Өвөрхангай

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Өвөрхангай аймаг
Өва-мб.png
—  аймаг  —
Нутгийн удирдлагын ордон

Сүлд туг

Сүлд тэмдэг
Монгол орон дахь Өвөрхангай аймаг
Улс Flag of Mongolia.svg Монгол
Аймаг Өвөрхангай
Сум (19) (Сумд хэсэг рүү)
Аймгийн төв Арвайхээр
1931 он Аймаг үүссэн
Газар нутаг 62,895.33 км²
Хүн ам (тоол.) 2010 онд 101,314 хүн
Хүн ам (тооц.) 2011 онд 112,224 хүн
Нягт сийрэг 1.78 хүн/км²
Ард түмэн үндсэндээ монгол
Цугаараа Өвөрхангайнхан
Засаг дарга Дуламдоржийн
Тогтохсүрэн (МАН)
Цагийн бүс Улаанбаатарын цаг (НЗНЦ+8)
Таних үсэг ӨВ
Улаан цутгалан
Эрдэнэзуугийн хэрэм хажуугаасаа
Эрдэнэзуугийн лавиран
Аймгийн хөгжимт драмын театр
Гучин-Ус сумын төв

Өвөрхангай (худам монголоор ᠥᠪᠦᠷᠬᠠᠩᠭ᠋ᠠᠢөбүрханггаи) — Монгол Улсын аймаг. 1931 онд байгуулагдсан.

Газарзүй[засварлах]

Монгол Улсын газар зүйн хүйс-төв цэг нь тус аймгийн Бүрд сумын Онгон хэмээх уулын өвөрт байдаг. Нутгийн хойд хэсэгт хангайн нурууны салбар уулс, төв хэсгээр нь хөндийн тал, өмнө хэсгээр нь Алтай нурууны салбар уулс, элсэрхэг тал хээрийн нутагтай.

Тус аймгийн нутаг газар зүйн 3 бүсийг хамрах тул байгалийн үлэмж баялагтай. Хангайн нурууны Хятруун, Битүүт, Монгол Алтайн нурууны Багабогд, Мянган ямаат зэрэг далайн түвшнээс дээш 2000-3590 м өндөрт өргөгдсөн сүрлэг уул, нурууд оршдог. Мөн 24 метрийн өндрөөс буух Орхон голын "Улаан цутгалан", далайн түвшнээс дээш 2500 метрийн өндөрт орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт Хүйсийн найман нуур болон "Тамчийн ёл хад" зэрэг сонин сайхнаараа гайхагдсан газар тус аймагт олон байдаг. Арвайхээр, Шагж, Долоодой, Хонгор, Гучингийн тал болон Орхоны хөндий зэрэг тэгш уудам талууд бий.

Өвөрхангай аймгийн хойд хэсэг нь Хангайн нурууны өвөрийн уулархаг, өмнөд хэсэг нь тал хөндий бөгөөд Багабогд, Арцбогд уулууд оршдог. Нутгийн төв ба зүүн хойд хэсгээр эртний төрмөлийн эриний элсэн чулуу, занар, баруун урд хэсгээр нь дээд цэрдийн галавын хурдас их тархжээ. Нүүрс (Баянтээг), болон барилгын материалын баялаг бий.

Өвөрхангай аймгийн нутгаар Орхон, Онги, Таац, Ар агуй зэрэг том голууд урсах бөгөөд Улаан цутгалан, Найман нуур, Таацын Цагаан нуур зэрэг нууруудтай. Хужиртын, Могойт, Хятруун, Хүрэмтийн, Таац, Мөстийн, Хүрэн хад, Хорхой түрүү, Тахийн гэхчлэн рашаан ус олон бий.

Геологи, хайгуулын судалгааны материалаас үзэхэд тус аймгийн нутагт сул шороон алтны 4 орд, 10 илрэл, ховор металлын 9, өнгөт болон холимог металлын 4, төмрийн 2, эрдэс будгийн 4, барилгын материалын 12, давсны 1 орд илрээд байна.

Амьтан, ургамал[засварлах]

Аймгийн нутгийн хойд хэсэгт уулын хар шороон хөрс, зүүн хэсгээр нь хээрийн хүрэн хөрс, өмнө захаар нь говийн саарал хөрс, элсэнцэр хөрс тархжээ. Нутгийн хойд хэсэгт хангайн их хөвч, тайга, зүүн хэсгээр хээрийн бүсийн, өмнө хэсгээр говийн ургамал тархжээ. Энэ аймгийн нутагт ой, тайгаас эхлээд говийн ховор амьтад амьдарна.

