Чингүнжав

(Шадар ван Чингүнжав-с чиглүүлэгдэв)

Хотгойд бол халхын нэгэн угсаатны бүлэг бөгөөд эртний жалайр отгийн салбараас үүсчээ. Засагт хан Лайхуур 1577 онд Ойрадын хойд аймгийг таслан авчирч улмаар тэд нь Халхтай холилдон Хотгойд гэдэг ястны нэр үүссэн гэдэг хожмын шинэ тайлбар бий. Хотгойдын шадар ван Чингүнжав 1710 онд одоогийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Сангийн далайн Биндэртийн өвөр гэдэг газар Хотгойдын Засаг ноён бэйл Бандийн ууган хүү болон төрсөн. Энэ үеэр Ар халх манжийн эрхшээлд бүрэн орсон байв. Чингүнжавын дээд өвөг Чингис хааны удмын хиад боржигин овгийн Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз жалайр Хунтайж ажээ.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Өвөг дээдэс[засварлах | кодоор засварлах]

Ар халх манжид дагаар орохоос өмнө, Гэрсэнз жалайр Хунтайжийн ахмад хөвгүүн Ашихай дархан хунтайжийн 2-р хүү Түмэндарь дайчны ахмад хүү Шолой уваш хунтайж /1567-1627/ Хотгойд аймгийг захирч талыг Хотгойдууд 1587-1800 он хүртэл Ойрад /зүүн гар улс/ ар халхын хоорондын харилцаанд чухал байр эзэлж байв. Хотгойд нь ар халхын хойд захад Увс, Хөвсгөл нуурын хооронд өргөн уудам нутаг эзэмшиж байв. Газар нутгийн байршлийн хувьд Монголын хаадын ордноос алс зайдуу байв. Энэ үед оросын хаант улс хил хязгаараа өргөтгөн тэлсээр Хотгойдын нутгийн захад тулж иржээ. Иймээс Хотгойдууд Монголын бусад аймгуудаас түрүүлж 1616 онд оростой харилцаж эхлэв. Энэ байдлаа ашиглан Шолой Уваш Хунтайж өөрийгөө алтан хан гэж нэрлэн бие даан үйл ажиллагаа явуулдаг байв. Шолой Уваш Хунтайжийн орыг түүний хүү Омбо-Эрдэнэ 1630 онд өвлөн суув.

1655 онд хотгойдын хаан Омбо-Эрдэнэ хунтайж Манжийн хаанд дагаар орж Халхын баруун гарын хошууны нэгэн засаг ноён болжээ. Омбо-Эрдэнэ хунтайжийг түүний хүү Лувсанринчин хунтайж залгамжлав. Тэр засагт хан болон Ойрадуудтай тохиролцдоггүй учир хөх нуурт оргон зайлжээ. 1686 онд Манжийн оролцоотой болсон халхын ноёдын "Заг байдрагийн хүрэн бэлчирийн чуулганаар халхын засагт хан аймгийн харъяанд Шолой убаши хунтайжийн хөвгүүн Дорждай хунтайжийн хөвгүүн Гэндэнг Хотгойдын засаг болгов." Гэндэн 1694 онд манжид дагаар орж "төрийн бэйл" цол хүртсэн байна. Хотгойдын ноёдоос Гэндэнгийн авга ах Лувсанринчин 1686 онд манжид дагаар орж 1690 онд галдан бошгот манжийн хаан нарын "Улаан будан"-гийн тулалдаанд манжийн талд байлдаж байжээ. Ийнхүү Хотгойдын ноёд дээдсээс 3 хүн Манжид дагаар орсон учир бусад нь бүгд манжийн хааны харъяат болов. Гэндэн бэйлийн орыг түүний өргөмөл хүү, бэйл Бүүвээ баатар, ач Банди бэйл нар залгамжлав. Банди бэйл 1737 онд нас барж түүний хүү Чингүнжав /1710-1757/ залгамжлав.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Чингүнжавыг засаг ноён төрийн бээл болох үед ар халх дахь манжийн ноёрхол хүчээ авч Ойрадыг байлдан эзлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх түшиц газар болгох бодлого явуулж байв. Манж нар Чингүнжавыг өөртөө татахын тулд хэргэм зэргээр шагнаж, Засагт хан аймгийн туслагч жанжнаар томилж байв. 1691-5-02 Долоннуурын чуулганаар ар халх манжид дагаар оржээ. 1760 оноос Тэнгэрийг тэтгэсний 16-р онд "Чингүнжав доорд ардыг дураар тавьж, харуул харж, зүүн гарын хотон ард лугаа худалдаа хийлгэж урианхайн газарт нүүж суухад хүргүүлсэн нь маш осол сул үзэшгүй, тэр ч байтугай тусгайлан тушаагаад барьж хүргэхээр ирүүлэх лам Жамцанг хүргэж ирсэн үгүй уйлхайлж шалтагласан нь миний хишгийг ихэд үтээрхжээ".

