Эдинбургийн их сургууль

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Эдинбургийн Их Сургууль (англ. University of Edinburg) нь 1583 онд байгуулагдсан, Европын төдийгүй дэлхийн ууган их сургуулиудын нэг юм. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын бүрэлдэхүүн болох Шотландын нийслэл Эдинбург хотын хуучин төвд байрлах эртний түүхт архитектурын өв соёлын дурсгал болсон уран барилгын цогцолборуудад байрладаг. Тус их сургууль нь дөрвөн зуу гаруй жилийн түүхтэй, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын баялаг түүхтэй сургууль юм. Эдинбургийн их сургуулийн элсэлт өрсөлдөөн ихтэй бөгөөд жилд дунджаар 47,000 элсэлтийн хүсэлт хүлээн авдаг бөгөөд дэлхийн 140 гаруй орноос оюутнууд суралцдаг байна. Эдинбургийн их сургууль нь Их Британийн (Оксфорд, Кэмбрижийн их сургуулийн дараа орох) гурав дахь томоохон их сургууль юм. 2011 оны QS болон Times-ын дээд боловсролын чансаанд Европын шилдэг их сургуулиудын жагсаалтын эхний 6 ба 7 дугаарт, Олон Улсын QS байгууллагын Дэлхийн шилдэг их сургуулиудын чансаагаар 2013 онд 20 дугаар байр, 2014 онд 17 дугаарт жагссан байна.

Тус сургууль нь Сэргэн мандлын үеийн оюун санааны томоохон төвүүдийн нэг болж байсан бөгөөд эрдэм шинжилгээний томоохон бүтээл, нээлтүүд, шинжлэх ухаан, философийн хөгжилд оруулсан хувь нэмрээрээ "Хойд Европын Афин" хэмээн өргөмжлөгдөж ирсэн нь түүний нэр хүндийг илтгэнэ. Эдинбургийн их сургуулийн үе үеийн төгсөгчдийн заримаас дурьдвал, байгалийн шинжлэлийн онолч, нэрт эрдэмтэн Чарльз Дарвин, физикч Жеймс Клерк Максвелл, философич Давид Юм, математикч Томас Байэс, Их Британийн Ерөнхий сайд Жон Расселл, Хенри Темпель, Гордон Браун нарын бусад улс төрийн зүтгэлтнүүд, Европын Холбооны Шүүхийн Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий шүүгч Александр Маккензи Стюарт, Их Британийн Дээд Шүүхийн Дэд Ерөнхийлөгч Лорд Хопп, мэс засалч - анагаах ухааны нэрт эрдэмтэн Жозеф Листер, Америкийн тусгаар тогтнолын тунхаглалыг эхийг зохиогчид болох Жон Витерсон болон Бенжамин Рош нар, телефон аппаратыг зохиогч, нэрт зохион бүтээгч Александр Грэхэм Белл, Танзанийн анхны Ерөнхийлөгч Жюлиус Нейрирэ, дэлхийн утга зохиолын нэрт төлөөлөгч нар болон Артур Конан Дойль, Роберт Луйс Стивенсон, Уолтер Скотт тус сургуулийн төгсөгчид юм.

Эдинбургийн их сургуулиас Нобелийн 15 шагналтан, Абелийн шагналын эзэн 1, Тюрингийн хэд хэдэн шагналтан, Олимпийн аваргууд олноор төрөн гарсан байдаг. Сонрхуулахад дэлхийд хамгийн анх клонын аргаар гаргаж авсан хонь "Долли" Эдинбургийн их сургуулийн лабораторид мэндэлсэн билээ. Тус сургуулийн анагаах ухаан, биотехнологи, хими, физик, мэдээллийн технологи, хуулийн салбарууд нь инноваци, өндөр технологийн чиглэлээр дагнан мэргэшсэн Европт төдийгүй дэлхийд тэргүүлэх байр суурьтай.

Тус сургууль нь өнөөг хүртэл Их Британийн Төгс Жавхлант Хатан Хааны гэр бүлтэй салшгүй холбоотой бөгөөд Эдинбургийн Гүн (Duke of Edinburgh) 1953-2010 онуудад тус сургуулийн Канцлераар ажилласан бол Гүнж Анн 2011 оноос хойш тус сургуулийн Канцлераар сонгогдон ажиллаж байна.