Хангайд буга, бор гөрөөс, тал хээрт үнэг, чоно, хярс, мануул, говьд аргаль, янгир, цагаан зээр, хар сүүлт, хойлог зэрэг ан амьтан элбэгтэй бөгөөд дэлхийн улаан номонд бичигдсэн дархан цаазат хулан, ирвэс ч байдаг.

Аж үйлдвэр[засварлах]

Одоо Уянга сумын Баруун сөдтэйн алтны ордод ашиглалт, нарийвчилсан хайгуул, Бат-Өлзий сумын Зүүн Сөдтэй, Тарагт сумын Хуурай сайр, Баян-Өндөр сумын Хөшөөт, Зүүнбаян-Улаан сумын Шивээт зэрэг газруудад алтны эрэл, үнэлгээний хайгуулын ажил хийгдэн зарим нь үйл ажиллагаагаа эхлээд байна. Хужирт сум, Зүүнбаян-Улаан сум, Богд сум, Өлзийт сум, Төгрөг сум, Баруунбаян-Улаан сумын нутагт вольфрам, молибден зэрэг ховор металлын, Сант сум, Гучин-Ус сум, Баянгол сумдын нутагт зэсийн, Төгрөг, Богд сумын нутагт төмрийн, Богд, Баруунбаян-Улаан, Уянга, Хархорин, Тарагт, Есөнзүйл сумдын нутагт гоёл чимэглэлийн чулууны, Богд, Баруунбаян-Улаан суманд хүрэн нүүрсний орд, илрэл байдаг. Мөн Богд, Хархорин суманд битум, Богд, Төгрөг суманд эрдэс будгийн түүхий эдийн илрэл байгаа бөгөөд барилгын бүх төрлийн түүхий эд нэлээд суманд тархсан нь судлагдсан байна.

Өвөрхангай аймаг манай орны хамгийн олон малтай аймаг юм. Нутгийн хойд хэсэгг газар тариалан хөгжүүлжээ. Барилгын материалын, хүнсний үйлдвэрүүд бий. Тус аймаг эрчим хүч, зам тээвэр, харилцаа холбоо зэрэг дэд бүтэц харьцангуй илүү хөгжсөн бөгөөд Арвайхээр-Улаанбаатар, Хархорин-Улаанбаатар хотын хооронд цардмал зам тавигдсан. Аймгийн холбооны газар Норвеги улсын тоног төхөөрөмж болох тоон дамжуулах радио релейний шугамтай бөгөөд Герман улсын тоног төхөөрөмжөөр 1700 номер бүхий тоон дамжуулах автомат телефон станц тавьж, өргөтгөл хийжээ. Тус аймгийн 16 сум төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон.

Өвөрхангай аймагт улсын үйлдвэрийн газар 3, төрийн өмчит үйлдвэрийн газар 4, хувьцаат компани 18, хязгаарлагдмал хариуцлагатай компани 130, нөхөрлөл 46, хоршоо 40, хувиараа эрхлэх аж ахуй 62 ажиллаж байна. Аж үйлдвэрийн чиглэлийн аж ахуйн нэгжүүд жилд дунджаар 6500,0-7932,1 сая. төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 7905,0 орчим сая төгрөгийн борлуулалт хийж байна. Статистикийн мэдээлэлд хамрагдсан аж ахуйн нэгжүүд 377,1 сая.төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэж, 33,6 орчим мянган тн ачаа, 82,0 мянган хүн тээвэрлэж, худалдааны чиглэлийн аж ахуйн нэгжүүд 589,3 гаруй сая төгрөгийн бараа борлуулалт хийж байна.

Тус аймагт жилдээ 36,0 мян. тн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай Хархорины гурил тэжээлийн үйлдвэр, 150 мянган тн нүүрс гаргах чадалтай Баянтээгийн нүүрсний уурхай ажилладаг. Мал аж ахуйгаас гарах бүтээгдэхүүнийг дунджаар тооцоход хонины ноос 1164,9 тн, тэмээний ноос 82,4 тн, ноолуур 255,7 тн, бодын хөөвөр 77,7 тн, бодын хялгас 44,5 тн-ыг тус тус бэлтгэх ба ингэнээс 303,8 мян. литр, гүүнээс 5149,7 мян. литр, үнээнээс 9353,4 мян. литр, эм хониноос 1452,0 мян. литр, эм ямаанаас 2164,8 мян. литр сүүг саалийн хугацаанд ашиглах бололцоотой.

