Цагаадайн улс

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Цагаадайн улс Их Монгол улсын залгамжилсан дөрвөн Монгол хант улсын нэгэн байв. Чингис хааны цэрэг 1219-1225 оны хооронд Дундад Азид төвлөн байсан Сартуул улсыг байлдан дагуулж мөхөөж газар нутаг хүн ардыг нь харъяандаа оруулсан. Чингис хаан амьд ахуйдаа дөрвөн их хүүдээ улсаа хуваан өвлүүлэхээр заасан байдаг. Цагаадайд өвлүүлсэн улсад өнөөгийн Казахстан, Узбекистаны дорно бие, Кыргызстан, Тажикистан бүхэлдээ, Шиньжяны өрнө бие багтаж байжээ. Мөнх хааныг нас барсны дараа Их Монгол Улс Зүчийн, Цагаадайн, Хүлэгийн, Их хааны дөрвөн тусгаар улсад хуваагджээ. 1326 онд Ислам шашин Цагаадайн улсын үндсэн шашин болжээ. 1370 оны орчим улс Могулистан, Мавераннахрын хоёр хэсэг болон хуваагдсан. Гэвч 17-р зуун хүртэл Цагаадайн удмын улс хант улс оршин тогтносоор байсан билээ.

Чингис хаан амьд сэрүүндээ дөрвөн хөвгүүддээ газар нутаг хувааж өгсөн гэдэг. Цагадайд чухам ямар газар нутаг өгсөн талаар судлаачдын санал их зөрөөтөй байна. Цагадайн эзэмшил газар хийгээд орд өргөөгийн талаар хамгийн анхны мэдээ бол Чан Чунь бомбын тэмдэглэл юм. Тэрээр 1221 онд Чингис хаантай уулзахаар Дундад Ази руу одохдоо болон 1223 онд түүнтэй уулзаад буцахдаа Цагадайн өргөөгөөр дайран өнгөрсөн тухай тэмдэглэсэн байна. Энэ үед Цагадайн өргөө Или голоос урагш байрлаж байв. [Бартольд 1963 a:460]. Г.В.Вернадскийн үзэж буйгаар Чингис хаан Цагадайд “Или голын саваар төвлөрсөн хуучин Хар Киданы газар нутгийг” хувь болгон олгожээ. [Вернадский 2001:52]. Цагадай “эцгийгээ нас барсны дараа эзэгнэл нутагтаа байх болж түүнд нь Уйгурын нутаг, Хара Киданы хуучин эзэмшил, Мавераннахр багтаж байлаа” хэмээн Ж.Ж.Саундерс өгүүлжээ. [Саундерс 1992: 82]. В.В.Бартольд бичихдээ: “Чингис хааны нөгөө хоёр хүү болох Цагадай, Өгөдэй нарт чухам хэзээ хувь олгосон тухай бидэнд мэдээ хараахан алга. Тэдний хувь газрын тухай хамгийн эртний мэдээ сэлтийг бид энэ нутгаар 1221 онд очихдоо,1223 онд буцахдаа дайран өнгөрсөн Чан Чуний тэмдэглэлээс олж үзэж болно. Цагадайн орд энэ үед Илийн урд биед байрлаж байв” гэжээ. [Бартольд 1963 a:460].Сурвалжийн мэдээ мөшгөвөөс Лу. “Алтан товч”-д: “Чагадайг сартагчны газарт салгав” гэжээ. [Алтан товч 1990: 137]. Мөн тэнд “Чагадай эзний үр (хөвгүүд) зүүн зах нь Хэмил (Хамил) буй. Баруун зах нь Бургари (Болгар), Сэмисгин Самурхан (Самарканд), эд агсу (хүртэл) захачлан түмэн хот мэдэн эзлэв” гэжээ. [Алтан товч 1990: 147]. Дээрх мэдээг тулгуурлан үзвээс Чингис хаан Цагадайд хувь болгож Или голын сав, Долоон гол, Кашгарын нутаг дэвгэр буюу хуучин Хар Киданы нутаг дэвсгэрийг таслан өгчээ.

Хар Киданчууд 936 оноос 1122 он хүртэл Бээжинг захирч байгаад 1128 онд зүрчдийн “Алтан хаанд” хөөгдөн Бээжингээс зугтан гарч Тэнгэр уулын баруунтаа очсон байна. Хэдийгээр тэд хятадын соёл иргэншлийг өвлөж авсан ч шинэ нутгийн түрэгүүд тэдэнтэй хоршин амьдрах болов. Тэгэхдээ тэдний нэг хэсэг, тухайлбал Долоон гол хавийнх нь бөө мөргөлтөн, зарим нь несториан, лалын шашинтан, харин Кашгар, Яркенд, Хотаны оршин суугчид толгой дараалан мусульманчууд байсан аж. 1229 онд эцгийнхээ их орд суусан Өгэдэй хаан зүрчидийн Алтан улс руу дайн хийж эзлээд 1236 онд “ Хятадын нутгийг ноёд болон хааны ах дүү нартаа хуваан эзэмшүүлэв. …Цагадайд Тхай-юань-фү, Гүюгт Да-минь-фү, … Цагадайд Даньцзинь… өгчээ. Хаан газар сайгүй дарга нарыг тодруулж, тухайн нутагт орлого цуглуулах түшмэдийг тавьжээ. Тэнд хаадын зарлиггүйгээр хэн ч газрын түрээс авах, цэрэг татахыг зүрхэлдэггүй байлаа” хэмээн Н.Я.Бичурин бичжээ. [Бичурин 1829:126]. Цагадай эзэмшилд орсон Тхай-юань-фу гэдэг нь Шаньси мужийн Тай-юань-фу хот, Даньцзинь гэдэг нь Шенси мужийн зүүн урд байх Нинь-цянь-чжэу хот мөн хэмээн “Монголын 100 хаан, найман богд” цувралын “Цагадай хаан” цувралд өгүүлсэн байна. [Хаадын сан 2000: 56]. Рашид-ад-Дины “Судрын чуулганд” Цагадайн эзэмшил газар бол Найманы аймгийн нутаг байсан Алтайн уулнаас Жейхун (Сыр-дарья) мөрөн хүртэл нутаг болно хэмээжээ. [Рашид-ад-Дин т.II:94]. Энэ мэдээгээр Цагадайн улсын бүрэлдэхүүнд Хар-Киданы нутгаас гадна Сыр-дарья болон Аму-дарья мөрний хоорондох сав газар буюу Мавераннахр багтаж байгаа билээ. Гэхдээ Мавераннахрын баруун хэсэг буюу хоёр мөрний адаг Зүчийн эзэмшилд багтах ажээ. Чингис хаан Мавераннахрын захирагчаар Махмуд Ялавачийг томилсон нь эл газар нутаг их хааны мэдэлд байсан гэсэн үг юм. Тийм ч учраас Рашид-ад-Дин дараах нэгэн сонирхолтой мэдээг иш татсан байна. “Өгөдэй хааны үед их хааны зарлигаар Ялавачийн мэдэлд байсан Мавераннахрын зарим мужийг Цагадай өөр хэн нэгэнд шилжүүлэн өгөх тухай зарлиг буулгасан гэдэг. Ялавач энэ нөхцөл байдлыг хаанд танилцуулав. Хаан, Цагадайгаас энэ тухай лавлан асуусан зарлиг илгээж хариу бичиж илгээхийг тушаасан байна. Цагадай: ”Би бодлогогүй ёс алдлаа, хариу болгож бичих зүйл ч алга. Гэвч хаан намайг заавал хариул гэж зарлигдсан учир ийнхүү бичив” хэмээн хариулжээ. Хаанд энэ нь ихэд таалагдсан учир тэрээр түүнийг уучилж тэр нутгийг Цагадайд инж болгон өгөв” гэжээ. [Рашид-ад-дин т. II:102]. Энд өгүүлж буй инж гэдэг нь алтан ургийнханы дунд өгөлцөх эзэмшил газрын хэлбэр бололтой.

Цагаадайн улсын хангуудын ургийн хэлхээс

Ийнхүү Өгөдэй хааны үед Цагадайн улсын газар нутагт Мавераннахрын зарим муж харъяалагдах болсон байна. Энэ байдал цаашид Цагадайн болон Зүчийн удмыхны хооронд газар нутгийн маргаан гарахад нөлөөлжээ. Цагадайн улс хэмээн түүхэнд алдаршсан энэхүү улсын байгуулагдсан талаар он цагийн талаар судлаачид санал зөрөөтэй байдаг ажээ. Тухайлбал, Ш.Бира “Үнэн хэрэг дээрээ чухамхүү Алугу хан л Цагадайн Монгол хант улсыг байгуулсан ажээ. Тэрээр Төв Азийг бүхэлд нь өөрийн эрхшээлд авч, Цагадайн хуучин эзэмшил нутгийг өргөтгөн тэлжээ” гэсэн байна. [Бира 2001:439]. Гэтэл В.В.Бартольд “Цагадайн хант улсыг жинхэнэ үндэслэн байгуулагч нь Дува хан” хэмээн тэмдэглэжээ. Бидний бодлоор Цагадайн улс чухамдаа Цагадайг амьд сэрүүн байх үед бүрэлдэн тогтсон билээ. Цагадай 1227 онд Чингис хааныг тэнгэрт халихад эзэмшил нутагтаа очиж суусан юм. Цагадайн ахмад хөвгүүн Мүтүгэний 4 дүгээр хүү Хар Хүлэг Цагадайн улсын төрийг барьж байв. Цагадайн нь эзэмшил нутаг, улс иргэнээ ач хүү Хар Хүлэгдээ залгамжлуулахаар гэрээслэсэн ажээ. Хар Хүлэгийн хатан нь Эргэнэ бөгөөд Мубарек шахын эх юм.


Цагадай болон түүнийг залгамжлагчдын үйл ажиллагаа

Цагадайг эзэн Чингис хааны хоёрдугаар хөвгүүн болон 1183 оны харагчин туулай жилд төрсөн гэж ихэнх судлаачид үздэг бол зарим нь түүнийг 1185 оны хөхөгчин могой жил төрсөн гэдэг. Цагадайг мэндэлж байхад Тэмүжин эцэг нь 21 настай байж нэн хүнд нөхцөлд Монгол аймгуудыг нэгтгэхийн төлөө тэмцэж байв. Тэр үеийг “Одтой тэнгэр орчиж, олон улс байлдаж, орондоо унтах завгүй, олзлон байлдаж байв” гэж МНТ-нд дүрсэлсэн байдаг. [МНТ 1990:226].Цагадайн ах Зүчи, хөвгүүн дүү нь Өгэдэй, Толуй нар болно. Цагадай багаасаа ухаалаг, авьяастай гэгдэж байсан бөгөөд эцгийн билиг сургаалыг ах дүү нараасаа илүү сайн тусган авч чадсан учир хожим хойно Чингис хаан ноёд түшмэддээ хандаж хэлэхдээ:”Яса хууль, дүрэм журам, ёс заншлыг илүүгээр мэдэж, хаант ёсыг сахих хүсэлтэй тэр хүмүүс Цагадайг дага” гэж зөвлөж байв. [Рашид-ад-Дин т.II:93-94].Цагадай бага залуугаасаа эцгээ дагаж, Их Монгол улсыг байгуулахын төлөөх тэмцэлд оролцож иржээ. Цагадайг 20 настай байхад буюу 1201 онд Чингис хаан Хэрэйдийн Ван хантай дайтах үед Өгэдэйг шархдсан тухай сурвалжид өгүүлдэг. [МНТ 1990:132]. Дөнгөж 15 нас хүрч байсан Өгэдэй энэ байлдаанд оролцсоноос үзэхэд эрийн цээнд хүрсэн ах Цагадай нь мөн адил дайтаж явсан нь дамжиггүй.

Цагадай Тататунгаа багшаар бичиг үсэг заалгаж, гарамгай сайн сурсан учир хожим улсын заргач Шихихутагийн бичгээр үйлдсэн шийдвэрүүдийг хянан нягтлах үүрэг бүхий “Их засаг” хуулийг сахиулагч гэгдэх болсон буйзаа. Цагадай 1211 оноос бие даан цэрэг удирдаж дайнд оролцох болжээ. Чингис хаан анх удаа Алтан улсыг дайлахдаа нэгэн замын цэргийг Зүчи, Цагадай, Өгэдэй нараар захируулжээ. Тэдний удирдсан замын цэрэг Юньнэй, Дуншэн, Үжоу, Шужоуг эзлээд Алтан улсын баруун нийслэл Сижинг (одоогийн Датун хот) бүслэн эзэлжээ. Чингис хаан 1213 онд Алтан улсад довтлохдоо Зүчи, Цагадай нараар мөн нэгэн жигүүрийн цэргийг удирдуулан одоогийн Баодин, Динсянь, Синтай зэрэг газрыг эзлээд Шар мөрөн (Хатан гол) хүрсэн байна. Алтан улсыг дайлах үед цэргийн авьяаслаг жанжин болохоо харуулсан Цагадай 1219 онд Чингис хаан Хорезмын хаант улсыг дайлахад дүү Өгэдэйн хамт нэгэн замын цэрэг удирдаж Отрар хотыг эзлэн авсан юм. Нийслэл Самарканд болон хуучин нийслэл Ургенчийг эзлэн авах байлдаанд Цагадай идэхтэй оролцжээ.

Чингис хаан 1224 онд их цэргээ хурааж Аму-дарья мөрнийг гаталж Самаркандад ирж өвөлжих үедээ Цагадай, Өгэдэй хоёрыг Хар нуур тийш явуулж хун, галуу зэрэг усны шувуу агнуулж, замын хүнсээ базаалгаж байв. Цагадай, Өгөдэй хоёр эцгийн зарлигийг дагаж өдөр тутам шувуу агнаж, долоо хоног бүр 50 тэмээнд ачин Чингис хаанд өргөн явуулж түүнийг баярлуулж байв. [Алтаншаа 1993:357-358]. Чингис хаан 1225 онд Тангуд улсыг дайлаар мордохдоо Цагадайг ар талын цэргийн нэг жигүүрийг удирдуулан үлдээв. [Рашид-ад-Дин т.II:95]. Цагадайд ар талын цэрэг хариуцуулах болсон шалтгаан нь Чингис хаан ахмад хүү Зүчи хоёрын хоорондын харьцаа муудсантай холбоотой гэж үзэж болох юм.”Судрын чуулган”-д тэмдэглэснээр Чингис хаан Зүчийг Килард, Башкирд, Урус, Черкес, Дешт-и Кипчак болон бусад нутгийг байлдан дагуулахыг зарлиг болгосон юм. Тэрбээр үүнд оролцохоос зайлсхийж, өөрийн суурин өргөө рүүгээ очсонд Чингис хаан ихэд хилэгнэн “Би түүнийг өршөөхгүйгээр цаазлана” хэмээн хэлсэн гэжээ. [Рашид-ад-ди т.II:78-79]. Зүчийн санаа хувиран эцгийнхээ үгийг дагахгүй болжээ гэж үзсэн Чингис хаан түүний зүг Цагадай, Өгэдэйг цэрэгтэй нь хамт эхэлж хөдөлгөөд дараа нь өөрөө явахаар зэхэж байв. [Мөн тэнд]. Энэ үед Зүчи хан нас барлаа гэсэн гашуудлын мэдээ иржээ. Олонхи судлаачид Зүчийг 1227 оны 2 сард нас барасан гэж үздэг.

