Юзеф Гославски

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Юзеф Гославски

Польшийн уран барималч Юзеф Гославски (пол. Józef Gosławski) нь 1908 оны 4 сарын 24–нд Поланов хотод төрж, 1963 оны 1 сарын 23–нд Варшавт нас барсан. Польшийн зоосон мөнгөний (Жишээлбэл: таван злотын загасчны зурагтай) загварууд, хөшөө дурсгалын зүйлс (Фридерик Шопэн) ба медальоны загварыг зохион бүтээсэн. Урлагийн олон тэмцээний шагнал болон мөнгөн загалмайн гавъяаны медалиар шагнуулж байжээ.

Амьдрал[засварлах]

Юзеф Гославски хүүхэд насаа хожим мөн уран барималч болсон бага дүү Станислав Гославскиг оролцуулаад дөрвөн ах дүүгийн хамт Ванволницад өнгөрүүлжээ. Ян Кошиц–Виткиевичийн Казимеж Долнийд байгуулсан Баримал Урлагийн Академид урлагийн боловсролоо эхэлж, сургуулиа төгссөний дараа Дүрслэх Урлагийн Академид шалгалт өгсөн боловч нас бага байсан учир тэнцээгүй боловч мэдлэг боловсролоо Краковын Чимэглэлийн Ур Чадвар болон Урлаг Аж Үйлдвэрийн Улсын Сургуульд үргэлжлүүлж байв. Тэр үед Станислав Шукальскигийн хамт олонтой танилцсан боловч түүний “эвэртэй зүрх” хэмээх бүлэгт гишүүнээр элсээгүй ажээ. 1932 онд Краковын Дүрслэх Урлагийн Академид профессор Ксавер Дуниковскийн дор суралцаж эхлэв. Дараа нь Варшав руу нүүж, профессор Тадеуш Брейерт шавь оржээ. Тэтгэлэг олсныхоо хүчээр Ром орж профессор Анжелло Занеллийн дэргэд суралцаж, 1937 онд Эзэн Хааны Дүрслэх Урлагийн Академиас дипломоо авсан байна. Италид 1939 он хүртэл байх хугацаандаа Польшийн уран барималчдын “Капитол” хэмээх үзэсгэлэнд оролцож байв. Энэ хугацаанд бүтээсэн бүх бүтээл нь 1939 оны 8 сард Польш руу нүүх замд нь алга болжээ. Зарим нэг мэдээнээс хагас бүтээлүүд нь, тэр дундаа Пивсүдскигийн тухай бүтээл нь Хойд Италийн Вилла дел Катаё хэмээх цайз руу хүрсэн байж магадгүй гэгдэг, гэхдээ энэ мэдээ нь нотлогдоогүй юм. Харийн булаан эзлэлтийн үеийг төрсөн хот Вонволницадаа өнгөрөөж, дайны дараа Соёл Урлагийн Яамны захиалгаар Казимеж Долнийд байдаг “Под Швентим Миколаем” хэмээх гэрийн асран хамгаалагчаар ажиллаж байсан. 1947 оноос хойш Познаны Дүрслэх Урлагийн Улсын Их Сургуулийн Төмөр Баримлын Танхимын эрхлэгчээр ажиллаж байсан. Познаны ЗПАП (Польш Зураачдын Нийгэмлэг)-ийн дүүргийн удирдлагын захирлаар хоёр дахин сонгогдож ажиллаж байжээ. 1948 онд Казимеж Долнийд өөрийн сурагч Ванда Манкинтай хуримлаж, Божена Стефания болон Мария Анна гэгч хоёр охинтой болсон. 1956 оны сүүлчээр гэр бүлээрээ Варшав руу нүүж ирж, 1961 онд ЗПАП-ын төв удирдлагын баримлын салбарын захирлаар сонгогджээ. 1963 оны 1 сарын 23-ны өдөр гэнэт нас барж, Варшавын Хуучин Повонзкид оршуулажээ.

Лавлах материал[засварлах]

  • Rudzka, Anna (2009). Józef Gosławski. Rzeźby, monety, medale (pl хэлээр). Warsaw: Alegoria. ISBN 978-83-62248-00-1. 

Мөн үзэх[засварлах]

Викимедиа зургийн сан:
«Юзеф Гославски»

Гадаад холбоос[засварлах]