Фрэнк Вайкофф

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Фрэнк Вайкофф
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Америк Америк
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Фрэнк Клиффорд Вайкофф
Төрсөн огноо 1909 оны 10 сарын 29 (1909-10-29)
Төрсөн газар Айова, Де-Мойн
Нас барсан огноо 1980 оны 1 сарын 1 (70 насалсан)
Нас барсан газар Калифорни, Алтадена
 
Медалиуд
Зуны олимп
Алт Амстердам 1928 4x100 м буухиа
Алт Лос-Анжелес 1932 4x100 м буухиа
Алт Берлин 1936 4x100 м буухиа

Фрэнк Клиффорд Вайкофф (англ. Frank Clifford Wykoff, 1909 оны 10 сарын 29 – 1980 оны 1 сарын 1) нь Америкийн Нэгдсэн Улсын хөнгөн атлетикч, олимпийн 4x100 метрийн буухиа уралдааны гурван удаагийн аварга тамирчин юм.

Айова муж улсын Де-Мойнд төрсөн Фрэнк Вайкофф нь орчин үеийн олимпийн түүхэнд буухиа уралдаанаар гурван алтан медаль хүртсэн анхны хүн бөгөөд гурвууланд нь дэлхийн дээд амжилт тогтоон түрүүлж байжээ.

Вайкофф анх Амстердамд болсон олимпийн наадамд оролцож, 100 метрийн гүйлтийн төрөлд дөрөвдүгээр байр эзэлсэн бөгөөд 4x100 метрийн буухиа уралдаанд Америкийн багаас эхэнд гүйж, шигшээ уралдаанд 41.0 секундын амжилтаар дэлхийн дээд амжилтыг давтаж түрүүлжээ.

Олимпийн дараа буюу 1929 онд Вайкофф Глендаль Коммюнити Коллежид элсчээ. Коллежийн эхний жилдээ ахлах сургуулийнхаа дасгалжуулагч Нормал Хэйхөрстийн удирдлага дор бэлтгэл хийсээр байсан. Намар нь хоолойн халдварт өвчин тусч, үхэх дөхсөн бөгөөд хавар нь эдгэрсэн байна. Тэгээд Глендалийн нэрийн өмнөөс тэмцээн уралдаануудад оролцож, дэлхийн дээд амжилтыг 4 удаа давтсан аж. Улмаар Өмнөд Калифорнийн их сургууль руу шилжиж, алдарт дасгалжуулагч Дин Кромвеллийн удирдлага дор бэлтгэл хийх болжээ. 1928, 1931 онд Сонирхогчдын Хөнгөн Атлетикийн Холбооны, 1930, 1931 онд Үндэсний Коллежуудын Хөнгөн Атлетикийн Холбооны 100 ярдын гүйлтийн аваргаар тодорч, 1930 оны 5 сард 100 ярдыг 9.4 секундэд туулж, дэлхийн дээд амжилт тогтоосон бөгөөд үүнийгээ сарын дараа давтжээ. 1931 онд Өмнөд Калифорнийн их сургуулийн багийнхантайгаа 4x100 м-ийн буухиад 40.8 секунд гүйж, дэлхийн дээд амжилтыг эвджээ.

1932 оны зуны олимпоп Вайкофф багийнхнаасаа сүүлд нь гүйж, 4x100 м-ийн буухианы дэлхийн дээд амжилтыг 40.0 секунд болгож ахиулав. 1936 оны зуны олимпод мөн л буухиад сүүлд гүйж, 39.8 секундын амжилтаар дэлхийн дээд амжилтыг эвдэн түрүүлжээ.

1932 онд их сургуулиа дүүргэсэн Вайкофф 1936 онд магистрын зэрэг хүртэж, багш, захиргааны ажилтан болжээ. Вайкофф 1972 онд тэтгэвэрт гарах хүртлээ Лос-Анжелес тойргийн сургуулийн системд ажилласан юм. Тэрээр Калифорни муж улсын Алтадена хотноо 70 насандаа нас нөгчжээ.

Гадны холбоосууд[засварлах]