Таван замын байлдаан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Таван замын байлдаан
Хамаарах дайн: Монгол-Хятадын дайнууд
Огноо 1912-1915 он
Байрлал БНХАУ, Өвөрмонголын өөртөө засах орон, Шинжааны өөртөө засах тойрог
Үр дагавар Гурван улсын Хиагтын хэлэлцээр
Газар нутгийн
өөрчлөлт
Өвөр Монгол болон бусад монголчууд амьдардаг нутгийг алдсан ба хожим Хятадын нутаг болсон
Байлдагч талууд
Flag of Mongolia (1911-1921).svg Богд хаант Монгол улс Flag of the Republic of China.svg Дундад иргэн улс
Удирдагчид
Flag of Mongolia (1911-1921).svg
Манлайбаатар Дамдинсүрэн,
бэйсийн зэрэг туслагч Чимидцэрэн
дэс түшмэл чин зүтгэлт гүн Хайсан,
дэд сайд Бавуужав
дэд сайд, бишрэлт бэйс Насан-Аривжих
сайд, гүн Сономдорж
дэд түшмэл Зүтгэлт
гүн Сумъяа
Flag of the Republic of China.svg
маршал Ван Хуй Жан
Цэргийн хүч
Богд хаант Монгол улсын арми,
Өвөр Монголын сайн дурын цэрэгийн ангиуд нийтдээ 10000 орчим цэрэг
70000цэрэг,
янз бүрийн калибрийн 146 их буу
, 80-90 пулемёт
Хохирол
алуулсан 400 орчим,
олзлуулсан 60
шархадсан 48
алуулсан 3795,
олзлуулсан 76
зөвхөн 3 тулалдаанд 4-8 их буу,410-аад их бууны сум,
7 пулемёт түүний 5000 сум,
1080 буу, 85600 ширхэг сум,
421 сэлэм олзлуулсан.
Манлайбаатар Дамдинсүрэн
Шударга баатар Бавуужав

Богд Хаант Монгол Улс байгуулагдаж зарлан тунхагласан явдалд Өвөр Монголын Зуу Үд, Зост, Жирэм, Шилийн гол, Улаанцав, Их зуу зэрэг 6 чуулган Хөх хотын Түмэдийн зүүн баруун гарын засаг Хар мөрний их мянган, Өөлдийн засаг, Алшаа, Ар хорчин, Илийн голын Цахар зүүн гар болон Тарвагатайн аймгийн хошууд талархан дагаж баясахаа илэрхийлж, Нийслэл хvрээнээс цэрэг илгээж, Өвөр Монголыг бvхэлд нь Хятадын дарлалаас чөлөөлөхийг хvсэн гуйжээ. Хөлөнбуйрын Барга, Өвөр зургаан чуулганы 49 хошууны 35 нь Монгол улсад нэгдсэнээс гадна Хөх нуурын 24 хошуу, Цахар 8 хошуу, Илийн гол болон Тарвагатайн 16 хошуу дагаар орж албан ёсоор нэгдэхээ илэрхийлсэн юм. Богд хааны зарлигаар 1913 оны 7-р сард зүүн хязгаарын хэргийг захиран шийтгэх тусгай газар байгуулагдаж, Сайдаар нь цэцэн хан аймгийн харьяат Егүзэр ачит зан бадарсан эрдэнэ мэргэн хамба Галсандашийг томилсон.

Урьдчилсан нөхцөл[засварлах]

Богд Хаант Монгол Улс байгуулагдсаны дараа Монгол үндэстэнг нэгтгэн Нэгдмэл Монгол Улс байгуулахыг Монголын тухайн үеийн эрх баригчид эрмэлзэж байв. Богд хаант монгол улсад Өвөр Монгол болон бусад монголчууд нэгдэх эрмэлзлээ илэрхийлж, хуучин Манж Чин улсын харъяаны Монголчуудын хэмжээнд бослого, хөдөлгөөнүүд газар сайгүй өрнөж байлаа. Үүнийг эсэргүүцэн Манж Чин улсын дарлалыг авч хаян Дундад Иргэн улсыг байгуулсан Хятадууд өөрсдийгөө манж нарын өв залгамжлагч гэж үзэн хуучин Манж Чин улсын нутагт гарсан үндэстэнүүдийн тусгаар тогтнох эрмэлзэл бүхий эсэргүүцэл, тэмцлийг цэрэг, зэвсгийн хүчээр нухчин дарж хэлсэн. Түүхийн ийм эгзэгтэй үед Богд хаан Монгол улс, Өвөр монглчуудыг Хятадын дарлалаас чөлөөлөх, өөрт сайн дураар нэгдсэн монголчуудыг нэгтгэж, хязгаар нутгаа батлан хамгаалах зорилгоор Чуулалт хаалга ,Бат хаалга, Долнуур, Хөххот, Бугат хотын чиглэлд таван замаар их цэрэг хөдөлгөв.