Цагадайг ах Зүчитэйгээ эв түнжин муутай байсан тухай сурвалж бичигт олонтаа өгүүлсэн байдаг. Чингис хаан “Цагадай хэцүү догшин авиртай тул Хөхөчос өглөө үдэш дэргэд нь байж санаснаа хэлж зөвлөж байтугай” гэж зарлиг болгожээ. [МНТ 1990:211]. “Цагадай хан өөрийн нь дэргэд байхад тун ширүүн догшин, тиймээс хэн ч түүн рүү харахаас айдаг байлаа” гэж “Татаруудын гарал үүслийн тухай түүх” номонд бичсэн байна. [Родословная история о татарах. Т.2 :3]. Түргэн ууртай, санасан бодсоноо шууд хэлчихдэг Цагадай хаан эцгийн ширээг Зүчитэй булаалдан түүнийг үг хэлүүлэлгүй:”Энэ мэргэдийн орхидост бид захирагдах гэж үү?” гэсэнд Зүчи босоод Цагадайн энгэрээс шүүрэн барьж өгүүлрүүн:”Хаан эцэг намайг гадуурхаж үзээгүй байхад чи намайг яагаад ялгаж байна? Чи надаас ямар эрдэм чадлаар илүү вэ? Чи ганц догшин омгоороо илүү биз. Харвалцаад чамд гартвал эрхийгээ огтолж хаясугай! Барилдаад чамд ялагдвал унасан газраас бүү боссугай! Хаан эцгийн зарлиг мэдтүгэй!” гэв. Зүчийн гараас Боорчи татаж, Цагадайн гараас Мухулай татаж байхад Чингис хаан дуугуй сууж байв. Хөхөчос зүүн этгээдэд байж өгүүлрүүн:”Цагадай чи юунд яарав? Хаан эцэг чинь хөвүүдийн дотроос чамд итгэж байсан билээ” гэв. Тэндээс Чингис хаан өгүүлрүүн:”Зүчийг тэгж хэлж яаж болно? Хөвүүдийн минь ахмад Зүчи биш үү? Хожим тэгж бүү хэлтүгэй” гэж зарлиг болов. Энэ үгэнд Цагадай мөшилзөж өгүүлрүүн:”Зүчийн хүч эрдмийг басамжлахгүй. Аавын хөвгүүдийн ахмад нь Зүчи бид хоёр биз. Өгэдэй өршөөлтэй тул өргөмжлөхөд болно” гэжээ. [МНТ 1990:225-229].

Ингээд Цагадайн санал дэвшүүлснээр Өгэдэйг хаанд өргөмжлөхөөр тогтжээ. Хөвүүдийн дотороос гарал үүсэл нь ямар ч маргаангүй байсан Цагадай санаа бодлоо эцэгтээ чөлөөтэй илэрхийлдэг байсан бөгөөд хаан түүний үгийг дагадаг байсныг энэ баримт гэрчилж байгаа юм. Нөгөө талаар Чингис хаан хөвгүүдийн тухай ярих тоолондоо “Хөвүүдийн минь ах Зүчи билээ” гэж хэлж байсан нь санамсаргүй зүйл биш юм. [МНТ 1990:208]. Хэдийгээр Зүчи түүний төрсөн хүү биш байсан ч Чингис хаан энэ асуудлыг хөндөх боломжгүй байв. Эс тэгвээс түүний өөрийнх нь гарал үүслийн тухай асуудал тавигдах нь зайлшгүй байв. Зүчи эцгийгээ залгамжлан их хааны суудалд суулгах зөвшөөрөл олдоогүйд дотроо гол буруутан Цагадайд дургуйцэн түүнтэй үг хэлээ ололцохгүй болсныг дараах баримт гэрчилж байна. Хорезм улсын хуучин нийслэл Ургенчийг байлдах үед Зүчи, Цагадайн хоорондын зөрчил хурцадсаныг өмнө өгүүлсэн. Энэ хоёрын эв түнжин муудалцсан явдал хожим тэдний үр хүүдүүдийн хоорондын харилцаа холбоонд муугаар нөлөөлсөн билээ.

Чингис хааныг тэнгэрт хальсны дараа 1229 онд Өгэдэйг хаан ширээнд залах Их хуралдайд Цагадай отгон дүү Толуйн хамт чухал үүрэг гүйцэтгэв. Өгэдэйн хаанчлалын үед Цагадайн нэр хүнд өндөр байсан төдийгүй Толуйг нас барснаас хойш улам ч дээшилжээ. Өгэдэй хааныг 13 жил төр барихад түүний өмөг түшиг болж байсан Цагадай их хааны ахын хувьд, “Их засаг” хуулийг гарамгай мэдэх хүний хувьд Их Монгол улсыг бэхжүүлэх үйлсэд бүхий л оюун ухаан, зүрх сэтгэлээ зориулсан юм. Өгэдэй хааныг тэнгэрт хальсанаас хойш хэдхэн сарын дараа 1242 оны эхээр Цагадайөөд болжээ. “Судрын чуулган”-д бусад сурвалжаас илүү дэлгэрэнгүйгээр Цагадайн гэр бүлийн тухай өгүүлсэн байдаг. “Чингис хааны хоёрдугаар хөвүүн нь Цагадай бөгөөд түүний эх нь хонгирад аймгийн Дай ноёны охин, Чингис хааны их хатан Бөртэ Үжин юм. Цагадай нь олон хатан, татвар эхнэртэй байжээ. Тэднээс хамгийн их нөлөөтэй хоёр хатан байв. Нэг нь хонгирад (аймгийн) эзэнтэн Даритайн хүү ... ноёны охин Есөнлун бөгөөд тэр Цагадайн алдаршсан бүх хөвгүүдийн эх юм. Чингис хааны их хатан Бөртэ Үжин ба Есөнлун хатан хоёул ах дүүсийн хүүхэд байжээ. Нөгөө нь Туркан (Турьхан) хатан бөгөөд дээр дурдсан Есөнлун хатны дүү нь билээ. Цагадай Есөнлун хатнаа өөд болсоны дараа Турканыг гэргий болгон авсан билээ. Цагадай нь зургаан хүүтэй байжээ. Тэднийг насны дарааллаар дурьвал:1.Мүтүгэн, 2.Мужи Яя, 3.Белькеши,4.Сарабан, 5.Есөн-Мөнх, 6.Байдар, 7. …, 8.. …” гэж Рашид-ад-Дин бичжээ [Рашид –ад-дин т.II: 88-89].“Татаруудын гарал үүслийн түүх” номонд “Цагадай олон хатантай байснаас хонгирад аймгийн эгч дүү хоёр хатнаа их хайрладаг байв. Цагадай олон хүүхдийн эх Буссулун хатнаа нас барсны дараа Тархан хатнаа авчээ. Цагадайн хүүхдүүд нь: 1.Мутуган, 2.Мучи, 3.Балда-шаг, 4.Сагинлалга, 5.Сарманс, 6.Буссумунга, 7.Байдар” гэсэн байна [Родословная история о татарах т.II:10].

Дээрх хоёр сурвалжийн мэдээнээс үзэхэд авааль гэргий, халамжит Есөнлун хатнаа нас барахад тэрээр түүний дүү Турканыг хатнаа болгон авснаар нэгд, талийгч хатандаа их хайртай байсныг, хоёрт, өнчин хоцорсон олон хөвгүүдээ төрсөн эхээс нь дутхааргүй хайрлах хүнийг олж авсныг харуулж байна. Үүнээс гадна Цагадайн хөвгүүдийн тоо хоёр сурвалжид зөрж байна. Цагадайн ахмад хүү нь Есөнлун хатнаас төрсөн Мүтүгэн бөгөөд тэрбээр өвөг эцэг Чингис хааны дэргэдөсөж торнижээ Бамиан цайзыг байлдах үед Мүтүгэн шархдаж нас барахад Чингис хаан ихэд хорсон гашуудаж, эсэргүүцэл үзүүлэгчдийг устгаж, барилга бэхлэлтийг нураажээ [Рашид-ад-Дин т.II:89]. Энэ үед Цагадай Ургенчийг эзэлж аваад буцаж ирсэн аж. Чингис хаан Мүтүгэнийг алуулсан тухай эцэгт нь шууд хэлж зүрхэлсэнгүй. Энэ тухай Цагадайд хэлэхгүй байхыг зарлиг буулгажээ. Мүтүгэн юманд явсан гэж эцэгт нь хэлээд хэд хоносон ажээ.

Чингис хаан нэг удаа шалтаг олоод хөвгүүддээ: “Та нар миний үгэнд орохгүй, хэлж ярьсныг дагаж гүйцэтгэхгүй байна” гэж зориутаар аашилж загнажээ. Тэгэхэд нь Цагадай өвдөг сөхрөн “Эцэг хаан таны юу гэж тушааж зарлигдсанаар би зүтгэнэ. Би чадлын хирээр зүтгээд хэрэгцээтэй бол амиа өгөхөд ч бэлэн” хэмээн өгүүлэхэд нь Чингис хаан:”Чи үүнийг үнэн сэтгэлээсээ хэлж байна уу, чи үнэхээр миний хэлснийг дагах юм уу” гэж дахин дахин лавлахад Цагадай:”Өөрийн хэлсэн үгээсээ зөрчвөл, би үхтүгэй” гэж хариулжээ. Яг тэгж хариулахад нь эцэг нь :”Мүтүгэн байхгүй болсон, чи уйлж цөхөрч болохгүй” гэж хэлэв. Цагадайн дотор харанхуйлан гашуудсан боловч хэлсэн амандаа эзэн болж тэсвэрлээд уйлж унжсангүй. Харин гадагш гараад холхон очиж нууцаар нилээд уйлж сэтгэлээ онгойлгоод хаан эцгийн өргөө рүү буцаж ирсэн байна. “Судрын чуулган”-д өгүүлсэн энэхүү мэдээнээс үзэхэд Чингис хаан хүү Цагадайг ах дүү нараасаа түрүүлж дуу гарахыг мэдэж байсан учир ийнхүү аашилж загнан эхэлсэн ажээ.

Мүтүгэн нь Байжу, Бүри, Есөндува, Хар Хүлэг гэсэн дөрвөн хүүтэй байв. Эдгээрээс Бүри, Есөндува, Хар Хүлэг нар Цагадай улсын түүхэнд нэрээ үлдээсэн төрийн томоохон зүтгэлтнүүд юм. Мүтүгэний ахмад хөвүүн Байжу нь Тудан гэдэг нэг хөвүүнтэй, Тудан нь Бужай гэдэг хүүтэй, Бужай нь Абдаллах гэдэг хөвүүнтэй байжээ. Мүтүгэний хоёрдугаар хөвүүн Бүрийн тухай нэгэн хууч яриа байдаг. Эв-оглануудын гэрийн зарц нар цугларч ордны ажилд хамжилцдаг байжээ. Нэг удаа Мүтүгэн хааны ордонд орохдоо олон хүүхэн цугласныг харжээ. Тэдний дунд үзэсгэлэнтэй нэгэн бүсгүй байхыг үзсэн Мүтүгэн түүнтэй уулзан, дагуулж яваад өрөөнд орж нийлсэн байна. Тэр бүсгүй нь жирэмсэлж магадгүй гэж үзээд Мүтүгэн нөхрөөс нь тусгаарлан хамгаалахыг тушаав. Тэр бүсгүй үнэхээр жирэмсэн болоод мэндэлсэн хүү нь Бүри юм. Бүрийг мэндэлсний дараа түүнийг хан хүүгийн ордны халамжинд авч эхийг нь хуучин нөхөртэй нь дахин нийлүүлсэн байна. Энэхүү Бүри нь тун зориг зүрхтэй, шазруун эр болов. Тэрбээр согтохоороо элдвийг ярьж агсамнана. Мөнх хааны үед Бүри архи ууж согтохдоо сэтгэлдээ нуугдаж байсан хорслоо тайлж Батыг муу хэлэн хараадаг байв. Энэ тухай Бат мэдээд түүнийг өөрийн ордонд ирүүлэхийг шаарджээ. Мөнх хааны зарлигаар Мөнхсар ноён Батын ордонд Бүрийг хүргэхэд Бат түүнийг цаазалсан байна. Бүри таван хөвүүнтэй байв. Тэдгээрээс нэрд гарсан нь отгон хүү Абишка бөгөөд тэр нь Уруг нэрт нэгэн хөвүүнтэй. Хубилай нь Аригбөхтэй хаан ширээ булаалдан эв эвдрэлцэхдээ Абишкаг Цагадайн улсын Хар Хүлэгийн оронд эзэн суулгаж, Эргэнэ хатныг баривчлуулахаар явуулжээ. Замд нь Аригбөхийн цэргүүд Абишкаг баривчлан аваачжээ. Зарим мэдээгээр Мөнх хааны хүү Асутай Аригбөхийн тушаалаар Абишкаг цаазалсан гэх агаад өөр мэдээгээр энэ Абишка нь Хубилай хааны дэргэд байнга байсан бөгөөд дараа нь Хубилай хааны хүү Өлзийт хааны дэргэд нас өндөр болтол байсан гэх ажээ [Рашид-ад-Дин т.II:90,166]. Абишкагийн оронд Алгуйг Аригбөх Цагадайн улсыг захируулахаар томилон явуулжээ. Алгуй бол Цагадайн ач, Байдарын хөвгүүн билээ. Аригбөх өөрийнхөө дэргэд алба хааж байсан Алгуйд гэрэгэ, зарлигаа атгуулан Цагадайн улсын эзнээр томилон явуулахдаа Дорнод Туркестанаас тариа нийлүүлэх, Алтан ордны зүгээс Хубилай руу цэрэг илгээхэд хүрвэл түүнийг тосон тулалдаж Монгол руу оруулахгүй байхын зарлигджээ. Хар Хүлэгийн хатан Эргэнэг Алгуй өөрийн хатнаа болгожээ.

Алгуй 1263 оноос Аригбөхийн нөлөөнөөс гарч бие даах бодлого баримтлаж эхэлжээ. Аригбөх Цагадайн улсаас авахуулхааар илгээсэн элч нарыг Алгуй удаан хугацаагаар саатуулж улмаар ноёдын зөвлөлгөөнөөр хэлэлцэн тэдгээр элч нарыг бүгдийг нь алж хороож байжээ. Тэрбээр хожим нь Мавераннахраас Алтан ордны цэргүүдийг шахан гаргаж газар нутгаа тэлсэн ажээ. Алгуйг нас барахад Эргэнэ хатан ноёдыг ятгаж өөрийн хүү Мубарек шахыг их хааны зөвшөөрөлгүй Цагадайн улсын эзэн суулгажээ. Мубарек шах Цагадайн удмынхан дотроос хамгийн түрүүнд лалын шашинд орсон юм. [Бартольд 1963 б:68-69].Мүтүгэний гуравдугаар хүү Есөндува бөгөөд тэрбээр Мөөмэн, Басар (Ясаур), Борак (Борог) хэмээх гурван хөвүүнтэй байв. Мөөмэн нь архинд хэтэрхий орсон, хэсэж зугаалах нь дэндсэн нүгэлтэй нэгэн байв гэж Рашид-ад-Дин тэмдэглэсэн байна. [Рашид-ад-Дин т.II:91]. Есөндувагийн хоёрдугаар хүү Басар нь Ил хаант улсад сайдаар очижээ. Тэрбээр удалгүй амь үрэгдсэн ажээ. Есөндувагийн гуравдугаар хөвүүн Борак билээ. Борак нь Хубилай хааны дэргэд өсч өндийж, албан үүргээ гаргууд сайн биелүүлж байжээ. Цагадайн улсын эзнээр Хар Хүлэгийн ганц хөвүүн Мубарек шах байсан үед Хубилай хаан Цагадайн улсын толгойд Боракийг суулгах зарлиг гарган явуулжээ. Борак Цагадайн улсад очиж, арга заль хэрэглэж, Мубарек шахыг зайлуулан, тэнд эзэн суужээ.

