Яруу сум
Яруу нь Завхан аймгийн сум юм. Яруу сум 495614 га нутаг дэвсгэртэй. Сумын төв Чандмана нь 48̊ 07' өргөрөг, 96 ̊ 46' уртрагт 2139 м өндөрт Яруугийн голын хөндийд Улиатайгаас 56км, Улаанбаатараас 1055 км зайд оршино. Хан Жаргалант, Хагийн Эрээн, Хүйтэн нуруу, Зүйлийн Мандал, Дулаан, Байц, Ширхтий, Ямаат, Индэрт, Бунхант, Баян-Улаан, Бор үнэгт, Майхан, Цагдуултай зэрэг өндөр уулс, Гол мод, Байц, Дахт, Нарийн, Бумбат зэрэг сүрлэг өндөр даваанууд, уулсын хоорондох уужим хөндийнүүд, Яруугийн гол, Зүйлийн гол, Улаагчины гол, Биндэръяа нуур (Хаг), Бугат нууруудтай, хамгийн өндөр цэг нь Хан Жаргалантын нуруу 2884 м, нам цэг нь Их Майхан уулын өмнөх хөндийд 1700 м өргөгдсөн байдаг.
Нутгийн уулархаг хэсэгээр уулын хар хүрэн, уулын хар шороон, өндөр уулын намагт, өндөр уулын ширэгт тайгын, тал хөндийн цайвар хүрэн хөрстэй. Вансэмбэрүү, манжингарав, хонхон цэцэг, цээнэ, алтангагнуур, таван салаа, лидэр, дэгд, мэхээр зэрэг эмийн ургамлууд, үхрийн нүд, улаалзгана, тошлой, мөөг, нохойн хошуу, зэрэг цэцэг, жимс элбэг ургадаг. Ой модны үндсэн хэсэг хар модон ой болно. Малын бэлчээрт агь, таана, хөмүүл, ерхөг, хялгана, дааган сүүл, харгана, тарваган шиир, бутуул, борог зэрэг амт чанартай өвс ургамлын баялаг бүтэцтэй билээ. Янгир, аргаль угалз, буга согоо, бор гөрөөс, нутгийн буюу нүүдлийн шувууд зэрэг ан амьтан элбэгтэй.
Яруу сумын нутаг Цэцэн сартуул хошууны нутаг дэвсгэрт багтаж байсан байна. Засаг захиргааны нэгжүүдийг 1924 онд шинээр зохион байгуулахад тус сумын нутагт Цэцэн сартуул, Шинэ хошуу, Ялгасан Хутагтийн шавийн харьяанд байсан нутагт Бугат, Цогт-Уул, Чандмана-Өлзийт, Эрдэнэ-Уул сумуудыг байгуулсан байна. 1931 онд хийсэн өөрчлөлтөөр Чандмана-Өлзийт сумыг 13 багтайгаар Усан зүйл гэдэг газар төвлөрүүлэн байгуулжээ. Тус сум 1300 гаруй өрхтэй, 4000 гаруй хүн амтай, 140-өөд мянган толгой малтай, газар нутаг ихтэй, аймагтаа хамгийн том сумын нэг байв.
1952 онд Чандмана-Өлзийт сумаас өөрийн 6-12 дугаар багуудыг нутгийн байршлаар шилжүүлэн Цагаанхайрхан уулын баруун хэсэг Хайрхан худагт Эрдэнэхайрхан сумыг 7 баг, 88.6 мянган толгой малтайгаар төвхнүүлэн байгуулж Чандмана-Өлзийт сум 9 багтай болж, 100 гаруй мянган толгой малтай одоогийн Яруу сум болон зохион байгуулагдсан ажээ. 1958-1959 онуудад Чандмана-Өлзийт, Яруу сумууд нийлж одоогийн Улаан-Эрэгт суурьшиж Яруу сумыг байгуулжээ.
Тус сум Чандмана, Хэц-Улаан, Зүйл, Өргөн, Жаргалант гэсэн 5 багтай, 2005 байдлаар 689 өрх, 2668 хүн амтай байна.
Тус сумын уугуул иргэдээс Монгол улсын ерөнхийлөгч Н.Багабанди, хөдөлмөрийн баатар Б.Жанчив, Н.Батдорж, И.Доктор, Б.Түмэн, гавьяат зүтгэлтэн Д.Балгансүрэн, Р.Гаябазар, Д.Волоож, П.Шар, Р.Содномдаржаа, төрийн шагналт И.Гүррагчаа, эрдэмтэн Ц.Цэндээхүү, Ж.Лосолмаа, Ц.Үдэрпил, Ж.Дашдорж, Г.Лханаасүрэн, Ё.Думаа тэргүүтэй олон алдар цуутнууд төрөн гарчээ. Энэ сумаас хамгийн олон хөдөлмөрийн баатар төржээ.
Тус суманд шохойн чулуу, зэс молибдены зэрэг ашигт малтмалын илэрц байдаг юм. Маш сайн чанарын шавартай. Зүйлийн эхийн хиргисүүр, Хөшөөт, Бага Булаг, Далиугийн амны хүн чулуун хөшөө, хиргисүүрүүд, буган чулуун хөшөө, хадны сүг зураг зэрэг түүх соёлын дурсгалт зүйлс элбэг. Босоо, Хэвтээ, Бонжоо, Холбоо, Гурван нарийн,Гуриг, Шагж, Бундан мод, Цамц мод, Гол мод, Дугуй мод, зэрэг нэр нь хүртэл шүлэг болмоор нэлэнхүйдээ байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн баян бүрд Яруу сумын нутагт олон бий. Эдийн засгийн гол чиглэл нь хонь, махны үхэр зонхилсон мал аж ахуй юм. 2005 оны байдлаар 64 мянга гаруй толгой малтай байна. Яруу сумын нутгаар манай улсын дэд бүтцийн хэвтээ тэнхлэгийн засмал зам дайран өнгөрөхөөр төлөвлөгджээ.
| Завхан аймгийн 23 сум | |
|---|---|
| Алдархаан · Асгат · Баянтэс · Баянхайрхан · Дөрвөлжин · Завханмандал · Идэр · Их-Уул · Нөмрөг · Отгон · Сантмаргац · Сонгино · Тосонцэнгэл · Түдэвтэй · Тэлмэн · Тэс · Ургамал · Цагаанхайрхан · Цагаанчулуут · Цэцэн-Уул · Шилүүстэй · Эрдэнэхайрхан · Яруу Аймгийн төв: Улиастай |
|