Эхлэл, тулалдагч талуудын хүчний харьцаа[засварлах]

Өвөр Монголыг чөлөөлөх таван замын цэргийг ерөнхийлөн захирагч жанжнаар Манлайбаатар Дамдинсvрэнг зарлигаар томилсон. Таван замын цэргийг дараах байдлаар хуваан мордуулсан байна. Үүнд:

Өвөр монголыг чөлөөлөх дайны үеийн монгол цэргүүд

1913 оны дунд үеийн Монгол цэргийн тоог 4300 гаруй, түүн дээр 3500 орчим орон нутгийн сайн дурын цэрэг байсан гэж үздэг. Дундад иргэн улсын ерөнхийлөгч Юан Ши Кай Монголын эсрэг 70 000 цэрэг татаж, их буу, явган цэргээс бүрдсэн орчин үеийн зэвсэглэл бүхий армийг эмхлэн байгуулж, маршал Ван Хуй Жанаар удирдуулан хөдөлгөлөө. Тэр маршалд өгсөн бас нэг нууц даалгавар нь Дэмчигдонров вангийн өргөөнд хадгалагдаж буй Хубилай хааны тамгыг ямар ч хамаагүй аргаар авчрах явдал байв. Xятадын цэргийн байдлыг авч үзвэл: 1912 оны намар Дарьгангын чиглэлд 500-аад, Цагаан Түнгийн чиглэлд 1-2 мянга орчим, Цицикарт, Хөлөнбуйрын чиглэлд 4 мянга гаруй хүнтэй холимог бригад, Жирэмийн чуулганы нутаг, Шаазгай хотноо 10 мянга орчим цэрэг байрлуулжээ. Өөрөөр хэлбэл, Дундад иргэн улс 1912 оны адаг, 1913 оны эх гэхэд Жирэмийн чуулган, Цицикар, Шаазгай хот орчим 14 мянгаад цэрэг (зүүн чиглэл), Өмнөд Монгол буюу Хөх хот, Хаалган боомт, Долоннуур, Бяруу зэрэг хотод 39 мянган цэрэг (төвийн чиглэл), харин Цагаан Түн, Алтайн Шар сүм, Чингэл зэрэг газраар 6 мянгаад цэргийг байрлуулсан мэдээ бий. Эдгээр бүлэглэл нийт янз бүрийн калибрийн 146 их буу, 80-90 пулемёттой байв. Харин 1913 оны 9, 10 дугаар сарын үед Шаньси мужийн умард хилийн нутгаар 23 янз бүрийн анги нэгтэл, 28 их буу, 4 пулёмёттой 9500 явган, 1500 морьт цэрэг байрлаж байсан бол Хаалган, Долоннуур зэрэг хотын чиглэлийн цэргийн бүлэглэлд 30 их буу, 16 пулёмёт бүхий 35 батальон (20 мянган хүнтэй) явган цэрэг, 9 дивизион (2500 хүнтэй) морин цэрэгтэй анги, салбарууд байрлаж байжээ.

