Төмөр зэвсгийн үе

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Төмөр зэвсгийн үе гэж хүрэл зэвсгийн дараа төмөр ашиглаж эхэлсэн Хүн төрөлхтөний түүхийн нэг үеийг нэрлэдэг археологийн шинжлэх ухааны нэр томъёо юм. Төмөр зэвсгийн үед хүмүүс өөрийн багаж, зэр зэвсгийг төмрөөр үйлддэг болсон нь хүний хөгжил, түүний нийгмийн түүхэнд үйлдвэрлэл, аж ахуйн хувьд дэвшилт болсон том түлхэц байжээ. Кристиан Томсен (1788–1865) нь төмөр зэвсгийн үеийг дотор нь зарчмын хувьд ялгаатай гурван үед хувааж үзсэн байдаг. Төмөр зэвсгийн үе нь газар зүйн бүс, цаг уурын нөхцлөөс хамааран дэлхийн хэмжээнд харилцан адилгүй үед эхэлсэн гэж үздэг байна. Тухайлбал: ойрхи дорнодод МЭӨ 1200-500 онд, энэтхэгт МЭӨ 1200-200 онд, европт МЭӨ 1200-МЭ 400 онд, хятадад МЭӨ 400-МЭ 200 он, Японд МЭӨ 100-МЭ 500 онд, Солонгост МЭӨ400-МЭ 50 онд тус тус хөгжсөн гэдэг ба хүн төрөлхтөний хувьд МЭӨ 1200-МЭ 700 онуудад болсон байна.

Төмөр зэвсгийн үе Хүрэл зэвсгийн үе Неолит Чулуун зэвсгийн үе

Хүн төрөлхтөний хөгжлийн үе

Монгол нутагт оршин сууж байсан овог аймгууд МЭӨ YII- III зууны үед төмөр зэвсгийн түрүү үеийг дамжин туулсан юм. Төмөр зэвсгийн түрүү үе нь хүй нэгдлийн нийгмийн төгсгөлийн шат бөгөөд тэр үед хүмүүс төмрийн хүдрийг хайлуулах аргыг эзэмшиж төмрөөр хөдөлмөрийн багаж, байлдааны зэр зэвсэг үйлдвэрлэх болжээ. Төмрөөр хийсэн багаж завсэн хүрлээс илүү бат бөх, хурц уян харимхай чанартай бөгөөд төмрийг давтаж болдог зэрэг олон давуу чанартай төдийгүй хүдэр нь зэсийнхээс элбэг тархсан байдаг. Төмөр зэвсэг үйлдвэрлэлд нэвтэрсэн өөрчлөлтүүд нь хүн байгалийг эзэмших боломжийг ихээхэн өргөсгөсөн ажээ. Тухайлбал газар тариалангийн хөгжил бүхий л талаараа сайжрах боломжтой болж, гар урлал, нэн ялангуяа төмрийн дарх, зэр зэвсгийн хөгжил ихэд түргэссэн бөгөөд гэр, сууц болон тэрэг, чарга зэрэг тээврийн хэрэгсэл янз бүрийн модон эдлэлийг хийх ажил ихээхэн боловсорчээ. Монгол орны түрүү үеийн өвөрмөц цогцолбор дурсгал бол Увс аймгийн Чандмань уулын булш юм. Чандмань уулнаа “дүнзэн бунхантай шороон булш” “жижиг чулуун хайрцган” булшинд хүмүүсийг олноор нь оршуулахдаа тэдний эдэлж хэрэглэж байсан хутга чинжаал, байлдааны алх, нум сум, шавар ваар, ноёл чимэглэлийн зүйлс зэргийг дагалдуулан тавьсан байдаг. Төмрийн түрүү үед холбогдох өөр нэг дурсгал бол хадны сийлмэл зураг юм. Архангай аймгийн Чулуут гол, Хөрөөгийн үзүүр, Булган аймгийн Баруун могой, Орхон гол, Өвгөнт, Үүдэнт, Увс аймгийн Хандгайт, баруун зүүн дунд Турга, Ховд аймгийн Үзүүр хөх хад, Хонгиогийн гол, Хөшөөт Ямаан ус, Баянхонгор аймгийн Бугат, Бичигт, Говь-алтай аймгийн Цагаан гол зэрэг олон газрын хаднаас амьтдыг бодит байдлаар болон амьтны загварт урлагийн барилаар дүрсэлсэн олон зураг олдсон юм.