Үр шилжүүлэн суулгах
Үр шилжүүлэн суулгах эмчилгээ гэдэг нь нэг сарын тэмдэгийн мөчлөгийн хугацаанд өндгөвчид олон тооны өндгөн эсийг боловсруулан авч, лабораторийн орчинд эр бэлгийн эсүүдтэй нийлүүлэн үр тогтоож, үр тогтсон өндгөн эсийг умайн хөндийд шилжүүлэн суулгах процесс юм. Өөрөөр хэлбэл үр тогтох процесс болон үр тогтсон өндгөн эсийн хөгжлийн эхний үе шатыг эмэгтэйн биеэс гадна буюу лабораторийн нөхцөлд явуулж, үр тогтсон өндгөн эсийг хөгжлийн 3-5 дахь хоногт умайн хөндийд суулгана.
Үр шилжүүлэн суулгах эмчилгээ
[засварлах | кодоор засварлах]Үр шилжүүлэн суулгах эмчилгээ дараах дэс дараалалтай явагдана. Үүнд:
- Алхам 1. Шинжилгээнд хамрагдах
Жирэмслэхээс өмнө хийгдэж байгаа шинжилгээнүүд нь ҮШС хөтөлбөрт хамрагдаж байгаа хосуудад жирэмслэхэд эсрэг заалт байгаа эсэх, ҮШС ажилбарын явцад гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, жирэмсэн болох магадлалыг нэмэгдүүлэх, жирэмсэн болсон тохиолдолд эх болон ургийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлэх зорилготой юм.
- Алхам 2. Өндгөвчний үйл ажиллагааг сэдээх
Эмэгтэйн хэвийн сарын тэмдгийн мөчлөгийн үед нэг буюу хоёр л өндгөн эс боловсордог. Энэ нь лабораторийн орчинд үр тогтооход хангалтгүй юм. Иймд хосууд үр шилжүүлэн суулгахад бэлэн болсон тухайн сард эмэгтэйн сарын тэмдэг үзэгдмэгц дааврын шинжилгээ хийж (биений юмны мөчлөгийн 2,3 дахь өдөр), өндгөвчийн үйл ажиллагааг сэдээх тариаг эмчийн нарийн хяналт дор хэрэглэнэ. Энэ нь эмэгтэйн хоёр талын өндгөвчид нэгэн зэрэг хэд хэдэн фолликул (өндгөн эс агуулсан уутанцар) үүсгэж хөгжүүлэх зорилготой юм. Ингэснээр олон өндгөн эс боловсруулж, түүнийгээ лабораторийн орчинд эр бэлгийн эстэй нийлүүлж үр тогтоодог. Өндгөвчид боловсорсон өндгөн эс болгон үр тогтоох чадвартай байдаггүй, мөн үр тогтсон өндгөн эс болгон умайд бэхлэгдэн цааш хөгжих чадвартай байдаггүй. Иймд үр тогтсон өндгөн эсүүдээс умайд бэхлэгдэн цааш хөгжих магадлал өндөртэй, чанартай эсийг сонгож шилжүүлэн суулгана. Ингэснээр жирэмслэх магадлалыг нэмэгдүүлдэг тул аль болох олон өндгөн эс боловсруулахыг хичээнэ. Гэхдээ тухайн эмэгтэйн нас, биеийн онцлог, өндгөвчийн нөөц зэргээс хамаарч харилцан адилгүй дааврын бэлдмэл, эм, өөр төрлийн схем хэрэглэнэ. Өндгөвч сэдээх дааврын тариа нь молекул билогийн аргаар гарган авсан ямар нэгэн хольцгүй 99.5 хувийн цэвэр өнчин тархины даавар юм. Иймд хүний биед сөрөг нөлөө үзүүлэхгүй. Зарим үр шилжүүлэн суулгах эмнэлэг нь зөөлөн аргаар өндгөн эсийг сэдээх эсвэл огт сэдээлтгүйгээр байгалиараа боловсорсон өндгөн эсүүдийг хатгаж авдаг бөгөөд энэ арга нь хуучирсан, үр дүн маш багатай арга юм. Олон улсад хийгдэж байгаа нийт IVF циклийн 99 хувь нь сэдээлттэй хийгддэг.
- Алхам 3. Хяналт
Үтрээний хэт авиан шинжилгээ (ЭХО) болон цусан дахь дааврын шинжилгээгээр эмчийн заасан тодорхой хугацаанд хяналт хийж өндгөвчид боловсорч буй уутанцарт үнэлгээ өгч тарианы тунг хянана. Хэрэв шинжилгээгээр уутанцар тохирох хэмжээндээ хүрээгүй бол тарианы тунг нэмнэ. Уутанцар боловсорч гүйцэхэд өндгөн эсийн бүрэн боловсролтыг дэмжигч тариа тарина.