Үйл явдлын өрнөл[засварлах]

Өвөр монголыг чөлөөлөх дайны үеийн монгол цэргүүд

Их цэрэг Өвөр Монголд байгаа Хятадын цэрэгтэй тулалдаж эхлэн Эзний гол, Ноён уул, Алшаагийн яамд хотын орчим, Шандын гол, Yхэрчин уул, Тэнгэр элс, Сургага Хөөрөг, Дархан уул, Чулуун хөхий хошуу, Долнуур, Бяруу хот, Хөх хотын орчим, Хөвөө шар хошуу зэрэг олон газар ялалт байгууллаа. Энэ явдлыг Лондон таймс, Японы «Маншү ничи ничи» зэрэг олон сонин дэлхий нийтэд зарлаж байсан ба Хаант Орос Улс «Танай улс учиргvй их улс болохыг бүү яар. Гагцхүү тогтнохыг хичээх нь эрхэм!» гэж зөвлөж, их цэргээ татахыг Хятадын засгийн газрын түлхээсээр шаардаж байсан.

Байлдааны ажиллагаанууд[засварлах]

1913 оны 8 сарын 13. Шандын тал. ”Бух чичүүр” ажиллагаа[засварлах]

Манлай ван Дамдинсүрэнгийн цэрэг Долнуураас гарсан их цэргийг угтаж, сар битүүрэхийг хүлээж байгаад харанхуй шөнө болох үед хурдан шалмаг морь сайтай, газрын баримжаа мэдэх нутгийн 50 цэрэг, Халх 50 цэрэгтэй хамт их цэргийн тэг голоор зүсэн гарч, хоёр тийшээгээ буудсаар, нэвт гарлаа. Энэ үед сандарч тэвдсэн Хятад цэргүүд эмх замбараагаа алдаж, буун дуу гарсан зүг рүү хариу буудсаар үүр цайх үед өөрөө өөрсөдтэйгөө тулалджээ. Цаг уурын байдал, шөнийн нөхцөлд тоогоор цөөн цэргээр их хүчийг гэнэт довтлон сандаргасан энэ тактикийг Зоригт баатар Лаварын Сумъяа дурсамждаа ”Бид бух чичүүр, галзуу барын дайралт хэмээх аргыг хэрэглэсэн” гэжээ.

1913 оны 8 сарын 30. Хүйсийн тал. ”Галзуу барын дайралт” ажиллагаа[засварлах]

Энэ нь нилээд шийдвэрлэх тулалдаан төдийгүй хамгийн анхаарал татсан тулалдаан. Энэ тал уг нь Ганган тал нэртэй байжээ. Элсэрхэг хөрстэй, битүү ой байсан энэ хөндийн салхины дээр нь өндөрлөг газар Монголчууд байрласан бол яг эсрэг нам дор, зүүн өмнө зүгээс Хятадын цэрэг давшин гарч ирж. Эмгэнт Манхан хэмээх толгой дээр Манлай баатар Дамдинсүрэн байрлан, яг байлдаанд цэргээ удирдаж байгаа мэт тугаар дохио зангаа хийнэ. Үүнийг нь харсан Ван Хай Жин жанжин их бууны шуурган галаар моддын оройгоор үзэгдэх тугнууд руу, Монголын цэргүүд өөд өдөржин галлаж давших явцаа удаашруулсан байна. Монгол цэргүүдээс цөөн хэдэн цэрэг далд байрлалд зөвхөн тугаараа давших ухрах хөдөлгөөнийг хийж хуурч байсныг мэдээгүй хятад цэргүүд өдрийн хагас буудалцаад эцэст нь хооллож байсан бйана.

Яг энэ үед өлийн салхи гарч, Монгол газрын хүчит салхи баруун хойноосоо лэрхийн бослоо. Үүнтэй зэрэгцэн өтгөн сахлаг хуурай модонд тавьсан түймэр, давхиж яваа морьтноос ч хурданаар Хятад цэргүүдийг нөмрөн авсан байна.

Түймрийн галаас зулбан гарах цэргүүдийг Монгол цэргүүд цавчихыг нь цавчиж, буудахыг нь буудсаар улмаар тэдний дунд зүсэн орж, эргэн тойрон цавчиж, яг л галзуу бар шиг аашиллаа. Ийнхүү 2 өдөр шөнө зууралдан байлдаж, түймэртэй хамтран тэднийг ухраан цохисоор Үхэрчин овоо, Шанд нийслэлийн туурь, Зуу найман сүм өнгөрч, Долоннуур хотод тулж очжээ. Энэ тактикийг ”Галзуу барын дайралт” гэж нэрлэсэн байна.

