Чойндонгийн Пүрэвдорж

Чойндонгийн Пүрэвдорж
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилцэргийн жанжин

Чойндонгийн Пүрэвдорж - БНМАУ-ын Ардын Армийн Дэслэгч Генерал.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрүүлж, 1942-1946 онд сумын бага сургуульд суралцан төгсөөд,1946-1952 онд Д.Сүхбаатарын нэрэмжит Офицерийн сургууль, 1952-1955 онд Д.Сүхбаатарын нэрэмжит Цэргийн ерөнхий сургуульд тус тус сурагчаар суралцан, бага, дунд боловсрол, артиллерийн командын чиглэлээр цэргийн мэргэжил эзэмшжээ.

  • 1956-1957 онд онд Ардын цэргийн их бууны тусгай дивизионы батарейд галт салааны дарга
  • 1957-1958 онд Ардын цэргийн Зенитийн тусгай батарейны галт салааны даргаар ажиллаж байгаад
  • 1958 оноос ЗХУ-ын /хуучин нэрээр / Цэргийн их бууны академид сонсогчоор элсэн суралцаж, 1962 онд төгсчээ.
  • 1962-1964 онд Ардын Цэргийн Ерөнхий Штабын байлдааны ба байлдааны бэлтгэл хэлтэст зенитийн хэрэг эрхэлсэн туслахаар ажиллаж байгаад
  • 1964 оноос Их бууны тусгай / пуужингийн / дивизионы даргаар томилогдон 1969 оныг хүртэл 5 жилийн турш ажилласан байна. Энэ хугацаанд хариуцсан анги нь / 028-р анги / армийн түүхэнд анхны “Армийн тэргүүний анги”-аар шалгарч байжээ.
  • 1969-1971 онд ЗХУ-д Ворошиловын нэрэмжит ЗХЖШ-ын академид онц дүнтэй суралцан, Монголоос анх удаа “Алтан медаль”-тай төгсч ирсэн байна.
  • 1971-1974 онд БХЯ-нд Улсыг агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хэлтсийн даргаар ажилласан.

Ч.Пүрэвдорж нь Улсын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цэргийн / УАДЭХЦ / тулгын чулууг тавилцсан үндэслэгчийн нэг, АДХ цэргийг ЗХ-ний үндсэн төрлийн цэрэг болгохын төлөө ихийг хийсэн хүний нэг юм.

1974-1986 онд ЗХЖШ-ын дарга бөгөөд БХЯ-ны 1-р орлогч сайдаар тасралтгүй 12 жил ажилласан.

Армийн хөгжлийн түүхийн нэгэн зурвас энэ хугацаанд МАА-ийн шинээр өргөтгөн зохион байгуулах, зэвсэглэл, бүтэц, зохион байгуулалт, зорилго, чиг үүрэг, цэргийн сургалт, хангалт зэрэг томоохон цогц арга хэмжээг цэргийн мэргэжилтний хувьд гардан зохион байгуулж, удирдсан хүний нэг билээ. Түүнийг ЗХЖШ-ыг толгойлж байхад армийн стратегийн мэдээллийн цар хүрээ ихэд өргөжин томорч, мэдээлэл, судалгааны үйл ажиллагааг өрнүүлэх талаар цоо шинэ ажлуудыг хийж байсан нь Монголын цэргийн түүхэнд түүний оруулсан томоохон хувь нэмэр болжээ.

1986-1991 онд Цэргийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлаар, 1991-2003 онд БХЯ-ны ЦЭШ Хүрээлэнд болон Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан,зөвлөхөөр ажиллаж байлаа.

Хувийн амьдрал[засварлах | кодоор засварлах]

Эхнэр Ичинхорлоо, 5 охинтой.

Бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

ЗХЖШ-ын даргаар ажиллах хугацаандаа цэргийн урлаг,оператив, тактикийн болон улс төр, нийгэм, сургалт бэлтгэлийн асуудлаар олон арван онол-практик, арга зүйн асуудал дэвшүүлсэн өгүүлэл, нийтлэл бичиж, төвийн болон цэргийн сонин сэтгүүлд нийтлүүлж байжээ. 1986-1991 онуудад БХЯ-ны Цэргийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлаар ажиллахдаа судалгааны хэд хэдэн ажил, “Цэргийн шинжлэх ухаан, цэргийн номлолын тухай” ном / 1989 он / бичсэний зэрэгцээ цэргийн эрдэм шинжилгээний байгууллагыг бэхжүүлэх зэрэг цар хүрээтэй олон ажлыг удирдан хийсэн байна. 1991-2003 онуудад БХЯ-ны Цэргийн эрдэм шинжилгээний хүрээлэнд болон Стратеги судалгааны хүрээлэнд захирал, эрдэм шинжилгээний ажилтан, зөвлөхөөр ажиллаж байхдаа цэрэг, стратеги судалгааны ажлыг удирдан чиглүүлж, хамтран ажиллаж байсан хүмүүсийн хамт МУ-ын аюулгүй байдал, төр улсын батлан хамгаалах номлолыг боловсруулах чиглэлээр олон тооны дорвитой бүтээл туурвихад оролцсон. Батлан хамгаалах цэргийн тогтолцооны тухай, НҮБ-н энхийг сахиулах хүчин зэрэг судалгааны 2 том оргил бүтээл бий. 028-р анги, УАДЭХ хэлтэс, ЗХЖШ, Цэргийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Стратеги судалгааны хүрээлэн зэрэг армийн нэгжүүдэд түүний удирдлаганд ажиллаж байсан хүмүүсээс ажил үйлсийг нь залгамжлах олон генерал, цэргийн дарга, эрдэмтэд төрсөн.

Хошууч Генерал Г.Махбариадын түүний тухай дурсамжаас[засварлах | кодоор засварлах]

"Манай дарга бол маш хүнлэг, сайхан сэтгэлтэй, ухаалаг хүн байлаа. Тэрээр уур уцаар гэж байхгүй, хүнийг том, бага тушаалын гэж ялгалгүй харьцана. Хүн хичнээн буруу, зөрүү юм хийсэн гэм, зэмтэй ч гэсэн тэдэнтэй өндөр дуугаар ярина гэж үгүй. Аль болох дутагдал, доголдлыг нь ойлгуулах гэж л үзнэ. Хүн чанар маш сайтай, барагтай бол хүн шийтгэхгүй шүү. Бид хоёр 10 гаруй жил хамт ажиллахдаа 1 удаа ч ам мурийж үзээгүй хүмүүс. Товчоор хэлэхэд миний анх танилцсан Пүрэвдорж, МАХН-ын Төв хорооны гишүүн, АИХ-ын депутат, Монголын ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Пүрэвдорж хоёрын хооронд зан харилцааны хувьд ямар ч өөрчлөлт гараагүй. Би энэ хүнээс маш их юм сурсан. Ийм даргатай хамт ажиллаж байсандаа маш их баяртай байдаг юм. Үүгээрээ би бахархаж явдаг хүн".

Сонгуульт ажил[засварлах | кодоор засварлах]

МАХН-ын 17, 18-р их хурлаас МАХН-ын Төв хорооны гишүүн, БНМАУ-ын Ардын Их Хурлын 7, 8, 9, 10 дахь удаагийн сонгуулиар Ардын Их Хурлын депутатаар сонгож байсан.

Гавьяа шагнал[засварлах | кодоор засварлах]

Улс орныг батлан хамгаалах, ЗХ-ийг бэхжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь төр, засаг үнэлж,

  • Сүхбаатарын одон
  • Байлдааны гавьяаны улаан тугийн одон
  • Цэргийн гавьяаны одон
  • Алтан гадас одон болон бусад медалиар

Социалист нөхөрлөлийн орнуудын дайчин нөхөрлөлийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, ЗХУ, БНСЧУ, БНПАУ, БНАГУ, БНБАУ, БНСВУ зэрэг орнууд одон, медалиараа шагнаж байжээ.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]