Христийн шашин

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Карл Хейнрич Блоч - Дахин амилсан нь

Христийн шашин эсвэл ХристИтгэл нь Есүс Христ гэх Бурханы Хүү, хүн төрөлхтнийг аврахаар Мессиа (еврейгээр Аврагч) ирж аварна гэсэн онолыг заадаг шашин/итгэл. Тооцоогоор нийт дэлхийн хүн амын 1,5 тэрбумаас 2,1 тэрбум хүн нь ХристИтгэлд итгэдэг ба энэ нь Дэлхийн нийт хүн амын 33,32% юм. Анхны ХристИтгэл чуулган нь ганц сургаал, ганц урсгалтай байсан боловч ХристИтгэлийн түүхэнд Библийн тайлбар, онол сургаалаас олон урсгалд хуваагдсан. Хамгийн том 3 урсгал нь Католик, Ортодокс, Протестант болно. Монгол хэлэнд нэршлийг ХристИтгэл, Христийн шашин, Христос гэх мэтээр нэрлэсэн байдаг бөгөөд эдгээрээс ХристИтгэл нь зөв гэж үздэг. Учир нь Христэд итгэдэг учраас буюу итгэл нь Христэд байсан тул ХристИтгэл гэдэг нэр томьёо илүү ойр буудаг.

Судар[засварлах]

ХристИтгэл нь Библи гэх судрыг хэрэглэдэг бөгөөд энэ нь "Хуучин Гэрээ" ба "Шинэ Гэрээ" гэсэн 2 ботид хуваагддаг. 1600 жилийн туршид нийт 40 гаруй бичигчээр бичигдсэн юм.

"Хуучин Гэрээ" нь Есүс Христээс өмнөх үеийн Израйльчуудын түүхийг өгүүлсэн байдаг бөгөөд Иудаизмын хэлбэрээр бичигдсэн Еврей Библи юм. Уг номд Бурхан дэлхийг бүтээсэн болон хүнийг бүтээсэн, хүн төрөлхтөн гэмд унасны мөн чанар, тэдгээрээс үүдэх хор уршиг зэргийг өгүүлэхээс гадна Израйльчуудын түүх, амьдрал, Ёхова Бурханы сургаал зэргийг өгүүлдэг. Католик Хуучин Гэрээ нь 46 ном, Ортодокс Хуучин Гэрээ 50, Протестант Хуучин Гэрээ нь 39 номтой.

"Шинэ Гэрээ" нь Христийг энэ дэлхийд мэндэлснээс хойших түүхийг өгүүлдэг бөгөөд Сайн мэдээний 4 ном, Дагалдагчдын үйлс, Пасторын захидлууд, Эш үзүүлгийн сэдэвтэй номуудаас бүрддэг. Нийт 27 номтой ба эхэн үеийн Шинэ Гэрээ нь Еврей хэлээр бичигдсэн бөгөөд МЭ 2-р зуунаас Латин хэл үрүү хөрвүүлэгдсэн.

Итгэлийн тулгуур[засварлах]

ХристИтгэлийн урсгал бүр өөр өөр сургаал онолтой боловч дараах үндсэн сургаалуудад итгэдэг. Энэ нь:

Теологийн сургаал[засварлах]

