Шашны антропологи

Нийгэм-соёлын антропологийн ерөнхий дөрвөн том салбарын нэг болох шашны антропологи гэдэг нь аливаа шашин, шүтлэг бишрэлийн хэлбэр, шашны байгууллагууд, түүний харилцаа холбоог тухайн болон бусад нийгмийн байгуулал, бүтэцтэй харьцуулан соёл дамнасан судалгаа хийдэг гэж болно. Энгийн үгээр бол хүний нийгэм соёл гэдэг нь бие биенээс нь салгаж тасдаж аваад судлаад байдаг бүрэлдэхүүн хэсгүүдтэй бус харин ч бие биеэтэй нь нягт уялдаа холбоотой авч судлах ёстой бүтэцүүдтэй байдаг. Ийм тул шашны антропологи нь аль нэг нийгмийн шашинг судлахдаа уг нийгмийнх нь бусад хэсгүүдтэй ч харьцуулан судалдаг гэсэн үг. Тэгвэл эл салбар ухаан шашин судлал хэмээх ухаанаас ямар ялгаа зааг болон ижил талтай юм гэсэн асуулт хэн бүхэнд төрнө. Энэ бүхэн хариулах гэж өөрийн хэрээр хичээе. Шашны антропологи нь антропологийн үндсэн суурь зарчимын нэг болон орчин үеийн бус эгэл нийгмүүдэд анхааралаа голдуу хандуулж, эгэл шашны хэлбэрүүд болон гадны сонин гаж үзэгдэлд анхаарч ирсэн байдаг нь карго культ, дом шившлэг, анимизм, тотемизмын судалгаанаас нь харагддаг. Гэхдээ энэ нь сүүлийн үеийн юм уу, орчин үежсэн нийгмүүдийн шашинг судалдаггүй гэсэн үг билээ. Харин шашин судлал нь ихэнхдээ өнөө үеийнхээ буюу судлаач амьдарч байгаа үеийнхээ шашны үйл явцыг болон тогтсон томоохон шашнуудад анхаарсан байх нь их. Ийм ч учраас Буддын, Христын, Исламын гэх мэт тотоохон шашинг судалсан судалгаа голдуу шашин судлалд хамаарч байдаг бол Бөө болон сонин гаж, хүрээ хэмжээ жижиг шүтлэгийн талаарх судалгааг ихэнхдээ антропологичид хийсэн байдаг. Гэхдээ заавал ийм ялгаа заагтай биш гэдгийг ойлгох хэрэгтэй, антропологич хүн ч Христын шашинг судалж болохтой адил шашин судлаач ч хүрээ цар жижиг шүтлэг мөргөлийн тухай анхаарч болно. Миний хэлээд байгаа энэ санаа нь дээрх хоёр ухааны адил болон зөрөөтэй талын аль альнийх нэг жишээ юм. Мөн шашны антропологи хүмүүсийн шүтээд байгаа шашин нь нийгэм болон тухайн хүндээ ямар нөлөө үзүүлж, ямархуу хүн, нийгмийг бий болгоод байгааг нь анхаардаг, шүтэгч итгэгч хүнээр нь дамжуулан уг шашинг судалдаг билээ. Жишээлбэл намайг оюутан байхад манай ангийн Б.Удвал “Бөөгийн эдийн засгийн амьдрал” сэдэвтэй судалгаа хийж байсан бөгөөд түүндээ хэн нэгэн хүн бөө болохдоо зарцуулдаг мөнгө, хөрөнгийг задлан шинжилсэн нь эл ухааны онцлогийг харуулсан хэрэг байсан. Гэтэл шашин судлал энэ мэт судалгааг хийхээсээ илүү шашны сургаал, түүний үзэл санаанд анхаарах нь их байдаг төдийгүй хүнээс нь бус нийгмийн бүтцээс нь хүн рүү нь хандсан судалгааг хийж байдаг. Шашны антропологийн маяг загвартай судалгаа аль эртнээс хийгдэж байсан аж. Тухайлбал, XI зууны үеийн Арабын эрдэмтэд Дундад Ази болон Газар дундын тэнгис ялангуяа Энэтхэгийн шашны тухай өнөөгийн антропологичдын адил харьцуулан нэлээд гүнзгий нарийн судалгааг тэмдэглэн үлдээжээ. Тэдний Энэтхэгийн шашин шүтлэг, ёс заншилийн талаарх нэлээд өргөн, шинжилгээ нь магадгүй шашны антропологийн шашны харьцуулсан судалгааны эхлэл байсан болов уу. Энэ тухай ч зарим эрдэмтэд эртний энэ харьцуулсан хандлага өнөө үеийг хүртэл маш ховор байсан төдийгүй шашны судалгааны арга зүйд авч ашиглах шилдэг эх сурвалж болсон юм хэмээн бичиж байв. Дээрх соёл дамнасан харьцуулсан судалгаа хожмын Исламын ертөнцөд ч уламжлан бидний сайн мэдэх Иби-Халдуний (Ibn Khaldun) үед ирсэн байдаг. Улмаар энэ арга зүй Л.Морган, Э.Тайлор, Ж.Фрейзер нарын томоохон судалгаануудын хөтөч болж бидний үед иржээ.