Харин гүн Сумъяагийн анги давшисаарЗуу-Удын чуулганы Бяруу хотыг эзэлж, улмаар Жанчхүүгийн зүг хөдөлж, замын дагуу байсан Хятад цэрэгтэй байлдахдаа тэр үед нэрлэгдсэнээр «галзуу барын дайралт», «хорт могойн ороолт» гэх зэрэг тактикийг хэрэглэжээ

Бат хаалганы чиглэлийн байлдааны ажиллагаа[засварлах]

Баруун өмнө хязгаарыг сэргийлэн хамгаалах цэргийг захирах сайд гүн Сономдоржоос 1913 оны Наймдугаар сарын 6-нд Богд хаанд ийнхүү өргөн мэдүүлжээ :“Зарлигийг дагаж өмнө хязгаарыг сэргийлэн хамгаалах 4 дүгээр хорооны 100 цэрэг, нэмэн захируулсан 3 дугаар хорооны 65 цэрэг, орос багш Ихбаярын хамт ирсэн 8 цэрэг, их буу хамгаалж ирсэн 14 цэрэг, Улаанцав чуулганы Дөрвөд вангийн хошуу, Муу мянганы хошуу, Дархан чин вангий хошуудаас гаргасан тус бүр 20цэрэг, Богд эзний соёлд дагаар орж зүтгэе гэж тосон ирсэн 123 цэрэгтэй хамтарч нийт 370 цэргийн хүчээр Дархан чин вангийн хошууны “Бат хаалга” сүм хүртэл гамингуудтай байлдаж “Цагаан чулуут”, “Цэцэн” хэмээх газар очиж 5-р сарын 17-ны өдрий могой цагт гэнэт өмнө зүгээс 2000 орчим гамин цэрэг халдаж ирсэнд манай цэргүүд гамин цэргүүдтэй нар шингэтэл байлдаж ихэнхийг алж маргааш нь дахин байлдаж үд болоход гамин цэрэг буруулан зугтаж одов. Ингэж уг үүргээ гүйцэтгээд “Амгалант довон” гэдэг газар буудаллаж цэргээн тоолж үзэхэд Монголын 370 цэргээс 3 цэрэг амь эрсдэж нэг шархадсан байхад гамингийн 2000 орчим цэргээс 800 гаруй нь тулалдааны талбарт алагджээ” хэмээн бичжээ.

Төгсгөл, үр дүн[засварлах]

Энэхvv таван замын байлдаан гэж нэрлэсэн чөлөөлөх дайн 1914-1915 онд Хиагтад болсон хаант Орос, Хятад хоёр улсын ил далд хуйвалдсан гурван улсын хэлэлцээрийн дараа зогссон байна. 1913 онд хил хязгаараа батлан хамгаалахаар таван замаар давшсан Монгол цэргүүд их бага нийлсэн 100 орчим тулалдаан хийсэн гэж үздэг боловч судлаачдын үздэгээр 1913 оноос хойш дуусах хүртэлх хугацаанд 58 орчим зэвсэгт мөргөлдөөн хийсэн байдаг. Эдгээрийн 33-т нь монголчууд амжилт олсон бол 11-д нь хятадууд ялсан бөгөөд 14 мөргөлдөөн яаж төгссөн нь тодорхойгүй байна. Түүнчлэн хятадын талаас 2000-аас дээш 5-7 мянган цэрэг, Монголын талаас 220-иос 1712 хүртэлх цэрэг оролцсон томоохон тулалдаан 11 удаа болсон бол 600-1000 Хятад цэрэг, Монголын 200-аас дээш хүн оролцсон бага хэмжээний 5 тулалдаан болжээ.. Таван замын байлдааны ажиллагаа нь хамрах нутаг дэвсгэрийн хүрээгээрээ зүүнээс баруунаа 1000 шахам км, хойноос урагшаа 144-480 км-ийг хамарсан бүс нутагт болж өнгөрсөн. Энэ дайн байлдааны үед Монголчууд хятад цэргийг марш үйлдэх үед нь хоёр ч удаа довтолсон ба шөнийн байлдаан мөн хоёр удаа болсон талаар тэр үеийн баримтуудад тэмдэглэсэн байдаг. Монголын талаас дайн байлдаанд алагдан олзлогдсон тухай баримт тун ховор ч түүвэрлэвэл 400 орчим цэрэг алагдсан гэх нэг удаагийн тохиолдлын тоог эс тооцвол 3 тулалдаанд 16 хүн алагдсан. Харин нэг тулалдаанд 60 гаруй хүн олзлуулсан мэдээ байдаг бол 3 тулалдаанд 48 орчим хүн шархтсан тухай сурвалжууд өгүүлдэг. Гэтэл хятадын талаас 12 тулалдаанд нийт дүнгээр 3795 цэрэг алагдсан бол 4 тулалдаанд 76 хүнээ монголчуудад олзлуулсан аж. Монголын цэргийн олзолсон зэвсгийн тухайд гэвэл 5 зэвсэгт мөргөлдөөнөөс 1080 буу, 2 хасаг тэрэг, мөн 85600 ширхэг сум, 3 тулалдаанд 7 пулемёт түүний 5000 сум, 4-8 их буу, 410-аад сум, 421 эсвэл 343 ширхэг сэлмийг хятад цэргээс олзолжээ. Монголын цэрэг 1913 оны байлдаанд партизаны дайны маягаар байлдааны ажиллагааг өрнүүлсэн.

