Стивен Брэдбури

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Стивен Брэдбури
Шорт-трэк
Төлөөлдөг улс: Flag of Australia.svg Австрали
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Стивен Жон Брэдбури
Төрсөн огноо 1973 оны 10 сарын 14
Төрсөн газар Камдэн, Сидней
 
Медалиуд
Өвлийн олимп
Хүрэл Лиллехаммер 1994 5000 м буухиа
Алт Солт-Лэйк Сити 2002 1000 м

Стивен Жон Брэдбури (англ. Steven John Bradbury, 1973 оны 10 сарын 14-нд Сиднейн Камдэнд төрсөн) нь Австралийн шорт-трэкийн тамирчин бөгөөд 4 олимпод оролцсоноос 2002 оны Солт-Лэйк Ситийн олимпод 1,000 м-ийн зайд бүх өрсөлдөгч нь сүүлчийн эргэлтэн дээр унаснаар алтан медаль хүртэж байсан тамирчин юм.

1992 оны олимп[засварлах]

1991 онд Сиднейд болсон ДАШТ-ээс 5000 м-ийн буухиад дэлхийн аварга болсон Австралийн шигшээ багийн бүрэлдэхүүнд Брэдбури багтаж байсан бөгөөд тэд Австралидаа өвлийн спортын төрлөөр дэлхийн аварга цолыг анхлан авчирцгаасан юм[1].

Тэд 1992 оны олимпод дэлхийн аварга гэгдэн оролцсон боловч хагас шигшээ уралдаанд осолдсоноос болоод шигшээд шалгарч чадсангүй[1][2]. Тэд хагас шигшээ уралдаанд гуравдугаар байрт явж байх үед Ричард Низьелски гишгэдэл алдаж, багийн анд Жон Каг унагааснаас болоод дөрөвт орж, шигшээд шалгарч чадаагүй юм[1][3]. Тэр үед Брэдбури багийн нөөц тамирчин байсан бөгөөд хувйн уралдаанд оролцоогүй тул анхныхаа олимпод уралдааны замд гараагүй ажээ[4].

1994 оны олимп[засварлах]

1994 онд Брэдбурийг багтаасан Австралийн шорт-трэкчид 5000 метрийн буухиа уралдаанд хүрэл медаль хүртжээ. Тэд 4 баг өрсөлдсөн хагас шигшээ уралдаанд Япон, Шинэ Зеландын багийг ардаа орхиж шигшээд шалгарсан байна[5]. Тэд шигшээ уралдаанд осолд өртөхгүйгээр барианд орж, нөгөө гурван багаа осолд орохыг хүлээх тактиктайгаар уралдав[1][6]. Тэдний бодсончлоноор Канадын баг унаж хугацаа алдсанаар Австраличууд элдэв осолд өртөхгүй бол түүхэндээ анхныхаа медалийг хүртэх нь тодорхой болжээ. Уралдааны төгсгөлд Низьелски Америкийн тамирчинтай хоёрдугаар байрын төлөө өрсөлдсөн боловч 2 жилийн өмнөх олимпийн алдаагаа давтахгүйн тулд эсэргүүцэл үзүүлэлгүй болгоомжтойгоор гулгаж, хүрэл медальтайгаа эвлэрсэн[1]. Ийнхүү Брэдбури болон Низьелски,Эндрью Мурта, Киэран Хансен нар өвлийн олимпоос медаль хүртсэн, Австралийн анхны тамирчид болцгоов[1].

Брэдбури 500 м болон 1,000 м-ийн хувийн уралдаанд өрсөлдөж, 500 метрт хагас шигшээ уралдаанд шалгарч, 31 тамирчнаас 8-р байр эзлэв[7]. 1,000 м-т урьдчилсан уралдаанд Брэдбури өрсөлдөгчдөө түлхүүлж унаснаар хошуучлагчдаас 30 гаруй секундын хойно барианд орсноор дараагийн шатанд шалгарч чадаагүй бөгөөд түүнийг түлхсэн тамирчин дүрэм зөрчсөний улмаас хасагдсан байна. Гэхдээ осол ихтэй болсон тус зайд тэр 31 тамирчнаас 24-т бичигджээ[7][8].

1995 онд Монреальд болсон Дэлхийн цомын нэгэн уралдааны үеэр өөр тэшүүрчинтэй мөргөлдөж, тэшүүрний ирэнд нь баруун гуяа зүсүүлж, 4 литр цус алдсан[8]. Брэдбуригийн зүрхний цохилт 200-д хүрсэн байсан тул маш хурдан хугацаанд их хэмжээний цус алджээ. Гуяны дөрвөн толгойт булчингаа бүгдийг зүсүүлсэн тэрээр ухаан алдвал үхнэ гэж бодсон гэдэг. Тэрээр 111 оёдол тавиулж, 3 долоо хоног мөсөн талбайдаа гарч чадаагүй бөгөөд хөл нь бүрэн эдгэхэд жил хагасын хугацаа зарцуулагджээ[9].