Хойдын ван Амарсанаа, Хотгойдын шадар ван Чингүнжав, Өмнөд хорчиний эфү Сэвдэнбалжир нар элч довтолгон урьдаас үгсэн тохирсноор Манжийн эсрэг тэмцэл 1755 онд эхлэж Монгол түмний гурван жилийн эх оронч их тэмцэлийг өрнүүлсэн юм. Дараа жил нь Чингүнжавын цэрэг Хиагт, Их хүрээнд бугшсан Манж цэргийг уулгалан дайрч, улмаар тэр жилийнхээ намрын дунд сарын эхээр Их хүрээнд чуулхаар тогтжээ.

Шадар ван Чингүнжав, Хан голоос мянган цэрэгтэйгээр алба хаян Халх нутгаа зорин довтолгож, улмаар манжийг эсэргүүцэн бослого гаргасан ийн учиртай. Түүний эх оронч тэмцлийг Халх түмэн төдийгүй, II Богд ЖавзандамбаII Жавзундамба хутагт]], түшээт хан Ямпилдорж, засагт хан Балдир, сэцэн хан Манибадир, Сайн ноён Дэчинжав, Дамиран гүн зэрэг нөлөө бүхий хүмүүс дэмжиж эр цэрэг, унаа хөсөг, зэр зэвсэг, хүнс хоол зэрэг ар хангалтын хэрэгтэй бүхнээр сэлбэн туслаж байв. Ар халхад хүчээ авч буй энэ бослогын тухай дуулсан Манжийн хаан бослогын гол удирдагчийн хүчийг салган ганцаардуулах аргыг сүвэгчлэн, Халхын бүх ноёдод Чингүнжавыг даруй барихыг зарлиг болгож, Улиастайн жанжнаар Чин ван Цэнгүнжавыг томилж, их цэргийг авч Чингүнжавын цэргийг дарж, түүнийг барихыг даалгажээ.

Чингүнжав урвасан тухай Манжийн хааны буулгасан зарлиг.

Тэнгэрийн тэтгэсний хорин нэгдүгээр он намрын дундад сарын арван зургаанд:

