Хэрэглэгч:Өлзийтогтох

Завь хөлөглөсөн хүүхдүүд инээд хөөр болон уралдах бяцхан цэцэрлэгт хүрээлэн Дэнжийн мянга дахь Ногоон нуур гэдэг газар өнгөрсөн тавдугаар сарын 1-ний өдөр нээгджээ. 2005-2008 оны хооронд гурван жил Өмнөд Солонгост ажилласан С.Өлзийтогтох хэмээх залуу Ногоон нуурын олон жилийн хог, новшийг цэвэрлэж, цэцэрлэг хүрээлэн болгохоор ажлаа дөнгөж эхлүүлээд буй нь энэ. Өмнө нь, Дэнжийн мянгын Ногоон нуур гэдэг байсан энэ газар хайрганы карьер ажилладаг байж. Хайрганы карьер ажиллах явцад ус гарсан тул компани нь орхиод явчихсан гэнэ. Энэхүү хайрганы карьерийн ухсан газар өвөрмөц тогтоцтой нэгэн гүнзгий хонхор бий болгосныг С.Өлзийтогтох сэргээн засварлаж, цэцэрлэгт хүрээлэн болгохоор гурван жилийн турш ажиллажээ. Үүний үр дүнд Ногоон нуур цэцэрлэгт хүүхэд, томчууд усан завь хөлөглөн тоглож, цагийг зугаатай өнгөрөөх боломж бүрджээ. С.Өлзийтогтох Ногоон нуураа зундаа усан бассейнаар ашиглаж, хүмүүс завиар тоглодог, өвөлдөө мөсөн гулгуурын талбай болчихдог бяцхан амралт чөлөөт цагийн цэцэрлэгт хүрээлэн болгох агуу мөрөөдөлтэй аж. Түүний мөрөөдөл биелэх ойрхон байгаа нь хийсэн, бүтээсэн зүйлсээс нь харагдаж байлаа. Ирээдүйд амралт чөлөөт цагийн бяцхан цэцэрлэг хүрээлэн болон өргөжих Ногоон нуурын усан бассейнд өчигдөр манай сурвалжлах баг очлоо. Завь хөлөглөж, хүүхдүүдтэй уралдаж үзлээ. Анхандаа завиа яаж залуурдахаа ойлгохгүй багахан хөглөснийг эс тооцвол тун сонирхолтой юм. Усан дээр хөвөлзөн хөдлөх бяцхан завиа залуурдаж, нэгээс нөгөө зах хүртэл сэрүү татуулна хөвнө гэдэг үнэхээр сайхан юм. Биднийг бага байхад ийм сайхан зүйл байсан шавиагаа ханатал тоглохгүй юу гэж бодож байлаа. Гэхдээ Ногоон нуурын цэцэрлэгт хүүхэд, том хүний гээд хоёр төрлийн завь байна. Тэгэхээр томчууд бас сайхан тоглож авах боломжтой аж.

Ногоон нуурыг цэцэрлэгт хүрээлэн болгохоор ажлаа эхлүүлээд буй С.Өлзийтогтохтой цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Ногоон нуурын их хогийг цэвэрлэж, цэцэрлэгт хүрээлэн болгоё гэдэг санаа анх хэзээ төрөв? Солонгос улсын туршлагаас анзаарсан уу?

-Манай гэр хорооллын хүүхдүүд “Арай ч дээ” гэмээр орчинд тоглож байна шүү дээ. Хааяахан ангиараа, найз нөхдөөрөө уулзахаар бага насныхаа тухай, тоглож, наадаж өссөн үеэ л голдуу ярьдаг. Тиймээс хүүхдүүдийн чөлөөт цагийг боловсон өнгөрөөчих газар бий болгохсон гэж залуу хүний хувьд хүсч, мөрөөдөж явдаг юм. Хүүхдүүд том болоод уулзахаар зунжин Ногоон нуурын бассейнд завиар уралдаж, өвөлдөө мөсөн гулгуур дээр тоглож өсч билээ гээд ярьж суувал сайхан биз дээ. Би зүгээр л залуу хүний хувьд, ирээдүйгээ сайхнаар төсөөлдөг хүний хувьд Ногоон нуурыг цэцэрлэгт хүрээлэн болгохсон бодож явдаг юм. Түүнээс биш их мөнгөтэйдээ, ашиг олж баяжих гэсэн зорилго бол байхгүй.