Магадгүй шашны антропологийн гол маргаантай асуудал бол шашныг өөрийг нь тодорхойлох байж болох юм. Олонх антропологичид бөө мөргөл болон өвөг дээдсээ шүтэх шүтлэгийн хэлбэрүүдийг анхаарч үзээд шашинд сүнс, онгод дом шившлэгийн хэрэглээ, ер бусын хүчний хяналт, үл мэдэгдэх болон ирээдүйг тайлбарлах тайлбар, ид шидийн мэдлэг, зан үйлийн тоглолт, мөргөл, тахил өргөл, ер бусын хүчний төлөөлөгч гэх мэт маш олон зүйл багтсан байдаг хэмээн итгэж байна. К.Геерцийн бичсэнээр бол шашин нь (1) бэлгэдлийн тогтолцоо (2) хүчирхэг байдлыг бий болгох үйл явц (3) оршин байхын ерөнхий дэг жаягын ойлголтыг томъёологч (4) увьдас шидийн ойлголтын нөмрөг (5) сэтгэл санаа болон дур сонирхолын ганц бодит байдал мэт санагддаг.

Өнөөгийн барууны соёлд шашин гэдэг нь нэг тэнгэрийг шүтэх үзэл болон ёс суртахууны дэг жаягтай адил утгаар ойлгогдож байна. Ёс суртахуун нь Буддизм, Хиндуизмийн давхацсан итгэл бишрэлээс нэг тэнгэрийг шүтэх үзлийг чөлөөлсөн юм. Өөрөөр хэлбэл өрнийхөн эртнээс олон тэнгэрт нэг зэрэг итгэх явдалыг ташааж үзэхгүй байсан бол дорно зүгт бол байдал өөр олон тэнгэрт нэг зэрэг сүслэж байсан, байсаар ч байна. Энэ бүх шашин шүтлэгийн хэлбэрийг А.Валласе дөрвөн ангилалыг санал болгосон байдаг. Эдгээр нь:

1. Хувь бодгалийн: (Individualistic) илүү суурь шинжтэй, хамгийн энгийн. Тухайлбал, Уугуул Америкчуудын соёлд байх даваа давах ёслол г.м

2. Бөөгийн: (Shamanistic) шашнаа эдгээх анагаах, эмчлэгч маягаар ашигладаг, мэргэ төлөгтэй. Онгодтой, анагаагч, алганы хээ уншигч гэсэн зэрэглэлтэй.

3. Нийтийн: (Communal) уламжлагдан ямар нэг овогт ирсэн зохион байгуулалттай хүмүүсийн бүлэг, зарим нийтлэгийн шашин, өвөг дээдсийн шүтлэг үүнд багтана.

4. Сүм хийдийн: (Ecclesiastical) дээрх гурвыгаа багтаасан, нэлээд цуглуулага, холимог маягтай.

Үнэндээ шашин гэж үүнийг хэлнэ, энэ шашин үүнд багтана, тэр нь түүнд багтана гэх мэтээр хатуу нот хуваах хэцүү байдаг. Учир нь хүний нийгэм гэдэг зүйл өөрөө маш их холигдмол, нийлмэл байдагтай холбоотой юм. Зөвхөн аль нэг нийгмийн эдийн засгийг судлахын тулд тухайн нийгмийн улс төрийн хүрээ, түүхийн онцлог, хүн амын сэтгэл зүй гэх мэтээр маш олон салбарын өнцгөөс харах хэрэг гарна. Ийм л учраас сүүлийн үед салбар ухаануудын зааг ялгаа байхгүй болж байгаа талаар судлаачид өгүүлэх болжээ. Хэн нэгэн хүн би улс төр судлаач эсвэл соёл судлаач, антропологич гэж хатуу бат хэлж болох ч түүний судалгаа өнөөгийн цаг үед аль ч салбар ухаанд хэрэглэгдэн иш татагдах болсон нь үүний тод жишээ юм. Энэ байдал ялангуяа антропологит ихээхэн хамаатай байсан төдийгүй одоо ч үүргээ хадгалсаар байна.