Цагадайн улсын хил хязгаар нь Өгэдэй хааны ач хүү Хайдугийн эзэмшил нутагтай хиллэдэг байв. Борак Хайдугийн нутгийн хэсэг газрыг эзлэн авч Хайдугийн цэрэгтэй хэд хэдэн удаа тулалджээ. Гэсэн хэдий ч удалгүй Өгэдэй хааны удмын Кипчак ноён тэр хоёрын дунд зуучилж эвлэрүүлжээ. Борак Хайду хоёр анд бололцож бие биеэ хүндэтгэдэг болжээ. Хожим хойно энэ хоёрын үр хүүхдүүд нэг нэгнээ “анд” гэж нэрлэдэг байсан гэж Рашид-ад-Дин өгүүлжээ. [Рашид-ад-Дин, мөн тэнд].Боракийг нас барсны дараа Цагадайн дөрөвдүгээр аөвүүн Сарабаны хүү Никпей Цагадайн улсын хаан ширээнд суужээ. Алгуй Цагадайн улсын хаан байх үедээ Алтан ордны мэдэлд байсан Мавераннахрыг эзлүүлэхээр Никпейд 5 мянган цэрэг захируулан явуулжээ. Никпейтэй хамт Учачар ноён, Хабаш Амидын хүү Сулейман-бэхийг хамт илгээн тухайн зорилгыг гүйцэлдүүлж байв. Никпей 1271-1272 онд хаан суужээ.

Бүрийн хөвүүн Хадагсэцэний хүү Бөхтөмөр (Туга-Темюр) Никпейн оронд хаан ширээг залгамжлав. Бөхтөмөр хаан суугаад төдийлөн удалгүй арьсны хомхруу өвчтэй болсон гэнэ. Түүний толгойны бүх үс халцран унаад, энэ өвчнөөсөө болж өөд болжээ. [Рашид-ад-Дин т.II :100].Цагадайн улсын улс төрийн байдал 1282 онд хаан ширээнд суусан Боракийн хүү Дувагийн үеээс ихэд тогтворжжээ Дувагийн зургаан хүү Цагадайн улсын хаан ширээг залгамжилжээ.Дува ханы төр барьсан хугацааны талаар эрдэмтдийн санал зөрөөтэй байдаг. В.В.Бартольд түүнийг 1282 оноос төр барьсан гэж үздэг ажээ. [Бартольд 1963 б:70]. К.Э.Босфорт түүнийг 1291 оноос хаан суусан гэжээ. [Босфорт 1971:197]. Дува 1307 онд нугас тархи нь хавдан саа өвчин дайрсны улмаас тэнгэрт хальжээ [Бартольд 1963 б:73]. Өөрөөр хэлбэл Дува 25 жил Цагадайн улсын төрийн жолоог атгаж байжээ.

Дува хан өмнөх хаадын үед байнга гарч байсан язгууртан ноёдын хоорондын дайн самууныг намжааж, улс орноо төвхинүүлэв гэж Махмуд ибн Валид онцлон тэмдэглэжээ [Пищулина 1983:44]. Дува хан улс төрийн дотоод байдлаа тогтворжуулж чадсан хэдий ч улс төрийн гадаад байдал нь төдийлэн тайван бус байв. Дува нь Хайду ноёны хамтран зүтгэгч байсан төдийгүй Монголын нутаг дэвсгэр дээр болсон Хубилайн эсрэг зэвсэгт тэмцэлд биечлэн оролцож явжээ. Түүнээс гадна Бат хааны ах Ордын удмын Баян хантай Дува Хайду хоёр 18 удаа тулалдаж байсан гэж В.В.Бартольд тэмдэглэжээ. [Бартольд 1963 б:70]. Хубилай хааны хүү Төмөр хаанд Баян хан элч зарж Хайду Дува нарын эсрэг холбоо байгуулж цэрэглэн цохих санал дэвшүүлжээ. Гэвч Төмөр хаан хатан эхийн зөвлөснөөр тодорхой хариу өгөөгүй байна. 1301 онд Хайду Юань улсын цэрэгтэй тулалдаж яваад амь үрэгдсэн ба Дува энэ тулалдаанд хүнд шарх олж “насан турш эдгэрэхгүй өвчтэй болжээ” [Бартольд мөн тэнд].Гэлээ хэдүй ч Дува хан идэвхитэй үйл ажиллагаа өрнүүлж Монголын эзэнт гүрний хэмжээнд дөрвөн улсыг холбооны хэлбэрээр нэгтгэж худалдаа арилжаа хөгжүүлж тогтмол харилцаа холбоог тогтоох санал дэвшүүлэн, түүнийгээ хэрэгжүүлэх гэж хөөцөлдөж байжээ. Тусгаар улсуудын тэргүүн нар нь эзэнт гүрний их хааны билэгдлийн удирдлагын дор бие биетэйгээ эвтэй найртай аж төрөх ёсиой бөгөөд худалдаа наймаагаа бүх Монгол гүрний хэмжээнд явуулна гэжээ. [Бартольд 1963 б:72].

Дува хан энэхүү төлөвлөгөөг Юань улсын их хаан Өлзийт (Төмөр) зөвшөөрч, өөрийн элчийг Дундад Азид томилон явуулжээ. 1304 онд уг элчийн хамт Дува хааны элч Эл хаант улс, Алтан ордны улсын хаадуудад уг төлөвлөгөөг танилцуулжээ. Тэд төлөвлөгөөг дэмжиж, түүнийг хэрэгжүүлэх талаар хэлэлцээр байгуулсан авч тэр нь биелсэнгүй. Учир нь 1305 онд Хайду ноёны хүү Чапарын цэрэг Цагадайн улсын нутаг Мавераннахрт довтлон дайн өдөөжээ. Дува хан Чапарт элч илгээн “Эвгүй явдлын учрыг ярьж шийдье” гэжээ. Үүний дагуу Ташкентэд уулзалт хийхээр болсон боловч Өгэдэй, Цагадай нарын үр ач нар хоорондоо тулалдаж Дува Чапарыг буулган авсан байна. Дуваг нас барахад түүний орыг хөвгүүн Кунжик залгамжилсан боловч тун удалгүй 1308 онд нас нөхчижээ. Хаан ширээг Бүрийн ач Талику эзлэн авав. Тэрбээр лалын шашинтан байсан бөгөөд Дувагийн үр хүүхдүүд түүний эсрэг хуйвалдаан зохиож Кебек 1310 онд түүний амь насанд нь халджээ.Кебек тэр жилдээ ноёдын чуулган хийж, өөрийн ах Эсэнбөхийг хаан ширээнд өргөмжлөв. Эсэнбөхийн хаанчлалын үед Цагадайн улсын дотоод байдал тогтвортой байсан боловч гадагш хийсэн аян дайн түүнд сөргөөр нөлөөлжээ. Юань улсын хилийн цэрэгтэй тулалдснаас дайн дэгдэж, Юань улсын цэргүүд Эсэнбөхийн өвөл, зуны ордыг эзлэн сүйтгэжээ. Юань улсын хааны эсрэг холбоо байгуулах зорилгоор Алтан ордны хаан Узбектэй хийсэн хэлэлцээр нь төдийлэн амжилтанд хүрээгүй аж. Эл хаант улстай холбоо тогтоох оролдлого нь мөн бүтэлгүйтэв. Бартольдын тооцоогоор Эсэнбөх 1318 оны үед нас барсан бололтой. Цагадайн улсын түүхэнд нэрээ мөнхрүүлсэн тоотой хэдэн хаадын нэг болох Кебек 1318-1326 оны хооронд төр барьж байв. Арабын жуулчин Ибн Баттута 1333 онд Дундад Ази, Цагадайн улсаар аялахдаа Кебек ханы талаар сонссон зүйлээ бичиж үлдээжээ. Кебек бөө мөргөлтөн байсан бөгөөд улс орондоо шудрага байдал тогтоохын төлөө, лалын шашинтныг энэрч хамгаалхын төлөө, албат нарынхаа аятай байдлын төлөө тэмцэж байлаа. Тэр үед Цагадайн улсын нийслэл нь Нахшеб байв. Нахшеб хотоос холгүй газарт Кебек өөртөө тусгай орд байгуулжээ. Уг ордыг Карши (харш) гэж нэрлэдэг байв. Кебек нь Цагадайн улсын хаад дотроос анх удаа улсынхаа хэмжээгээр хэрэглэх мөнгөн зоосыг өөрийн нэрийн өмнөөс цутган гаргажээ. Энэхүү зоосыг түүний нэрээр кебекүүд хэмээн нэрлэж байв. Энэ нэр нь орос хэлэнд сунжирсаар “копейка” болон хувирсан гэж зарим судлаачид үздэг аж. [Хаадын сан 2000 а:205].Зарим түүхчдийн үзэж буйгаар Кебек өөрийн үхлээр нас нөхчсөн аж. Харин Ибн Батуттагийн тэмдэглэснээр Кебек өөрийн дүү Тармаширинд алагдсан гэдэг.Кебек, Тармаширин нарын хооронд Дува ханы өөр хоёр хүү Илжигдэй, Дурра-Төмөр нар хэдхэн сарын хугацаагаар төр барьж байв. Илжигдэйн үед Цагадайн улсад католик шашны суртал ухуулга дэлгэрч Фома Мангазола хэмээх доминикан ёсны гэлэн шашны үйл ажиллагааг өрнүүлж байв. 1329 онд гэлэнг Авиньон руу нутаг буцахад пап лам түүнийг Цагадайн улсын хамбаар томилон буцаан явуулжээ.

1326 оны сүүлээр Цагадайн улсын хаан ширээг Тармаширин эзлэн авав. Тэрээр 1334 он хүртэл хаанчилжээ. Нахшеб хотын ойролцоо Тармаширинтэй Ибн Батутта дайралджээ. Тармаширин нь лалын шашин шүтэж суурин амьдралыг илүүд үзэж байсан бөгөөд мусульманчууд түүнийг Ала ад-Дин гэж нэрлэдэг байв. Түүний нүүдэлчин ардынхаа уламжлал ёс заншлаас хэтэрхий тасарч холдлоо хэмээн зарим хан хөвүүд дургүйцэн бослого гарган халджээ. Уг бослогыг Дурра-Төмөр ханы хүү Бузан удирдаж байсан бөгөөд тэрээр Тармаширинийг хаан ширээнээс зайлуулж амийг нь хөнөөсөн ажээ.Бузаны тухай Ибн-Батутта өгүүлэхдээ түүнийг лалынханд дургүй харин загалмайтнууд болон еврей нарт их талтай байсан учир тэдэнд сүм хийдээ сэргээн босгох боломж олгосон гэжээ. [Бартольд 1963 б:76]. Бузан хэдхэн сар төр бариад мөн 1334 ондоо хаан ширээг Дувагийн ач Женкшид тавьж өгчээ. Женкши хан бурханы шашинтан байсан бөгөөд 1332 онд 172 олзны орос хүмүүсийг илгээснийхээ төлөө мөнгөн шагналхүртэж байжээ. Женкши ханы орд нь Алмалигт байсан бөгөөд католик шашны лам нар тус хотын ойролцоо газар худалдан авч сүм дуган бариулжээ. Женкши ханыг 1338 онд түүний дүү Есөнтөмөр амь насыг нь бүрэлгэх замаар төрийн эргэлт хийжээ. Есөнтөмөр удалгүй сэтгэл санаагаар унаж, ахынхаа үхэлд өөрийн эхийг буруутгажээ. Түүний дараа Цагадайн улсын хаан ширээг Өгэдэй удмын Али-султан булаан авч загалмайт шашинтны эсрэг аллага хядлага явуулжээ. Энэ аллагын үеэр католик шашны бүх лам нар амь үрэгджээ.

Али-султаны дараа Кунжиг ханы ач Мухаммед-Пулад хан болж, түүний орыг Ясавурын хүү Казан эзлэв. Казан дайн самуунд доройтсон хант төрийг бэхжүүлэхийн төлөө тэмцэж яваад 1346 онд Казаган ноёны гарт амь үрэгджээ. Түүний дараагийн хаадууд ёс төдий төр барьж байсан бөгөөд төрийн бодит эрх мэдэл монгол, түрэг ноёдын гарт оржээ. Цагадайн улсад 1241 оноос хойш 1370 онд Доголон Төмөр төрийн эрхэнд гарч ирэх үе хүртэл нийтдээ 25 хаан төр барьсан гэж судлаачид үздэг [Босворт 1971:197].Гэвч Мавераннахрт Цагадайн угсааны Казан ханы дараа 1346 онд Өгэдэйн удмын хан Данишменж 2 жил төрийн эрхийг булаан авч барьж байв. Түүний дараа 1370 он хүртэл 22 жилийн турш бодит эрх мэдэлгүй болж, монгол, түрэг угсааны ноёдын гар хурууны тоглоомын хүүхэлдэй болсон Баян-Кули, Төмөр шах нар ээлж дараалан хаан ширээнд сууж байв. Харин Моголистанд 1348 онд төрийн эрхэнд гарч ирсэн 18 настай Туглагтөмөрийг Дува ханы ач хэмээн зарлаж хаан ширээнд өргөмжилжээ. Туглагтөмөрийн эх нь Дува ханы хүү Эмиль-Хожагийн эхнэр байгаад түүний нас барахад хоёр дахь нөхрийн гэрт бие давхар очсон хэмээн үздэг байна. [Бартольд 1963 б:79-80]. Өөрөөр хэлбэл, Туглагтөмөр Цагадайн удмын хаан гэхэд ихэд эргэлзээтэй учир зарим судлаачид түүний Цагадайн улсын хаан гэж үздэггүй байна.


Зарим судлаачид Цагадайн угсааны сүүлчийн хан Казан гэж үздэг байна. Бидний бодлоор Цагадайн улс 1370 онд Доголон Төмөрийн дайны хөлд мөхсөн бололтой. Гэвч Цагадайн улсын үлдэц болсон хэсэг бусаг нүүдэлчид орон нутагтаа оршсоор байжээ. Чингис хаан Дундад Азийг эзлэж авмагц гурван хөвүүддээ эзлэсэн орны нутгийг хувааж өгсөн нь угтаа дайны хөлд нирвэгдсэн эдгээр газар орныг эзний ёсоор хандаж өөд татах зорилго агуулж байв. Цагадайд оногдсон харлугийн хуучин газар нутаг монголчуудад дагаар орсон учир дайнд төдийлэн нирвэгдээгүй аж. Дайны халуун мөрөөр явсан Чань-Чүнь бумбо Цагадайн газар нутгаар дайран өнгөрөхдөө эвдрэл сүйрлийн тухай огт өгүүлээгүй байна. [Си юй цзи 1866 :304,336-337].

Эзлэгдсэн газар орныг аль болох оновчтой захирахын тулд Чингис хаан тухайн орон нутгийн онцлогийг сайн мэдэх хүнийг захирагчаар томилж монгол даргач нарыг түүний мэдэлд өгдөг байв. Энэ бодлогыг түүний үе залгамжлагчид ч хатуу баримталсаар ирсэн билээ. Жишээлбэл, Рашид ад-дины мэдээлснээр, Аму-дарьяа мөрнөөс өмнө тийш монголын эзлэсэн газар, өөрөөр хэлбэл, Хорасан, Ираныг уйгар гаралтай Куркузэд захируулсан бөгөөд тэр нь Хорасан, Мазендараны хэргийг хөтөлж цэгцэлсэн аж. Мөнхүү зохиогчийн мэдээгээр, Хойд Хятадыг захирах үүрэг хуучин Чингис хаанаас Мавераннахрт тавьсан захирагч Сахиб Махмуд Ялавачид оногдов. Түүний хүү Масуд-бек Мавераннахр, Дорнод Туркестан, Уйгарын захирагчийн албыг насан өөд болтолоо хашиж байв. [Рашид-ад-дин т.I :142, т.II :46]. Түүнчлэн Монголын хаад Дундад Ази, Дорнод Туркестанд төрийн алба хаалгахаар монгол, хятад хүмүүсийг томилон явуулж байв. [Бартольд 1963 а:543].Ийнхүү, монгол хаадын төрийн бодлого нь тухайн газар орны аж ахуйн онцлогийг сайн мэдэх хүмүүсийг томилон ажиллуулахад оршиж байв. Зарим судлаачдын үзэж буйгаар “гадаадыхныг монголчууд албандаа татан оролцуулдаг байсан нь нүүдэлчид өөрсдөө соёлоор дорой, эзлэгдсэн ард түмнийг удирдах арга туршлагагүйгээр тайлбарлагдана” гэжээ. [Кутлуков 1984: 102].

