Сапармурат Ниязов

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Сапармурат Атаевич Ниязов (түркм. Saparmyrat Ataýewiç Nyýazow; орос. Сапармура́т Ата́евич Ния́зов, 1940 оны 2-р сарын 19 - 2006 оны 12-р сарын 21) нь Туркменистаны улс төрч. Туркменистан улсын анхны ерөнхийлөгч, Туркменистаны ардчилсан нам (DPT)-ын дарга. 1993 оноос "Туркменчуудын эцэг" гэсэн утга бүхий "Туркменбаши" (Türkmenbaşy)" хэмээх нэр зүүж, ард түмэндээ Сапармурат Туркменбаши (Saparmyrat Türkmenbaşy) хэмээн нэрлэгдэж байв.

Өсвөр залуу нас[засварлах]

Ашхабадын Кипчак тосгонд төрсөн Ниязов бага насандаа өнчирчээ. Эцэг нь дэлхийн 2-р дайнд оролцож, 1942 онд дайны талбарт нас нөгчиж, эх болон 2 ах нь 1948 онд болсон газар хөдлөлтөд амь үрэгджээ. Ийнхүү тэрээр хүүхэд асрах газарт өсч торнин, хожим холын хамаатныхаа гэрт амьдрах болжээ. Сурлага сайтай байсан тэрээр 1959 онд Геологи хайгуулын ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн Туркмен дахь салбарын зааварлагчаар ажлын гараагаа эхэлжээ. 1962 онд Коммунист намд гишүүнээр элссэн. Ленинградын аж үйлдвэрийн дээд сургуульд элсэн орж, 1967 онд төгсөөд усан цахилгаан станцад ажиллаж байв.

Коммунист нам[засварлах]

1970 оноос 1980 он хүртэл Туркменистаны Коммунист Намын төв хорооны гишүүн, 1976 онд Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын төв хорооны дэргэдэх Намын дээд сургуулийг төгссөн. 1980 онд Ашхабад хотын намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга болсон. 1984 оноос 1985 он хүртэл ЗХУ-ын Коммунист Намын төв хорооны Намын байгууллага хариуцсан зааварлагчаар ажиллаж байв.

1985 онд Туркмены Коммунист Намын Нэгдүгээр нарийн бичгийн дарга болсноос хойш Туркмены улс төрийн хамгийн гол хүн нь болсон. 1989 оноос 1991 онд ЗХУ-ын ардын төлөөлөгчдийн хурлын депутат байв. 1990 оны 1-р сарын 13-нд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Туркмен Улсын их хурлын дарга болж, түүний удирдлаган дахь парламент тусгаар тогтнох тухай асуудлыг батлан, мөн оны 10-р сарын 17-нд ард түмний санал хураалтаар ЗСБН Туркмен Улсын ерөнхийлөгчөөр сонгогдов.

Туркменбаши[засварлах]

Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа Үндсэн хуулийн дагуу 1992 оны 6-р сарын 21-нд Туркменистан улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон. 1993 онд парламентаас түүнд Туркменбаши (Туркменчуудын эцэг) хэмээх цол олгож, улмаар 1999 оны 12-р сард насан туршийн ерөнхийлөгчөөр зарлагдсан. 2003 оноос төрийн эрх барих дээд байгууллага болох ардын төлөөлөгчдын хурлын даргаар ажиллаж байв.

Каспийн тэнгисийн эрэг орчмын шатдаг хийг ашиглан олсон орлогоороо улсынхаа эдийн засгийг сайжруулж чадсан. Гадаад харилцаандаа төвийг сахисан улс болохоо зарлаж, харьцангуй хаалттай байсан.

1997 онд Германд зүрхний, 2005 онд нүдний хагалгаа хийлгэх зэргээр эрүүл мэндийн байдал нь сайнгүй байв. Мөн чихрийн шижин өвчтэй байсан гэсэн мэдээ бий.