 "Зарлиг буулгасан нь. Олон Халхчуудад зарлиг буулга. Танай олон Халхчууд цөм үе бүр төрийн хишгийн хүлээсэн хүн юунд нэгэн бузар Чингүнжавын дэмий зохиосон нэг үгэн дор хувьсгаж даруй ингэж явсан аж хэмээн гайхдаг билээ, эдүгээ сонсхул да цэргийн хэрэгт зүдэрсэн учир дор санаа тогтвор үгүй хэмээмүй. Миний энэ цэрэг хэрэглэсэн нь хэний тул агсан аж, чухам танай олон Халхуудын тул биш буюу, танай олон Халхуудын үл мэдэх нь үнээрэн юу, урьд гурван цэрэг нар дагаж ирснийг би хүлээж авах үгүй болвоос бусдын гэр өрхийг авч ирсэн бишүү, хүлээн үл авах ёсон буюу, даруй хүлээн үл авах болтугай, тэдгээр бас зөв зүгээр байнуу, эрх үгүй танай олон Халхчуудыг дэмий дээрэмдэх булаахуй дор хүрнэм. Иймийн тул би сая хүлээн авч суулгав, цэрэг нар хүмүүн басхүү номхон даруу зөв зүгээр байсан аж, Амаргсанаагийн залихай муу байдлыг үзвээс түүнийг дагаж ирснийг хүлээн үл авах болвоос тэр тогтож танай Халхчуудыг дээрэмдэж танай нутгийг эзлэх буй за, би шийтгэсэн нь  сайн тул сая түүнийг гаргав би улсын цалинг хайрлал үгүй их цэргийг гаргаж Зүүнгарын газрыг төвшитгэн тогтоосон нь цөм танай олон Халхчуудын тул болой, даруй эдүгээ хулгайч Амаргсанааг барихуй дор мөн баруун замаар Өөлд нарын цэргийг гаргаж хасганы зах дор орж Амарсанааг үдэш маргад даруй барьж олном, хойд замын цэргийг харин зүгээр сүр бадруулж илгээсэн асар зовоосон газар үгүй Амарсанаа хэмээгч зүг нэгэн босуул буй за барьж оловч эс оловчиг даруй цэрэглэхийг байж гарган олон Халхчуудыг жаргуулан суулгая хэмээсэн билээ. Санамсар үгүй хулгайч Чингүнжав урьд Амарсанаа дор самбаачилж явсан учир дор өөрийн ганцаар ялаас хэлтрэхийг хичээж олныг цөм ял торготугай хэмээн зальхай муу санаа үүсгэж дэмий үг зохиож олон Халхчуудыг хувьсгуулж явав. Олон Халхчуудын дотор түүний цуурхах үгийг сонсож харуул өртөөнөөс ангижирч нутагт хойш одсон нь буй харгалзан хүлээсэн нь мөн буй хулгайч Чингүнжав ингэж олныг хувьсгуулж урвасан бөгөөтөл үүнийг барих үгүй болвоос цэргийн хэргийн бас байж болмуй эдүгээ тийн цэргийн хэргийг байсан үгүй нь цөм Чингүнжавын нэгэн хүний хараа болой. Да цэргийн хэргийг байя гэвээс тэр маш хялбар гагцхүү бүгдийн хүчээр Чингүнжавыг хурдан барихаар одтугай. Чингүнжавыг барьж олсон хойно цэргийн хэргийг даруй байж  болном бишүү. Та хэрбээ хүчин мөхөс Чингүнжавыг барьж чадах үгүй болвоос та албанаа явах нь болвоос өөр өөрийн заасан газарт одож тушаасан албанд явтугай нутагт буй нь болвоос өөр өөрийн нутгийг харъяалж зүв зүгээр байтугай. Би дотоод газрын цэргийг гаргаж Чингүнжавыг бариулмуй. Чингүнжав бузар тэр бас хааш оргож чаднам. Чингүнжавыг барьж ял хийхгүй болвоос тэр үнэхээр цэрэг байх өдөр үгүй бишүү. Танай олон Халхчууд хэрвээ Чингүнжавыг барихгүй бөгөөд бас өөрийн заасан газарт одож алба хааж явахгүй болвоос үүнд харин цэргийг нэмж гаргах буй за. Бас цэргийг байх хууль байнуу. Та хишгийг тэрсэлж урваваас би бас таныг хялбараар тавимуй. Миний цэргийн хүч улсын цалинг та цөм мэдэх бишүү таны зүүн зах болвоос Солон цэрэг буй, өмнөд этгээд болвоос Дотоод засгийн цэрэг буй, дундад зам болвоос Манж цэрэг буй, би их цэргийг гаргаж таныг дайлваас танай нутгийг хамаж чадахгүй хэмээх байтуйгай танай хөвгүүд ачийг цөм хамаж үл чадахуй дор хүрнэм бишүү. Урьд болвоос та харин Зүүн гар дор одох нэгэн зам буй билээ. Эдүгээ Зүүнгарын газар цөм миний газар болсон. Орос болвоос харилцан босуулыг шингүүлэхгүй, та хаана одном. Үнэхээр Чингүнжавын албат болоё гэнүү. Хаана суунам. Та хянаж сана бие үхэхийг эрж явбаас тэр цагт хүрсэн хойно ... тушаасан албанд явж зүв зүгээр байваас танай дордос ард урьд бэрхээр олны цуурхах үгэн дор хөдөлсөн буй за. Би нарийвчлах газар үгүй даруй танай ард болтугай. Мөн бачмаг дорд ард захирч чадсангүй байнам. Би мөн уучлан хэлтрүүлж нарийвчлах газар үгүй"

