Элэгний B вирус

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
В вирусын тархац

Элэгний B вирус нь Hepadnaviridae бүлд Orthohepadnavirus-ийн төрөлд хамаарах ДНХ агуулсан вирус бөгөөд элэгний В вирусын шалтгаант элэгний үрэвсэл, улмаар элэгний хатуурал, элэгний жинхэнэ эсийн хавдарын гол үүсгэгч нь юм. Orthohepadnavirus-ийн төрөлд хүний элэгний В вирусээс гадна (HBV), галууны элэгний В вирус (DHBV), зурамны элэгний вирус (Ground squirrel hepatitis virus), тарваганы элэгний вирус (Woodchuck hepatitis virus), ноосорхог сармагчны элэгний В вирус (Woolly monkey hepatitis B virus) зэрэг олон төрлийн ижил төстэй вирусууд ордог. Одоогоор хүний элэгний В вирус нь хүн, хуучин болон шинэ дэлхийн сармагчин, мич (Орангутан, Гиббон, Горрила, Шимпазе, Ноосорхог сармагчин) болон Ази тивийн модны гэрэлзгэнэд (Tupaia belangeri) халдварлаж элэгний үрэвсэл үүсгэж чаддагийг тогтоогоод байна. Ази тивийн модны гэрэлзгэнээс бусад хүний элэгний В вирусын халдвар авдаг амьтад нь бич болон сармагчингийн төрөл байдгаас болж уг вирусын судалгааг хийх жижиг туршлагын амьтангүй байгаа нь уг вирусын эсрэг эм бэлдмэл гаргах болон бусад суурь судалгаанд ихээхэн төвөгтэй байдлыг бий болгодог юм.

Нээгдсэн түүх[засварлах]

Элэгний В вирусыг 1967 онд анх Барух Бламберг тодорхойлсон бөгөөд Австралийн антиген (эсрэг төрөгч) гэж нэрлэж байжээ. Үүнээс өмнө хүн төрлөхтөн ийлдэсний шар өвчин гэдгээрээ аль хэдийн танил болсон байсан бөгөөд халдвартай хүний цусаар дамжин халдварладаг бүх бие шарладаг өвчний талаар бичиж үлдээсэн түүхэн баримтууд зөндөө байдаг. Элэгний В вирусын нээгдсэн түүх нь өөрөө их сонирхолтой юм. Учир нь Бламберг ийлдэсний шар өвчний үүсгэгчийг нээхийг анхлан зориогүй байсан бөгөөд Австралийн уугуул иргэний ийлдсэнд агуулагдах нэгэн зүйл нь Австралид шинээр ирэн суурьшсан хүмүүсийн ийлдэстэй холих үед тунадасжих урвал явагдаж байгааг санамсаргүй ажигласан байна. Энэ үед эсрэг төрөгч болон эсрэг биеийн тухай ойлголт аль хэдийн тогтворжсон байсан бөгөөд уугуул иргэдийн нэлээдгүй хувьд байх ямар нэгэн эсрэг төрөгч нь бусад австралын оршин суугчидийн эсрэг биетэй урвалд орж байгаа нь эргэлзээгүй байлаа. Улмаар уг урвалд орж байгаа эсрэг төрөгч нь ийлдэсний шар өвчний үүсгэгч болохыг нээж уг нээлтээрээ 1976 онд Нобелийн шагнал хүртсэн билээ. Мөн 1969 онд, элэгний В вирусыг нээснээс хоёрхон жилийн дараа анхны вакциныг мөн Бламберг нээсэн билээ.

Бүтэц[засварлах]

