Эвлэрүүлэн зуучлал

Эвлэрүүлэн зуучлал гэдэг нь, маргалдагч талуудыг гуравдагч этгээдийн оролцоотойгоор харилцан тохиролцоонд хүргэх ажиллагаа юм. Англи хэлээр Alternative dispute resolution (товчлол нь ADR) гэдэг бөгөөд энэ нь шүүхийн бус аргаар хэрэг маргааныг шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл. Австралид мөн external dispute resolution гэж хэлдэг байна. Эвлэрүүлэн зуучлалыг сүүлийн үед Америкийн Нэгдсэн Улс, Европ, Австралийн олон нийт, хуульчид өргөнөөр хэрэглэж байгаагаас гадна Азийн орнуудын шүүхийн практикт эрчимтэй нэвтэрч байгаа юм. Эвлэрүүлэн зуучлалын нэр хүнд өсч байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал харьцангуй бага, цаг хугацаа хэмнэх, хувийн нууц нийтэд дэлгэгдэхгүй, ажиллагааны уян хатан байдал гэх мэт хэд хэдэн хүчин зүйлээс үүдэлтэй. Эвлэрэл нь зөвхөн маргааны талуудаар хязгаарлагдахгүй, нийгэмд ашигтай, хэрэгтэй ажиллагаа юм. Энэ нь хүмүүсийн хоорондын найрсаг харилцааг сэргээн тогтоож, маргааны шийдлийг аливаа хатуу хэлбэрт баригдалгүйгээр уян хатан сонголтуудаас олох боломжтой, хэрэг хянан шийдвэрлэх зардлыг хэмнэх мөн маргалдагч талууд өөрсдөө маргааны шийдлийг олоход оролцох боломжтой гэх зэрэг сайн талуудтай.

Зорилго[засварлах | кодоор засварлах]

Эвлэрүүлэн зуучлалын зорилго нь талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэхүйц шийдлийг олоход эвлэрүүлэн зуучлагч дэмжлэг үзүүлж, тэдгээрийн хоорондын харилцааны зөрчил, маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал багатай зохицуулахад оршино. Зуучлалын үндсэн зарчим нь, уул ажиллагаа талуудын сайн дурын үндсэн дээр хэрэгжих, ажиллагаанд оролцогчдын нууцыг хадгалах, эвлэрүүлэн зуучлагч төвийг сахисан байр суурьтай байх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд талууд тэгш эрхтэй оролцох явдал юм [1].

Давуу талууд[засварлах | кодоор засварлах]

Эвлэрүүлэн зуучлалын давуу талууд нь дараах байдлаар илэрнэ:

  • Хувийн нууцтай холбоотой мэдээлэл олон нийтэд задрахгүй,
  • Ажиллагааны уян хатан, хэвшмэл байдал,
  • Процессын харилцан буулт хийх, зөвшилцөх, хүлээцтэй байх чанар,
  • Мэтгэлцээнийг хамтын ажиллагаагаар солих,
  • Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, зарлагыг багасгах буюу хорогдуулах замаар цаг, мөнгө хөрөнгө хэмнэх,
  • Харьцангуй хямд өртөгтэй байх,
  • Өмгөөлөгчийн болон олон нийтийн хамгааллыг үл шаардах,
  • Сэтгэлзүйн тааламжтай нөхцөл байдал,
  • Харилцан хүлээж авах боломжтой шийдвэр гаргахад талууд өөрсдөө өндөр хувь нэмэр оруулах,
  • Хувийн болон албаны асуудлыг зохицуулах боломж,
  • Цаашид талуудын харилцааг хадгалах, бэхжүүлэх асуудлыг шийдвэрлэх.

Шүүхийн бус аргаар маргаан шийдвэрлэх арга хэлбэрүүд[засварлах | кодоор засварлах]

Иргэний эрхзүйн харилцаанаас үүссэн маргааныг шүүхийн бус замаар шийдвэрлэхэд дэлхийн улс орнуудад дараах аргуудыг сүүлийн үед идэвхтэй хэрэглэж байна.

Хэлэлцээ[засварлах | кодоор засварлах]

Хэлэлцээ нь маргааныг шүүхийн бус замаар шийдвэрлэх хамгийн энгийн арга юм. Хэлэлцээ нь харилцан ойлголцол, бие биенээ хүндэтгэх зарчмаар явагдах бөгөөд маргалдаж байгаа эрх, хууль ёсны ашиг сонирхлын талаар нэгдсэн зөвшилцөлд хүрснээр өндөрлөнө. Маргалдагч талуудын аль нэг нь үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд хэлэлцээ хэрэгжих үе шат явагдана.