  • Ганц Бурхант үзэл буюу Монотеизм: Сансар огторгуй, орчлон ертөнц дээр хамгаас дээр оршигч Ганц Бурхан байдаг гэж үздэг. Тэр өнгөрсөнд ч, одоо ч, ирээдүйд ч үүрд мөнх байна гэх ба Ёхова, Яавэ зэргээр нэрлэдэг. Монголын Христэд итгэгчид "Мөнхийн Эзэн", "Ертөнцийн Эзэн", "Эзэн Бурхан", "Хүчит Нэгэн", "Түмэн Цэргийн Эзэн", "Тэнгэрбурхан (Католик сүмийн хэллэг)" гэх мэтээр монгол хэлнээ орчуулан нэрлэсээр байна.
  • Ариун Гурвал: Нэг Бурхан боловч 3 бодьгалиас бүрдэх бөгөөд энэ нь Эцэг, Хүү, Ариун Сүнс болно. Эцэг Бурхан бол дээр дурдсан Ертөнцийн Эзэн, Хүү нь Есүс Христ, Ариун Сүнс нь Бурханы туйлын Ариун Сүнслэг Биет (Spirit). 3 бодьгал нь үргэлж цугтаа, бие биенээсээ тусад оршиж чадахгүй. Бие биетэйгээ нэг байснаар цорын ганц Бурханыг бий болгодог. Эцэг нь Бурхан, Хүү нь Бурхан, Ариун сүнс нь Бурхан гэх боловч эдгээр нь цугтаа байснаар ганц л Бурханыг бий болгодог. Аль алингүйгээр оршихгүй. Хэдий 3 Бурхан мэт ойлгогдох боловч нэгдэлээр оршигч ганц Бурхан гэж үздэг.
  • Бүтээл: Бурхан орчлон ертөнц, түмэн амьд биес болон Өөрийн дүр төрхийн дагуу эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээсэн ба тэднийг Адам, Ева гэдэг байсан.
  • Шийтгэл ба Үхэл: ХристИтгэлд "Шийтгэл" гэх үг нь угтаа бол "Гэм нүгэлд автсан зүрх" гэх ба анхны хүмүүс болох Адам, Ева 2 гэм үйлдсэнээр үхэл хүн төрөлхтөнд ирсэн. Үүнээс хойш төрсөн бүх хүн гэмт мөн чанартай төрдөг болсон бөгөөд зайлшгүй гэм үйлддэг болсон. Бурхан хүн төрөлхтнийг аврах шаардлага гарсан бөгөөд ингэхгүй бол хүн үүрдийн шийтгэл болох үхэлд унах байсан.
  • Христийн аврал: Есүс Христ бол Бурханы Хүү, тэр бол Бурхан. Есүс энэ дэлхийг аврахаар, Бурханы энэрэл, нигүүлслийг өгхөөр ирсэн. 30 насандаа үйлчлэлээ эхэлж, загалмайд цовдлогдож нас барсан бөгөөд ингэснээр Бурхан хүн төрөлхтнийг зольж аварсан. Өөрөөр хэлбэл Христ хүмүүсийн өмнөөс гэм нүглийг нь үүрэн үхлийг зайлуулсан. Тэр 3 өдрийн дараа дахин амь орсон. Үүний дараа дагалдагч нартайгаа уулзаад тэнгэр лүү одсон юм. Христ хүмүүсийн төлөө ирж, загалмайд хүмүүсийн гэм нүглийг төлөө цовдлогдон нас бараад 3 өдрийн дараа амь орж, тэнгэр лүү одсон ба Тэрээр одоо ч амьд гэдэгт итгэдэг хүн нь аврагдаж мөнх амьтай болсон гэж Библи заадаг. Тэр одоо ч ажиллаж байгаа бөгөөд дахин ирж, дэлхийг яллан (Христэд итгэдэггүй хүмүүсийг), өөрт нь итгэдэг хүмүүстэй шинэ тэнгэр, шинэ газарт үүрд мөнх амьдарна гэдэг байна.
  • Шинэ бие ба Мөнхийн амь: Христ дахин ирээд, бүх хүмүүсийг үйлсээр нь шүүн, итгэдэг зөвт хүмүүс нь шийтгэлгүй өнгөрч мөнх амьтай болох бөгөөд Бурхантай хамт үүрд мөнх хамт оршино. Харин итгэдэггүй хүмүүс нь мөн үйлдэж байсан үйлсээрээ шүүгдэж зохих шийтгэлээ авна. Үүнийг Библид Мөнхийн гал, Хүхэрт нуур гэдэг.
ХристИтгэлийн гол бэлэг тэмдэг болох Загалмай

ХристИтгэл-Түүх[засварлах]

ХристИтгэл нь 1-р зуунд үүссэн бөгөөд Ромын Эзэнт Гүрний Иуда мужад Иудей хүмүүсийн дунд бий болсон. Үүний дараагаар Бага Ази болон Египетээр дамжин Грек, Италид тархсан. 392 онд Ромын Эзэн Гүрний хаан I Теодосис хаан 2 сарын 27-ний өдөр зарлиг буулган Ромын Эзэнт Гүрний Төрийн Шашин болгосон. 1054 онд ХристИтгэлт хагарал гаран зүүн (Ортодокс), баруун (Католик) болон салсан. Энэ хагарал одоо ч гэсэн үргэлжилсээр байгаа. 16 зууны үеэс эхлэн Католик урсгалаас Протестант урсгал салсан бөгөөд энэ үеээс эхлэн маш олон жижиг урсгалууд бий болсон.