Боловсрол[засварлах]

Арвайхээр хотод ШУТИС-ийн Өвөрхангай аймаг дахь харьяа сургууль, Өвөрхангай аймаг дахь МСҮТ, ЕБ-ын 5 сургууль оюутан сурагчдад боловсролын үйлчилгээ явуулж байдаг.

Аялал жуулчлал[засварлах]

Байгалийн үзэсгэлэнт газар, зам харилцааны өргөн боломжийг түшиглэн байгуулсан улсын хэмжээнд томоохонд тооцогдох Хужирт сумын амралт, рашаан сувиллын газар, Баянговь, Хархорин жуулчны баазууд ажилладаг.

Түүнчлэн түүхэн дурсгалт газрын хамгийн том цогцолбор болох Эрдэнэ-Зуу хийд, археологийн экспедицүүдийн малтаж гаргасан Монголын Эзэнт гүрний нийслэл байсан Хархорум хотын туурь зэргээрээ Өвөрхангай аймаг алдартай билээ.

Сумд[засварлах]

Сумдын газрын зураг
Хүн амын тооны харьцуулалт[1]
Сумын нэр Хүн амын тоо
2004 тооц.
Хүн амын тоо
2006 тооц.
Хүн амын тоо
2008 тооц.
Арвайхээр 22,546 24,954 25,622
Баруунбаян-Улаан 2,586 2,502 2,556
Бат-Өлзий 5,932 5,878 6,189
Баян-Өндөр 3,734 4,077 4,261
Баянгол 4,103 3,933 4,572
Богд 5,708 5,395 5,342
Бүрд 3,171 3,258 3,135
Гучин-Ус 2,290 2,279 2,260
Есөнзүйл 3,584 3,415 3,422
Зүүнбаян-Улаан 4,268 4,343 4,436
Нарийнтээл 3,797 3,792 3,736
Өлзийт 2,805 2,678 2,741
Сант 3,706 3,540 3,525
Тарагт 3,860 3,424 3,313
Төгрөг 2,839 2,691 2,689
Уянга 10,003 10,510 9,581
Хайрхандулаан 3,388 3,462 3,510
Хархорин 12,546 13,270 12,901
Хужирт 6,781 6,749 6,649

Алдартнууд[засварлах]

Дайны баатруудын хөшөө самбар
Ерөнхий сайд Гэндэний хүрэл хөшөө

Бөхчүүд[засварлах]

Өвөрхангай аймгаас дархан аварга 1, улсын аварга 1, улсын арслан 6, улсын заан 10, улсын харцага 2, улсын начин 42 төрөн гарчээ.

Гавьяатууд[засварлах]

  • МУУГЗ С.Сэнгээ
  • МУГЖ Очирбат
  • МУГЖ Түвшинжаргал
  • МУГЖ Сумьяа
  • МУГЖ Т.Ариунаа
  • МУГЖ Т.Баясгалан
  • МУГЖ Галсантогтох
  • МУГЖ Галмандах
  • МУГЖ Баттөмөр
  • МУГЖ Одончимэг
  • МУГД Б.Олзот
  • МУГД Цэрэндагва
  • МУГД Дашжамц
  • МУГД З.Дүвчин
  • МУГТ Ц.Шоовдор
  • МУГТ Пүрэвсүрэн

Уяачид[засварлах]

МУТМУ-2 МУМУ-3 МУАУ-16

  • МУТМУ Э.Эрдэнэчулуун
  • МУТМУ Г.Батхүү
  • МУМУ Т.Энхбат
  • МУМУ Ц.Цэнд-Аюуш
  • МУМУ Б.Отгоннасан
  • МУАУ Б.Дэмбээ
  • МУАУ Т.Жигжидсүрэн
  • МУАУ Л.Батмөнх
  • МУАУ Т.Энхтайван
  • МУАУ Ч.Бямбасүрэн
  • МУАУ О.Гүжир
  • МУАУ Төмөрбаатар
  • МУАУ Инжгээ
  • МУАУ Лхүндэв

|}

Зүүлт[засварлах]