Хабул хан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хабул хан

Хабул хаан нь Чингис хааны элэнц эцэг бөгөөд Хамаг монголын анхны хаан юм. Хабул XI зууны сүүлчээр (1084 он) Тумбинай сэцэний хоёр хөвүүний ахмад нь болон төрсөн гэж Нууц товчоонд дурдсан бол Рашид-Ад-Диний «Судрын чуулган»-д Тумбинай ханы зургаа дахь хөвүүн, түүний бага хатны ууган хүү болон төрсөн гэж өгүүлсэн байдаг. Хабул хаан бол Бодончарын наймдугаар үеийн ач юм.

Хабул хааны түүх[засварлах]

Хабул хаан хар багаасаа Онон мөрний усанд шумбаж, сайн усчин болжээ. Тэрбээр бүтэн хонины мах идэж дуустал усан дор байж чаддаг ажээ. Хамаг монгол улс Хабул хааны үед хүчирхэгжиж, гадаадад нэр нь алдаршив. Зүрчидийн Алтан улсын элч 1130-аад оны эхээр Хамаг монголд ирж, Хабулыг нутагтаа айлчлахыг урьсан хааныхаа илгээлтийг гардуулжээ. Тэр үед Зүрчидүүд Сүн улстай дайтаж, Хятадын шар мөрнөөс хойшхи бүх нутгийг эзлээд байжээ. Хабул хаан ч Алтан улсын байдлыг мэдэх эрмэлзэлтэй байсан тул урилгыг хүлээн авав. Алтан улсын хаан Үжимэйд (1075-1135) Хабулын сүр хүч ихтэйг үзэж, ёслол төгөлдөр угтан, хүндэтгэсэн дүр үзүүлж их найр хийжээ. Хабул хаан хоолонд хор хийсэн байх магадгүй гэж сэргийлж, аагим халуунаас сэрүүцэх нэрийдлээр голын усанд шумбан идэж уусэн бүгдийгээ гаргаад дахин Алтан хааны өргөөнд орж ирээд өгсөн бүх хоол унд, архи дарсыг хүртэн сууж байв. Зүрчидүүд сүрлэг том биетэй, ухаалаг царайтай, жавхлан төгс эрийг сонжиж, ямар ч их архи уусан согтохгүй байгааг гайхан “Бурханаас заяасан ер бусын баатар чийрэг эр юм” гэж гайхан шагшиж байжээ.

Нэг удаа Хабул хаан санамсаргүй согтож, Татаар зэрэг аймгийг хамаг Монголын эсрэг Алтан улс ил далд өдөөн турхирч байдгийг эгдүүцэж явдгаа хэлж, Алтан улсын хааны сахлыг шувтарчээ. Тэгэхэд Алтан улсын түшмэлүүд Хабулыг барьж цаазлахыг завдав.

Алтан хаан: — Энэ болбоос ёсыг алдсан хэрэг. Ял болсон бус хэмээн хэлтрүүлж, үнэт бэлэг сэлт өгч хүндэт зочны ёсоор буцаажээ. 1135 онд Алтан улсын хаан ширээнд Хи Цзун өргөмжлөгдсөнөөс эхлэн Алтан улс Хамаг Монголыг цэрэг зэвсгийн хүчээр шууд эзлэн авахыг эрмэлзэж Хушаху жанжнаар удирдуулсан их цэргийг Монгол нутагруу илгээжээ. Хушаху Хамаг Монголын эсрэг 4 жил орчим тулалдсан боловч олигтой амжилт олсонгүй. Хабул хаан хүн хүчээр давуу зүрчидүүдтэй ихэд болгоомжтой тулалдаж бага хүчээр илүү амжилтанд хүрэхийг зорьж байв. Хабул довтлон ирсэн зүрчдийн их цэргийг газар мэдэхгүй байдлыг нь ашиглан нутгийнхаа гүнд эсэргүүцэлгүй шахаж оруулаад тэдний хөдлөх бүрийг хянамгай ажиглаж цөөн цэргээр алсаас өдөж чулуу хөөлгөн дайснаа сульдааж, сэтгэл санаагий нь үхүүлж байлаа. Хушаху гийн цэрэг Монголын уудам тал, Хэнтий нурууны бартаат уулс дунд хүн малаа сульдаан ядрааж, хоол хүнсээ дууссаны улмаас аргагүйн эрхэнд буцаж эхлэхэд Хабул хааны удирдсан Хамаг Монголын гавшгай эрчүүд гэнэт уухайлан довтлон цохиж Хайлан уулын орчим 1139 онд бүрмөсөн сөнөөжээ. Хабул хаан тэр цагаас эхлэн Алтан улсыг өөрийн гол дайснаа гэж үзэж цэрэг, зэвсэг хуралдуулан сургуулилж, Алтан улстай дайтаж эхлэв. Алтан улс тухайн үед Хятадын Сүн улстай шийдвэрлэх тулалдаан хийж байсан тул Хабулын довтолгооныг сөрөн зогсож чадалгүй хойд хил орчмынхоо 27 цайз, боомтыг алдсан эжээ. 1141 онд Алтан улс, Сүн улс хоёрын дайн дуусаж, Сүн улс бууж өгснөөр Алтан улс монголчуудын эсрэг бүх хүчээрээ дайтах боломжтой болов. Гэвч Хабул хаан ч цагийг дэмий үрсэнгүй. Тэрбээр өөрийн цэрэг зэвсгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Алтан улсын цэргийн дотор бослого гаргасны улмаас цаазлуулсан Зүрчидийн томоохон ноён Далань хэмээгчийн хүүтэй холбоо тогтоож түүний албат иргэдийг Алтан улсын эсрэг тэмцэлд ашиглах болов.