1998 оны олимп[засварлах]

1994 оны олимпийн медальтнууд болох Брэдбури, Низьелски, Хансен нараас гадна Ричард Герлиц нарын бүрэлдэхүүнтэй Австралийн шигшээ баг 1998 оны олимпод 4 жилийн өмнөх амжилтаа давтах найдлагатай гэгдэж байлаа. Тэд 7:11.691 гэсэн амжилт үзүүлсэн нь 1994 онд медаль хүртэх үеийн амжилтаас нь 2 секунд хурдан байсан ч шигшээ уралдаанд шалгарахад нь хангалтгүй байлаа. B шигшээд ч амжилтгүй уралдаж, оролцсон 8 багаас хомоол хамжээ[10][11].

Брэдбуригийн хувьд хувийн 500 болон 1000 метрийн зайд өөр тамирчинтай мөргөлдсөни улмаас амжилт үзүүлж чадсангүй[12]. Тус бүр 43.766 с, 1 м 33.108 с-ын амжилтаар хэсэгтээ 3-т оржээ. Нийт дүнгээр тэр 30 тамирчнаас 500 метрийн зайд 19, 1000 метрийн зайд 21-т орсон байна[11].

2000 оны 9 сард тэр бэлтгэлийн үеэр осолдож, хүзүүгээ хугалсан. Өөр тамирчин түүний урд унахад Брэдбури дээгүүр нь үсэрч гарахыг оролдсон ч халтирч толгойгоороо унажээ. Түүний нугасны C4 болон C5 үе нь хугарсан байв. Тэрээр сар хагас хүзүүндээ цагаригтай явж, нуруундаа дөрвөн хадаас хадуулсан аж[12]. Эмч нар түүнийг мөсөн дээр дахин гарах боломжгүй гэж хэлж байсан ч Брэдбури дахин олимпод оролцож, хувийн төрөлд хүссэн амжилтаа үзүүлэлгүй, осолд орж хойгуур байранд орж байснаа цайруулахыг хүсч байлаа[12].

2002 оны олимп[засварлах]

Брэдбури Солт-Лэйк Ситид болсон 2002 оны өвлийн олимпийн шорт-трэкийн 1000 метрийн зайд азтай бөгөөд гайхалтайгаар ялалт байгуулж алтан медаль хүртэн алдаршсан билээ.

Урьдчилсан уралдаанд Брэдбури 1 м 30.956 с-ын амжилт үзүүлж, дараагийн шатанд төвөггүй шалгарав. Дөрөвний нэг шигшээд тэр талбайн эздийн гол найдвар Аполо Антон Оно болон өмнөх дэлхийн аварга, Канадын Марк Ганьон нартай таарахад хэн ч түүнийг хагас шигшээд шалгарна гэж тооцоолсонгүй. Учир нь нэг хэсгээс хагас шигшээд хоёр л тамирчин шалгарах байлаа. Тэр ч ёсоор болж Брэдбури 3-рт орж ирсэн ч Ганьон өрсөлдөгчөө хашиж дүрэм зөрчсөн гэгдэж хасагдсанаар Брэдбуригийн нэр хагас шигшээд уралдах тамирчдын тоонд багтав[13].

Шигшээ багийн дасгалжуулагч Анн Жангтай зөвлөлдсөний эцэст тэрээр хагас шигшээд өрсөлдөгчдийнхөө ард явж, хэн нэг нь осолдохыг хүлээх тактик баримтлахаар шийдэв. Учир нь тэрээр өрсөлдөгчдийнхөө хурдыг гүйцэхээргүй байлаа[14]. Хурдааср гүйцэхгүй өрсөлдөгч нартайгаа үзэлцэх нь унах магадлалыг нэмэгдүүлэх тул найдвартай ард нь яваад, өмнөх хүмүүс нь унахыг хүлээх нь ашигтай гэж үзжээ[14][15]. Учир нь нийт оролцогчдоос насаараа 2-т орох түүний хувьд хагас шигшээд шалгарсан нь хангалттай амжилт бөгөөд сэтгэл хангалуун байснаас гадна ганцхан орой дөрвөн удаа уралдах нь түүний хувьд хэцүү гэж бодож байснаа сүүлд дэлгэсэн[16].

