Сатоя Таэ

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Сатоя Таэ
Фристайль
Төлөөлдөг улс: Япон Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Сатоя Таэ
Төрсөн огноо 1976 оны 6 сарын 12
Төрсөн газар Саппоро
 
Медалиуд
Өвлийн олимп
Алт Нагано 1998 Могул
Хүрэл Солт-Лэйк Сити 2002 Могул

Сатоя Таэ (Японоор 里谷多英, 1976 оны 6 сарын 12-нд Саппород төрсөн) нь Японы Фристайлийн тамирчин юм. Тэрээр Могулын төрлөөр 1998 оны Наганогийн олимпод түрүүлж, 2002 оны Солт-Лэйк Ситийн олимпод хүрэл медаль хүртжээ.

Сатоя өвлийн олимпийн аварга болсон, анхны япон тамирчин юм.

Саппорогийн Шин-Ёо бага сургууль, Хокүёо дунд сургууль, Тоокай их сургуулийн харьяа 4-р ахлах сургууль, Хоккайдо Тоокай их сургууль (одоогийн Тоокай их сургуулийн Саппоро хотхон)-ийг дүүргэжээ. 11 настайгаасаа могулаар хичээллэж эхэлсэн байна. Сатоя улсынхаа аварга шалгаруулах тэмцээнд 1989 онд дөнгөж 12-тойдоо түрүүлсэн. Ирэх жил нь мөнгөн медаль зүүсэн ч түүний дараагаас 6 дараалан аваргалжээ.

1994 оны Лиллехаммерын олимпод анх оролцож, 11-р байр эзэлсэн. Наганогийн олимпоос алтан медаль зүүснийхээ дараа зүүн хөлийн шагайн ясаа хугалж, амжилт нь ч буурчээ. Гэхдээ гэмтлээ эдгээн, Солт-Лэйк Ситийн олимпоос мөн төрөлдөө хүрэл медаль зүүснээр, Японы эмэгтэй тамирчдаас нэг төрөлдөө 2 медаль хүртсэн анхны тамирчин нь болсон юм. 2005 оны 2 сард, шөнийн клубт согтуугаар хэрэг тарьж[1][2], шүүхээс тэнсэн харгалзах ял авсан бөгөөд үүнийхээ улмаас Бүх Японы Цанын Холбооны шигшээ багаас өөрийн хүсэлтээр гарсан аж. Гэхдээ тэмцээн уралдаанд үргэлжлүүлэн оролцож ирсэн бөгөөд 2006 оны Турины олимпод оролцож, 15-р байр эзэлсэн.

2006 - 2007 оны улиралд тэмцээн уралдаанд оролцолгүй, нурууныхаа бэртлийг эмчлүүлсэн Сатоя 2007 оноос дахин шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан байна. 2008 оны 3 сарын 22-нд 12 жилийн дараа дахин Японы аварга цолыг хүртсэн.

Хамгийн сүүлд 2010 оны Ванкуверын олимпод оролцож, шигшээд шалгарсан хэдий ч сүүлийн үсрэлтээ гүйцэтгэхдээ унаснаар 19-р байр эзэлжээ[3].

Эшлэл[засварлах]

  1. Mark D. West (2007). Secrets, Sex, and Spectacle: The Rules of Scandal in Japan and the United States, page 218. University of Chicago Press, ISBN 9780226894089
  2. http://blog.japundit.com/archives/2005/03/16/324/
  3. Uemura won't hold back in bid for moguls medal, The Japan Times, japantimes.co.jp. Retrieved 13 February 2010.

External links[засварлах]