Энэ бүх үйл явдал нь Хабулын хүчийг улам нэмэгдүүлэв. Хи Цзун хаан Хятадын Сүн улсыг буулган авч, их ялалт байгуулсан Учжу жанжинг Хамаг Монголын эсрэг их цэргээ толгойлуулан хөдөлгөжээ. Зүрчид, монголчуудын хооронд бүтэн 5 жил үргэлжилсэн энэ дайнд Хабул хааны эрэлхэг зориг, авхаалж самбаа, жанжны ур чадвар, ихэд товойн гарсныг хэлэх юун. Алтан улс тухайн үед Төв Азийн хамгийн хүчирхэг улс болж байсан агаад Зүрчидийн цэрэг тоогоор олон, түүний дээр өмнөд Хятадад олон жил тулалдаж дайны дадлага туршлагаар илүү байсан зэрэг олон зүйлээр давуутай байсан боловч Хабул хааны удирдсан монголчууд тэр их тулалдаанд ялж гарсан юм. 1147 онд Хамаг Монгол, Алтан улс хоёрын хооронд найрамдлын гэрээ байгуулагдаж түүгээр Зүрчидийн Сипинь голоос хойшхи 27 цайзыг Хамаг Монголд шилжүүлэн өгөх, Алтан улс Хамаг Монголд жил бүр үхэр, хонь, амуугаар алба төлөх болов. Түүнээс гадна Алтан хаан Хабулд ван хэргэм шагнасан боловч тэрбээр эрс няцааж хүлээж авсангүй. Хабул хаан Алтан улсын вангийн хэргэмтэй, хэргэмгүй язгуурын монголчуудын хууль ёсны хаан гэдгээ тэдэнд ойлгуулжээ. Мөн Алтан хааны эчнээ хорт бодлогыг тэрбээр мэдэж байсан тул ван хэргэм шагнасныг эрс шийдвэртэй няцаасан хариу өгчээ. 1147 оны гэрээгээр Алтан улс арга буюу их буулт хийсэн нь Хамаг Монголын сүр хүчин ихэд дээшилж хүчирхэг Алтан улстай эн зэрэгцэхүйц болж ирснийг харуулж байна.