Баатрууд[засварлах]

Богд хаан 1911 оноос эхлээд таван замын байлдааны ажиллагааг дуусан дуустал улс үндэстнийхээ төлөө гарамгай гавъяа байгуулсан 101 хүнд баатар цол олгожээ. Үүнд:

1. Авирмэд-Сэцэн хан аймгийн Эрдэнэ ваны хошуу.

2. Бавуужав-Шударга Баатар-Өвөр Монголын Жирэмийн Чуулганы өмнөд Горлос хошуу.

3. Бадрах-Түшээт хан аймгийн Бадрах гүны хошуу.

4. Базарваань Сономцэрэний-Засагт хан аймаг.

5. Балдан Зэвэгийн-Түшээт хан аймаг, Эрдэнэ ваны хошуу.

6. Баяр Борхонуудын-Түрэмгий баатар-Өвөр Монгол.

7. Бирваарагчаа-Сайн ноён хан аймаг.

8. Божи-Өвөр Монголын Зүүн үзэмчин, жүн ван Гомбосүрэний хошуу.

9. Бумжаргал-Шударга Баатар-Сэцэн хан аймгийн Жанжин бишрэлт бэйлийн хошуу.

10. Ванчиндорж-Зүтгэлт Баатар-Сайн ноён хан аймгийн Бишрэлт бэйлийн хошуу.

11. Волинган-Өвөр Монголын Харчин гүны хошуу.

12. Галсанцампантүгжням-Ялгуулсан Баатар- Өвөр Монголын Жирэмийн чуулганы Хорчин хошуу.

13. Гомбо-Идшин Лхамсүрэний- Хичээнгүй Баатар-Сэцэн хан аймгийн Ачит ваны хошуу.

14. Гомбожав-Сэцэн хан аймгийн Үйзэн бэйсийн хошуу.

15. Гочоо- Шулуун Баатар-Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу.

16. Гэлэнгүж-Хавтай Баатар- Өвөр Монголын Хөлөнбуйр.

17. Гэлүүсүхэн.

18. Гэндэн-Сайн ноён хан аймаг, мэргэн гүн Мөнх-Очирын хошуу.

19. Даваа Төмөрын буюу Дамбийжанцан-Догшин ноён Хутагт- Түшээт хан аймгийн Бадрах гүны хошуу.

20. Дагва- Зүтгэлт Баатар-Засагт хан аймгийн дархан гүн Маньбазарын хошуу.

21. Дагдан-Засагт хан аймгийн Жалханз хутагтын Урианхайн киргиз сум.

22. Далай Жамъяны-Шаламгай Баатар-Сайн ноён хан аймгийн Итгэмжит бэйсийн хошуу.

23. Дамдинсүрэн Жамсраны-Манлай Баатар-Өвөр Монгол, Хөлөнбуйр.