-Анх ажлаа юунаас эхэлж байв?

-За ер нь хогийг нь цэвэрлэхээс эхэлсэн дээ. Сайхан цэвэрлэчихвэл байгаль дэлхий аяндаа өөрийгөө хурын усаараа цэвэршүүлчихдэг юм билээ. Энэ Ногоон нуурын хонхроос хоёр Камаз ачаа гарч байлаа. Ногоон нуурыг цэвэрлэхдээ хүмүүсийг цалинжуулаад ажилладаг байсан. Хүмүүс үхсэн нохой, муурын үлдэгдэлд бол хүрэхгүй. Тэгээд л өөрөө л “үзнэ” шүү дээ. Цэвэрлэснийхээ дараа орчныг нь тор, хайсаар хамгаалж зам гүүр тавих ажлаа эхлүүлсэн.

-Ногоон нуурыг өдий зэрэгтэй болгоход овоо хөрөнгө зарцуулсан байж таарна. Хөрөнгө, мөнгөнийхөө асуудлыг хэрхэн шийдвэрлэж байв? Ямар нэгэн төсөл хөтөлбөрт хамрагдсан уу?

-Солонгосоос ирэхдээ би дансандаа тийм ч их мөнгөтэй ирээгүй л дээ. Гэхдээ хийе гэсэн хүсэл эрмэлзэл байгаа цагт болгож л таарна. Анхандаа хүмүүс ойлгохгүй. Энэ нөхөр яах гээд байна гэсэн янзаар хандана. Хогийг нь цэвэрлээд цэцэрлэгт хүрээлэн болгоно гэхээр чинь эхнэр маань хүртэл ойлгохгүй шүү дээ. Аргагүй ч үгүй биз дээ. Ногоон нуурын хогийг нь цэвэрлээд, орчныг нь тохижуулаад, мод тариад, цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэхээр хэтэрхий хол мэт санагдаж байсан байх. Гэр бүлийнхээ орлогоос багагүй хөрөнгө мөнгийг зарцуулсан. Одоо ч гэсэн бага зэрэг зээлтэй байна. Гэхдээ хамгийн гол ажлаа эхлүүлчихсэн байна. Энэ нь хамгийн чухал байх.

-Цаашид хийхээр төлөвлөж буй ажлаасаа яриач?

-Нэг томоохон завь хийх санаатай. Дээр хүүхдүүд гулсч тоглодог байхаар завь хийе гэж бодож байна. Бас хүмүүс тэр завин дээр зураг хөргөө авхуулдаг байна биз. Цэцэрлэгт хүрээлэн гэдэг утгаараа хажуугаар хайлаас мод тарьсан байгаа. Бас цэцгийн мандал хийх санаатай байна. Ингээд яриад байвал хийх ажил их байна. Ногоон нуур бага талбайтай л даа. Гэхдээ юмыг бага гэж гололгүй хөгжүүлж, цэвэрлэж, ашиглаж байх ёстой л доо.

Ийнхүү бидний яриа өндөрлөлөө. Завиар хүүхдүүд 15 минут тоглоход 500 төгрөгийн үнэтэй. Харин том хүн 15 минут тоглоход 1000 төгрөг юм байна. Ерөнхийдөө нэг цагийн хугацаанд завиар зугаалахад 2000 мянган төгрөгийн үнэтэй аж. Харин өвөл эндээ мөсөн гулгуурын талбай ажиллуулж, цагийн 500 төгрөгөөр хүүхдүүдийг тоглуулдаг гэнэ. Гэхдээ залуу хүний хийх, бүтээх гэсэн хүсэл эргэлзэл мөнгөн дэвсгэртээс ч үнэтэй. Хэрвээ та бяцхан завиар зугаалж, амрахыг хүсвэл Ногоон нуурын цэцэрлэгт хүрээлэнг зориорой. Харамсахгүй гэдэгт итгэлтэй байна.

Б.БИЛЭГ