Эвлэрүүлэх үйл ажиллагаа[засварлах | кодоор засварлах]

Энэ ажиллагааны үед маргаан үүсгэж байгаа нөхцөл байдлыг нэг бүрчлэн тодруулаад зогсохгүй, маргааныг зохицуулах тодорхой зөвлөмж гаргана. Эвлэрүүлэгч нь маргалдаж байгаа талуудтай уулзаж улмаар маргааныг хэрхэн шийдвэрлэх зохилтойг нээн илрүүлдэг. Зуучлал болон эвлэрүүлэх ажиллагааг хооронд нь хэрхэн ялгаж ойлгох, хэрэглэх талаар зөрүүтэй байр сууриуд бий. Зарим судлаач эвлэрүүлэх ажиллагааг заавал дагаж мөрдөх албагүй арбитрын ажиллагаа гэж үздэг бол зуучлалыг туслалцаа орсон хэлэлцээ гэдэг. Нөгөө хэсэг судлаачид эвлэрүүлэх ажиллагаа гэдэг нь маргалдаж байгаа талуудын харилцан ялгаатай сонирхлыг уялдуулах замаар нэг болгож байгаа гуравдагч этгээдийн үйл ажиллагааг хэлнэ гэж үзэж байгаа бол зуучлал нь үүнээс цааш зуучлагч нь маргаан хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой санал оруулдгаараа ялгаатай гэж үздэг байна.

Зуучлал (медиац)[засварлах | кодоор засварлах]

Маргалдагч талууд зуучлагчийг оролцуулан эв зүйгээ олж болдог бөгөөд хараат бус, бие даасан зуучлагчаас маргалдагч талуудын хооронд шууд хэлэлцээр хийлгэх замаар асуудлыг шийдвэрлэх процессыг зуучлал гэдэг. Зуучлагчийг шүүх, эрх бүхий байгууллагаас томилохгүй зөвхөн сайн дурын үндсэн дээр, талуудын хүсэлтээр оролцоно. Зуучлагч нь талуудын маргалдаж байгаа ашиг сонирхлын талаар сайтар судлан олж авсан мэдээлэлдээ тулгуурлан үйл ажиллагаагаа явуулах бөгөөд талуудын аль нэгэнд тусгайлан үйлчлэхгүй, төвийг сахисан байр сууринаас ханддаг. Зуучлагч өөрийн боловсруулсан шийдлээ тулган шаардах учиргүй, зөвхөн танилцуулах, цаашид маргасаар байвал маргаанаас үүдэн гарах эд хөрөнгийн болон бизнесийн, нэр хүндийн хор хохирлыг ойлгуулахад үйл ажиллагаагаа чиглүүлнэ. Маргаж буй талууд эсхүл аль нэг нь буюу зуучлагч өөрөө зуучлалыг үр дүнгүй болсон тухайгаа илэрхийлбэл зуучлалын ажиллагааг дуусгавар болсон гэж үзэж болно. Хэрэв зуучлал үр дүнд хүрээгүй бол шүүхийн өмнөх болон дараах шатанд зуучлалын нууцыг чанд хадгалах ба талуудын хэн нэгний эсрэг ашиглахгүй.

Арбитр[засварлах | кодоор засварлах]

Талууд маргаанаа шийдвэрлүүлэх зорилгоор арбитр хэмээх төрийн бус, мэргэжлийн шийдвэр нь хуулийн хүрээнд хүчин төгөлдөр биелэх байгууллагад хандаж болно. Арбитр нь байнгын болон түр гэсэн хэлбэртэй байх бөгөөд талуудын хооронд үүссэн маргааныг тэдний байгуулсан арбитрын хэлэлцээрийг үндэслэн шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл талууд маргаанаа арбитраар шийдвэрлүүлэхээр хэлэлцэн тохирсон бол тус маргаан нь арбитрын харъяалалд хамаарна. Арбитрын ажиллагаа нь бүхэлдээ талуудын тэгш эрх, харилцан тохиролцоон дээр үндэслэх бөгөөд талууд арбитрын бүрэлдэхүүний тоог тогтоох, арбитрчийг томилох, ажиллагаа явуулах журмыг тодорхойлох, ажиллагаа явуулах газар, хэрэглэх хэл, маргаан шийдвэрлэх эрхзүйн хэм хэмжээ зэргийг харилцан тохиролцсоны үндсэн дээр тогтоож болдог.