Бидний үзэж буйгаар захирагч гэдэг нь нэгд, гүйцэтгэх тушаалтан хоёрт, тэрээр дан ганцаараа бүх асуудлыг шийдэж байгаагүй. Захирагчийн дэргэд байсан монгол даргач нар түүнийг хянах үүрэгтэй байв. Гуравт, монголчууд эзлэгдсэн орнуудад орон нутгийн засаг захиргааг орон нутгийн язгууртанд үлдээдэг байсан ахул, тэдний дэргэд монгол түшмэл-захирагч заавал тавьдаг ажээ. Тэдгээрийн гол үүрэг нь: 1/ хүн амын тооллого явуулна, 2/ орон нутгийн хүн амаас цэрэг эрс татна, 3/ өртөө шуудан зохион байгуулна, 4/ алба гувчуур хураана, 5/ ордонд алба, албан татвар хүргүүлнэ, 6/ орон нутгийн засаг захиргааг хянана. [Бартольд 1963 а:468]. Өөрөөр хэлбэл, захирагч бол монголын төрийн зүтгэлтэн, их хааны зарлиг шийдвэрийг тухайн газар нутагт хэрэгжүүлэгч албан тушаалтан юм. Эзлэгдсэн оронд захирагчаар харь хүнийг томилон ажиллуулж байсан нь тухайн албан тушаалд томилон ажиллуулах чадвартай монгол тушмэл байгаагүйгээс бус харин энэ байдал нь эзлэгдсэн орны талаар явуулж байсан монгол төрийн бодлоготой шууд холбоотой юм. Монголын хаадууд эзэлж авсан орнуудын нийгэм эдийн засгийн бүтцийг нь тухай бүрд эвдэж ард түмэнд нь өөрийн засаг захиргааны тогтолцоог хүчээр тулгаж байгаагүй бөгөөд үүнийг зугуухан шат дараалалтай хийж байсныг онцлон тэмдэглүүштэй. Эзлэгдсэн орны ард түмнийг юуны өмнө оюун санаагаар нь барьж байхыг илүүд үзэж байсан тул тухайн ард түмний сэтгэл санаанд бүх юм хэвийн, өвөг дээдсийн хуучин уламжлал заншлаар явагдаж байна гэдгийг ойлгуулах нь чухал байлаа. Иймээс тухайн ард түмний ахуй амьдралыг сайн мэддэг бөгөөд монгол хаадууд өөрийн итгэл найдварыг бүрэн хүлээсэн хүнийг захирагчаар томилон ажиллуулж байв.

1241 онд Махмуд Ялавачийг Хойд Хятадын захирагчаар томилон ажиллуулахад түүний хүү Масуд-бек өөрийн төрсөн нутагтаа үлдэж Дундад Азиа захирах болсон билээ. [Рашид-ад-дин, т.II:140]. Аль ч талаар бодсон харь хүнийг тухайн нутгийн захирагчаар ажиллуулах нь монголын төрд илүү ашигтай байж таарна. Махмуд Ялавачийн хувьд тэрээр Чингис хааны итгэлийг олсон монголын төрд үнэнчээр зүтгэж байсан харь гаралтай төрийн зүтгэлтэн байсан тул Монголын их хаадууд түүнд болон түүний үр хүүхдүүдэд бүрэн итгэж тэднийг Мавераннахр, Дорнод Туркестаны захирагчаар үе улируулан томилж байв.Их Монгол улсын үед эдгээр захирагч нар их хааны төлөө, Эзэнт гүрний үед тэд нар тухайн улсын ханы төлөө алба гувчуур татах үндсэн үүрэг хүлээж байв. Цагадайн улсын нийгэм эдийн засгийн байгууллыг тодорхойлоход тус улсын газрын харилцааны хэлбэрүүдийг авч үзэх хэрэгтэй юм. Монголчуудын үеийн Дундад Азийн газрын харилцааны ангилалыг анх А.Ю.Якубовский санал болгосон аж. [История народов Узбекистана 1950: 233-234]. Үүнд: 1/. Мильк - дивани буюу улсын газрын өмч мөн энд ханы хувь газар – инж (инджу) багтана; 2/. Мульк буюу феодалын болзолгүй газрын өмч; 3/. Вакф буюу лалын шашны сүм хийдийн газрын өмч багтадаг байна. Судлаачид энэхүү ангилалыг ерөнхийд нь хүлээн зөвшөөрч газрын харилцааны дөрөвдөх хэлбэрийг нэмж оруулжээ: 4/. Мильк буюу тариачдын газрын эзэмшил. [Гафуров 1972: 465]. Ингээд Дундад Азийг ерөнхийд нь багтааж байсан Цагадайн улсад газрын харилцааны үндсэн дөрвөн хэлбэр байсан гэж судлаачид үздэг аж. Мильк - дивани буюу улсын газрын өмч.

Монголын байлдан дагууллын өмнөх үеийн Дундад Азийн түүхээс үзэхэд Хорезм шах Мухаммед өөртөө үнэнчээр зүтгэж, цэргийн гавъяа байгуулсан нүүдэлчин язгууртануудад улсын газрын сангаас шагнал болгон газар таслан өгч байв. Энэхүү шагналын газрыг икта гэдэг аж. Иктаг тодорхой хугацатайгаар цэргийн алба залгуулах болзолтой олгож байсан тул болзолт газрын эзэмшилд хамаарна. Энэхүү газрын эзэмшил нь Их Монголын улсын мянганы эзэмшил газартай уг утгаараа адил төстэй юм. Мянганы ноёд “тухайн мянганы газрыг бүрэн гүйцэд өмчлөгч бус харин хагас эрхтэй өмчлөгч төдий бөгөөд мянганы ноён харъяат мянганаа үе улиран эзэмших боловч түүнийгээ бутлан хувааж бусдад шилжүүлэх, наймаалах эрхгүй байсан юм” хэмээн монголын нэрт түүхч Ш.Нацагдорж тэмдэглэжээ. [Нацагдорж 1978: 60].Мянганы ноёны адил икта эзэмшигч цэргийн болон засаг захиргааны алба хаах болзолтой бөгөөд үүнийхээ төлөө тухайн газрыг эзэмшиж байжээ. Иктаг мянганы нутгийн нэгэн адил тухайн газарт оршин суух иргэдтэй нь хамт өгдөг байсан нь газар эзэмшигчдээс тариачид хараат болох байдлыг улам дэлгэрүүлж байжээ. Цагадайн улсын газар нутгийн суурьшмал хэсэг нь болох Мавераннахр их хааны мэдэлд байсан ахул нүүдэлчин хэсэг болох Долоон гол Или голын сав газрын дээд эзэн нь Цагадай болон түүний ургийнхан байв. Тиймээс Цагадайн улсын дивани газарт зөвхөн Мавераннахр харъяалагдаж байсан гэж үзэж болох юм. Цагадайн улс болон Эл хаадын үеийн Персид улсын газрын сан ихээхэн хорогдсон гэсэн И.П.Петрушевскийн дүгнэлттэй бид санал нэг байна. Учир нь улсын газрын сангаас икта болон соёрхолын газрыг таслан өгч байсан бөгөөд уг санг арвижуулах эх үүсвэр сүүлдээ бараг үгүй болсон тул дээрх дүгнэлт бодит байдалтай нийцсэн аж. Улсын газрыг тариачдад бутарган мильк болгон эзэмшүүлдэг байв. Эдгээр тариачид улсын сан диванид татвар төлдөг байв.

Их Монгол улсын үед Цагадайн ургийнханы эзэмшил газрыг инджу хэмээн нэрлэж байжээ. [Рашид-ад-дин т.II:102]. Харин Эзэнт гүрний үед инджу болон улсын дивани газар нь утга нэг болж нэгдсэн бололтой. Инджу газрын орлогыг Цагадайн орд өргөөний зардалд зарцуулж байсан ахул дивани газрын орлогыг Их хааны цэрэг захиргааны хэрэгцээнд зарцуулагдаж байв. [Петрушевский 1960: 240].Монголчуудын үед иктаг соёрхол хэмээн нэрлэх болсон гэж судлаачид үздэг. [Петрушевский 1960:274, Гафуров 1972:466]. Өөрөөр хэлбэл, ХIV зууны II хагасаас икта нь болзолт эзэмшлээс болзолгүй эзэмшил - соёрхол - болон хувирснаар Цагадайн улсын томоохон соёрхолын газрын эздийн гарт газар тариалангийн талбай болон уудам билчээр нутаг төвлөрөх болжээ. Улмаар эдгээр монгол түрэг угсааны том газрын эзэд эдийн засгийн эрх мэдлээс гадна засаг захиргааны болон шүүн таслах эрх бүхий болов. [Абдураимов 1961 :11]. Газрын эздийн эдгээр давуу эрх нь Цагадайн улс унаснаас хойш ХVII зуун хүртэл Дундад Азид хадгалагдсаар байжээ. [Абдураимов мөн тэнд]. Эрдэмтэн А.М.Беленицкийн тэмдэглэснээр Дундад Азид соёрхолын газар Доголон Төмөрийн үед хамгийн өргөн дэлгэрсэн аж. [Беленицкий 1941:46]. Мульк хэмээх нэр томъёо нь хүй нэгдлийн тариачдын газрын эзэмшил болон феодал ноёдын болзолгүй газрын өмчийн хэлбэрийг тодорхойлох аж. [Петрушевский 1960:251]. Энэхүү газрын хэлбэрийн талаар сурвалжийн мэдээ тун хомс тул судлаачид Ираны жишгээр тоймлон үздэг байна. Мулькийн эзэд улсад татвар төлдөг байсан бөгөөд энэхүү татвар нь газрын татвар болох хараджаас хавьгүй хөнгөн ердөө ургацын 1/10 хувьтай тэнцэж байв. Монголын ноёрхолын үеийн Дундад Азид зарим “чөлөөт мульк”-ууд улсын газрын татвараас бүрэн чөлөөлөгдсөн байжээ. [Петрушевский 1960:.255-256]. Мульк-ийн эзэд уг газраа үе дамжин өмчлөхөөс гадна хүн амтай нь цуг наймаалах, бэлэглэх эрхтэй байв. Хүй нэгдлийн газрын эзэмшил болох мульк эзэмшигч тариачид ямар ч болзолгүйгээр уг газраа үе дамжин эзэмшиж байжээ. Цагадайн улсын газрын харилцааны гурав дахь хэлбэр болох вакф буюу лалын шашны сүм хийдийн газрын өмчийн талаар сурвалжийн мэдээ харьцангүй илүү байдаг тул энэ талаар хийсэн судалгаа ч нэлээд байдаг.

Энэ талаар судалгаа хийсэн эрдэмтэд монголын ноёрхолын үед Дундад Азид сүм хийдийн эзэмшил газар урьд үетэй харьцуулахад өргөн дэлгэрснийг санал нэгтэй хүлээн зөвшөөрч байна. [Петрушевский 1960:280]. Хорезмын хаант улсын төр нь хүчирхэг нүүдэлчин цэргийн язгууртануудад тулгуурласан цэрэг иргэний шинжтэй төр байсан тул шашны санваартангуудын нийгмийн байр суурь сул дорой байв. [Артемов 2000 :267]. Монголын байлдан дагууллын дараа Дундад Азийн орнуудын төрийн тогтолцоо өөрчлөгдөж улмаар лалын шашны санвартангууд нийгмийн байр сууриа үлэмж дээшлүүлэх таатай нөхцөл бүрджээ. Чингис хаанаас эхлэн монгол хаадын төрийн бодлогын чухал нэг хэсэг бол эзлэгдсэн орнуудын ард түмнийг эвээр засах буюу оюун санаагаар нь захирах бодлогыг тууштай хэрэгжүүлж ирэв. Үүний хүрээнд лам нарыг хөхүүлэн дэмжиж тэд нарыг аливаа алба татвараас чөлөөлдөг явдал байлаа. Сурвалжийн мэдээгээр хамгийн анх Чингис хаанаас ийм хөнгөлөлт авсан хүн бол Даосын бумбо Чань-Чүнь арш билээ. [Си юй Цзи 1866:335]. Судлаачдын үзэж буйгаар Чингис хаан 1222 онд мөн лалын шашны “бүх санваартан, тухайлбал, Имам, Кадисыг бүх төрлийн алба гувчуураас чөлөөлж, тэдний үе залгамжлах эрхийг баталгаажуулж, шашны асуудлыг эрхлэх сайдын тушаалыг бий болгосон” ажээ. [Саундерс 1992:71]. Үүнээс гадна Мөнх хааны эх загалмайт шашинтай Сорхогтани-бэх 1000 мөнгөн лан хандивлан өгч Бухар хотноо лалын шашны сүмийн сургууль бариулж мөн уг сүмийн харьяа эзэмшил газар – вакф - худалдан авхуулжээ. Энэ сүмийн захирагчаар Сейф-ул-ислам Бохарзийг томилов. [Рашид-ад-дин т. II:128]. Сорхогтани-бэх 1252 онд насан өөд болтлоо энэ сүмээр дамжуулан мусульман ядуус гүйлагчдад буян үйлдэж хоол хүнс, хувцас хунар байнга түгээж байжээ.

Сайфид-дин Бохарзи уг сүм болон сүмийн эзэмшил газраа үе дамжин захирч байсан бөгөөд түүний ач хүү Яхьи Бохарзи 1326 оны 8 сарын 1-нд уг эзэмшилдээ нэмж Бухар хотын зүүн хэсэгт орших 100 кв.км талбай бүхий 11 тосгон болон 18 боол хулалдаж авсан тухай баримт бичиг олджээ. [Чехович 1965:33]. Яагаад жижиг газрын эздүүд өөрийн газраа вакф болгон худалдах болов оо? гэсэн асуулт үүнээс урган гарч байгаа юм. Учир нь уг газрыг худалдан авсан сүм хуучин эзэнд үеийн үед уг газрын орлогын тодорхой хувийг олгох үүрэг хүлээсэн байв. [Чехович 1959:157]. Вакф болгосон газар болон ард иргэдийг худалдахгүй, бэлэглэхгүй бөгөөд үеийн үед уг сүмийн эзэмшилд байх агаад хоёр талын үйлдсэн баримт бичигт тусгасан ёсоор орлого зарлагаа хувиарлаж байх ёстой аж. [Чехович 1959:153]. Өөрөөр хэлбэл, сүм хийдийн эзэмшил газар вакф аливаа алба татвараас бүрэн чөлөөлөгдсөн байсан учир жижиг газрын эзэд улсын татвараас зайлсхийж өөрийн газраа дуртайяа вакф болгож байсан бололтой. Чингэхдээ өөрийн хөдөлмөрөөр олж байсан ашиг нь сүмээс авах ашигтай ойролцоо байсан болов уу. Эс тэгвээс газраа вакф болгох ашиггүй юм. Үүнээс гадна 1299 оны вакфын баримт бичигт Бухар хотын умард хэсэгт том газрын эзэн томоохон сууринг худалдаж аваад сүм хийд шинээр бариулж тосгон байгуулж хамгийн гол нь тэндээ хэд хэдэн нэхмэлийн газар байгуулсан тухай тусгасан байна. [Бухарский вакф 1979:8].

