Хүн чулуу

Хүн чулуу буюу хүн чулуун хөшөө нь хүн дүрстэйгээр хийсэн чулуун хөшөө дурсгалууд юм. Хүн төрөлхтөн хүн чулуун дурсгалыг МЭӨ 4000 жилийн үеэс буюу түрүү хүрэл зэвсгийн үеэс дундад зууны үе хүртэл бүтээж байсан гэж үздэг. Хүн чулууны дурсгалуудын эртнийх нь иран хэлний бүлгийн нүүдэлчид болох Скифүүдтэй холбоотой байдаг бол дунд үе нь Түрэгүүдтэй холбоотой байдаг. Дэлхийд Монгол, Төв Ази, Өмнөд Орос, Украин ба Пруссийн нутагт олон тооны хүн чулуу тогтоогдоод байна.

Хунт ухаагийн хүн чулуу

Хүн чулууг төр улс, овог аймгийн тэргүүн буюу цэрэг дайны алдар гавъяатан зэрэг нэр цуут хүний дурсгалд зориулсан тахилын онгоны бүрэлдэхүүнд оруулан тавьсан байдаг байна. Хүн чулуу нь эртний хүмүүсийн шүтлэг бишрэл, нийгмийн харилцаа, соёл урлагийн түвшин, угсаатны онцлог, зан заншил зэрэг олон асуудлыг тодруулж сэргээн судлах шинжлэх ухааны нэн үнэтэй сурвалж болдог. Эдгээрийг урлан бүтээхдээ байгалийн чулууг засч янзлан хүний биеийн хэлбэр оруулж хийсэн байх ба ур хийцийн хувьд ч харилцан адилгүй. Хүн чулуу нь түүхэн тодорхой цаг үед амьдарч байсан бодит хүнийг дууриалган хийсний хувьд тэр үеийн хүний хувцас өмсгөл, гэзэг үс, зэр зэвсэг, гоёл чимэглэл, зарим эд зүйлсийг бодитойгоор дүрслэн гаргасан байдгаараа шинжлэх ухааны ач холбогдолтой.

Монгол орны хүн чулуун хөшөө дурсгалууд[засварлах | кодоор засварлах]

Монгол нутаг дахь хүн чулуун хөшөөг эрдэм шинжилгээний үүднээс судлах ажил 1889 оноос эхэлсэн гэж үздэг. Манай улсын бүх аймгийн нутгаас хүн чулууны дурсгал олдсон бөгөөд одоогийн байдлаар 500 гаруй хүн чулуу бүртгэгдээд байгаа юм байна. Эдгээр дурсгалуудыг түүх, соёлын хамаарал болон он цагийн хувьд нь хоёр үндсэн бүлэгт хуваадаг. Эхнийх нь Монгол орны төв болон баруун талын нутагт олдсон VI-IX зууны үед холбогдох Түрэгийн үеийн хүн чулуу, нөгөө хэсэг нь зүүн талын нутгаар зонхилон байх XIII-XIV зууны Их Монгол Улсын үеийн хүн чулуу юм. Түрэгийн үеийн хүн чулуу нь тооны хувьд дийлэнх хэсгийг эзэлдэг.

Түрэгийн үеийн хүн чулууд[засварлах | кодоор засварлах]

Шивээт толгойгоос олдсон Түрэгийн үеийн хүн чулуу

Монголд 400 орчим тооны Түрэгийн үеийн хүн чулуун хөшөө олдсон байна. Түрэгийн үеийн хүн чулуу нь гол мөрний сав хөндий, тэдгээрийн ойр орчим тэгш сайхан тал зэрэг олны хараанд өртөхүйц байгалийн үзэмжит газар нутагт цогцлоон байгуулсан тахил шүтээний байгууламжийн бүрэлдэхүүнд орж байрласан байдаг. Хүн чулууны өмнөөс зүүн урагш чиглүүлэн олон гозгор чулууг нэг эгнээгээр цувуулан зоож тавьдаг ба үүнийг “балбал” буюу “зэл чулуу” гэнэ. Энэ үеийн хүн чулуудыг тусгай тогтсон загварын дагуу урлан хийдэг байжээ. Баруун гарт нь сав суулга барьж зүүн гараар бүснээс зүүсэн хутга, сэлмийн ишнээс атган зогсож байгаа хүний байдлаар дүрслэх нь түгээмэл. Хувцасны энгэрийг голдуу буруу тийш дарж товчилсон байх ба олон товруун чимэг бүхий агсарга бүс бүсэлж, бүснээсээ хутга, сэлэм, хавтага, билүү зэргийг зүүж унжуулсан байдаг. Эрэгтэй хүний хөшөө нь үзүүрийг нь махирлан эргүүлсэн живэр сахалтай байх ба заримдаа эрүүндээ богино сахалтай байдаг байна. Монголоос олдсон Түрэгийн үеийн хүн чулуудын толгой нь ихэвчлэн байдаггүй нь Түрэгийн ноёрхлыг түлхэн унагааж дараа нь Монгол нутагт ноёрхож байсан Уйгуруудтай холбоотой ажээ. Монгол дах Түрэгийн хүн чулуудаас хамгийн алдартай нь Орхоны Хөшөө цайдамын гэдэг Билгэ хаан ба жанжин Күлтегинын цогцолбор болон Налайхын Тоньюкукийн дурсгалууд.

Их Монгол Улсын үеийн хүн чулууд[засварлах | кодоор засварлах]

Сүхбаатар аймгийн Дарьгангаас олдсон Их Монгол улсын үеийн Ламтын гэдэг хүн чулууд

Зөвлөлтийн эрдэмтэн Л.Л.Викторова Дорнод Монголын талд судалгаа хийж, Дорнод аймгийн нутаг Шонх Таван толгой гэдэг газар байдг хүн чулууг судлаад "Хувцас хунарын байдал дундад зууны монголчуудынх байгаа учраас энэхүү хүн чулууд нь Түрэгийнх биш дундад зууны монголчуудын дурсгал байна." гэж үзсэнээр Их Монгол Улсын үеийн хүн чулуудыг тусад нь ялгаж судлах эхлэл тавигдсан байна. Их Монгол Улсын үед хамаарах хүн чулуудын ерөнхий төрх нь баруун гартаа хундага сав барьж, түшлэгтэй сандалд суусан эр хүний дүрс зонхилдог, Түрэгийн хүн чулуунд байдаг шиг зэл чулуу байдаггүй. Тухайн үеийн монгол эрчүүдийн гэзэг үсний хэлбэр нь хоёр чихний араар багцлан боож унжуулсан үс, мөн дух руу унжуулсан гөхөл бөгөөд тэр үед Монголд ирж байсан гадны элч төлөөлөгчдийн тэмдэглэн бичсэн тэмдэглэлтэй яг тохирдог байна. Мөн урт нарийн ханцуйтай, зөв тийш дарсан ташуу энгэртэй халхгар дээлтэй байдаг нь тэр үеийн уран зургийн дурсгалтай ч тохирдог байна. Гутлын хэлбэр дүрс нь ч дундад зууны монголчуудын гутал ямар байсныг тодорхой харуулдаг байна. Их Монголын үед холбогдох эдгээр хүн чулуунуудыг хамгийн олноор агуулдаг газар бол Сүхбаатар аймгийн нутаг юм.

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]