Эдгээрээс гадна Талуудад ашигтай хувилбараар маргааныг шийдвэрлэх (Neutral fact finding), Маргааны эхлэлийн шатан дахь дундын үнэлгээ (Early neutral-evaluation), Бага хэмжээний шүүх хурал (Mini trial) гэх мэт олон арга бий.

Эвлэрүүлэн зуучлал Монголд[засварлах | кодоор засварлах]

Монгол Улсад шүүхээр үйлчлүүлэх хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа хэдий ч шүүхийн шийдвэр хэрэгжихэд нэлээд хүндрэлтэй, түүнчлэн эрх ашиг нь зөрчигдөх, шүүх ажиллагааны явцад эвлэрэх үйл явц бараг үүсдэггүй, эдийн засгийн үр ашигтай маргааныг шийдвэрлэх үйл ажиллагаа явагддаггүй зэрэг нь тулгамдсан асуудлууд болж байгааг шийдэхийн тулд Япон улсын Засгийн газар 2004-2006 онд Монголын ХЗДХЯ-д мэргэжилтэн томилон ажиллуулж, 2006-2009 онд ХЗДХЯ-тай хамтран “Эрх зүйн шинэтгэл туслалцааг сайжруулах төсөл“-ийг хэрэгжүүлжээ. Мөн Өмгөөлөгчдийн холбооны харъяанд “Эвлэрүүлэн зуучлах төв”-ийг байгуулж, эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгэн сургах тал дээр нягт хамтран ажиллаж ирсэн байна.

Улмаар Монгол Улсад Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог нэвтрүүлэхийн тулд “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах” төслийг Монгол Улсын Дээд шүүхээс Японы Засгийн газарт өргөн барьснаар 2009 оноос Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Монгол Улсын Дээд шүүх, Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран энэхүү төслийг хэрэгжүүлэхээр болжээ [2]. Эвлэрүүлэн зуучлах төвийн үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог Монгол Улсын хууль эрх зүйн тогтолцоонд тусгаж, дүрэм журам болон мөрдөх арга замыг тодорхойлох явдал энэ төслийн нэг томоохон зорилго байсан нь төслийн нэгдүгээр шатанд биеллээ олж УИХ 2012 оны тавдугаар сарын 22-нд Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг соёрхон баталсан юм [3]. Мөн үүнээс хойш нэг жилийн дараа Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл эвлэрүүлэн зуучлагчийг сонгон шалгаруулах,эрхийн гэрчилгээ олгох, бүртгэх, сургалт зохион байгуулах зэрэг чиг үүрэг бүхий Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийг байгуулжээ.

Өнгөрсөн хугацаанд төслийн үйл ажиллагааны хүрээнд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны удирдамж, дагаж мөрдөх дүрэм, стандартыг боловсруулах, эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх сургалт явуулах, эвлэрүүлэн зуучлалыг иргэдэд таниулан сурталчлах, сургагч багш бэлтгэх, анхан шатны бүх шүүхэд эвлэрүүлэн зуучлах өрөө бий болгож шаардлагатай тоног төхөөрөмж байрлуулах гэх зэрэг шат дараалсан үйл ажиллагааг явуулж ирсэн байна. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа Монгол улсад 2014 оны хоёрдугаар сарын дөрвөнөөс хэрэгжиж эхэлсэн ба дүүргийн Иргэний хэргийн анхан шатны дөрвөн шүүх, сум дундын 29 шүүхэд орон тооны нийт 42 эвлэрүүлэн зуучлагч ажиллаж байгаа юм. Мөн оны хоёрдугаар сарын байдлаар орон даяар нийт 293 эвлэрүүлэн зуучлагч бэлтгэгдээд байгаа ажээ. 2013 оны дөрөвдүгээр сард эхэлсэн төслийн хоёрдугаар шат 2015 онд хэрэгжиж дуусчээ.

Эвлэрүүлэн зуучлалтай холбоотой хууль эрхзүйн актууд[засварлах | кодоор засварлах]

Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль. Монгол Улсын Их Хурал. 2012.05.22 [4]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. http://www.judcouncil.mn/index.php?option=com_content&view=category&layout=blog&id=87&Itemid=335 Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиас
  2. http://www.jica.go.jp/project/mongolian/mongolia/003/ Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл
  3. http://www.jica.go.jp/project/mongolian/mongolia/003/news/general/120606.html Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль батлагдлаа
  4. Archive copy (Memento 11. Хоёрдугаар сар 2014 цахим архивт) Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль

Холбоос[засварлах | кодоор засварлах]