Хагас шигшээ уралдаанд медалийн төлөө өрсөлдөгчид тэргүүлж, Брэдбури ч сүүл мушгин явж байлаа. Гэсэн ч өмнөх олимпийн аварга, Өмнөд Солонгосын Ким Дон-Сүн, олимпийн хэд хэдэн медальт, Хятадын Ли Жиажун болон Канадын Матью Туркотт нар осолдож, Брэдбуриг хоёрдугаарт орж, шигшээ уралдаанд шалгарах замыг засчээ[16].

Шигшээ уралдаанд Брэдбури мөн л өрсөлдөгч Оно, Ан Хюн-Сү, Ли, Туркотт нараасаа 15 метрээр хоцорч явсан ч сүүлийн эргэлтэд хэний ч санаад ороогүй явдал болж, хошуучлагч дөрвөн тамирчин бүгд унажээ. Барианд ороход 50 метр дутуу байсан Брэдбури тэднийг энэ хооронд гүйцэж түрүүлэн ялалт байгуулав[14][15][17]. Брэдбури гайхаж, өөрийн ялалтдаа үл итгэсэн байдалтайгаар гараа өргөж байсан. Шүүгчид зөвлөлдсөний эцэст уралдааны дүнг хүчинтэйд тооцсоноор[18] дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст орших улсуудаас өвлийн олимпийн анхны аварга төрлөө[19].

Алтан медаль хүртсэнийхээ дараа өгсөн ярилцлагадаа тэрээр өөрийн амьдралыг ч булааж магадгүй байсан 2 гэмтлийнхээ тухай дурссан байдаг[20]. Тэрээр "Би хамгийн хурдан тамирчин байгаагүй нь ойлгомжтой. Уралдаан дуусахаас минут хагасын өмнө би өөрийгөө медаль хүртэнэ гэж төсөөлж ч байгаагүй, ялна ч гэж бодоогүй. Сүүлийн арван жилд амьдралд минь тохиолдсон хэцүү бүхнийг даван туулсны шагнал гэж ойлгож хүлээн авлаа." гэж өгүүлжээ.

Мөн:

Би хагас шигшээ уралдаанд уралдахдаа уралдааны талбайд үлдсэн хамгийн хөгшин тамирчныхаа хувьд "түлшний сав" маань хоосон болж байгааг, дараалан 4 удаа уралдах нь хэцүүг мэдэрч байсан. Нөгөө гуравтайгаа хичээж өрсөлдсөн ч сүүлийн байрт орох нь ойлгомжтой байв. Тиймээс би хоцорсхийн явж, тэднийг унаасай гэж хүлээж байсан[21].

гэж ярьжээ.

Хожим тэрээр шигшээ уралдаанд бүх өрсөлдөгч нь унана гэж төсөөлөөгүй ч тэр дөрөв маш их дарамтан дор, хэт эрсдэл үүрч, түрүүлэхийн төлөө өрсөлдөж байсныг мэдэрсэн гэж өгүүлжээ. Зохион байгуулагч орны гол найдварын хувьд Оно бүх дөрвөн төрөлдөө түрүүлнэ гэсэн зорилго тавьж байсан, Лигийн хувьд олимпоос хэд хэдэн медаль хүртсэн ч хараахан түрүүлж үзээгүй байсан, Туркоттын хувьд хувийн төрөлд өрсөлдсөн ганцхан зай нь байсан тул медаль хүртэх ганц боломж нь байсан, харин Ан олимпийн үеэр ид формондоо ороод байлаа. Иймээс тэр дөрөв дөрвүүл алтан медалиас өөр зүйл хүсээгүй байсан нь ийм үр дүнд хүргэсэн гэж хэлж болох юм[22].

Брэдбуригийн гэнэтийн амжилт нь түүнийг "домгийн баатар" болгов. Сонингууд түүнийг шантралгүй тэмцвэл сул дорой байсан ч амжилтад хүрдгийн үлгэр болгон жишээлж байлаа[17]. Дэлхий даяар түүний ялалтыг сонин болгон ярьж байсан юм[23]. USA Today сонин "Австралийн түүхэн дэх анхны өвлийн олимпийн аварга тамирчин тэнгэрээс далавчаа боолгосон галуу унах мэт төрөв. Тэр дөрвөн туулайн араас мөлхөх яст мэлхийг санагдуулж байлаа" гэж бичсэн[24] бол Boston Globe "олон тооны ослууд буруу хүн түрүүлэхэд хүргэлээ"[24] гэж бичиж байлаа.

Австралийн хар ярианд хэний ч санаанд оромгүй, энгийн биш байдлаар амжилтад хүрэхийг илэрхийлсэн "doing a Bradbury" хэмээх хэлц үг хүртэл бий болжээ[25].

