Тумбинай сэцэн

Тумбинай сэцэн, Түмбинэ хан[1], Түминай хан бол Хамаг Монголын Хиад Боржигин овогтон, Чингис хааны өндөр өвөг Бодончар мунхагийн 6-р үеийн ач, мөн Байшонхор догшин ноёны хөвүүн, Хабул ханы эцэг ба Чингис хааны хуланц өвөг юм. Тэрээр 11-р зууны сүүлч, 12-р зууны эхээр амьдарч байсан нэгэн.

Удам угсаа[засварлах | кодоор засварлах]

Тумбинай сэцэний намтартай холбоотой мэдээлэл бараг байхгүй ч, хатад хөвүүдийн тухай мэдээ баримтыг 13-14-р зуунд бичигдсэн Монголын Нууц Товчоо, Судрын Чуулган зэрэг анхдагч эх сурвалж, 17-р зуунд бичигдсэн Зүчийн удмын Абул гази баатар хааны Шажрат ал атрак гэх бүтээл зэрэг итгэж болох хэдэн материалд дараах байдлаар бичигджээ.

Монголын Нууц Товчоонд "Тумбинай сэцэний хөвүүн Хабул хаан, Сэм Сэчүлэ хоёр бүлгээ"[2] гэж тэмдэглэсэн байдаг.

Судрын чуулганд "Түмбинэ хан...ухаантай, авьяастай, зоригтой есөн хөвүүнтэй байв...энэ есөн хөвүүний таван том нь нэг эхтэй, нөгөө дөрөв нь өөр эхийнх... Анхдугаар хөвүүн нь Жагсу буюу бас Яхши ч гэдэг. Түүний овгоос Ноёхон, Уруд, Мангуд овог гарчээ... Хоёрдугаар хөвүүн нь Барим шир буха бужу гэдэг... Гутгаар хөвүүн нь Хачүли гэдэг байсан бөгөөд түүний удмаас барулас овог гарчээ... Дөрөвдүгээр хөвүүн нь Сэм Качиун, түүний удмаас Хадархан аймаг гарчээ... Тавдугаар хөвүүн нь Баткүлки гэдэг байсан бөгөөд түүний удмаас будаат аймаг үүсчээ. Зургаа дахь хөвүүн нь Хабул хан... Долоо дахь хөвүүн нь баян Удур бөгөөд түүний овгоос журьяат аймаг гарчээ... Найм дахь хөвүүн Буралжар духлайн, үүний удмаас бүх Духлат аймаг үүссэн... Ес дэхь хөвүүн нь Хитатай гэдэг бас Жочи наху ч гэдэг. Түүний овгоос Бэсүт аймаг гаралтай."[1]

17-р зуунд Хивагийн хаан Абул газигийн бичсэн Шажрат ул атрак бүтээлд "Түминэй хан...хоёр эхнэртэйгийн эхний эхнэрээс долоон хөвүүн төрж, дараагийн эхнэрээс нь хоёр ихэр хөвүүн төрсөн. Нэг ихэр нь Хабул хан, нөгөө ихэр нь Хачули юм. Хабул бол Чингис хааны 5 дахь үеийн өвөг дээдэс, Хачули бол эмир Төмөр гүрханы 8 дахь үеийн өвөг дээдэс болно."[3]

Монголын Нууц Товчооны 46-р зүйлд Барулас овгийг Мэнэн Тудуны хөвүүн Хачиу, Хачулагийн үр удмаас үүссэн гэдэг бол Судрын чуулганд Тумбинайгийн анхны эхнэрээс төрсөн 3 дахь хөвүүн Хачулигаас барулас овогтон үүсэн, бага эхнэрээс төрсөн Хабул хан төрсөн гэж тэмдэглэж байна. Харин Доголон Төмөрийн цагаас хойш бичигдсэн түүхийн аливаа бүтээлд Барулас овгийг Хабул хаантай холбон тайлбарлах байдал нэмэгдсэн нь илт харагддаг. "Мөн Төмөрийн өөрийн нотлон өгүүлж буйгаар Хабул хан, Хачулай бахадур нарын хооронд байгуулж, Тумбинай ханы ал тамгаар[4] баталгаажуулсан уг гэрээ нь ган төмөр хавтан дээр "Ханы тушаал Хабулын үрсэд, цэргийн тушаал Хачулайн үрсэд болтугай" гэж бичсэн нь 1350-иад оноос Цагаадайн улсын Баруласын ноёдын хүчирхэгжилт, төрийн эрхийн төлөөх тэмцлийг олон нийтэд хүлээн зөвшөөрүүлэх оролдлого гэж үзүүштэй."[5]

Өмнөх
Байшонхор догшин
Хамаг Монголын хан
?-1130?
Дараах
Хабул хан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 Судрын чуулган-1. Translated by Ц., Сүрэнхорлоо. Улаанбаатар. 2002. pp. 178–179. {{cite book}}: |first= missing |last= (help)
  2. "Монголын нууц товчоо: 48-р зүйл". www.mongolian-art.de. Retrieved 2023-12-20.
  3. The Shajrat Ul Atrak or Genealogical Tree of The Turks and Tatars (in English). Translated by Miles, William. London: East India Company. 1838. p. 55. {{cite book}}: |first= missing |last= (help)CS1 maint: unrecognized language (link)
  4. Ал Тамга гэдэг нь Улаан тамга гэсэн үг.
  5. Д., Анхбаяр (2019). Цагадайн Улс-Монголын Эзэнт Гүрний Түүх. Улаанбаатар: МУИС. p. 87.