Шинэ Зеландын Газрын дайн

Шинэ Зеландын дайнд Европчууд болон Маоричуудын талаас амь үрэгдсэн хүмүүст зориулсан дурсгалын булан, Окландын Дайны дурсгалын музей. "Kia mate toa" гэсэн үгийг "эцсээ хүртэл тулалдах" буюу "амиа алдахдаа ч айхгүй байх" гэж орчуулж болох бөгөөд өдгөө Шинэ Зеландын Армийн Отаго ба Саутландын ангийн уриа болсон юм. Далбаанууд нь Па хаалга ба Нэгдсэн Вант Улсын далбаанууд юм.

Шинэ Зеландын дайн буюу Газрын дайн хэмээдэг, урьд нь Маорийн дайн гэдэг байсан энэхүү дайн нь 1845-1872 онд Шинэ Зеландад болсон цуврал мөргөлдөөн юм. Дайн олон асуудлаас болж дэгдсэн бөгөөд хамгийн том асуудал нь Маорийн газар нутгийг нүүдэллэн ирэгчдэд (цагаан арьстнуудад) худалдсан явдал байлаа.

1840 онд гарын үсэг зурсан Вайтангийн гэрээгээр Маорийн иви (омог) бүр газар нутаг, ой мод, загас агнуур болон бусад таонгагаа (баялаг) бусдын оролцоогүй эзэмших эрхтэй байжээ. Колоничлолын эхэн үеийн газрын худалдааны хэлэлцээр сэжигтэй үндэслэлтэй байсан бөгөөд оролцогч талууд заримдаа Гэрээнд гарын үсэг зурахаасаа өмнө худалдаа хийсэн байлаа. Ийм явдал дахин гаргуулахгүйн тулд шинээр байгуулагдсан Британийн колонийн удирдлага Маоричууд газраа зөвхөн Британийн төрд (эхэлж авах давуу эрх) худалдаж болно гэсэн захирамж гаргажээ. Гэвч Маоричууд газар нутгаа хүй нэгдлээрээ өмчилж байсан бөгөөд тодорхой газар нутагт суурьших зөвшөөрөл нь тухайн газрыг худалдан авсан хэрэг биш байсан тул үүнд олон нүүдэллэн ирэгчид дургүйцэж байлаа. Нүүдэллэн ирэгчдийн шахалтаар колонийн засаг захиргаа Вайтангийн гэрээний заалтуудыг үл хэрэгсэж, нүүдэллэн ирэгчдийг өмчлөгч нь тодорхойгүй газруудад суурьшихыг зөвшөөрч эхлэв. Маоричууд ч Британийн нүүдэллэн ирэгчид газар нутгыг нь булааж байгааг эсэргүүцэж эхэлснээр цаашдын дайны үр хөврөл бүрэлджээ.

Мөргөлдөөн[засварлах | кодоор засварлах]

Шинэ Зеландын дайны анхны мөргөлдөөн 1843 онд Өмнөд Арлын хойд үзүүрт Вайрау Аффрэйд гарчээ. Энд Нелсоны нүүдэллэн ирэгчид өөрсдийн өмчлөөгүй газар нутгийг хууль бусаар булаан авахыг оролдсоноос болж мөргөлдөөн үүсэн тэднээс 22 нь алагджээ.

Флагстаффын дайн 1845 оны гуравдугаар сараас 1846 оны нэгдүгээр сар хүртэл Шинэ Зеландын бүр хойд хэсэгт Арлуудын булангийн орчим дэгджээ. Энэ дайн нь мана—омгийн эрх дарх—ба гаалийн татвараас үүдэн гарсан. Энэ нь үнэн хэрэгтээ Маорийн өрсөлдөгч ахлагчдын хоорондох дайн байсан бөгөөд Британичууд Британийн Эзэнт гүрний эрх дархын төлөө нэг талд нь орон тулалджээ[баримт хэрэгтэй].

Үүний дараа удалгүй Хойд Арлын баруун өмнөд хэсэгт 1846 оны 3-8 дугаар сард Хатт хөндийн аян дайн, 1847 оны 4-7 дугаар сард Вангануйн аян дайн тус тус дэгдсэн. Энэ хоёр дайны шалтгаан нь Европын нүүдэллэн ирэгчид Маорийн нутаг руу газраа тэлсэнтэй холбоотой байлаа.