Элэгний В вирус нь амьтны хамгийн жижиг, бүрхүүлтэй вирус бөгөөд гадна талаараа өөхөн бүрхүүлтэй дотор талдаа икосахедрал геометрийн бүтэц бүхий цөмийг агуулсан. Цөм дотроо хагас давхар ДНХ-ийн утаслаг болон вирусын полимер уургыг агуулсан бүтэцтэй байдаг. Вирусын хэмжээ нь 42 нанометр бөгөөд энэ нь ханиадны вирусын хэмжээнээс даруй 10 дахин бага хэмжээ юм. 42 нанометр бүхий вирусыг халдварлах чадвартай вирус гэж нэрлэдэг. Үүнээс гадна 22 нм бүхий дотор талын цөмийг агуулаагүй, зөвхөн гадна талын бүрхүүл, бүрхүүлийн гадна орших 3 төрлийн уургийг агуулсан вирус төст зүйл мөн вирусын амьдралын мөчлөгийн явцад эсээс ялгаран гардаг бөгөөд үүнийг subviral particle эсвэд HBsAg гэж ерөнхийлөн нэрлэдэг. 22 нм бүхий вирус төст бүтэц нь халдвар үүсгэх чадваргүй бөгөөд үүний шалтгаан нь уг бүтцэд вирусын ДНХ байдаггүйтэй холбоотой. Элэгний эсээс ялгарах Dane particle болон subviral particle ийн харьцааг 1:1000 гэж үздэг. Яагаад вирус амьдралын мөчлөгийн явцад халдварлах чадваргүй их хэмжээний subviral particle ийг гаргадгийг одоогоор мэдэхгүй байгаа бөгөөд магадгүй эзэн биеийн дархлааны урвалаас өөрийгөө хамгаалах нэг арга хэрэгсэл байж магадгүй гэсэн таамаг байдаг. Энэ таамаглал үнэн байж магадгүй нэгэн баталгаа нь subviral particle ийг ялган аваад эрүүл хүнд тарихад халдвар үүсгэхгүй мөртөө дархлааны хариу урвалыг амжилттай өдөөж дархлааны ой санамжийг үүсгэдэг нь юм. Вирусын геномын хэмжээ маш жижигхэн бөгөөд дунджаар 3200 нуклеотидээс тогтдог. Энэ нь ДОХ-ын вирусээс 3 дахин, Элэгний С вирусээс 3 дахин, ханиадны вирусээс 5 дахин бага хэмжээ боловч элэгний В вирусын нийтдээ 7 уургийг кодлож чаддагийг нь харвал уг вирус өөрөө ямар гайхамшигтай бүтээл болох нь илэрхий. Вирусын гадаргуу дээр 3 төрлийн уураг (PreS1, PreS2, HBsAg) байрладаг бөгөөд эдгээр уургийг эс рүү нэвтрэх болон cccDNA ийн тоо хэмжээг хянахад ашигладаг. Липидэн бүрхүүлийн дотор орших икосахедрал цөмийг HBV core гэдэг уураг бие биетэйгээ нэгдэн үүсгэдэг бөгөөд 120 ширхэг цөм нь нэг ширхэг икосахедрал цөмийг үүсгэнэ. Цөмийн дотор талд ДНХ-ийн ширхэгийн нэг үзүүрт бэхлэгдэн орших HBV полимер уураг байрладаг. HBV нь амьдралынхаа мөчлөгийн явцад 2 ширхэг вирусын бүтцийн бус уураг нийлэгжүүлэн гаргадаг бөгөөд эдгээрийг HBeAg болон X уураг гэж нэрлэдэг. X уургийг вирусын репликацид чухал үүрэгтэй гэж үздэг бол HBeAg-ыг чухам яах гэж нийлэгжүүлдэг талаар одоохондоо бид мэдээгүй л байна.

Генотип болон серотип[засварлах]

Бусад вирусын адил HBV нь хувьсах чадвар өндөртэй бөгөөд он удаан цагийн хувьслын үр дүнд мянга мянган өөр төрлийн HBV үүсэн хөгжсөнийг Генотип болон серотип гэсэн нэр томьёоны дагуу хуваан ангилдаг. Серотип гэдэг нь хүний цусанд HBV-ийн эсрэг үүссэн эсрэг биетэй урвалд орох чадвараар нь ангилсныг хэлдэг бол Генотип гэдэг нь тухайн HBV-ийн геномын адил төстэй талуудаар ангилсан ангилал юм. Вирус ayw, adw, adr, ayr гэсэн нийтдээ 4 том серотипэд ангилагддаг. Эдгээр үсгүүд нь вирусын HBsAg-ний амин хүчлийн дарааллын ялгааг илэрхийлдэг бөгөөд серотип өвөрмөц эсрэг бие гарган авсантай холбогдсон нэршил юм. Үүнийг тайлбарлавал, ayw өвөрмөц эсрэг бие нь ayw HBV-ийн эсрэг л урвал явуулах бөгөөд adw, adr, ayr серотипийн вирустай холбогдохгүй гэсэн үг юм. Генотипийн хувьд нийт геномын 8%-с дээших ялгаатай байдлаар нийтдээ 8 ширхэг генотипэд хуваагддаг (A, B, C, D, E, F, G, H). Генотипийн болон серотипийн ялгааны гол ач холбогдол нь вакцинжуулалт байсан бөгөөд 1986 онд Пастерын Хүрээлэнд гаргаж авсан рекомбинант вакцин нь бүх төрлийн генотип болон серотипэд адилхан үйлчилдгээрээ онцлог юм. Тархалтын хувьд Европ, Энэтхэг, Монголд ayw вирус ихээр тархсан байдаг бол Хятад, зүүн өмнөд Азийн орнуудад adw, adr вирусууд ихээр тархсан байдаг. Элэгний В вирусын халдвар авсан хүний цусанд дунджаар 10-20 янзын элэгний В вирус эргэлддэг бөгөөд үүнийг quasispecies гэсэн нэрээр нэрлэдэг. Ихэнхи тохиолдолд эдгээр вирусууд нь нэг вирусээс гаралтай өөрчлөгдсөн хувилбарууд байдаг бөгөөд 2 3 удаа өөр өөр генотипийн вирусын халдвар авсан тохиолдолд эдгээр өөр генотипийн вирусуудын дундаас шинэ генотипийн вирус үүсэн гарах боломж байдаг. Энэ нь вирусын генотипийн болон субгенотипийн тоог ихэсгэх нэг шалтгаан нь болж өгдөг.