Дээрх хоёр баримтаас үзэхэд монголчуудын үед Дундад Азид шашны байгууллагын эзэмшил газар эрчимтэй өргөжин тэлж лалын шашны санваартангуудын нийгмийн байр суурь үлэмж дээшилж байсныг гэрчилж байна. Жишээлбэл, ХIII зуунд Дундад Азийн санваартан Сейфид-дин Бохарзи анх удаа “шейх ал-олам” буюу дэлхийн шейх цолыг монгол хаадын ивээлээр хүртсэн аж. [Чехович 1965:9]. И.П.Петрушевскийн тэмдэглэснээр “вакфын түүхэн үүрэг жингийн худалдаа болон гар үйлдвэрийн төв болсон зах зээлтэй нягт холбоо бүхий феодал ангийн онцгой бүлэг болох мусульман лам нарын орлогын үндсэн эх сурвалж болж байсанд оршино” гэжээ. [Петрушевский 1960:249]. Милькийг зөвхөн чөлөөт тариачид эзэмшиж байсан бөгөөд монголын ноёрхолын үед эдгээр эзэмшил газруудыг том газрын эзэд болон сүм хийдийн эзэмшилд шилжиж эрс цөөрөх хандлага давамгайлах болов. [Петрушевский 1955:100]. Гэвч энэ хандлага нь феодалын газар эзэмшлийн хэлбэрийн цаашдын хөгжлийн зүй ёсны үр дагавар байсныг онцлон тэмдэглэх хэрэгтэй юм. [Петрушевский 1955: 102-103].Газаргүй болсон тариачид түрээслэгч болохоос гадна том газрын эзний хувь нийлүүлэгч издольщик болж байв. Гэвч хувь нийлүүлэгч нь үнэн хэрэгтээ “үе дамжсан феодалын хараат байдлын нэгэн хэлбэр” юм. [Петрушевский 1960:286].

О.Д.Чеховичийн хийсэн судалгаагаар вакфын эзэмшил газрыг “музоре” нар харин милк газрыг "кедивар" ”хэмээх тариачид тус тус боловруулж байв. [Чехович 1959: 149]. Гэвч эдгээр кедивар, музоре нарын нийгмийн байр суурийг тодорхойлох баримт бичиг хараахан олдоогүй байна. Тиймээс тэд нарыг эрх чөлөөтэй аль эсвэл хамжлага байсан эсэхийг тодорхойлох боломжгүй аж. [Чехович 1959:155].Дундад Азийн бүх хүн амд оногдуулсан Их Монголын улсын нэгдсэн татварыг “купчур” хэмээн нэрлэдэг байв. 1229 онд Өгэдэй хаан улсын нэгдсэн алба татварын хууль гаргаж ард иргэдээс авах татварын хэмжээг хуульчлан тогтоожээ. [Мункуев 1965 a :137]. 100 толгой малаас нижгээд малыг авахаар тогтов. [Рашид-ад-дин т.II: 36]. 1233 онд улсын албан татварын хуулинд шинээр нэмэлт өөрчлөлт оруулжээ. Тэр нэмэлт ёсоор адуу, үхэр, хонь тус бүр 100 толгой бүхий өрхөөс нэжгээд морь, үхэр, хонийг татварлан авах болон адуу, үхэр, хонь тус бүр 10 толгой өрхөөс тус бүр ч мөн адил нэжгээд морь, үхэр, хонь татварлан авахаар заасан байна. Ялангуяа худалдаа, арилжаа эрхлэгчдээс авах гаалийн татварыг чангатгасан хууль бас тогтоожээ. [Далай 1994:148-149]. Өгэдэй хаан эзэлсэн орны ардуудаас татварлах алба татварын хэмжээг Хятадын хүн амаас өрхөөр бодож, Дундад Азийн зэрэг баруун зүгийн орнуудаас эрийн тоогоор бодож авах журмыг тогтоожээ. [МУ-ын түүх. II боть :166].“Албаны хэмжээ нь сайн чанарын тарианы му тутмаас 3 жин, дунд тарианы му тутмаас 2 жин хагас, дорд тарианы нэг му тутмаас 2 жин тус тус хураах, ус оруулсан сайн тарианы нэг му тутмаас 5 жин тариа авахаар тогтоосон байна. Худалдааны зүйлээс гааль хураахдаа орлогын 1/30 авах, дарсны худалдаанаас 40 жин архи тутмаас нэг лан хураахаар тус тус тогтоосон байна. Энэ нь хятад иргэдээс авч байсан татварын хэмжээ бөгөөд Дундад Азийн орнуудаас мөн үүний нэгэн адил албан татвар авч байсан байна”. [МУ-ын түүх II боть: 166].

Өгэдэй хааны энэхүү хуулийн тухай мэдээ сэлт Дундад Азийн сурвалж бичигт тэр бүр тусгаагүй тул судлаачид гол төлөв Мөнх хааны хуулийн татварын заалтыг Жүвейнийн бүтээлд өгүүлсэн ёсоор авч үздэг байна. [Петрушевский 1960:115].Мөнх хааны алба татварын хуулийн заалтын ёсоор Дундад Азийн нүүдэлчин ард иргэдээс 100 толгой адуу, үхэр, хонь тус бүрээс нэжгээдийг, суурьшмал хэсгийн хүн амаас хөрөнгө чинээгээр авахаар тогтоов. “Баян чинээлэг ард иргэдээс нэг жилийн гувчуур 15 динар, ядуу доройгоос 1 динар” авхаар тогтжээ. [Якубовский 1936:114].Монголын ноёрхолын үед Дундад Азид купчур, калан, тагар, тамга зэрэг албан татвар шинээр орж ирсэн байна. [История таджикского народа 1964:310].Б.Д.Греков, А.Ю.Якубовский нар газрын татвар хараджийг монголчуудын үед калан хэмээн нэрлэх болсон гэж үздэг байна. [Греков, Якубовский 1950:111]. Газрын татвар харадж төлөхөөс гадна тариачдаас гаргуулж байсан тагар хэмээх бүтээгдэхүүний татвар нь монгол цэргийн хангамжинд зориулагдсан татвар байжээ. [Агаджанов 2000: 411].Тамга хэмээх татварыг гар урчуудаас авч байсан байна. [История таджикского народа 1964:308].Дэрх алба татваруудын хэмжээ маргаантай хэвээр байна.Дээрх тогтмол татвараас гадна онцгой үед авдаг нэмэлт татварууд байснаас дайны үед авч байсан ашлиг хэмээх бүтээгдэхүүний татварыг Цагадайн улсын бүх хүн амаас авч байсан гэж Б.А.Ахмедов тэмдэглэсэн байна. Энэ татварын хэмжээ нь тухайн нөхцөл байдлаас хамаарч байсан аж. [Ахмедов 1965:95].

Цагадайн улсын нийгмийн бүтцийг бүхэлд нь авч үзэхэд нийгмийн дээд давхаргад Цагадайн удмынхан багтаж байв. Удаах байранд монгол түрэг угсааны түмний болон мянганы ноёд. Эдгээр ноёдын адил давуу эрх эдэлж байсан лалын шашны хутагт хувилгаад энд бас хамаарна. Удаах байранд монгол түрэг угсааны нүүдлийн болон суурьшмал хэсгийн сурвалжит язгууртнууд. Тэгээд худалдаачид гар урчууд, тэдний дараа тариачид орж байв. Нийгмийн давхаргын доод хэсэгт боолчууд орж байв. ХIV зууны 20-иод онд Монголын эзэнт гүрний хэмжээнд улс төрийн байдал ерөнхийдээ төгтворжиж эдийн засаг, олон улсын худалдаа хөгжих таатай нөхцөл бүрдэв. Энэ үед пап ламын засгийн газар нь Алтан Ордны улс болон Цагадайн улсад худалдааны болон шашны үйл ажиллагаа өрнуулах тухай стратеги төлөвлөгөө боловсруулжээ. Уг төлөвлөгөөнд Тана-Сарай-Ургенч-Ханбалык гэсэн Алтан Ордны улс, Цагадайн улсын нутгаар дайран өнгөрч Европ Хятадыг холбосон олон улсын төв замд гол анхаарлаа хандуулсан байна. Учир нь энэ замыг шаардлагатай үед Энэтхэг орох нөөц зам болгон ашиглах боломжтой гэж тооцоолж байжээ. [После Марко Поло 1968:106].ХIҮ зууны 20-иод онд Ил хаадын улсад сууж байсан Венеци улсын консул Марко да Молин засгийн газартаа мэдээлэхдээ Иранд худалдаа зогсонги байдалд ороод байна, Ираны зам харгуй төдийлөн аюулгүй бус байна тэр байтугай Тебризд гадаадын худалдаачдад халдаж байгаа тухай өгүүлсэн байна. [После Марко Поло 1968:106].Венецийн худалдаачид Энэтхэг, Хятад руу Персийн нутгаар бус Цагадайн улс, Памир болон Гиндукушийн нуруугаар явах зам эрэлхийлэх болсон аж. Ингээд папын засгийн газар болон Европын худалдаачид энэ үеээс эхлэн Цагадайн улсыг эдийн засаг, шашны талаас ихэд сонирхож эхэлсэн байна. Энэ үед Цагадайн улсад Дува хааны хөвгүүд Элжигдэй болон Дурратөмөр нар (1326-1329) төр төр барьж байв. [Бартольд 1964 a:76]. Бусад улсуудыг бодвол Цагадайн улсын дотоод байдал төдийлөн тайван байсангүй. Мавераннахр болон Долоон голын нутгийн феодал ноёд өвөр хоорондоо байнга дайсагнаж тус улсын “бараг нийслэл” Алмалигт үе үе ордны эргэлт болж байлаа. [После Марко Поло1968:119].

Пап лам XXII Иоанн доминикан ёсны гэлэн Томмазо Мангазолыг Самарканд хотын хамбаар томилон 1328 онд захидлын хамт Цагадайн улсын Элжигдэй хан руу илгээжээ. Гэлэн Томмазо Мангазол хэрэг зорилгоо амжилттай биелүүлж Цагадайн улсад шашны төлөөний газрыг нээж байр сууриа бэхжүүлж чадсан ажээ. Дува ханы ач хүү Джэнкши ханы үед (1334-1338) Алмалиг хот нь Дундад Ази дахь загалмайтны шашны номлолын төв болон хувирчээ. Несториан шашинтай байж болзошгүй Карасмон, Юханан хоёр пап ламын илгээсэн хамбад Алмалигийн ойролцоо эдлэн газрыг өргөл болгон барихад тэрбээр тэндээ тун удалгүй загалмайтны шашны сүмийн барилга бариулжээ. Энэ үеэс хойш Алмалигт Бургундийн хамба лам Ришар, Александр хотоос ирсэн ах дүү гэлэн Франциск болон Раймунд Руф болон Испанийн ламтан Пасхалий нар үзэгдэх болжээ. [Бартольд1964 a: 62-63]. Ханы бие чилээрхэхэд эдгээр лам нар түүнийг анагаахад тэрээр талархан өөрийн долоон настай хүүг загалмайлах зөвшөөрөл өгчээ. Папын засгийн газар нь тухайн үед папын өргөө байрлаж байсан Авиньон хот Ханбалык хот хоёрын хооронд байнгын харилцаа холбоо тогтоох оролдлого хийж байв. Хятад дахь загалмайтны шашны сүмийн хамба лам Монтекорвиног нас барахад пап лам XXII Иоанн шинэ хамба лам Николайг илгээсэн байна. Ламтан Цагадайн улсад ирж Джэнкши ханд бараалхахад хан түүнийг ихэд найрсаг хүлээн авсан байна. Гэвч тэрээр Хятад хүрч чадалгүй буцжээ.

Алмалиг хот улс төрийн амьдралын гол төвд оршиж байсан учир 1339 онд болсон ээлжит үймээний хөлд лам нар амь үрэгджээ. Цагадайн улсын хан ширээнд санаархаж байсан Өгэдэйн удмын Али-султан Джэнкши ханыг хан ширээнээс унагаж амь насанд нь хортойгоор халдав. Төрийн эргэлт хийх энэ үед загалмайт шашны хамба Ришар тэргүүтэй гэлэн, лам нарыг бүгдийг нь хүйс тэмтэрсэн эмгэнэлт хэрэг гарчээ. Пасхалий ламтан энэ аймшигт үйл явдлын өмнөхөн пап ламд Цагадайн улс болон Алтан Ордны улсын талаар сонирхолтой мэдээ агуулсан захидал илгээсэн байжээ. Гэвч 1339 оны төрийн эргэлт нь төдөлгүй дарагдаж Али-султаныг хан ширээнээс зайлуулж дараа жил нь Алмалигт ирсэн Мариньолли ламтан шашны төвөө бүрэн сэргээж чадав. 1338 оны 5-р сарын 31-нд Тогоонтөмөр хааны төлөөлөгчид Авиньон хотноо хүрэлцэн ирэхэд тэд нарыг пап лам ХII Бенедикт (1334-1342) хүлээн авч уулзжээ. Их хааны хүсэлтийн дагуу пап лам Ханбалык руу францискан гэлэн ёсны ламтан Джовани Мариньолли тэргүүтэй шашны төлөөлөгчдийг илгээхээр тогтжээ. Эдгээр төлөөлөгчдийн зорилго нь гагцхүү Ханбалык хүрэх төдийгүй зам зуураа Алтан ордны хан Узбек (1312-1341), Цагадайн улсын хан болон түүний загалмайт шашинт хоёр зөвлөх (Карасмон, Юханон) нарт захидал дамжуулж өгөхөд оршиж байлаа. Мариньолли ламтан эдгээр бүх зорилгоо амжилттай биелүүлээд 1353 онд Европ руу буцжээ. Иймд, Эл хант улсын улс төрийн дотоод байдал тогтворгүй болоход папын засгийн газар Хятад хүрэх худалдааны нөөц замыг Цагадайн улсын нутгаар өртөөлөн өнгөрөөх арга замыг эрэлхийлэн тус улсад элч төлөөлөгч илгээж байжээ. Гэвч Цагадайн улсад XIV зууны дунд үед улс төрийн зөрчил тэмцэл дэгдэж папын засгийн газар тэрхүү санаачилгаа орхиход хүрчээ. Эзэнт гүрний үеийн Цагадайн улс Мөнх хаан Өмнөд Сүн улсыг дайлаар мордохдоо өөрийн отгон дүү Аригбөхөд Хархорумыг даатган үлдээсэн билээ. Гэтэл Мөнх хаан 1259 онд тэнгэрт халив. Аригбөх Толуйн отгон хөвүүний хувьд Толуйн удмын мэдэлд шилжин ирсэн Их Монгол улсын хаан ширээг залгамжлах илүү эрх бүхий байжээ. Мөнх хааны бэлбэсэн их хатан Сорхогтани-бэхээс эхлээд алтан ургийн ихэнх ноёд, нөлөө бүхий сайд түшмэд Аригбөхийг хаан өргөмжлөхийг дэмжиж Хархорумд ноёдын Их хуралдай хийлгэхээр болсон байна. Уг хуралдайд хүрэлцэн ирэхийг ах Хубилайд тусгай элч илгээн мэдэгджээ. Гэтэл Хубилай Аригбөхийг монголын хаан ширээнд суух бэлтгэл хийж буйг мэдээд тэр даруйдаа Кайпин хотод 1260 оны 5 сарын 6-нд нэгэн “Их хуралдай” зарлан хуралдуулж, өөрийгөө Монголын зүй ёсны “Их хаан” хэмээн өргөмжилсөн байна. Тэр үед Хубилай 44 настай байжээ. [Д’Оссон 1937:288]. Тэр “Их хуралдайд” оролцогчид нь их хааныг сонгох хэргийг шийдвэрлэх нэр нөлөө бүхий этгээдүүд биш байсан аж. Хубилай их хаан гэж өргөмжлөгдөөд Хархорумд байсан хүүгээрээ дамжуулан Их хааны тамгыг Ариг-Бөхөөс салгаж авахыг оролдож байжээ. Хубилай хаан болоод зарлан тунхаглах бичигтээ: “Олон ноёд намайг хаан өргөмжлөх гэж дахин дахин шаардав. Өвөг Чингисийн удам угсааны дотроос насны ах, сурсан эрдмээр надаас илүү нь үгүй тул түмний хүсэлт шахалтыг дагаж хаан суув” гэжээ. [МҮТТ 1988:108].