2005 онд 70 нас хүрсэн тэрээр 2009 онд өөрөө нэр дэвшихгүйгээр ерөнхийлөгчийн сонгууль явуулна хэмээн зарласан (Тус улсын үндсэн хууль ёсоор бол ерөнхийлөгч нь 40-70 настай байх ёстой). Гэвч тэр дор нь ардын төлөөлөгчдийн хурал хуралдаж, "Ард түмэнд хоёр эцэг хэрэгггүй" хэмээн ерөнхийлөгчийн сонгууль явуулахыг болиулсан.

Ийнхүү амьддаа ард түмэндээ бурхан мэт тахигдсан дарангуйлагч 2006 оны 12-р сарын 21-нд гэнэт нас баржээ.

Гавъяа шагнал[засварлах]

Эдийн засаг, улс төрийн ухааны доктор, Туркменистаны Шинжлэх ухааны академийн гишүүн. Зөвлөлт Холбоот Улсын найрамдлын одонт. Туркменистан улсын баатар цолыг 5 удаа хүртсэн. Бусад олон одон медалиар шагнагдаж байжээ.

Түүний гаргасан хачирхалтай шийдвэрүүд[засварлах]

  • Улсын нийслэл болон их дээд сургуулиудаас бусад газар дахь номын сангуудыг хаах тушаал гаргасан.
    • "Хөдөөгийнхөн тэртэй тэргүй уншиж чаддаггүй"
  • Балетын тоглолтыг хориглосон.
    • "Хунт нуур" бүжгэн жүжгийн эрэгтэй бүжигчдийн хувцас нь таалагдаагүй аж.
  • Нийслэлээс бусад нутгийн эмнэлгүүдийг хаав.
    • "Сайн эмч нар нийслэлд бий. Өвчтөнүүд нийслэлд хүрч ирэхэд болно"
  • Эмэгтэйчүүдийг алтан шүд хийлгэхийг хориглосон.
    • Эмэгтэйчүүдэд зохидоггүй хэмээн.
  • Засгийн газрын бүх сайд, орон нутгийн удирдлага, армийн офицеруудад шинэ Мерседес Бенц машин тараасан.
    • Өмнөх жил нь тараасан бенцийг орлогчдоо өгөхөд болно хэмээн лүндэн буулгасан аж.
  • Концерт, телевиз төдийгүй хуримын ёслол зэрэг арга хэмжээнд фонограмм тавьж амаа хөдөлгөхийг хориглосон.
    • Ниязовын "Дуу хөгжмийн хөгжилд сөрөг нөлөөтэй" хэмээх үзлээс болсон.
  • Залуучуудыг сахал тавихыг хориглов.
    • Ерөнхийлөгчид таалагдаагүй.
  • Ниязовын бүтээл "Рухнама" (Ruhnama) хэмээх ном нь ард түмний заавал унших ёстой ном болж Коран судрын адил үнэлэгдэх болсон.
  • Туркмены нийслэлд 50 метр болгонд Ниязов ерөнхийлөгчийн хөшөө баримал бий.
  • Түүний төрөлх тосгон болон нийслэлийг холбосон 15 км урттай, 6 эгнээ бүхий хурдны зам бий. Гэвч ашиглагддаггүй.
  • Ниязов хиймэл үс зүүдгийг хэвлэлээр мэдээлэх нь хориотой байлаа.
  • Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагын 2006 оны " Дэлхийн мэдээллийн эрх чөлөөний жагсаалт"-д Туркмен улс хэвлэлийн эрх чөлөөг боогдуулдгаараа дэлхийд 2-т бичигджээ.
    • Кабелийн телевизүүдийг хааж, Оросын телевизүүдийг цензурдаж гаргадаг аж.
  • Туркмен улсад тамхи татах нь хориотой.
    • Ерөнхийлөгч маань эрүүл мэндийн байдлаас болж тамхи татах нь хориглогдсон учраас.
  • 8-р сарын 2 дахь Ням гаригийг амтат гуаны өдөр болгосон.
    • Ниязов амтат гуанд тун дуртай аж.
  • Телевизийн нэвтрүүлэгчдийг нүүрээ будахыг хориглосон.
    • Ниязовын "Эрэгтэй эмэгтэй нь ялгагдахгүй юм" хэмээх эгдүүцлээс үүдэлтэй.
  • Ниязовын нэртэй брэнд тус улсад алдартай.