Шагдарын Намхай

Шагдарын Намхай буюу Сандаг-Очир аварга нь Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны харьяат бөх.

Одоогийн Булган аймгийн Сайхан сумын нутгийн бөх. 1870 онд төрсөн. Түүний эцэг Шагдар нь 1852 оны уул тайлгын наадамд 5 даван шөвгөрч байсан, Шонхор цолтой бөх байжээ. Шагдар шонхор 3 хүүтэй. Том нь Жадамба, дундах нь Лувсанжамба, бага нь Намхай билээ. Жадамба бол морь сайн уядаг хүлэгч хүн байсан гэдэг. Лувсанжамба нь 1901 оны их даншигт түрүүлж байсан дархан аварга хүн юм.

Намхай хүү анх 1892 оны уул тайлгын наадамд ирж барилдаад Богдын шавийн бөх Гонгоржав заан (хожмын арслан)-д буулгуулж үзүүрлэн заан цол, 1893 оны их даншигт 11-ийн даваанд Богдын шавь Ламжав арсланд буулгуулж үзүүрлэн арслан цол хүртээд байлаа. Тэрээр 1895 оноос эхлэн Богдын шавийн нэрийн өмнөөс барилдаж эхэлсэн бөгөөд улмаар 1896 оны их даншигт 11-ийн даваанд Дугар аваргыг хаяж түрүүлэн даян аварга цол, 1897 оны их даншигт 11-ийн даваанд Дугар аваргыг дахин хаяж түрүүлэн дархан аварга цол хүртсэн байна.

Намхай аварга их даншигт 8 удаа, бага даншигт 2 удаа, уул тайлгад 8 удаа нийтдээ Монгол наадамд 18 удаа түрүүлж өндөр амжилт үзүүлсэн бөх юм. Түүнийг ямаршуу сайхан бие бялдартай, бяр хүчтэй, ховорхон төрөх бөх байсан талаар домог яриа олон буй.