Эдигу
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Эдигу (өөрөөр Эдигэй, Эдэгэ Мангит) (1352-1419) сүүлд Ногай Орд гэж алдаршсан шинэ улсыг байгуулсан Цагаан Ордын эмир юм. Эдигу нь Казах, Татар, Крымын Татарчуудын үндэсний баатар бөгөөд түүний байгуулсан гавъяа эдгээр үндэстний ардын үлгэр туульсад мөнхөрчээ.
Эдигу нь Крымын Мангит аймгийн хүн бөгөөд 1378 онд Алтан Ордын Тохтамыш ханд ялагдаж, алагдсан Монголын тайж Балтичакын хүү юм. Тэрбээр Тохтамыш эзнийхээ эсрэг зэвсэг хангинуулахаасаа өмнө нэгэн жанжных нь хувьд маш амжилттай дайтаж нэр алдар олсон байв. 1396 он гэхэд Эдигу сүүлд Ногайн Орд гэгдэх болсон Ижил мөрнөөс Яйк мөрөн хүртэлхи өргөн уудам нутгийн бүрэн эрхэт удирдагч болсон байв.
1397 онд Эдигу Төмөрхүтлүгтэй эвсэж, Алтан Ордын цэргийн жанжин, ерөнхий захирагчаар томилогдов. 1399 онд тэрбээр Ворскла гол дээр Тохтамыш, Литвагийн Витаутас нарыг бутниргэжээ. Ингэснээр тэр Зүчийн бүх газар нутгийг түүхэнд сүүлчийн удаа нэгтгэж чаджээ.
1406 онд Эдигу өөрийн эртний дайсан Тохтамышийг Сибирьт мөшгөн очиж хороожээ. Дараа жил нь тэрбээр Ижил мөрний Булгарыг дайлав. 1408 онд Алтан Ордод хэдэн арван жилийн турш татвар төлөөгүй Оросыг татарчууд сүүлийн удаа довтлон сүйтгэжээ. Эдигу Нижний Новгород, Городец, Ростов, зэрэг олон хотыг галдан шатаав. Москва хотыг авч чадаагүй боловч мөн л шатааж орхисон.
Эдигу хоёр жилийн дараа Алтан Ордын хаан ширээнээс бууж, Хорезмд орогнол эрэхэд хүрлээ. Хератын Шах Рух түүнийг Сарай руу нь эргүүлж хөөсөн бөгөөд тэнд түүнийг 1419 онд Тохтамышийн хөвгүүд хороожээ. Ногайн Орд дахь Эдигугийн династи хоёр зуу орчим жилийн турш тогтнож, Эдигугийн удмын сүүлчийн хангууд Москва руу нүүж, Үнэн алдартны шашинд орон, Урусов, Юсупов хэмээх вангууд болсноор энэ династи дуусгавар болсон түүхтэй.