- Алхам 4. Өндгөвчийн уутанцрыг хатган өндгөн эс агуулсан шингэнийг соруулан авах, нөхрөөс үрийн шингэнийг авах
Тусгай ажилбарын өрөөнд эмэгтэйд судсаар богино хугацааны (дундаж хугацаа 10-15 минут) унтуулга хийсний дараа хэт авиан хяналт дор үтрээгээр дамжуулан нарийн зүүгээр өндгөвчийн уутанцруудыг хатгаж, доторх шингэнийг соруулан авна. Соруулж авсан шингэнийг үр хөврөлийн лабораторид илгээнэ. Тэрхүү шингэнээс үр хөврөлийн техникч, эмбриологич эмч өндгөн эсүүдийг ялган авна. Эмэгтэйн ажилбар дууссаны дараа нөхөр тусгай шинжилгээний өрөөнд гар хангалга хийж үрийн шингэнээ гаргаж өгнө. Үрийн шингэнээ өгөхөөс өмнө 2-5 хоногийн хугацаанд бэлгийн хавьталд орохгүй, гар хангалга хийхгүй байх, архи согтууруулах бүх төрлийн зүйл хэрэглэхгүй байх, биеийн болон оюуны ачаалал авалгүй тайван амрах хэрэгтэй байдаг. Нөхрөөс авсан үрийн шингэнийг угаагч уусмал, тусгай тэжээлт орчин ашиглан угааж цэвэрлээд хөдөлгөөнтэй, бүтцийн хувьд хэвийн эр бэлгийн эсүүдийг ялган авна.
- Алхам 5. Лабораторид үр тогтоох
Соруулж авсан өндгөн эсүүдийн боловсролтын байдалд үнэлгээ хийж, чанарын шаардлага хангах бүрэн боловсорсон өндгөн эсүүдийг нөхрийн эр бэлгийн эстэй нийлүүлж үр тогтооно. Эрэгтэйн эр бэлгийн эсийн тооноос хамаарч лабораторийн орчинд үр тогтоох арга 2 төрөл байна.
- Стандарт IVF арга. Эр бэлгийн эсийн тоо, хөдөлгөөн хангалттай хэмжээнд байвал эр бэлгийн эсүүдийг өндгөн эстэй нийлүүлээд жамаараа үр тогтохыг хүлээнэ. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд эр бэлгийн эсүүд өндгөн эсийг бүрхэж хамгаалж байдаг титэм эсүүдийг хайлуулж цорын ганц эр бэлгийн эс өндгөн эсэд нэвтрэн орсноор үр тогтоно.
- ИКСИ буюу өндгөн эсэд эр бэлгийн эсийг шууд тарьж оруулах арга. Эр бэлгийн эсийн тоо цөөн, хөдөлгөөн муу байгаа тохиолдолд эр бэлгийн эсүүд өндгөн эсийн гаднах титэм эсүүдийг хайлуулж чаддаггүй тул эр бэлгийн эс өндгөн эс рүү нэвтрэн орж чаддаггүй. Энэ тохиолдолд хөдөлгөөнтэй, бүтцийн хувьд хэвийн цорын ганц эр бэлгийн эсийг сонгож авч, өндгөн эс рүү тусгай зүүний тусламжтай шууд тарьж оруулснаар үр тогтоно.
- Алхам 6. Үр тогтсон өндгөн эсийн хуваагдлыг хянах, үнэлгээ хийх
Үр тогтсон өндгөн эс нь үр тогтсоноос хойш 5 хоногийн турш хуваагдана. Үр тогтсоноос хойш 24-28 цагийн дараа эсийн анхны хуваагдал эхэлж 2 эст өндгөн эс болно. Эс хуваагдах үйл явц цааш үргэлжилж 4 эс, 8 эст цаашлаад морула, бластоцист болтлоо хөгжинө.
Үр шилжүүлэн суулгах эмчилгээ Монгол улсад
[засварлах | кодоор засварлах]Өдгөө Монгол улсад үр шилжүүлэн суулгах лаборатори бүхий 4-5 эмнэлэг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээрээс анхдагч нь Юнимед Интернейшнл Эмнэлэгийн Үр шилжүүлэн суулгах төв юм. Юнимед Интернейшнл (хуучнаар Баянгол эмнэлэг) 2011 оны Герман улсын Лазер технологи бүхий үр шилжүүлэн суулгах лабораторийг иж бүрнээр нь суурилуулсан бөгөөд хамгийн анхны хүүхэд нь 2012 онд мэндэлсэн. Өдгөө тус эмнэлгийн үр шилжүүлэн суулгах эмчилгээгээр амжилттай жирэмсэлсэн эхчүүдийн тоо олон болж тус эмчилгээгээр төрсөн хүүхдийн тоо 1000 гаруй болсон байна. Тус эмнэлэгтэй холбогдох утас 77000003
Энэ нөхөн үржихүйн биологийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.