа халагдсан байна. Тэр Луврт очиж алдарт зураачдын бүтээлийг судлахын зэрэгцээ сэнсний гоёлын зураг, хананд өлгөдөг чимэглэлийн эд зүйлсийн зураг зурах зэргээр өл залгаж өдөр хоногийг өнгөрөөж байлаа.

Залуу нас[засварлах]

The Swing (La Balançoire), 1876

Ренуар 1862 онд Парис хотод Чарльс Глэйрийн удирдлаган дор урлагийн хичээлд сууж, Альфред Сислей, Фредерик Базиль, Клод Моне нартай танилцана. Тэр үедээ будаг авах ч мөнгөгүй явдаг байв. 1864 оноос маш нарийн сонгон шалгаруулалтыг давж, жил бүр зохиогддог Парис Салон-д бүтээлээ тавьж эхэлсэн ч алдар нэр тийм амар ирсэнгүй. 1860-аад оны сүүлээр найз Клод Монетой хамт сүүдрийн өнгө хар эсвэл бор биш, харин эргэн тойрны тусгал өнгө гэдгийг нээж хамтран бүтээл туурвиж байсан. 1865 онд зураач найз Жюль Ле Кёрийн гэрт танилцсан Лиза хэмээх бүсгүйтэй үерхэх болж хэд хэдэн зургийнхаа модел болгожээ. 7 жил үерхсэний эцэст Лиза түүнийг орхиж өөр хүнтэй гэрлэсэн байна.


Бүтээлүүд[засварлах]