Толбо нуурын бүслэлт

Толбо нуурын бүслэлт
Хамаарах дайн: Ардын хувьсгал
Огноо 1921 оны 9 сарын 17-10 сарын 30 буюу 42 хоног
Байрлал Монгол улс, Баян-Өлгий аймаг, Толбо сум
Үр дагавар Монголчуудын ялалт
Байлдагч талууд
Ардын түр засгийн газар Цагаантан Азийн морин дивиз
Удирдагчид

Жанжин Ц.Хасбаатар,
Ц.Дамбадорж,
Өлзийханд
22-р отрядын захирагч Байкалов,
Церенов

генерал Бакич
Есаул Кайгородов
Казанцев
Цэргийн хүч
250 морин цэрэг
4 пулемёт
тодорхойгүйн цэргүүдээ дэмжинэ[1]
3000 явган болон морин цэрэг,
12 пулемет,
2 их буу
Хохирол
тодорхойгүй Зөвхөн нэг удаагийн дайралтанд
алагдсан 140 хүн
шархадсан 260 хүн
олзлогдсон 20 хүн
Ардын хувьсгалын удирдагчид

Толбо нуурын бүслэлт гэж Ц.Хасбаатар жанжны цэрэг Баян-Өлгий аймгийн Толбо нуурын дэргэдэх Саруул гүний хүрээнд хүч давуу цагаантны цэрэгт бүслэгдэн 42 хоног баатарлагаар тэмцсэн тулалдааныг хэлдэг[2], Монгол дахь Цагаантны Оросын арми байлдааны дараа арчигддаг.

Тулалдааны түүх[засварлах | кодоор засварлах]

Хасбаатарчууд хэдэн сарын тулалдсаар цагаантны олон бүлэг дээрэмчдийг устган, Ардын хувьсгалын ялалтыг тунхаглан яваад 1921 оны есдүгээр сарын 17-нд Толбо нуурын захад орших Саруул гүний хүрээнд урвагч феодал ноёдын хорон санааны уршгаар цагаантны 3000 орчим цэрэгт бүслэгдсэн байна.

1921 оны 9 сарын 19-нд цагаантны толгойлогч Бакича, Кайгородов нар Саруул гүний хүрээг дайрах шийдвэр гаргаж төлөвлөгөө зохиосон ба 21-ний шөнө хүчээ 2 хуваан хүрээний бүх талаас дайрахаар төлөвлөжээ. Төлөвлөгөөгөөр цохилтын бүлгийг Кайгородовын отрядаас 300 цэрэг, нэг их буу, 4 пулемёт, Бакичийн корпусаас 420 цэрэг, 1 их буу, 7 пулемёттайгаар зохион байгуулсан ба түүнийг командлах үүргийг Кайгородов өөртөө авсан байна.

Энэ үед буюу 20 -д Бакичийн корпусын гол хүч хүрэлцэн ирсэн байна. Буслэгдсэн Хасбаатар болон Байкаловын цэргүүд хүрээний хамгаалалтыг сайжруулан окоп малтсаар хүн далд орохоор болгон бэхэлж чаджээ.

Цагаантнууд шөнөөр артиллерийн буудлагагүй, нэг ч буун дуу гаргалгүй сэм дөхөн ирж чадсан ба тэгээд гэнэтийн дайралтанд оржээ. Ардын журамт цэрэг, улаан цэргүүд хүчтэй шуурган гал нээсэн боловч цагаантнууд гэнэтийн довтолгооны хүчээр хүрээний баруун хойт хэсгийг эзэлсэн байна. улаан цэргүүд зугатан зүүн өмнөд хэсэгт байх сүмд орж бэхлэн суужээ. Цагаантанд эзлэгдээгүй хэсгийг үндсэндээ ардын журамт цэргүүд хамгаалж чадсан бөгөөд хүрээний баруун хойт хэсэгт 20 орчим монгол цэрэг цагаантны ар талаас гэнэтийн цохилт хийн гар бөмбөгөөр цагаантныг цохисон байна. Энэ үед санамсаргүй тусламж ирсэнд зоригжсон улаан цэргүүд сөрөг давшилтанд орж цагаантнуудыг эзэлсэн байрлалаас нь цохин гаргасан. Цагаантнуудыг ухрахад нь буу болон пулемётын галаар дахин ширүүн цохилт өгчээ. Цагаантнууд энэ шөнийн дайралтанд тун их хохирсон байна. Тэднээс 260 хүн шархдаж, олон тооны цэрэг алагдаж, сураггүй алга болжээ. Улаантнууд хүрээний дотор 100 алагдсан хүн, хүрээний гадуур 40 орчим хүүр байхыг тоолсон бөгөөд цагаантнаас 20 хүн олзолсон байна.