Түүний ялалтыг тэмдэглэж Австралийн шуудан түүний зурагтай, 45-центийн үнэтэй шуудангийн тэмдэгт хэвлүүлсэн байна. Уг шуудангийн тэмдэгт түүний ялалтаас ердөө л дөрвөн өдрийн дараа буюу 2 сарын 20-нд хэвлэгдэн гарчээ[23]. Түүний дүрсийг ашигласныхаа төлөө шуудангаас түүнд $20,000 төлсөн аж. Тэрээр уг мөнгөөр "өөртөө машин худалдаж авна. Удаан хугацаанд машингүй байлаа."[26] гэж хэлсэн бөгөөд хожим шуудангийн тэмдэгтийн тухайд "маш том хүндэтгэл" хэмээн өгүүлжээ[8]. Брэдбури олимпийн бэлтгэлдээ явахдаа аав ээжээсээ $1,000 зээлж, хуучин машинаа засварласан байжээ. Түүнээс маш олон ярилцлага авч, нэвтрүүлэгтээ оролцуулан, ивээн тэтгэгчид шагнал амлаж байлаа[23].

Солт-Лэйк Ситид Брэдбури 1,000 м-ээс гадна өөр гурван зайд уралдсан. Буухиа уралдаанд Австралийн баг урьдчилсан шатанд 7 м 19.177 с-ын амжилтаар 3-т орж, шигшээ уралдаанд шалгарч чадаагүй бөгөөд B шигшээд хоёрт орж, эцсийн дүнгээр 7 багаас 6-д оржээ[27]. 1,500 м-т Брэдбури урьдчилсан шатанд хэсэгтээ 3-т орон хагас шигшээд шалгарсан ч хагас шигшээд 4-т орсноор хасагдан, B шигшээд 5-д орсноор 29 тамирчнаас 10-р байр эзлэв[27]. Харин 500 м-т урьдчилсан шатнаас хэсгээсээ 2-р байраар шалгарч, дөрөвний нэг шигшээд 3-т орсноор нийт 31 тамирчнаас 14-р байр эзэлсэн байна[27].

Зодог тайлсны дараа[засварлах]

Брэдбури 2002 оны олимпийн дараа зодог тайлсан бөгөөд 2006 оны Турины олимпод тайлбарлагчаар ажилласан.

2005 онд Брэдбури Австралийн телевизийн цэнгээнт нэвтрүүлэг болох Ододтой бүжиглэе нэвтрүүлгийн хоёр дахь цувралд оролцжээ.

2007 оны 1 сард Брэдбури олимпоос алтан медаль хүртсэнийхээ төлөө Австралийн одонгоор шагнуулсан байна.

Сүүлийн үед Брэдбури мотоциклийн уралдаанд хүч сорьж буй.


Эшлэл[засварлах]

  1. 1.0 1.1 1.2 1.3 1.4 1.5 Gordon (1994), p. 426.
  2. Andrews, p. 3.
  3. McAvaney, p. 135.
  4. The Compendium, p. 219.
  5. Andrew, p. 251.
  6. Andrews, pp. 252–253.
  7. 7.0 7.1 The Compendium, p. 221.
  8. 8.0 8.1 8.2 "Steven Bradbury: Last Man Standing" by Gary Smart and Steven Bradbury ISBN 0-9757287-8-4, 2005.
  9. Gordon, p. 290.
  10. Andrews, p. 314.
  11. 11.0 11.1 The Compendium, p. 224.
  12. 12.0 12.1 12.2 Gordon (2003), p. 291.
  13. Gordon (2003), pp. 287–288.
  14. 14.0 14.1 14.2 Gordon (2003), pp. 287–299.
  15. 15.0 15.1 "Australia win first ever gold", BBC, 2002-02-17. 2010 оны 1 сарын 27-нд авсан. 
  16. 16.0 16.1 Gordon (2003), p. 288.
  17. 17.0 17.1 "Australia salutes Bradbury", BBC, 2002-02-18. 2010 оны 1 сарын 27-нд авсан. 
  18. Gordon (2003), pp. 289–290.
  19. Gordon (2003), p. 287.
  20. Gordon (2003), pp. 290–291.
  21. [1]
  22. Gordon (2003), pp. 288–289.
  23. 23.0 23.1 23.2 Gordon (2003), p. 286.
  24. 24.0 24.1 Gordon (2003), p. 289.
  25. http://www.abc.net.au/rn/talks/8.30/sportsf/stories/s1490956.htm
  26. "Gold medallists get framed stamps" Австралийн Олимпийн Хороо 2002 оны 2 сарын 25.
  27. 27.0 27.1 27.2 The Compendium, p. 226.