24. Даш -Шударга Баатар-

25. Дашдэндэв-Чамбай Баатар-Сэцэн хан аймгийн хурц бэйс Түвдэны хошуу.

26. Долгор-Шаламгай Баатар-Өвөр Монголын Жирэмийн чуулганы чин ваны хошуу.

27. Дорждэрэм Мөнхийн -Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу.

28. Доржпалам-Зоригт Баатар-Өвөр Монголын Хөлөнбуйр.

29. Дугаржав-Хянамгай Баатар-Өвөр Монголын цахар.

30. Дугаржав Нараны- Хичээнгүй Баатар- Сэцэн хан аймгийн Илдэн ваны хошуу.

31. Дуваа Донойн- Түшээт хан аймгийн Эрдэнэ ваны хошуу.

33. Өвөр Монголын зүүн Үзэмчиний жүн ван Гомбосүрэний хошуу.

33. Дэндэв-Сайн ноён хан аймгийн Бишрэлт бэйлийн хошуу.

34. Дэчинган-

35. Дэчинлхаажид-Хурц Баатар-Сэцэн хан аймгийн Үнэн сүжигт Илдэн ваны хошуу.

36. Жагшимбуу-Хурц Баатар- Өвөр Монголын цэргийн хорооны дарга.

37. Жамц -Зоригт Баатар-Цэргийн Яамны дэс түшмэл, Зүүн өмнө хязгаарыг Захирах Цэргииг захирах түшмэл.

38. Жамц-Түшээт хан аймгийн Чин ван Ханддоржийн хошуу.

39. Жамсран- Шулуун Баатар- Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу.

40. Жамъян- Сэцэн хан аймгийн Бэйлын зэрэг засаг, Улсад туслагч гүн.

41. Заяат- Хичээнгүй Баатар-Өвөр Монголын Цахар-

42. Илүү- Шударга Баатар- Өвөр Монголын Хөх хотын Түмэдийн хороо.

43. Лайсан-Хурц Баатар-Сэцэн хан аймгийн Доржпаламын хошуу, жагсаалын дарга.

44. Лувсан-Зоригт Баатар-Урианхай

45. Лхам-Сэцэн хан аймгийн засаг тэргүүн зэргийн тайж.

46. Мааньжав Балданы- Өвөр Монголын харчин.

47. Магсаржав Сандагдоржийн- Хатан Баатар-Сайн ноён хан аймгийн Итгэмжит бэйсийн хошуу.

48. Манажав-Өвөр Монголын Шилийн голын чуулганы баруун үзэмчин чин ван Содномравданы хошуу.

49. Мандах залан- Өлзийт Баатар-

50. Мурангаа-Шалгарсан Баатар-Өвөр Монголын Зостын чуулганы Монголжин хошуу.

51. Мутунбунгаа-Шалгарсан Баатар-хорооны дарга.

52. Мөнхравдан-Саруул Баатар-

53. Мянбуу-Мэргэн Баатар-Өвөр Монгол-Хар мөрөн муж.

54. Наваан-Шулуун Баатар-

55. Наваан-Юндэн- Түшээт хан аймгийн Наваан-Юндэний хошуу-

56. Найданжав Шаравын-Хичээнгүй Баатар-Өвөр Монгол

57. Нанзад/Барман хэмээгч/-Түргэн Баатар-Түшээт хан аймгийн Чин ван Ханддоржийн хошуу.

58. Нанзад Дамираны- Түргэн Баатар-Түшээт хан аймгийн Чин ван Ханддоржийн хошуу.

59. Насан тогтох- Хорооны дарга.

60. Норов- Өвөр Монгол-Зуудын чуулганы Ар хорчин да ваны хошуу.

61. Нолгар-Шаламгай Баатар-

62. Өлзийбадрах-Дэс Баатар- Өвөр Монгол-

63. Өлзийдүүрэн- Хянамгай Баатар-Сайн ноён ханы хошуу.

64. Өлзий-Орших-Шулуун Баатар- Өвөр Монголын Зарууд хошуу.

65. Пунцаг Базарын- Хичээнгүй Баатар-Сэцэн хан аймгийн Лха жононы хошуу.