Хасбаатар жанжин
Генерал Бакич
Есаул Кайгородов

Амжилтгүй довтолгооны дараа Кайгородов өөрийн отрядын үндсэн хүчийг аван уулын Алтайн зүг салж явжээ. Саруул гүний хүрээний дэргэд генерал Бакичийн корпусын гол хүч, Казанцевын отрядууд үлдэн дахин 2 удаагийн дайралт хийсэн боловч бүслэгдсэн улаан цэрэг, ардын журамт цэргүүд тухай бүрт нь амжилттай няцаасан байна.

Олон хоногийн бүслэлтэнд цэргүүдийн сум хэрэгсэл болон хоол хүнс дуусаж, шархадсан цэргүүдийн байдал хүндэрч, туйлдаж эхэлжээ. Тухайн үед тулалдааны эхээр тус хошууны ноён Саруул гүнг дагалдан хүрээний ихэнхи суугчид дүрвэн зугатсан ба зугатахдаа мал, хоол хүнсээ авч явсан нь байдлыг улам хүндрүүлсэн байна.

Мөн Хасбаатар жанжин нэгэн тулалдааны үед сураггүй алга болсон байжээ.

Бүслэгдсэн цэргүүд хэд хэдэн удаа тусламж хүссэн элчийг явуулсан боловч тэдгээрийг дайсны бүслэлтийг амжилттай гарсан эсэхийг мэдэхгүй байсан байна.

Тэд гаднаас шувуу ч орохооргvйгээр бvслэгдсэн боловч 42 хоногийн турш өлсгөлөн, өвчин, цаг уурын бусад хэцүү, хvнд бэрхшээлийг баатарлаг тэмцлээрээ туулсан байна. Генерал Бакич "... зэвсгээ хураалган бууж єгвєл амь бие, эд хөрөнгөд чинь халдахгvй. Эсэргүүцвэл байран дээр чинь буудаж ална!" гэж тулган шаардсан боловч Хасбаатарчууд бат цайз хэвээрээ байлаа. Хасбаатар тэр бэрх цагт цагаантны бүслэлтийг дайран гарч, Хөшөө модонд байсан Зөвлөлтийн улаан цэрэгтэй холбоо барих, нутгийн ардуудаас цэрэг дайчлан дайсныг цохиж үлдсэн нөхдөө аврахаар эрэлхэг тэмцэл хийж яваад дайсанд алагдсан болох нь сүүлд тодорчээ.

Бүслэгдсэн цэргүүд эцсийн шийдвэрлэх цохилт хийн тэмцэхээр шийдсэний маргааш Зөвлөлтийн улаан цэргийн томоохон хүч Хөшөө модноос хүрэлцэн ирж гаднаас дайралт хийсэн байна. Ингэж 42 хоног үргэлжилсэн бүслэлт монголчуудын ялалтаар дуусжээ.

Цагаантны хүч сарнин Генерал Бакич Увс, Улаангомын чиглэл рүү, Казанцев хятад руу чиглэн зугатсан байна.

Сонирхолтой баримт[засварлах | кодоор засварлах]

  • Бүслэгдсэн цэргүүд олон хоногийн өлсгөлөнгийн үед хүрээний золбин нохой, муур төдийгүй эмээлийн гөлөм% суран жолоо зэргээ чанаж идэж байсан тухай журамт цэргүүдийн дуртгалд байдаг
  • Хасбаатар жанжныг зугтсан ба цагаантанд баригдан амь гуйж байсан тухай сүүлийн үед тодорхой баримтгүй зүйлсийг мэдээллээр цацаж байна. Хасбаатар жанжин нь хатан зоригтой, айхыг үл мэддэг хүн байсныг олон тооны түүхэн баримт, дуртгалуудад дурдсан байдаг бөгөөд цагаантны бүслэлтийг сэтлэн дайрах тухай санал гарган хэлэлцүүлж байсан ба үүнийг нь бусад нь хүлээн аваагүй тухай баримт байдаг. Түүнийг дайралтын үеэр хүнд шархадсан ба түүнийгээ даалгүй амь үрэгдсэн тухай ч мөн түүхэн баримт байдаг зэрэг нь дээрх худал мэдээллийг няцааж байна.

Урлагийн бүтээл[засварлах | кодоор засварлах]

  • "Сүхбаатар" уран сайхны кино, 1942 он
  • Ц:Дамбадорж. "Толбо нуур" тууж
  • Л.Түдэв. "Уулын үер" роман, 1960 он
  • Б.Дамдинсүрэн."Хасбаатар" симфони найраглал, 1962 он
  • "Өглөө" уран сайхны кино, 1968 он, ерөнхий найруулагч Д.Жигжид

Түүнчлэн үзэх[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Серебренников И. И. Великий отход: Рассеяние по Азии белых русских армий, 1919—1923. — М: ACT; Ермак, 2003.— cc. 134—135  (орос.)
  2. Толбо нуурын тулалдаан SuvdhanTV

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]