Хабул хааны дотооддоо гүйцэтгэсэн гол гавъяа бол улсыг байгуулсан, ихэс дээдсийн хуралдайг хуруулан хаан сонгож, боржигины угсаа залгамжлалыг бий болгосон явдал юм. Хабул хаан Монголын түүхэнд их гавъяа байгуулсан улс төр, цэргийн том зүтгэлтэн байжээ. Хамаг монгол улсыг Хабул хаан байгуулаагүй бол монголчуудын нэгдэл нэн удааширч Их монгол улс байгуулагдахад ч бэрхшээл учирч болох байсан. Алунгоогийн тэнгэрийн хөвгүүдээр овоглосон Боржигин овгийг түүхийн тайзанд тэргүүлэх үүрэгтэй өргөн гаргаж, монголын хаадын залгамжлах угсаа гарлыг тогтоож, тэдгээр цагаан ясны хаадын удирдлагын дор "Олонхийн монгол улс" буюу "Хамаг монгол" улсыг тийнхүү байгуулсан нь Хабул хааны монголын түүхэнд байгуулсан хамгийн том гавъяа мөн юм. Хабул хааныг зарим түүхийн номонд "шинэчлэгч хаан", "олноор хэлэлцэх ардчилалыг тогтоогч" гэх мэтээр бичсэн нь түүний хуралдайн журмыг тогтоож, хааныг сонгуулиар гаргадаг болсныг хэлсэн байна.

Ийнхүү XI зууны тэртээ Хабул хаан язгуурын монголчуудын төр улсыг дахин сэргээн байгуулсан нь Төв Азийн улс төрийн амьдралд ихээхэн үүрэг гүйцэтгэх болж, цаашдаа Хамаг Монголыг тойруулан Татар, Мэргид, Хэрэйд, Найман зэрэг монголын бусад аймаг, ханлиг улсыг нэгтгэж, Монголын нэгдсэн улс байгуулах суурийг тавьсан билээ. Хабул хааны үндэслэсэн Хамаг Монгол Улсад Хүннүгээс уламжилсан монголчуудын төрийн гал голомт, сүр сүлд, бэлгэ тэмдэг нь бүгд байсан юм. Хүннү, Сүмбэ, Нирун улсын дараа язгуурын монголчуудын төр ёсны уламжлалыг сэргээн түүхийн тавцанд нь дахин гаргаснаараа Хабул хаан монголын хаадын дотор хүндтэй байр эзэлдэг билээ. Хабул хаан өвчнөөр нас барсан байна.

Хабул хаан хаан ширээгээ гэрээсэлсэн нь[засварлах]

Хабул хаан XII зууны тэргүүн хагаст нас барахдаа хаан ширээгээ долоон хөвгүүнийхээ нэгэнд бус тайчууд овгийн Сэнгүм Билэгийн хөвгүүн Амбагайд өгөхийг гэрээсэлсэн ажээ. Ийнхүү Хабул хаан өөрийн хөвгүүдэд бус тайчуудад төрийн эрх шилжүүлсэн учир шалтгааныг судар түүхэнд тэмдэглэсэнгүй. Хабул хаан өөрөө долоон эрэлхэг хүүтэй, тэр дундаа хоёрдугаар хөвгүүн Бартан баатар, дөрөвдүгээр хөвгүүн Хотула, зургадугаар хөвгүүн Хадаан баатар нар эцгийнхээ амьд сэрүүн ахуйд ухаан төгс, эр зоригтой эрэлхэг дайчид болохоо нэгэнт харуулсан ажээ. Гэтэл Хабул хаан нас барахдаа тайчуудын зоригт баатар Сэнгүм Билэгийн хөвгүүн Амбагайг Хамаг монголын хаан болгохыг гэрээслэн үлдээжээ. Чухам ингэж хиад-боржигин ноёдын дотор угсаа залгамжлалын талаар эргэлт болох шинэ үзэгдэл бий болов. Үүний учир шалтгааныг эргэцүүлбэл, юуны өмнө, Зүрчидийн Алтан улсын зүгээс учрах аюул занал ихсэж, тэд татарчуудыг турхиран Хамаг монголын дотор хорлон бусниулах ажиллагааг нэн идэвхижүүлж байж. Бас Хамаг монголыг довтлохоор цэргийн бэлтгэлээ зузаатгаж, татартай нийлэн "цэргийн сэргийлэх холбоо" гэгчийг байгуулсан байжээ. Ийм эгзэгтэй цаг мөчид Хамаг монголын дотоод эв нэгдлийг хамгаалахыг хамгаас урьдал болгосон байжээ. Түүнээс гадна бусад монгол ханлиг аймгуудтай "харь дайсны аюулын эсрэг" гэдэг хөрсөн дээр нэгдэн нийлж, хүч олох, ялангуяа цэрэг эрийн хүчин чадал сайтай, олон хүн амтай тайчууд аймгийг Хамаг монголын тулгуур хүч болгон ашиглах нь хамгаас чухал байсан ажээ.