Амьдралын мөчлөг[засварлах]

Бусад вирусын нэгэн адилаар элэгний В вирус эсэд нэвтрэн орж эсийн дотор үржин олшроод эсээс гадагшилдаг. Гадагшилж гарсан шинэ вирусууд мөн дараагийн шинэ эсэд нэвтрэн орсноор вирусын амьдралын мөчлөгийг давтдаг. Тэгэхээр амьдралын мөчлөг гэдэг нь эсэд нэвтэн орохоос эхлээд эсээс гадагшаа гарах хүртэлх хугацаа юм гэж тодорхойлж болно. Мэдээж эсийн гадна байх тэр үе амьдралын мөчлөгт орно. Ихэнхи вирусын хувьд эсэд нэвтрэн орохдоо бие махбодын чухал хэрэгтэй эндоцитозын механизмуудыг ашигладаг. Зарим вирус эсийн гаднах өөрийн рецептортой нэгдсний дараа шууд эсийн мембраныг зүсэж ордог ч механизм байдаг. В вирусын хувьд ямар механизмаар эсийн гадаргуу дахь ямар уургийг рецептор болгон ашиглаж ордог нь тодорхойгүй байгаа учраас энэ бүхнийг тайлбарлаж бичлээ. Ихэнх судлаачид В вирус эсийн гадаргуугын ямар нэгэн уурагтай (рецептортой) холбогдсоноор эс рүү нэвтрэн ордог гэдэгтэй санал нэгддэг. Магадгүй 1 биш нэлээд хэдэн уурагтай дараалан холбогддог ч байж болох юм. Үүний дараа эсийн дотор орсон вирус маань эсийн бөөм рүү шилжинэ. Эсийн бөөм рүү нэвтрэн орох түлхүүр нь В вирусын core уурагт (nuclear localization signal) байрладаг. Нэгэнт бөөмд нэвтрэн орсон вирус нь эсийн геномд интеграци болж ордоггүй бөгөөд өөрийн биеэ даасан бичил хромосомыг үүсгэдэг. Үүнийг cccDNA гэж нэрлэнэ. Энэхүү бичил хромосомоос вирусын бүхий л мэдээллийг хуулсан нэг том mRNA, вирусын гадаргуугийн 3 уургийг кодлодог 2 төрлийн mRNA, X protein кодлодог 1 mRNA, нийтдээ 4 mRNA нийлэгждэг. Хамгийн том mRNA нь pregenomic RNA гэж нэрлэгддэг бөгөөд үүнээс шинээр гарах вирусын ДНХ, вирусын полимераз уураг, вирусын цөмийг бүрдүүлэгч core уургууд нь нийлэгжин гардаг байна. Иймэрхүү төрлийн амьдралын мөчлөгтэй вирус амьтанд элэгний В вирусаас өөр байдаггүй. Ихэнхи ДНХ агуулсан вирусууд ДНХ-гээсээ ДНХ-г нийлэгжүүлдэг бол элэгний В вирус РНХ-гээс ДНХ-гээ нийлэгжүүлж гаргадаг. Ийм ч учраас вирусын полимераз уургийг эргэх транскриптаз гэж нэрлэдэг. Одоо үед бидний амжилттай хэрэглэж байгаа В вирусын эсрэг нуклеозидын аналог бүлгийн бүх эм нь эргэх транскриптаз уургийг хориглодог юм. Хүний биед эргэх транскриптаза уураг байдаг бөгөөд ганцхан үүдэл эсүүд болон хавдрын эсэд л идэвхтэй тодорхойлогддог. Эсийн өөрийнх геномын ДНХ нь эсийн бөөм дотор нийлэгждэг бол вирусын ДНХ нь вирусын цөм дотроо, эсийн цитоплазмд нийлэгждэг байна. ДНХ-гийн нийлэгжилт дууссан хойно вирусын цөм нь эсийн эндоплазмын торлог руу шилжиж эндоплазмын торлог дээр липидэн бүрхүүлээр бүрэгдэн улмаар эсээс гадагшлана.

Мөн үзэх[засварлах]