Цэнгүнжав халхаас цэрэг татаж, хүчээ зузаатгах гэсэн боловч бүтсэнгүй. 1756 оны арван сарын сүүлээр 1000 цэрэг авч замдаа Хөх хотын Вү Чан жанжны 2000 цэрэгтэй нийлж, хотгойд нутгийг зорьсон байна. Манжийн цэргийн сүр хүчээс айсан Чингүнжавийн цэргийн ангийн удирдагч нар цэргээ авч, Чингүнжаваас салж одсон байна. Манжийн цэрэг хотгойд нутагт ирэхэд Чингүнжавын цэрэг 500 болтлоо цөөрсөн учир тосож байлдахыг бодсонгүй цэргээ авч Шишгэд орж хүчээ зузаатгах гэсэн боловч, дайсны их хүчэнд түрэгдэн аргагүй эрхэнд ухарч Өлийн даваа хүрч, цэргээ тарааж зуугаад хүнийг авч оросын хил гарахаар явсан байна. Явах зам нь хэцүү өндөр уул даваа, хад асгатай учир цэргүүдийн зарим нь амь алдаж, нэг хэсэг нь оргон зайлснаар 50 орчим хүнтэй Оросын хилийн ойролцоох Жиянгас гэдэг газар хүрч буудалжээ. Энэ үед хар Дархадын зайсан Азар, Намжил нар Манжийн цэргийг газарчлан очиж, Чингүнжавын буудалсан жижиг толгойг бүслүүлжээ.

1757 оны нэгдүгээр сарын 17ны үүрээр Чингүнжав бүслэлтийг сэт дайран гарахыг завдаад чадалгүй баригджээ. Энэ тухай Манжийн хаанд Тэнгэрийг тэтгэсний 21 оны 12 сарын 4нд чин ван Цэнгүнжавын айлтгасан айлтгалд "Хулгай Чингүнжав нэгэн морийг унаж", манай хорьсныг дайран гараад оргосугай гэхэд түмдийн тэргүүн тайж Ламжав, бэйл Цомцогжавын хошууны тогосын отго хадсан залны занги Чой, хиа Намхай гурвуул тосож Чингүнжавыг барьсан гэжээ"

1757 оны 3 дугаар сарын 11-нд цогт эх оронч Чингүнжавыг хоёр хүү болон түүний гэр бүлийн нь хамт Бээжинд цаазлан хөнөөжээ. Түүний үнэнч албад эзнийхээ эрхий хурууг авч, өртөөлөн явсаар төрсөн нутагт нь очиж оршоосон гэдэг. Өдгөө хотгойд түмэн түүний дурсгалыг хүндэтгэж Жанхас Бор толгойг - Ван толгой хэмээн нэрийдэж, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутагт Чингүнжавын хөшөөг босгожээ. Улаан голоо тасартал, эцсийн амьсгалаа хураатал Манж, Хятадын өмнө сөхрөө үгүй Чингүнжав Эх орондоо үеийн үед дуурсагдан амьд үлдсэн гэрэлт хөшөө мөн хэмээн түүхэнд дуурсжээ. Монгол улсын түүхийн 4-р ботид "Манжийн ноёрхолын эсрэг цусны эцсийн дуслыг зарах зоригтой тууштай тэмцсэн жинхэнэ эх оронч баатар мөн" хэмээн түүний үйл хэргийг үнэлсэн байдаг.