Ширэмүн

Ширэмүн (монгол бичиг: ᠰᠢᠷᠡᠮᠦᠨ; галиг: Siremün; хялб.ханз: 失烈门; пиньинь: Shī liè mén) (?-1252) нь монгол үндэстэн, хиад боржигин овогтон, Их Монгол Улсын Өгэдэй хааны гуравдугаар хөвүүн Хүчүгийн ахмад хөвүүн, Өгэдэй хааны хууль ёсны залгамжлагч байсан ч нас багын тул их хааны сэнтийд өргөмжлөгдөөгүй нэгэн. 1251 онд Мөнх хааны эсрэг хуйвалдаан зохион байгуулж байсан нь илэрч баригдан, цөлөгдөж 1252 онд нас барсан.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Ширэмүн болбоос Их Монгол Улсын Өгэдэй хааны 3-р хөвгүүн Хүчүгийн Кадакай хатнаас[1] төрсөн ахмад хөвүүн. Өгэдэй хаан өөрийн хөвүүдээс Хүчүг залгамжлагчаар сонгоод байсан ч 1235 онд эхэлсэн өмнөд Сүн улсын эсрэг дайнд оролцож байгаад 1236 оны 2-р сард амь үрэгджээ. Ингээд Өгэдэй хаан өөрийн залгамжлагчаар Хүчүгийн хөвүүн Ширэмүнийг сонгож гэрээслэл үлдээсэн байна. Гэвч их хааныг тэнгэрт хальсны дараа Дөргэнэ хатан, мөн зарим ноёд түүнийг хаан болоход нас балчир гэж үзээд хаан сонгохыг хойшлуулсаар 1246 онд Өгэдэй хааны ахмад хөвүүн бие султай Гүюгийг их хаанд өргөмжилжээ.[2] Гүюг хаан 1248 онд тэнгэрт хальсны дараа төрийн хэргийг Огул Хаймиш хатан захиран явуулах болж, их хааныг сонгох асуудалд дахин том маргаан үүссэн аж. Улмаар Зүчийн хөвүүн Бат ханы зарласан хуралдайгаар Тулуйн хөвүүн Мөнхийг дараагийн их хаан болгох шийдвэр гарч, хоёр тал зөвшилцөх эсэхээс болж 1251 он хүртэл сунжирч явсаар тус оны зун Мөнхийг Их Монгол Улсын их хааны сэнтийд залжээ.

Харин Өгэдэй-Цагадайн угсааны хан хөвүүд, ноёдын олонх Ширэмүнийг хаан болгох сонирхолтой байсан учраас тэр хуралдайд сүүлдэж очих замдаа гэр тэрэг дотроо зэвсэгт цэрэг нууж, төрийн эргэлт гаргахаар бэлдэж явааг их хааны шонхорчдын нэг, канглы аймгийн малчин мэдэж эзэндээ хэлснээр Ширэмүний толгойлсон уг хэрэг илчлэгджээ.[3]

Үүний дараа Өгэдэй, Цагадайн угсааны зарим хан хөвүүд, ноёд нийлсэн нийт 77 хүнийг цаазалж, цөлсний дотор Ширэмүнийг хятад нутаг руу цөлөхдөө дүү Хубилайд илгээв. 1252 онд Хубилайн зөвлөгөөгөөр Ширэмүний амийг егүүтгэжээ.

Удам угсаа[засварлах | кодоор засварлах]

Судрын чуулганд тэмдэглэснээр түүний аав Хүчү бээр Ширэмүн, Боладчи, Сөсэ гэх гурван хөвүүнтэй байсан. Юань улсын сударт Ширэмүн нь Боладчи гэх ганц хөвүүнтэй байсан нь Юань улсад жинюань ван (靖远王) цолтой байсан. Боладчи ван бээр Хадай, Алухуй гэх хоёр хөвүүнтэй байжээ. Хадай нь 1290 онд жинюань ван цол, алтан тамга хүртсэн.[4] Харин Алухуй нь Хайдугийн талд зүтгэж байгаад 1304 онд Юань улсад бууж өгч, дагаар орсон.[5] Дагаар орсны дараа сяннин ван (襄寧王) цол, алтан тамга хүртсэн.

  • Өгэдэй хаан
    • Хүчү хан хөвүүн
      • Ширэмүн
        • Боладчи, жинюань ван цолтой[6]
          • Хадай, жинюань ван (靖远王) цолтой[6],
          • Алухуй, сяннин ван (襄寧王) цолтой[6]
            • Өвгөн, сяннин ван цолтой,[6] 1308 онд залгамжилсан.[4]
      • Боладчи
      • Сөсэ

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Фазлуллах, Рашид ад-Дин (2002). Судрын чуулган. Vol. 2. Translated by Ц, Сүрэнхорлоо (2 ed.). Улаанбаатар: Соёмбо принтинг ХХК. p. 157.
  2. Фазлулах, Рашид ад-Дин (2002). Судрын чуулган. Vol. 2. Translated by Ц, Сүрэнхорлоо (2 ed.). Улаанбаатар: Соёмбо принтинг ХХК. pp. 88, 127, 133–134, 146.
  3. Фазлуллах, Рашид ад-Дин (2002). Судрын чуулган. Vol. 2. Translated by Ц, Сүрэнхорлоо (2 ed.). Улаанбаатар: Соёмбо принтинг ХХК. pp. 151–153.
  4. 4.0 4.1 "Юань улсын судар - 108-р дэвтэр". zh.wikisource.org (in хятад). Retrieved 2024-04-06.
  5. "Юань улсын судар: 22-р дэвтэр. Үзүн хааны шастир-1". zh.wikisource.org (in хятад). Retrieved 2024-04-06.
  6. 6.0 6.1 6.2 6.3 "Юань улсын судар - 107-р дэвтэр". zh.wikisource.org (in хятад). Retrieved 2024-04-06.