Аригбөх 1260 оны 5 сарын 12-ноос 6 сар хүртэл Орхон голын эхэнд бас монгол ноёдын Их хуралдайг хуралдуулж, өөрийгөө монголын албан ёсны их хаан гэж өргөмжилсөн байна. Ингэж Монголд 1260 онд хоёр хуралдай хурж нэгэн зэрэг хоёр их хаан тодорчээ. Урьд хаан ширээний төлөө тэмцэл ах дүү Өгэдэй, Толуйхны дунд явагдаж байсан бол энэ удаагаас эхлээд Толуйнхны дотор, түүний ах дүү хоёр хүүхдийн хооронд өрнөжээ. Аригбөх Хубилай нарын хооронд өрнөсөн зэвсэгт тэмцэл бол хаан ширээний төлөөх тэмцэл байсан боловч үнэн хэрэгтээ Аригбөхийн тэмцэл нь улс төрийн төвийг монголд хэвээр нь байлгаж, монгол нутгийг урьдын адил Эзэнт гурний төв хэвээр байлгахад чиглэгдэж байжээ. Аригбөхийг их хааны ширээнд залсан явдлыг Цагадай болон Алтан ордны улсын нөлөө бүхий ноёд санал нэгтэй дэмжжээ. Монголын ихэнх ноёдууд Аригбөхийн талд байсан бол Хубилайг Толуйн төрлийн зарим ноёд дэмжиж байснаас гадна хамгийн гол нь Аригбөхийн эсрэг дайнд Хубилайн удирдлагаар Хятадыг байлдан явсан цэргийн хүч шууд оролцсон ажээ. Их Монгол улсын хаан ширээний төлөө тэмцэлд Цагадайн улсын байр суурь чухал байсан тул хоёр тал түүнийг булаацалдан тэмцэх болжээ. Тухайн үед Цагадайн улсын төрийг барьж байсан Эргэнэ хатныг Хубилай хаан өөрийн талд татан авах зорилгоор Бүрийн хүү Абишкаг тус улс уруу илгээжээ. Гэвч Абишка Тангудын нутагт Аригбөхийн талын ноёдын гарт орж удалгүй хороогдсон байна. Ингэж Абишка нь Хубилай, Аригбөхийн тэмцлийн золиос болов. Хубилайн жишгээр Аригбөх мөн Цагадайн улс уруу өөрийнхөө дэргэд алба хааж байсан Цагадайн отгон хүү Байдарын хүү Алгуйд гэрэгэ, зарлигаа өгч явуулжээ. Аригбөх Алгуйг Цагадайн улсын эзнээр томилж хэрэв Хүлэг, Бэрх хоёр Хубилайн талд гэнэт орж цэрэг илэгээвэл түүний замыг хаах мөн энэ үед Хубилай Хятадаас Монгол уруу талх тариа нийлүүлэхээ больсон учир Монголд өлсгөлөн гарсан тул Туркестанаас талх тариа нийлүүлэх зэрэг даалгавар өгчээ. Ийнхүү Цагадайн улс нь Эл хаадын улс, Алтан ордоны улсаас Их Монгол улсыг хамгаалах “жийргэвч”ийн үүрэг гүйцэтгэх болжээ.

Алгуй өвөг эцгийнхээ хувь улсад очиж Цагадайн удмын ноёд, тэдний талыг дэмжигчдийн итгэлийг хүлээн улсаа бүрэн эрхтэйгээ захирч эхэлжээ. Эргэнэ хатан захирагч Масуд-бекийн хамт Аригбөхийн зүг явж тэнд очоод Алгуйн талаар гомдол мэдүүлж байжээ. Эргэнэ хатан Аригбөхийн халамжинд нэлээд хугацаагаар хажууд нь байжээ. Энэ хугацаанд Алгуй Мавераннахрыг эзэлж Бэрхийн захирагч нарыг зайлуулахаар Никпей-Огулыг 5 мянган цэрэгтэй илгээв. Никпейн хамт Учачар ноён, Хабаш-Амидын хүү Сулейман-бек нарыг явуулснаас үзэхэд Алгуйн талд лалын шашинт нөлөө бүхий сайд ноёд байсан байна. Бухар хотыг эзлэх үед лалын шашны томоохон төлөөлөгч Сейф ад-дины хүү Джелал ад-дин Бахарзи амь үрэгджээ. Мавераннахр дахь монгол цэргийн дарга Бөх-Нуш болон Чинсан Тайфу нар Алгуйн талд орсон байна. Алгуй үйл хэргээ үүгээр хязгаалалгүй Цагадайн улсын нутаг дэвсгэрт урд өмнө огт орж байгаагүй Хорезм болон Афганистаныг эахиргаандаа оруулахыг зорьж байлаа. Хорезм уруу Учачарыг, Афганистан уруу Садай-илчийг тус тус илгээв. Мөнх хааны үед Энэтхэг уруу явуулсан монгол цэргийн дарга Салибаатарын захиргаанд байсан хүмүүсийг Садай-илч өөрийн талд татан оруулснаар тэд нар түүнд цэргийн даргаа барьж өгчээ. Үүгээр Афганистан нь Алгуйн захиргаанд оров.

Энэ бүхнийг Алгуй Аригбөхийн төлөө бус өөрийн төлөө хийж байсан нь тун удалгүй тодорхой болсон юм. 1262 онд Аригбөх Цагадайн улсын аравт бүхнээс ачлаганы хоёр мал, зэвсэг, мөнгө цуглуулахаар зарлиг гарган Иркакун, Бүритай, Шади нэрт гурван элчийг илгээв. [Рашид-ад-Дин т.II: 97]. Элч нар Алгуйтай уулзаж зарлигийг гардуулан уналга ачилганы мал, зэвсэг мөнгө цуглуулж эхэлжээ. Элч нар нэлээд мал, зэвсэг мөнгө цуглуулаад буцах болоход “Бусад нөхдий чинь ирэхээр та бүхнийг хамт явуулна” гээд Алгуй тэд нарыг сатуулсан байна. 1263 онд бусад нөхөд нь ирээд яагаад буцаагүй байгаа шалтгааныг элч нараас асуухад үнэн байдлаа хэлсэн байна. Элч нар бүгдээрээ нийлж Алгуйгийн өргөөнд хүрэлцэн очоод “Бид бүхэн Аригбөхийн зарлигаар ирж татвар цуглуулаад явж байна. Бидний нөхдүүдэд саад хийх та ямар эрхтэй юм бэ?” гэж асуужээ. Хубилай Аригбөх нарын тэмцлээс гархаар шийдэж Алгуй энэ алхамыг хийсэн бололтой. Тэгээд шалтаг гаргаж бүдүүлэг үг хэллээ гэж тэд нарыг баривчлан хорих тушаал өгөв. Үүний дараа Алгуй ноёдтойгоо яавал зрхилтой талаар зөвлөжээ. Ноёд өгүүлсэн нь:”Элч нарыг баривчлахын өмнө зөвлөлдөх ёстой байжээ. Одоо бид Аригбөхтэй эв эвдрэлцэн түүний дайсан боллоо. Иймээс бидний цорын ганц зөв зам бол Аригбөхөөс бүрмөсөн салж, Хубилай хаантай нийлэх нь зөв” гэжээ. [Рашид ад-Дин, мөн тэнд].Алгуй Аригбөхийн элч нарыг алж, цуглуулсан эд мөнгийг аваад ихээхэн хүчирхэжсэн байна.

Элч нарыг алсан тухай мэдээг Аригбөх аваад ихэд уурсан цэргээ Мавераннахрын зүг Алгуйгийн эсрэг хөдөлгөсөн байна. Аригбөхийн манлай цэргийг удирдсан Харбөх жанжин Сум-куль (Сайрам) нуурын ойролцоо Алгуйгийн цэрэгтэй тулгаран байлдав. Энэ тулалдаанд Харбөх амиа алдаж Алгуй ялагч болсон тул Аригбөхийн манлайн цэргийг бут цохиж жанжин Харбөхийн аминд хүрснээр нэр нөлөө олсон байна. Ялалт байгуулж сэтгэл нь амарсан Алгуй Или голын хөндийд байсан ордондоо буцаж очоод цэргээ гэр гэрт нь явуулжээ. Мөнх хааны хүү Асутай Аригбөхийн ар талын цэргийг удирдаж байв. Асутай Төмөр хаалгын даваагаар Илийн хөндий рүү орж Алгуйг гэндүүлэн бут цохижээ. Алгуй Дорнод Туркестан уруу зугтан зайлав. Аригбөх Илийн хөндийд өвөлжихдөө нутгийн ард иргэдийг байнга дарлаж байсан учир өлсгөлөн болж олон хүн үхсэн байна. [Бартольд 1963 а:576]. Тэр өвөл Аригбөхийг дэмжиж байсан ноёдын олонхи нь түүнийг орхин оджээ. Мөн Алтайд цэрэгтэйгээ өвөлжиж байсан Өгэдэй хааны өөр нэг хүү Уранташ (Рашид ад-дин: Уренгташ) Хубилайн талд урван оржээ. Дээрээс нь өвөлжингөө нутгийн иргэдээс хүчээр гаргуулан авсан улаан буудайгаар адуу малаа тэжээж байсан учир хавар ногоо цухуйхад агт морьд нь өвчилж хиарсан байна. Алгуй Аригбөхийн энэхүү хүнд байдлыг ашиглан түүнийг нэгмөсөн бүт цохих санаатай хүн хүчээ базаагаад дөхөж ирэхэд Аригбөх Эргэнэ хатан болон Масуд-бекийг түүнийг угтуулан илгээгээд өөрөө 1264 онд Асутайн хамтаар Хубилай хаанд бүүж өгөхөөр оджээ.

Бидний үзэж байгаагаар Аригбөх Эргэнэ хатныг чухам энэ үед Алгуй руу явуулсан нь үнэнд нийцнэ. Энэ үеэс Алгуй Эргэнэг хатнаа болгож харин Масуд-бекийг Самарканд, Бухарын захирагчаар томилжээ. Бэрх Хүлэг хоёрын дунд Алгуй яс хаясан гэж армян сурвалжид тэмдэглэн үлдээсэн байна. Алгуй Бэрхийг үзэн яддаг биш юмаа гэхэд дүргүй байх бүрэн үндэстэй юм. Нэгд, Бэрх лалын шашинд орсон бөгөөд лалыхныг Хүлэг хааны шахалт дарамтаас өөрийгөө сахин хамгаалагч хэмээн зарлаж байв. Хоёрт, Бэрхийн матаасаар Алгуйн удам буюу Өгэдэйн үр ач нарыг хэлмэгдүүлсэн, өөрөөр хэлбэл 1251 оны үйл явдлын гол буруутан нь Бэрх мөн гэж Алгуй үзэж байв. [Бартольд 1963 а: 576].Алгуй Бэрх хоёрыг дайтаж байсан гэж Бартольд үзсэн байна. Алгуйн зарлигаар Масуд-бек Мавераннахрын хотын оршин суугчдаас Бэрхтэй хийх дайнд зориулсан мөнгө татаж Алгуйд өгсөн гэжээ. [Бартольд, мөн тэнд]. Энэ дайнд Бэрх бүрэн ялагдаж, Алгуй түүний мэдэлд байсан Отрарыг эзлэн дээрэмдсэн байна. Арран, Азербайджаны нутаг дэвсгэр нь Алтан ордны болон Эл хаадын улсын хоорондын хэрүүлийн алим болж байлаа. Энэ хоёр улсын хооронд 1262 оноос дайн явагдаж байсан бөгөөд энэ дайны үед Хубилай элч зарж Бухарын хүн амын тооллого хийхийг зарлигджээ. Эл тооллогоор Бухар хотноо 16 мянган монгол цэрэг байснаас 5 мянга нь Батын буюу Алтан ордны, 3 мянга нь Сорхогтани хатны буюу Хубилай, Хүлэг нарын эхийн, үлдсэн 8 мянга нь их хааных байжээ. Хубилайн зарлигаар Алтан ордны улсын цэргүүдийг хотоос гаргаж бүгдийн хороосон бөгөөд гэр бүл, өмч хөрөнгий нь хураан авчээ. Алгуй 1264 онд нас барав.

Аригбөх Хубилай хоёрын зэвсэгт тэмцэл 1260-аас 1264 он хүртэл бүтэн 5 жил үргэлжилж эцэст нь Аригбөх тэмцлээ үргэлжлүүлэх ямар ч нөхцөлгүй болсон тул, үлдсэн цэрэгтэйгээ Хубилайд бууж өгөв. Хубилай хаан дүү Аригбөх болон Асутайг хэрхэх талаар ах Хүлэг, Бэрх, Алгуй нарын санал авсан хэмээн Бартольд бичжээ. [Бартольд, мөн тэнд]. Гурвуул булзамхай хариу өгсөн тул Хубилай хоёулангийн өршөөж амь насыг нь хэлтрүүлжээ.Хубилай өөрийн отгон дүү Аригбөхийн амь насыг хэлтрүүлсэн боловч түүнийг нас барах хүртэл нь тусгай харгалзан барьж байжээ. Гэвч Хубилай Аригбөхийн талын бусад ноёдыг ах дүүсийн хооронд хуйвалдаан зохион байгуулж, хэрүүл маргаан гаргаж, дайн өдөөв хэмээн шийтгэж нэлээд олныг нь цаазлан алсан билээ. [Рашид-ад-дин т.II :197].Үүгээр ах дүү хоёрын зэвсэгт мөргөлдөөн дууссан боловч, их хааны ширээний төлөө тэмцэл зогссонгүй, энэ удаа уг тэмцэл монгол ноён Хайдугийн удирдлагын доор явагджээ. Хубилайн эсрэг Монгол ноёдын шинэ эвсэл 1266 онд байгуулагдаж түүнийг урьд Аригбөхийг дэмжиж явсан Хайду толгойлжээ. Хайду, Өгөдэйн үр ач нарын дунд сэргэлэн ухаантай гэж алдаршсан хүн байсан бөгөөд Мөнх хааны үед их хааны эсрэг хуйвалдаанд оролцож шийтгүүлэхийн даваан дээр хаанаас өршөөл гуйсан тул их хаан түүний амийг хэлтрүүлэн Тарвагатайд нутаг заан тэнд байнга байхаар цөлсөн ажээ.Хайду бол Өгэдэй хааны тав дахь хүү Хашины хүү. Өвөг эцэг Чингисийн ордонд хүмүүжил олсон, Өгэдэй хааны нас барахад Мөнх хааны дэргэд байсан бөгөөд дараа нь хааныг Хятад уруу дайлаар мордоход Аригбөхийн дэргэд үлдсэн. Ах дүү хоёрын хаан ширээний төлөө тэмцэл дэгдэхэд Аригбөрийн талд орсон. Харин Аригбөхийг бууж өгөхөд Хайду өөрийн удмын эрх дархыг сэргээн хамгаалхаар үлджээ.