66. Пунцаг-Шаламгай Баатар- Түшээт хан аймгийн Далай гүн Алтанхуягийн хошуу.

67. Пунцаг -Шаламгай Баатар- Өвөр Монгол, барга, хорооны жагсаалын занги.

68. Пүрэв-Захчин гүн Цэрэндоржийн хошуу, тайж.

69. Саван-Өвөр Монголын баруун Баарин ваны хошуу.

70. Сандагдорж-Өвөр Монголын Жирэмийн чуулганы Горлос хошуу, хороон дарга.

71. Содномдаржаа-Түшээт хан аймаг, Улсад туслагч гүн.

72. Соном-Зоригт Баатар-Сайн ноён хан аймгийн зоригт гүн.

73. Лаварын Сумъяа-Ялгуун Баатар-Шинжаан мужийн Ил тарвагатайн хошууны харъяат.

74. Сундуйжав-Өвөр монгол-

75. Сэргэлэн-Эвтэй Баатар-Өвөр Монголын Шинэ баргын Хошуу цагааны харъяат, хороон дарга.

76. Тогтох Энхбилэгтийн-Зоригт Баатар-Өвөр Монголын Жирэмийн чуулганы өмнөд Горлос хошууны харъяат.

77. Төмөр-Өвөр Монголын Түшээт хошууны харъяат, хороон дарга.

78. Төмөр-Шулуун Баатар-Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны харъяат.

79. Түмэннаст-

80. Хайдав-Өлзийт Баатар-Сайн ноён аймгийн сайд, бэйс Цогт-Очирын хошууны харъяат, ангийн дарга.

81. Хишигжаргал-Сайн ноён хан аймгийн Бишрэлт бэйл Бадамгаравын хошууны харъяат, ангийн дарга.

82. Хорлоо-Шулуунбаатар-Түшээт хан Аймгийн Дайчин бэйсийн хошуу.

83. Хохлин-Засагт хан Аймгийн жанжин Далай гүны хошуу.

84. Цогт- Зүүн Үзэмчины жүн ван Гомбосүрэны хошуу.

85. Цэнд- Бодлогот Баатар-Сангийн Яамны дэд Сайд, Өвөр Монголын Хөлөнбуйрын харъяат.

86. Чагдарсүрэн.

87. Чимэд-Хурц Баатар- Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу.

88. Чимэд-Сэцэн хан Аймгийн Үнэн сүжигт Илдэн ваны хошуу.

89. Чованлүн- Өвөр Монголын Жирэмийн чуулганы Бодлогот ваны хошуу.

90. Чойжамц-Цогтой Баатар-Сэцэн хан Аймгийн Мэргэн засагийн хошуу.

91. Чойж.

92. Чулуун -Өвөр Монголын Зост Чуулганы Түмэдийн хошуу, ангийн дарга.

93. Чулуун Өлзийтийн- Сэцэн хан Аймгийн Сүжигт ваны хошуу.

94. Шагдар- Засагт хан Аймгийн Дайчин ваны хошуу.

95. Шарав-аравны дарга.

96. Шаарийбуу-Өвөр Монголын Жирэмийн чуулганы сайд Раашминжүүрийн хошуу.

97. Шимихи-Засагт хан аймгийн цогт гүн Дамдинбаашийн хошуу.

98. Ринчин-Сэцэн хан аймгийн Сэцэн чин ваны хошуу.

99. Эрэнцэн-Өвөр Монголын Цахар хошуу.

100. Ядамсүрэн Цэнгэлын-Сайн ноён хан аймгийн Түшээт гүний хошуу.

101. Ярин Мятавын-Хурц Баатар-Түшээт хан аймгийн Говийн Со засгийн хошуу

Үнэлгээ[засварлах]

Цэргийн түүхч Ж.Базарсүрэнгийн судалгаагаар таван замын цэргийн хэрэглэж байсан байлдааны ов мэх, арга нь “уламжлалт морьт цэргийн урлаг зонхилсон хэвээр байсан”, голомтын чанартай төвүүдэд болсноор онцлог.

Урлагийн бүтээлүүд[засварлах]

Түүнчлэн үзэх[засварлах]

Эшлэл[засварлах]

Гадаад холбоос[засварлах]