Сүхбаатар сум
Сүхбаатар нь Сүхбаатар аймгийн сум юм.
Агуулга |
[засварлах] Түүх
1924 онд Жавхлант шарга нэртэй байгуулагдаж "Суварган говь" гэдэг газарт төвлөрөн Дорнод аймагт харьяалагдаж байжээ. 1943 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 8 дугаар тогтоолоор их жанжины нэрэмжит болгож Сүхбаатар сум гэж нэрлэсэн байна.
Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит сумыг тохижуулах талаар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоол 1978 онд гарч Д. Сүхбаатарын хөшөө, музей, соёлын төв, сургууль, цэцэрлэг, ясли, зочид буудал, эмнэлэг, дэлгүүр, ахуй үйлчилгээний төвийн барилга барьж орчин үеийн тохилог суурин бий болсон юм.
1922 оны намар их жанжин Д.Сүхбаатар зүүн хязгаарын байдалтай танилцаад буцах замдаа эцэг эхийнхээ уугуул нутгаар дайрч ирэхэд Ёст бээсийн хошууны ноён Доржжав Налайх (сумын төвөөс баруун тийш 8 км) гэдэг газарт хичээнгүйлэн угтан золгож учрахдаа алд цагаан хадаг дээр 50 лангийн ембүү тавьж барихад, Д.Сүхбаатар Ёсыг хүндэтгэн хадгий чинь авьяа гээд:
Хошуу нутагтаа эрдмийг түгээн хөгжүүлэхийн тулд сургууль танхим байгуулах үйлсэд чинь нэмэрлэн барья
гэж ембүүг эргүүлэн хошуу ноёнд барьсан тухай дурсамж яриа байдаг. Тэр газарт наяад онд дурсгалын багана босгосон юм. Чухамдаа их жанжныхаа захиас сургамжаар Хан Хэнтий уулын аймгийн Баянмөнх уулын хошуунд 1925-1926 онд бага сургууль анх байгуулагдсан нь одоогийн Баруун-Урт сумын Д.Сүхбаатарын нэрэмжит 10 жилийн дунд сургуулийн үндэс суурь гэж үздэг.
[засварлах] Газар зүй
Сүхбаатар сум тал хээрийн бүсэд хамаарах 1,3 сая га талбай бүхий нутаг дэвсгэртэй. Нутгийн ихэнх нь тал хөндий ухаа толгод голлодог, хужир мараа элбэг, хялгана, ерхөг, хиаг, агь зонхилсон бэлчээртэй. Анагаах эрдэм увьдастай Талбулаг, Дүнгэнэдгийн рашаан, Хайлст ханан, Хаахлайн цэвэр цэнгэг ус, Зүүн, Баруун баян гол, Гүнбулаг, Яргайт, Наранбулаг, Тугал булаг зэрэг 10 гаруй гол горхи урсана. Талбулаг, Салхит, Төмөртэй, Арын нуур, Алтатын нуруу зэрэг нүүрс, цайр, өнгөт металлын орд баялагтай. Нутгийн сүсэг бишрэлт Дарханхан, Хундар зэрэг 10 гаруй тахилгат уул далайн түвшнээс дээш 1224-1317 метр өргөгдсөн. Сумын төв нь Хайлааст, Баруун-Уртаас 57 км хол оршино. 114,3 мянган малтай.
[засварлах] Дэд бүтэц
Одоо сумын төвд 8-н жилийн дунд сургууль, цэцэрлэг, хүн эмнэлэг, Д.Сүхбаатарын музей, соёлын төв, холбоо, банкны салбар ажиллаж байна. 292 хот айлд 110-аад мянган мал өвөлжиж байна. "Хайлааст-үүдэн" хувийн дэлгүүр, Иоджуулсан давсны цех, үсчин, халуун усны газрыг энэ жил шинээр нээн ажиллуулжээ. Нутгийн ихэнх хэсэг нь хадлан тэжээл бэлтгэх, мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд нэн тохиромжтой.
[засварлах] Хүн ам
3,2 мянган хүн амтай. Их жанжин Д.Сүхбаатар, ардын хувьсгалын партизан Даш, Дамчаа, Намжил, хөдөлмөрийн баатар Н.Осгон, гавьяат багш Х.Далхжав, Б.Гомбосүрэн, Т.Банзрагч, гавьяат эдийн засагч З.Нямаа, Даншигийн наадамд 12 удаа түрүүлсэн алдарт аварга Өсөхбаяр, улсын начин Хайдав, Л.Дашдаваа, Ж.Чулуун ардын их хурлын депутатаар сонгогдон ажиллаж байсан монгол улсын гавъяат саальчин Шавдангийн Сугар, Далхаагийн Цэгмид, Монгол улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд болон алдарт хурдан хүлэг Нийгмийн хонгор морь тус сумаас төрөн гарчээ.
| Сүхбаатар | |
|---|---|
| Асгат сум | Баяндэлгэр сум | Дарьганга сум | Мөнххаан сум | Наран сум | Онгон сум | Сүхбаатар сум | Түвшинширээ сум | Түмэнцогт сум | Уулбаян сум | Халзан сум | Эрдэнэцагаан сум Аймгийн төв: Баруун-Урт |
|