Энэ удаа тэрбээр Хубилайн эсрэг тэмцэж монгол ноёдын эвсэл байгуулах болсон шалтгаан нь “эцэг өвгөдийн уламжлалт ёсыг эвдэж хаан ширээ эзлэн Хятадын нөлөөнд орсон” гэж Хубилайг буруушааж байсантай холбоотой юм. [БНМАУ-ын түүх 1 боть: 289]. Энэ эвсэлд Мөнх хааны үед хэлмэгдэж явсан Өгэдэй болон Цагадайн удмынхан оржээ. Хубилай хаан Хайдугийн довтолгооноос бүх талаар сэргийлж эсэргүүцэн байлдах цэргийн хүчийг бэлтгэж, ерөнхийлөн захирагчаар хөвүүн Номхоныг тохоон томилжээ. Номхон Хархорумд хүрэлцэн ирсэний дараа юуны өмнө монголын шилдэг цэргийн хүчнийг бөөгнөрүүлж, цэргийн сургууль хийлгэжээ. Үүнээс гадна Алтан орд, Цагадайн улсын монгол ноёдтой холбоо барихаар элч төлөөлөгч заржээ. Эн түрүүнд Цагадайн улсад хаан эцэг Хубилайн нэрээр хэд дахин яаралтай элчийг “хятад газрын үнэт бэлэгтэй илгээж түр зуурын холбоо тогтоон хэлэлцээр байгуулж амжжээ. Тэр хэлэлцээр ёсоор Цагадайн улсын Чапар цэргийн хүчээр Хайдуг цагдан сэргийлж байхаар тогтжээ”. [МУ-ын түүх II боть:198]. Чапар бол Хайду ноёны хүү бөгөөд эцгийн үйл хэргийг үргэлжлүүсэн билээ.

Номхон бас эцгийн нэрээр Артан ордны улсад элч заржээ. Алтан ордны Мөнхтөмөр хаан, Хайдуг Юань улсад довтолбол цэрэг гаргаж Хубилайд туслахыг зөвшөөрчээ. Чухам ингэж Номхон богино хугацаанд бусад улсын хүчийг Хайдугийн эсрэг чиглүүлж чадсан боловч тэр нь бат бэх биш байжээ. 1276 онд Хубилайн эсрэг явуулсан тэмцэлд Мөнх хааны хөвгүүн Ширжи, Ариг-Бөхийн хөвгүүн Мингэл-Төмөр, Юмахор нар идэвхитэй оролцсон байна. Хубилай өмнөд Хятадыг дайлаар явуулсан цэргийн гол хүчийг татан авчирч эсэргүүцэн боссон ноёдыг дарах арга хэмжээг яаралтай авсан байна. 1283 он хүртэл үргэлжилсэн ширүүн байлдааны эцэст Хубилайн эсрэг боссон ноёд хүч мохож бууж өгсөн боловч Монгол гүрний тал нутгийн баруун хэсгийн ихэнхийг эзэлсэн Хайду Хубилайн эсрэг тэмцлээ цааш үргэлжлүүсэн юм. Хубилай Хайду нарын зөрчлийн үндэс нь Хубилай Хятадад төрийн төвийг шилжүүлсэн, Хайду монголын нүүдлийн уламжлалт хэв ёсоо хадгалахын тулд Хубилайг эсэргүүцэн тэмцсэн нь уул тэмцлийн нэгэн гол шалтгаан мөн боловч “үүнээс өөр илүү чухал шалтгаан байсныг үгүйсгэж болохгүй”. “Юуны урьд Хубилай Төв Азийг өөрийн гүрэнд багтаан оруулахыг чухалчилж байсныг дурьдах нь чухал. Хубилай Төв Азиар дамжин өрнө зүг асар их худалдааны замыг нээх бодолтой байсан. Гэтэл Хайдугийн эсэргүүцлээс болж энэ бодлого төлөвлөгөө биелэгдэхгүй болсон байна. Төв Ази Хайдугийн гарт байх нь Хубилайд ашиггүй боловч энэ бол бага хэрэг. Хэрэв Монгол орон тэр аяараа Хайдугийн гарт орвол Хубилайд хэмжээлж баршгүй аюул хохирол гарах нь тааж цөхөрмөөргүй зүйл байв. Хэрвээ Хайду Монгол орныг эзлэн авбал Хубилай эх нутгаасаа салж зөвхөн Хятадыг захирах төдийгээр үл барам өчнөөн олон жил үйл тамаа эдэлж байж эзлэн авсан Хятадыг алдахад хүргэх нь ямарч маргаангүй байв.Эцсийн бүлэгт Хубилай Тогоонтөмөр хаан шиг хөөгдөн гарах нь гарцаагүй байв. Энэ бол зөвхөн Хятадад Монголын ноёрхол унаж байгаа хэрэг төдий биш Чингисийн үүсгэн байгуулсан Монгол их гүрэн бүрмөсөн балран мөхнө хэмээсэн хэрэг байв” гэж академич Ш.Нацагдорж дүгнэсэн байна. [Нацагдорж.1998:41-42].

Эргэнэ хатан Цагадайн улсын ноёд түшмэдийн дэмжлэгээр өөрийн хүү Мубарек-шагийг хаан ширээнд өргөмжилжээ. Гэвч Цагадайн улсын шинэ эзнийг Хубилай хаан үл зөвшөөрч Есөндувагийн хүү Боракийг Мубарек-шахтай хамтран төр барьж Хайду ноёныг дарж газар нутгий нь эрхэндээ оруулахыг зарлигдан нутаг уруу нь илгээв. Борак нь Хубилай хааны дэргэд олон жил алба хааж, хааны итгэлийг олсон хүн байлаа. Энэ үед Хайду Эмиль голын эрэг дагуу газрыг эзлэн эрхшээлээ Дорнод Туркестан хүртэл тэлжээ. Уйгурын нутаг Хайду, Хубилай хоёрын хоорондын жийрэг газар болон хувирчээ.Хубилайн талд орсон уйгурууд Хайду ноёны эвсэлд орсон Цагадайн улсын цэрэгт олигтой эсэргүүцэл үзүүлж чадалгүй Бишбалык хотоо орхин зайлхаас өөр арга олсонгүй. Уйгурын идикуутууд ард иргэдээ дагуулаад эхлээд Хамид нүүн очоод дараагаар нь барагцаалбал 1283-1284 онд 400 жилийн турш оршин суусан газар орноо орхиж Ганьсуд зугтаан очиж, эцэж ядарч хэсүүчлэн явсан нь Юань улсын хааны аврал өршөөлөөр эцэс болж, Юнчанд амьдрах болжээ. Ийнхүү уйгурын газар нутаг Цагадайн улсын бүрэлдэхүүнд оров. Турфан, Хамийн ногоон талдаа үлдсэн зарим уйгур хэсэг хугацаанд Юань улс ба Цагадайн улсын хооронд тал засах аргаар тусгаар тогтнолоо нэлээд хамгаалж байжээ. 1369 онд тэдгээрийг Цагадайн улсын хаан Хизр-Ходжа эзлэн авчээ. Цагадайн улсад очоод Борак байдлыг ажвал Мубарек-шахын байр суурь нэлээд бэх бат болохыг олж харжээ. Иймд тэрбээр Мубарек-шахтай эеээр үзэхийг шийдэж хүн ардаа цуглуулж эцэг өвгийнхээ эзэмшил нутагт очиж амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Эцэг Есөндувагийн эзэмшил нутаг нь Чаганианд байсан тул Мубарек-шах хүсэлтийг ёсоор болгов. Мумин, Басар хэмээх хоёр ах нартайгаа Борак Чаганианд очиж суурьшиж аажмаар Цагадайн улсын ноёд түшмэдийн ихэнхийг өөртөө урвуулан татаж чаджээ. Улмаар Мавераннахрыг гартаа оруулж 1264 оны 10-р сард Цагадайн улсын хаан ширээнд суужээ.

Рашид ад-Дины тэмдэглэснээр Мубарек-шахыг Борак өөрийн барсчин буюу ан авын ажил эрхэлсэн ноён болгожээ. [Рашид ад-дин т. II: 98].Ийнхүү Борак Цагадайн улсын хаан ширээг эзлэн авчээ. Цагадайн улс нь Хайдугийн эзэмшил газартай хиллэж байв. Энэ үед Эзэнт гүрний хувь улсуудын хоорондын хил хязгаар нарийн тогтоогдоогүй байсан учир Борак Хайду хоёр газар нутгийн маргаанаас хэд хэдэн удаа тулалджээ. Гэвч Борак дан ганц өөрийн хүчээр Хайдуг цохиж чадахгүй гэдгээ мэдээд түүнтэй эвлэрхээр шийдэв. Ингээд Борак Хайдутай хилийн маргаанаа эв дүйгээр шийдэж энэ асуудлаар дахин эвдрэлцэхгүй гэж андгай тангараг тавьсан байна. Хэргийн явцаар Борак хүчээ нэмэгдүүлж Хубилайн даалгаврыг умартан эзэмшил нутгаа өргөтгөх үүднээс түүнээс урвахаар шийдэв.

Юуны өмнө Борак Дорнод Туркестан дахь их хааны мэдлийн Хотаныг тонон дээрэмдэж их олз авсан төдийгүй Хубилай хааны томилсон Туркестаны захирагч Мугултай ноёныг Хятад руу хөөж явуулсан байна. Боракийн зөв тооцоолсноор зүүн, зүүн өмнөд Азид байлдан дагуулал хийж байсан Хубилай хаан түүний эсрэг их цэргээ илгээж чадахгүй байсан бөгөөд зөвхөн цөөн тооны цэрэг илгээсэн боловч амжилтанд төдийлөн хүрсэнгүй. Хубилайн эсрэг хийж байсан монгол ноёдын тэмцлийн үр дүн нь Хайду Борак нарын зохицож хүчээ нэгтгэж чадах эсэхээс ихээхэн хамаарч байлаа. Иймд Борак, Хубилай нарын зөрчил тэмцлийг ашиглан өмнө Цагадайн удмынхны мэдэлд байсан Талас гол хүртэлх нутаг дэвсгэрийг Хайду эзлэн авчээ. Мавераннахраа хамгаалахын тулд Хайдугийн эсрэг хөдөлж Сыр-дарья мөрний эрэг дээр болсон анхны тулалдаанд Борак ялан дийлжээ. Алтан ордны улсын хаан Мөнхтөмөрийн илгээсэн 50 мянган цэргийн дэмжлэгтэйгээр Хайду хариу цохилт хийж Боракийн цэргийг бут цохижээ. Борак маш хүнд гарз хохирол амссан тул цөхрөнгөө баран Бухар Самарканд хотын оршин суугчдыг хотоос гаргаж өмч хөрөнгийг нь цэргээр тонон дээрэмдүүлэхийг хүссэн байна. Гэвч хотын оршин суугчид лалын шашны өмгөөлөлд орсноор Борак дээрх зорилгоосоо няцаж хотын гар урчуудад дийлж давашгүй татвар оногдуулжээ. Үүний улмаас дархчуул өдөр шөнөгүй зэвсэг хийх болжээ. [Бартольд, мөн тэнд]. Боракийг дайны бэлтгэлээ ид базааж байх тэр үед Хайду, Өгэдэй хааны хөвгүүн Хадааны хөвгүүн Кипчакийг элчээр илгээж найрамдахыг хүссэн байна. Кипчак Борактай дотно харьцаатай байсан учир хоёр этгээдийн дунд зуучилж тэднийг эвлэрүүлэн нөхөрсөг харилцаатай болгож чаджээ. Борак Кипчакийг Самарканд хотноо хүндэтгэлтэй хүлээн авч монгол заншлаар нэг нэгэндээ хундага барьжээ. Ингээд учир зүйгээ ололцож дараа жил хуралдай хийж газар нутгийн маргаанаа шийдвэрлэхээр тохиролцжээ. Ийнхүү Хайду Боракийг нэг мөсөн дуусган цохихыг бодолгүй харин элч зарж дараа жилийн хавар уулзаж гэрээ хэлцэл хийх санал болгосоны цаана ямар утга агуулж буйг Борак тааварлан мэдээгүй ч дуртайяа хүлээн зөвшөөрчээ. Хайду тухайн үедээ Боракийг бут цохиж Цагадайн улсыг бүгдийг эзэлж авах боломж байсан боловч тэгээгүй нь гайхал төрүүлж байна. Алтан ургийн дунд өвөг эцгийн гэрээс захиасыг давах эрх үгүй байсан нь үүнээс харагдаж байгаа юм.

Рашид-ад-Дины мэдээгээр 1269 оны хавар Талас голын хөндийд Цагадай, Өгэдэйн удмын хан хөвүүд болон ноёдууд хуран цугларч Дундад Ази дахь монгол ноёдын анхны хуралдайг хийжээ. [Рашид-ад-Дин т.III:71]. Уг чуулганд (Сурвалжид курултай, зөвлөгөөн, чуулган гэж зөрөөтэй тэмдэглэсэн байгаагаар авав). Алтан ордны улсын Мөнхтөмөр хаан тус чуулгаанд оролцсонийг зарим судлаачид үл зөвшөөрөн “Зүчийн улсын төлөөний хүн оролцсон байхыг үгүйсгэх аргагүй” хэмээн үздэг байна. [Бартольд 1963 a :582].Хуран цугларагчид 7 хоног найрлаж цэнгэж, найм дахь өдөр нь хэлэлцээрээ хийж эхэлжээ. Бүх хэлэлцээрийг Хайду удирдаж байв. Талас гол хүртлэх улсынхаа зүүн хэсгийг алдсан Борак, Цагадайн хууль ёсны залгамжлагчийн хувьд газар нутгаа эргүүлэн өгөхийг шаардсан байна. Гэвч уг хуралдайд оролцсон ноёдууд хэлэлцэж Мавераннахр нутгийн 2/3 хэсгийг Боракт, 1/3 хэсгийг Хайду болон Мөнхтөмөр хаан нарын хамтын эзэмшилд олгохоор шийдвэрлэжээ. [Рашид-ад-Дин т.III :71].Уг чуулганаар хэлэлцсэн хамгийн хэцүү бөгөөд маргаантай асуудал бол Долоон гол, Илийн хөндийд аж төрж байсан Цагадайн улсын хүн амын нүүдэлчин хэсгийг суурьшмал соёлтой Мавераннахрт нүүлгэн шилжүүлж тэнд нэгмөсөн нутагшуулах тухай байв. Ингээд Цагадайн улсын хүн амын нүүдэлчин хийгээд суурьшмал хоёр хэсэг хэрхэн зэрэгцэн орших үндсэн зарчмуудыг чуулганаар боловсруулан гаргав. Үүнд нүүдэлчид Мавераннахрын зөвхөн хээр талд аж төрж хот суурины ойр орчимд эргэлдэн хоргодож байхгүй агаад тариалангийн талбайд малаа билчээхгүй, хотын оршин суугчдаас хууль ёсны татвараас гадуур нэмэлт татвар авахгүй байхаар тохиролцов. Мавераннахрын захирагчаар Масуд-бекийг улираан томилжээ. [Рашид-ад-Дин т III.:71]. Мөн чуулганаар Цагадайн улсын хан Боракийн өвөл зуны ордын газрыг нарийн тогтоож өгөв. Академич В.В.Бартольдын үзэж буйгаар энэ чуулганаар Хорасан руу Ил хан Абагагийн эсрэг хийх Боракийн дайны төлөвлөгөөг мөн хэлэлцэж тохиролцсон ажээ. [Бартольд 1964 б:510].