Эхлэл[засварлах]

Шинэ Гэрээний хэллэгээр, Иудей хүн Есүс 30 гаруй настай байхдаа (МЭ 1-р зууны 30-аад оны үе) эхлэн үйлчлэлээ эхлэн, сургаалаа номлож эхэлсэн. Тэрээр мөнх амь, Бурханд итгэх итгэл болон зөвт, гэм зэмгүй амьдралын талаар заадаг байсан. Есүс өвчтэй хүмүүсийг эдгээн, хүмүүст усан баталгаа хийж өгдөг байсан бөгөөд хүмүүсийн гэм нүглийн төлөө загалмайд цовдлогдон нас барсан. Гэм нүглийн төлөөс нь цус бөгөөд Еврейчүүд гэм нүглээ далдлахын тулд хургаар Бурханд өргөл өргөдөг байсан. Ингэсээр уучлал ирдэг байлаа. Христ яг тэр хургатай адил өөрийгөө хүмүүсийн гэм нүглийн төлөө өгсөн бөгөөд ингэснээр Түүнд итгэсэн хүн бүр гэм нүгэлгүй болно хэмээн заадаг.

Эхэн үеийн ХристИтгэл[засварлах]

Христийн нас барсны дараа түүний дагалдагч нар хүмүүст Түүний сургаалыг үргэлжлүүлэн номлож, хүмүүст усан баптисм хүртээж, итгэхийг уриалж байлаа. Зарим Иудей хүмүүс тэднийг буруу номтон, гаж урсгал хэмээн Ромын шүүхэд гомдол гаргасан боловч Ромын шүүх Христэд итгэгчдийг Иудей шашны нэг урсгал гэж үзсэн байна. Ромын эзэн хаан Неро (МЭ 54-68 он) Христэд итгэгч хүмүүсийг хоморголон устгаж байсан ба МЭ 60 оноос эхлэн энэ явдал улам эрчимжсэн.

313 оноос эхлэн Ромын Эзэнт Гүрэн ХристИтгэлийг хууль ёсны байр сууртай гэж хүлээн зөвшөөрсөн. Ингэснээр ХристИтгэл хөгжиж эхэлсэн ба Есүсийн амилсан өдрийн тэмдэглэх буюу Амилсан баярыг тэмдэглэж эхлэсэн. Мөн түүнчлэн 12 сарын 25-нд Христийн төрсөн өдөр буюу "Христмас", монголчилбол "Зул сарын баяр"-г (Гэвч Зул Сар гэдэг нь Буддын шашины Зулын хорин тавны өдрийн нэр бөгөөд энд дурдагдаж буй Христмас гэсэн нэр томьёонд тохирсон төдийлөн сайн орчуулга биш болно.) тэмдэглэж эхлэв. 1054 онд ХристИтгэлд хагарал гаран Католик ба Ортодокс буюу Үнэн Алдартан хэмээн салав. Католикыг мөн Ромын Католик гэдэг. МЭ 16-р зуунаас Европт эхэлсэн шашин, улс төрийн шинэтгэлийн үеээр Протесстант урсгал Католик урсгалаас гарсан бөгөөд өмнөхөөсөө илүү их тархсан.

Орчин үед[засварлах]

Дэлхийн хүн ам ба ХристИтгэл

ХристИтгэл нь одоо Католик, Ортодокс, Протестант гэсэн 3 том урсгалд түүхийн янз бүрийн явцад хуваагдсан. 2004 онд 2 тэрбум гаруй итгэгчтэй болсон байна. Үүнээс Католик 1,1 тэрбум, Ортодокс 300 сая, Протестант 31,7 сая итгэгчтэй байна. Жил дундажаар 1,25 хувийн өсөлттөй байдаг.

ХристИтгэлт Ариун Хот[засварлах]

  • Бетлехем - Христийн төрсөн газар. Одоогын Израйль улсад байдаг.
  • Иерусалим - Израйлийн нийслэл. Энэ газарт Есүс цовдлогдон нас барсан бөгөөд бүхий л үйлчлэл нь энэ газартай холбоотой.
  • Назар - Есүс Христийн өсөж том болсон газар. Тиймээс Христийг "Назарын Есүс" гэж нэрлэдэг.
  • Антиох - Христийн дагалдагчид үйлчлэлээ анх эхэлсэн хот
  • Ватикан - Католик итгэлтнүүдын төв.
  • Константинополь - 1453 онд сүйрсэн хот. Зүүн Ортодоксын төв байсан.

Мөн үзэх[засварлах]

Гадаад холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Christianity