Феликс Мендельсон

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Феликс Мендельсон (герм. Felix Mendelssohn Bartholdy; 2 сарын 3, 1809 – 11 сарын 4, 1847) нь Германы хөгжмийн зохиолч байв.

Mendelssohn Bartholdy.jpg

Феликс Мендельсоныг “XIX зууны Моцарт” хэмээн арай хэтрүүлэн үнэлэсэн байдаг. Гэвч үүнд үнэтэй тал бий нь юу гэвэл, түүний авьяас ер бусын эрт тодорсон бөгөөд аялгуу тансаг сайхан аялгуу, гэрэл гэгээтэй тодорхой дуурьслын шинж чанараараа Моцарттай нэн ойр юм. Ийм ч болохоор нь түүнийг бас романтикуудын дунд төрсөн сонгодог зохиолч нэж нэрлэх нь бий. Амьдрал уран бүтээлийнхээ туршид Хендель, Бах, Моцарт, Бетховений бүтээсэн урлагийг биширдэг байв. Мендельсон урьд эдүгээгийн урлах аргын алийг чихосолж чаддаг өвөрмөц талтай. Тэрээр үндэснийхээ ардын болон шинэ яруу найраг, дэлхийн утга зохиолын сэдэв, эрт цагаас ард түмний дунд дэлгэрсэн хөгжмийн хэлбэр зэргийг бүтээлдээ өргөн ашигладаг байлаа. Тэр, баатарлаг юм уу сэтгэхүйн гүн гүнзгий эрс тэс хөдөлгөөн зөрчилтэй зохиол бичдэггүй, харин тов тодорхой хэлбэр барилыг ашиглаж цэлмүүн сайхан уянга бүтээдэг байв.

Суут хүмүүсийн амьдралд нэн ховор тохиолдох амьдралын таатай сайхан нөхцөл Мендельсонд олдсон байдаг юм. Тэр амьжирлагын талаар санаа зовсонгүй, үүнчлэн алдар хүндэтгэлийн титэм аяндаа хүрч ирж байлаа. Хөгжмийн ертөнц рүү алхсан даруйд нь алдар гавьяа тосон авч байлаа.

Мендельсон 1809 онд Гамбург хотноо сэхээлний гэр бүлд төржээ. Түүний өвөг эцэг нэрд гарсан гүн ухаантан байв. Банкийн эзэн эцэг нь хөгжмийн зохиолч хүүгийнхээ багш зөвлөгч байх буурьтай боловсролтой хүн байжээ. Феликсийг мэндэлсний дараахан тэд гэр бүлээрээ Берлинд шилжин суув. Мендельсоны хурц авьяас нь маш эрт тодорсон бөгөөд 9 настайгаасаа концертод хөгжимдөж эхэлжээ. Зохиох, туурвих авьяас нь ч үүнтэй бараг зэрэг тодорч 11 настайгаасаа театр тайзны бяцхан зохиолууд, найрал болон цөөхүүл хөгжмийн аязууд бичжээ.

Мендельсоны гэрт тэр үеийн шилдэг сэхээтхүүд цуглардаг байсан нь Мендельсоны ертөнцийг үзэх үзэл, гоо сайхны таашаал сонирхол, уран сайхны үзэл чиглэл эрт бүрэлдэн цогцлоход тусалсан.

Түүний багш Цельтер нь шавиа бахархаж их яруу найрагч Гётетэй танилцуулсан нь сонгодог урлагт түүнийг улам ойртуулж өгсөн билээ. Мендельсонд ойр дотно танилцсан Веберийн хөгжим, түүний романтик уран зөгнөлт сэтгэлэг, үндэсний өвөрмөц хөг аяс онцгой нөлөөлсөн байдаг. Ийнхүү Мендельсон идэр залуудаа урлах чадвараа олж 17 хүрээгүй шахам байхдаа ШекспирийнЗуны шөнийн зүүд” хэмээх симфони удиртгал нь олон жилийн хожим зохиосон зохиолуудаас нь ч давуу ур чадварлаг байв. Түүнчлэн энэ үеэс “Камахо гэрлэсэн нь” дуурь, шашны хөгжим, төгөлдөр хуурын олон зохиол, симфони болон дөрвөлүүд зэрэг хөгжмийн төрлүүдийг хамарсан бүтээл туурвисан ажээ. Энэ мэтээр Мендельсоны нэр Берлинээс халин гарчээ. Мендельсон Берлиний их сургуулийн түүх-хэлний ангийг эчнээ сурч төгсөөд 21-тэйдээ олон талаар төгс төгөлдөр уран бүтээлч болжээ.

1829 оноос хилийн чанадад анх жуулчлан хөгжимдөж аялан тоглолт хийдэг болжээ. 1833 онд Дюссельдорф хотын хөгжмийн захирал болж олон талын үйл ажиллагааг өргөн хүрээтэй өрнүүлэх боломжтой болов. 1835 онд Лейпцигийн оркестрийн удирдаач болжээ.

Тэрээр Лейпциг хотод амьдралынхаа сүүлийн жилүүдэд олон удаа цус харваж 1847 онд нас баржээ.

Мендельсоны хөгжим нь тухайн үеийнхээ хөгжмийн зохиолчид шиг биш, арай хуучин өнгө аялгуутай байсан тул тэр үедээ нэр хүнд харьцангуй бага байсан боловч одоо үед түүний суут хөгжим нь дэлхийн хамгийн гайхамшигт хөгжмийн дунд зүй ёсоор тооцогдож байна.