Эцэст нь чуулганд оролцсон хан хөвүүд анд бололцон өвөр хоорондоо хувцас хунараа солилцож өмсөөд хундага өргөн үеийн үед нэг нэгэндээ үнэнч байх андгай тангараг тавьжээ. Үүгээр Таласын чуулган өндөрлөв. Таласын чуулганыг санаачлагч Хайду уг чуулганаар тогтоосон Дундад Азийн шинэ зохион байгуулалтын гол этгээд байсан нь эргэлзээгүй бөгөөд түүний цаад санаа нь эцэг өвгөдийн хуучин нутгийг сэргээхэд чиглэгдэж байсан бололтой. Хайду Цагадайн улсын газар нутгийн Долоон гол, Или голын хөндийн хэсгийг эзэлж аваад хариуд нь нөхөн төлбөр маягаар урьд нь 1260 онд Алтан ордны улсаас Алгуйн булааж авсан Мавераннахрыг албан ёсоор Цагадайн улсын эзэн Боракт шилжүүлж өгөх зорилго өвөртөлж энэхүү чуулганыг зохион байгуулсан нь харагдаж байна. Харин яагаад Цагадайн улсыг нэг мөсөн эзэлж өөрийн захиргаанд оруулаагүй юм бэ? гэвээс их хаан Хубилай хийгээд Алтан ордон болон Ил хаадын улсын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарахаас болгоомжилж Хайду Цагадайн улсаас цэргийн хүчээр авсан газар нутгаа ямарч маргаангүйгээр өөрийн удмын захиргаанд оруулахыг юу юунаас илүүд үзсэн бололтой. Үүнийгээ ч хийж чадав. Таласын чуулганд Хайду Борак хоёроос гадна Алтан ордны хан Мөнхтөмөр оролцсон нь газар нутгаа булаацалдаж байгаа хоёр этгээдийн маргааныг таслахаас гадна хөндлөнгийн гэрчийн үүрэг гүцэтгэж байв. Ингээд Хайдугаас ялагдал хүлээсэн Борак хүссэн хүсээгүй Таласын чуулганы шийдвэрийг дагаж харьяат ард иргэдтэйгээ Мавераннахрт шилжин суух болов. Цагадайн улсын хүн амын үндсэн монгол хэсэг нь Жалайр, Барлас, Хуучид болон Арлуад аймгаас бүрдэж байжээ.

Оросын эрдэмтэн А.Ю.Якубовскийн тэмдэглэснээр “жалайр аймгийнхан Ангрен мөрний хөндийд, барласууд Кашка-дарья голын сав газарт суурьших болсон ба эдгээр аймгууд Долоон голоос ирэхдээ хэл ярианы хувьд их бага хэмжээгээр түргийн нөлөөнд автсан байсан бөгөөд Мавераннахрт ирээд тэдний түрэгжих үйл явц улам эрчимжсэн байна” гэжээ. [Якубовский 1946: 49].Цагадайн улсын нөгөө хоёр үндсэн аймгуудын тухайд гэвэл “хуучид Аму-дарья мөрний эхэнд, арлуадууд Аму-дарья мөрнийг өгсөн өмнө этгээдээр нутаглан суужээ”. [Петрушевский 1984:152].Ихэнх судлаачид эдгээр аймгуудыг Мавераннахр луу шилжих болсон гол шалтгааныг Мубарек-шах болон Борак нар лалын шашинд орж суурьшмал соёлыг эрхэмлэн үзэж хот сууринг бараадан амьдрах болсонтой холбон үүний төлөө Таласын чуулганыг хуралдуулжээ хэмээн үздэг нь бидний бодлоор эндүү зүйл бололтой. [Петрушевский мөн тэнд]. Цагадайн улсын эдгээр аймгуудын сууж байсан хуучин нутаг болох Долоон голд Эрчис мөрөн, Тарвагатайн тэндээс шилжин ирсэн Өгэдэй хааны харьяат аймаг болох сүлдүс, хонгирад, хонхотан нар эзлэн суужээ. Чу голын хөндийг Хайду хааны хориг /“хоруг”/ болгов. Рашид-ад-дины тэмдэглэснээр “Или болон Чу голын завсар байх Шонхорлиг хэмээх нэртэй өндөр ууланд Хайду болон бусад хан хөвүүдийн онгод байдаг” гэдэг нь энэ нутаг Хайдугийн эзэмшил болсныг гэрчилж байгаа юм. [Рашид-ад-Дин т.II:16].

Цагадайн улсын дараа дараагийн хаадууд алдсан нутаг дэвсгэрээ Өгэдэйн удмыхнаас эргүүлэн авахыг оролдож байсан тул энэ хоёр улсын хооронд дайн самуун нэг бус удаа дэгдэж байв. Энэ хоёр этгээдийн хоорондын дайн самууныг судлаачид Цагадайн улсын дотоодын нүүдлийн болон суурьшмал хоёр чиг хандлагын зөрчил тэмцлээр тайлбарлан авч үздэг. [Бартольд 1963 д: 731].Хуралдайн дараа Хайду Боракаас ихэд сэрэмжилж байв. Боракийг Бухарт ойртуулахгүйн тулд Хайду Боракийн сууж байсан газар хот хоёрын дунд цэрэг байрлуулжээ. Борак хуралдайн шийдвэр болон тавьсан андгай тангарагтаа үнэнч үлдэж Хайдутай энэ асуудлаар ам мурийсангүй, харин: “Манай цэргийн тоо ихэд олширлоо. Цэргээ нутагтаа агуулахад хүндрэлтэй байна. Гол гаталж Хорасан мужийг эзлэх хэрэгтэй байна. Энэ ажиллагаанд Хайду анд тусал” гэжээ. [Рашид-ад Дин т.II :98]. Хайду нь Хорасаны Абага хаантай таарамж муутайгаас гадна нөгөө талаар Боракийг холдуулахын тулд Кипчак, Чапат хоёрыг тус тусад цэрэг захируулан Боракт туслуулахаар илгээжээ. Чапат нь Гүюг хааны хүү Нагугийн хүү ажээ. Борак цэрэгтэйгээ хөдлөн явсаар голыг гатлан Мервийн хилийн хавьцаа будаллав. Дараа нь тэрбээр Абага хааны дүү Тобшины цэрэгтэй тулалджээ. Энэ үед Абага хааны мянганы ноён Сүжигтү Борактай хамт Кипчак ирснийг сонсоод бултан очиж түүний талд ороод өгүүлсэн нь:”Би Кипчак ноёны албат тул өөрийн эзэндээ ирлээ. Бас эзэндээ сайн хөлөг морь авч ирлээ” гэжээ. Кипчак хариу болгон:”Хэдэн сайн морь авч Боракт бэлэг болгон барь” гэжээ. Сүжигтү Кипчакийн хэлсэн ёсоор болгожээ. Маргааш нь Боракийн өргөөнд Жалайртай ноён Кипчакт хэлсэн нь:”Борак чиний төлөө сэлэмнийхээ ид хавыг үзэх гэж олон мянган цэрэгтэйгээ энд ирсэн” гэжээ. Кипчак:”Энэ чинь юу гэсэн үг вэ?” гэж гайхан асуув. “Болох юм ёсоороо л болж байна. Сүжигтү чиний албат, чамд захирагддаг ч гэлээ, өчнөөн хугацаа өнгөрчихөөд байхад тэр одоо яагаад чамруу ирэхгүй байна. Борак байгаа учраас л Сүжигтү наашаа ирсэн. Сүжигтүгээс Боракт өгөх ёстой сайн морьдыг чи өөртөө авсан. Чи өөртөө авах ёстой морьдыг Боракт өгсөн. Ийм учраас чи Сүжүгтүгээс өөртөө авсан морьдыг Борагт бэлэг болгон барь” гэж Жалайртай зандарсан байна. Энэ үгийг сонссон Кипчак уурсангуйгаар:”Ах дүү нарын хоорондуур орж их үг хэлж байдаг чи ер нь хэн юм бэ?” гэжээ. Жалайртай:”Би Боракийн зарц болхоос чинийх биш. Тийм учир чи намайг хэн бэ гэдгийг асуух болоогүй” хэмээн хариулав. Кипчак:”Хэзээ Чингис хааны удмынхантай харц хүн маргалдаж зүрхэлж байлаа? Чи муу нохой надад юу гэж сөргөлдөнө вэ?” хэмээн уурлав. Жалайртай:”Хэрвээ би нохой юм бол чинийх биш Боракийнх. Чи өөрийн нэрээ хичээж, хирээ мэд”.Кипчакийн шар нь хөдөлж:”Чи надад ингэж хариулж байгаа юм уу? Би чамайг тас цавчина даа! Борак миний ах учир чамайг тас цавчисаны төлөө надад юу ч хэлэхгүй” гэжээ. Жалайртай хутга шүүрэн авч:”Хэрвээ чи миний өмнөөс сарвалзах юм бол би чиний гэдсийг хүү татна” гэж ханхалзав.

Тэр хоёрын хэрүүл ийнхүү түйлдаа хүрэхэд Борак огт дуугаралгүй байхыг Кипчак хараад Боракийг Жалайртайн талд байна гэж ойлгоод нэрээ хичээн гарч явжээ. Тэрбээр өөрийн цэргээ авч голыг гатлан буцав. Кипчакийн буцасныг Борак мэдээд сандран, түүнийг буцааж ирүүлэх гэж дүү Никпейгээ, мөн араас нь Жалайртайг 3 мянган цэрэгтэй явуулжээ. Үүний дараа Чапат ч цэргээ аван Кипчакийн араас Хайдугийн зүг буцсан байна. 1269 онд болсон энэхүү тулалдаанд Боракийн цэргийн ихэнх нь амь үрэгдэж үлдсэн хэдэн нь таран зугтав. Хунд шархадсан Борак Бухарт очиж хэсэг хугацаагаар биеэ тэнхэртэл байсан байна. Борак өөртөө туслахаас татгалзсан Цагадайн хүү Мужи-Яягийн хөвүүн Ахмедын эсрэг далд тэмцэл дэгдээв. Борак Басар ахыгаа элч болгон Хайдуд зарж: ”Хан хөвгүүд надад туслах гээд хайхрамжгүй хандснаас би болон миний цэрэг ялагдлаа. Хэдийгээр миний хүчин чадал доройтсон ч гэлээ анд минь надад тусалбал би тэдний араас мөшгөн хөөж, барьж авч зохих шанг нь хүртээх болно” гэж хэлүүлжээ. [Рашид-ад-Дин, мөн тэнд].Боракийн энэхүү саналыг Хайду эрэгцүүлэн бодож, хүний гараар могой барих гэсэн Боракийн далд санааг гадарлан элч Басарыг баривчлан дөнгөлжээ. Хайду Боракийн хүчин суларсныг далимдуулан бүрмөсөн зайлуулахын тулд түүнд туслана гэсэн цуу тараагаад 20 мянган цэргийн хамт Боракийн эсрэг морджээ. Энэ үед Боракийн хүмүүс Ахмедыг гартаа оруулан алсан байжээ. Үүнээс болж Борак Хайдугаас цэргийн тусламж хүссэндээ харамсч Хайдуд элч илгээн: ”Анд Хайду минь энд өөрийн чинь туслалцааг авах хэрэгцээгүй боллоо. Одоо санаагаа зовоолгүй буцаж харь” хэмээн хэлүүлжээ.Хайду Боракийн элчийн үгийг үл тоож урагшилсаар Боракийн өргөөнд ойртон бүсэлж хоножээ. Борак айсандаа тэр шөнөдөө нас барсан байлаа гэж “Судрын чуулган”-д өгүүлсэн байна. [Рашид-ад-Дин т.III:85]. Дараа өдөр нь Хайду Боракийн өргөөнд очиж гашуудал илэрхийлээд, оршуулагад нь оролцжээ. Боракийн цогцсыг монгол ёсоор өндөр газар онголсон байна. Тэнд байсан хан хөвүүд, ноёд Хайдууд бараалхан “Энэ цаг үе хүртэл бидний эзэн Борак ах байсан юм. Үүнээс хойш Хайду ах биднийг захирах болно. Та юу гэж зарлиг буулгана бид ёсоор гүйцэтгэнэ” гээд мэхийн ёслов. [Рашид-ад-дин т.II:100].

Хайду Боракийн хөрөнгийг цэргүүддээ хувааж өгөөд нутгийн зүг оджээ. Үүнд нь Боракийн үүган хөвгүүн ихэд дургүйцэн Алсу, Чупай, Капан нэрт дүү нараа дагуулан Алтан Ордоны Бэхтөмөр хаанд дагаар оржээ. Гуюг хааны хоёрдугаар хүү Чапат нь ард иргэдээ дагуулан Хубилай хааныг бараадан явжээ. Харин Мубарек-шахын хөвгүүд болон Харахүлэгийн хөвгүүн Эл хаадын улсын Абага-хааны харьяанд ороход хаан тэднийг Газни хотын орчим байрлаж байсан Никударын цэргийн дарга нараар томилжээ. Боракийн ах Басар нь мөн тэдний араас Абага хаанд очиж алба хаах болов. Боракийг нас барснаас хойш Цагадайн улсын нөлөө бүхий хан хөвгүүд болон ноёд Хайдугийн захиргааг үл зөвшөөрөн тал тал тийшээ сарнин оджээ. Өөрөөр хэлбэл, Цагадайн улсын нөлөө бүхий ноёд Хубилайн эсрэг хийж байсан Хайду ноёны тэмцлийг толгой дараалан дэмжиж байгаагүйг энэ баримт харуулж байгаа юм. Хайду Хубилайн хоорондох зэвсэгт тэмцэл Хубилайн нас нөхчих хүртэл (1294) 30 гаруй жил үргэлжлэв. Хайду үе үе Хубилай хааны эсрэг их бага довтолгоон хийсээр өвөг эцэг Өгэдэйн эзэмшил нутгийг сэргээн товхинуулаад эзэн нь сууж байжээ. Хубилай хаан амьдралынхаа турш Хайдугийн хүчийг бүрмөсөн бут ниргэж чадаагүй юм.Энэ хоёрын тэмцэлд Дундад Ази дахь Цагадайн хаант улс хамгийн их хэлмэгдсэн учир нь түүний эдийн засгийн хөгжил цэцэглэлт Торгоны замын худалдаатай шууд холбоотой байсанд оршино.Хайду ноёныг нас барсны дараахан Цагадайн удмын Дува хаан 1282 онд улсынхаа эзэн суусан байна.

Олон жил үргэлжилсэн Хайду Хубилай нарын зэвсэгт тэмцлийн хөлд нэрвэгдсэн улс орноо төвхинүүлэх, эдийн засгаа хөгжүүлэх асуудалтай Цагадайн улсын төрийг барьсан Дува хаан болон түүний үе залгамжлагчдын өмнө тулгарав. Юуны өмнө тэрбээр засаг захиргааны хуучин тогтолцоог халж түмтийн хуваарийг дэлгэрүүлэв. Үүний үр дүнд Цагадайн улсын дотоод байдал нэлээд тогтворжив. 1306 онд Дува хан нас нөхчив. Дува хааны дараа ээлж дараалан төр барьсан түүний гурван хөвгүүдийн нэг нь болох Кебек (1318 – 1326) улсынхаа эдийн засгийг хөгжүүлэхэд нэлээд анхаарлаа хандуулжээ. . Академик В.В.Бартольдын бичсэнээр Кебек хаан “мусульманы шашинд ороогүй ч мусульманчууд түүнийг шудрага төр баригч хэмээн магтан хотуудыг сэргээж, шинээр барьж байгуулсан” ажээ. [Бартольд 1964 б: 543].