Эхний гурван дайнд Маоричууд авъяаслаг, чадварлаг дайчид болохоо харуулсан юм. Гэвч тэд Британийн нүүдэллэн ирэгчдийг бутцохих буюу Шинэ Зеландаас хөөн гаргахыг ерөөсөө хүсээгүй билээ[баримт хэрэгтэй]. Эдгээр дайн тулааны эцэст хот, суурин газарт Английн хууль, бусад газарт Маорийн хууль, ёс заншил үйлчилнэ гэсэн ойлголцолд хүрсэн. Үүнээс хойш 1848-1860 онд харьцангуй тайван байж, эдийн засгийн харилцаа өрнөсөн юм.

Энэ хугацаанд Европчуудын нүүдэллэн суурьших явц хурдасч, 1859 оны үед Пакехачуудын тоо 60000-д хүрч, Маоричуудын тоотой бараг тэнцжээ[баримт хэрэгтэй]. Энэ үед Пакехачууд урьд өмнөх дайн тулааны гашуун сургамжийг үндсэндээ мартсан байлаа. Тэд маш сэжигтэй газрын худалдаагаа тулган хийхдээ цэргийн хүч ашиглахыг оролджээ. Эдгээр худалдааны гэрээний нэгийг нь тэдний шүүх сүүлд хүчингүйд тооцсон юм. Үүний уршгаар Таранакийн нэгдүгээр дайн дэгдлээ. Орон нутгийн Британичуудын хүч дахиад л Маоричуудад давамгайлуулж[баримт хэрэгтэй], 12 сарын турш тулалдсаны эцэст хоёр тал хүч тэнцсэнээр дайны галыг дуртайяа зогсоов.

Гэвч, энэ нь дайны оршил төдий хэрэг байлаа. Британийн нүүдэллэн ирэгчид Хойд Арлын ихэнх нутийг хянаж, захирч байсан Маоричуудтай сөргөлдөхөд бэлэн бус байв. 1863 онд Вайкатог эзлэн авснаар дахин дайн дэгдэв. Вайкатогийн дайн, үүний дотор Таурангагийн аян дайн нь Шинэ Зеландын бүх дайнаас хамгийн том нь болсон юм. Энэ дайны үр дүнд Маорийн газар нутгийн томоохон хэсгийг хураан авснаар Таранакийн хоёрдугаар дайн дэгдэхэд хүргэв. 1860-аад оны дундуур, дайн тулааны улмаас уугуул иргэдийн бүх сургуулийг хаахад хүрсэн.

1864 оны сүүлийн хагасаа 1868 оны эхэн хүртэл харьцангуй нам жим байлаа. Энэ хугацаанд гарсан хамгийн том хэрэг явдал бол Карл Волкнер хэмээх миссионерын амийг хороосон явдал байлаа. Үүнээс гадна Маорийн омог хоорондын хоёр томоохон мөргөлдөөн болсон нь Маори болон Пакехачуудын хооронд хөгжиж буй хамтын ажиллагааг тогтворгүй болгохыг эрмэлзэж байсан Пакехагийн эсрэг шашны бүлэг болох Пай Марире буюу Хау Хаугийн сектийн талыг баримтлагчид болон тэдний эсрэг талынхны хооронд дэгдсэн Маорийн дотоодын дайн юм. Эдгээр дайныг Зүүн Хошууны дайн гэдэг байсан боловч энэ нь нарийн төвөгтэй цуврал дайныг хэт хялбарчлан нэрлэсэн нэр юм.

Хамгийн сүүлийн томоохон мөргөлдөөнүүдийг дурдвал Те Коотийн дайн ба Титоковаругийн дайн юм. Эдгээр дайн нь нэгэн зэрэг дэгдсэн боловч хоорондоо холбоогүй байсан учраас тус тусад нь авч үзэх нь зүйтэй.

Үүгээр колонийн шинэ засаг захиргаа ба Шинэ Зеландын уугуул иргэдийн хооронд дэгдсэн олон хүний амийг авч одсон томоохон дайн үндсэндээ дуусчээ.

Үүнээс хойш өөр олон мөргөлдөөн гарсан боловч Шинэ Зеландын дайны хүрээнд авч үздэггүй билээ. Эдгээрээс дурдвал 1881 онд Парихакаг эзлэн авсан явдлыг дурдаж болно. Түүнчлэн 1890-ээд онд Нохойны татварын дайн хэмээх дайн гарч байлаа. 1916 онд Руа Кенанаг баривчилсан явдал ч бас ийм хэрэг явдалд тооцогдоно. Тэр байтугай 1970-аад онд Бастион Пойнтод гарсан мөргөлдөөн ч энэхүү зөрчлийн нэгэн хэсэг гэж тооцогдох ёстой билээ.

Нэмж унших материал[засварлах | кодоор засварлах]

Гадны гогцоонууд[засварлах | кодоор засварлах]